Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/544

 

 

 

 

 

 

    2021            5              27                                     2021/ДШМ/544                                    

                                                                                                            

 

Г.Б, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Түвшинбаяр,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгч Д.А,  

бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Д.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн 1909017810003 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

1. Хэрээд овогт Д.А, 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Арвай капитал” ХХК-ний Ай лофт бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .....................;

   2. Ямаат овогт Г.Б,1997 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвай капитал” ХХК-ийн “Ай лофт” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 1, ганцаараа, ..........................;

Шүүгдэгч Д.А, Г.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Т.Т зодож биед нь “тархи доргилт, нүүр хүзүүний мөчдөөр цус хуралт гэмтэл”, хохирогч Т.Д зодож биед нь “тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шарх” гэмтлийг тус тус үүсгэж тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Б, Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ямаат овогт Г.Б, Хэрээд овогт Д.А нарыг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нарт оногдуулсан торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.Б, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээс 527.905 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Тод 510.831 төгрөгийг, хохирогч Т.Дд 17.074 төгрөгийг, шүүгдэгч Д.Аээс 527.905 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Тод 510.831 төгрөгийг, хохирогч Т.Дд 17.074 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б, Д.А нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн тогтоолд“...Шүүгдэгч нарыг энэ гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан...” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгчээр оролцсон бидний мэдүүлгүүд хороондоо харилцан зөрүүтэй байхад зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар авахдаа үндэслэлээ “...бусад баримтаар тогтоогдсон гэж үзэж байна ...” гэсэн байна. Гэтэл бусад баримт гэдэгт нь хохирогч нарын мэдүүлэг болон гэрч Д.Маргад- Эрдэнийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт байх бөгөөд эдгээр баримтуудад Д.А болон Г.Б биднийг хохирогч нарыг зодсон гэх үйлдлийг харсан, үзсэн гэх мэдүүлэг. мөн бичгийн болон бусад төрлийн баримт хэрэгт байдаггүй. Мөн бидний зүгээс хохирогч нарыг зодсон гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэдэнд учирсан гэмтлийг мөн л хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч нарын зүгээс согтолтын зэрэг маш өндөр байсан бөгөөд өөр бусад хүмүүстэй зодолдож, гэмтэл учирсан байх магадлалтай. Иймд анхан шатны шүүх зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн биднийг гэм буруутайд тооцсон нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дах хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Дээрхээс нэгтэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд мөн хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг үзэхэд Д.А болон Г.Б биднийг хохирогч нарыг зодсон, гэмтэл учруулсан гэх үйлдэл нь тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээ бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааж өгсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, биднийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дараах байдлаар тайлбар хэлж байна. Шүүгдэгч нар гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Энэ хэрэг нь хохирогч болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмт хэрэг тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Мөн энэ хэрэг нь хоорондын төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж гарсан зодоон байсан. Хохирогч нарыг өөр хүнтэй зодолдсон гэж шүүгдэгч нар хэлж байгаа боловч Маргад-Эрдэнийн мэдүүлгээр “маргаан болсны дараа хамгаалагч  А аваад гарсан” гэж мэдүүлдэг. Маргаан болсны дараа Г.Б, Д.А нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч хохирогч нарыг цагдаагийн байгууллагын ажилтан нар ирж хохирогч нарыг авч явсан. Иймд анхан шатны шүүх Г.Б, Д.А нарт холбогдох хэрэгт зөв дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.А, Г.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Т.Т зодож биед нь “тархи доргилт, нүүр хүзүүний мөчдөөр цус хуралт гэмтэл”, хохирогч Т.Д зодож биед нь “тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шарх” гэмтлийг тус тус үүсгэж тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Дий “...Ширээн дээр сууж байхад “тооцоогоо хий” гээд илүү мөнгө нэхээд маргаан үүссэн. Хаалгаар гараад ахыг хамгаалагч нар нь зодохоор нь би салгах гэж очоод “болиоч” гэхэд бор царайтай залуу миний нүүр рүү гараараа цохиж унагаахад А гэх 180 см орчим өндөртэй биеэрхүү залуу гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхэд нэг хүн салгаад аваад явсан. Би босоод харахад ах Тыг А гэх хамгаалагч газар савж унагаахад хойшоо хэд алхаад ах өндийж ирэхэд А нь эргэж ирээд ахын нүүр рүү өшиглөсөн. Намайг босоход бор царайтай залуу миний хөл рүү өшиглөөд түлхэж унагаагаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ хоёр хамгаалагч миний биед гэмтэл учруулсан. Хэн нь хэлснийг мэдэхгүй “нүүрэнд нь битгий цохиорой” гээд байсан. Гомдолтой байна. ...” /хх 16, 103, 167/,

хохирогч Т.Тын “...Бидний сууж байсан ширээн дээр зөөгч нь ирээд тооцоо нэхээд маргаан эхлүүлсэн. Тэр үед хамгаалагч нар нь ирсэн. Урт эрүүтэй, шар царайтай том биетэй хамгаалагч залуу миний 2 гарыг ард гаргаад аваад гарсан. Гараад миний гарыг тавихаар нь толгойгоо дээш болгоод харахад хамгаалагч залуу миний зүүн шанаа руу гараараа цохиж намайг газар унагаасан. Унасан байхад дээрээс дэвсээд цээж хэсэгт өшиглөөд байсан. Намайг босоод ирэхэд нүүрний зүүн тал руу гараараа нэг нэг удаа цохиход би дахиад газар унасан. “Нүүр рүү нь битгий их цохь, унагааж байгаад биеийг нь өшиглө дэвс” гэж хэлэхэд нөгөө 3 дахиад намайг дэвсээд байсан. Би босоод урд зам руу гарч ирэхэд миний зүүн эрүү рүү гараараа цохиход би дахиад газар унангуут дахиад миний нүүр рүү гараараа цохисон. Хажуу талаас Д “болиоч” гэсэн чинь Дийг урт эрүүтэй залуу шанаа руу гараараа цохиод Д ухрахад баруун ар талд нь зогсож байсан хамгаалагч Дийг биеэр нь тэврээд хойш нь савж унагаахад урт эрүүтэй залуу болон тэр залуу хоёр толгой руу нь өшиглөөд байсан. Урт эрүүтэй залуу ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход  нөгөө хэд нь ирээд одоо хангалттай гэж хэлээд болиулсан. Бид гомдолтой байна. ...” /хх 18-19, 166/,

гэрч Д.Маргад-Эрдэнийн “...Тухайн өдөр 3 залуу надаар үйлчлүүлсэн. Тооцоогоо хийхгүй удаад байхаар нь очоод тооцоогоо авсан. Би ард бүжгийн талбай руу хараад зогсож байхад хар малгайтай савхитай залуу нь вискиний шот ширээн дээрээс унагачихаар нь би шотны торгуулиа аваад гээд очсон. Тийм юм байдаггүй гээд над руу муухай үг хэлсэн. Би “торгуулиа авъя” гээд зогсоод байсан чинь бордуу цамцтай залуу нь гарын шуугаараа миний түнх рүү 1 удаа түлхэхээр нь би зөрүүлээд гарыг нь түлхсэн чинь алгадсан. Би хамгаалагч Аийг дуудсан. А ирээд “торгуулиа өг” гэсэн чинь бордуу цамцтай залуу нь түлхээд заамдаад байсан. А дайраад байсан залууг аваад гарсан. Би хагарсан шотоо цэвэрлэсэн. ...”/хх 20/,

гэрч О.Мөнхбатын “...А дотроос 2 залуу аваад гарч ирсэн. Гарч ирэхдээ “энэ 2 залуу тооцоогоо хийхгүй, зөөгч Маргадыг заамдсан зогсож байхаар нь А очсон чинь эрүү рүү нь цохисон” гэж хэлсэн. Би тэр 2 залууд “тооцоогоо хий” гэж хэлсэн чинь эрээн цамцтай нь “танай баарыг хаалга, хэний хүүхэд гэдгийг мэдэх үү” гэхээр нь би “чи хэний хүүхэд байх нь хамаагүй, тооцоогоо хий” гэж хэлсэн. Тэр үед бараан өнгийн цамцтай залуу нь баар руу орсон. Нөгөө биеэрхүү 2 залуу гадаа үйлчлүүлсэн хүмүүстэй муудалцаад байхаар нь А бид хоёр салгасан. Тэгсэн чинь нэг залуу нь А рүү дайраад “чи намайг зодлоо” гээд алгадсан. Нөгөө залуучууд нь яваад өгсөн. Тэр 2 залуу баарны хаалга өшиглөөд саваад “орно” гээд байхаар нь би цагдаа дуудсан. ...” /хх 22/,

Шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр тэр хоёр залуу тооцооноос болоод зөөгчтэй маргалдаад заамдаж аваад байхаар нь би нэг залууг нь аваад гарсан. Нөгөө залууг Б, Маргад-Эрдэнэ хоёр авч гарсан. Гадаа гараад тэр хоёрын өндөр нь намайг цохиж аваад бид нарыг хэл амаар доромжлоод агсраад байсан. Тэгээд тэнд байсан хоёр залуутай бас барьцалдаж аваад байсан. Би тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Тэр хоёр хаалга өшиглөөд байхаар нь би цагдаа дуудсан. ...” /хх116-117, 168-169/,

Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр тэр хоёр залуу тооцооноос болоод зөөгчтэй маргалдаад заамдаж аваад байхаар нь Маргад-Эрдэнэ бид хоёр нэг залууг нь аваад гарсан. Нөгөө залууг А авч гарсан. Гадаа гараад тэр хоёр бид нарыг хэл амаар доромжлоод агсраад байсан. Тэнд байсан 2 залуутай бас барьцалдаж аваад байсан. Би тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Тэр хоёр хаалга өшиглөөд байхаар нь А цагдаа дуудсан. ...” /хх 118-119/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5438 дугаартай “...Т.Дий биед тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шарх тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." /хх 31/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5437 дугаартай “...Т.Тын биед тархи доргилт, нүүр хүзүү мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." /хх 33/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь countryroad брендийн өмд, манго брендийн давуун цамц болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 278.961 /хоёр зуун далан найман мянга есөн зуун жаран нэг/ төгрөгөөр үнэлэгдэв. ...”  /хх 60-61/,

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Zara брэндийн даавуун цамц болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 34.148 /гучин дөрвөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх 65-66/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 124-125/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Г.Б нарыг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Д.А, Г.Б нарыг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.А, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.А, Г.Б нарын “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, биднийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах гомдлын тухайд:

хохирогч Т.Дий “...Тыг А гэх хамгаалагч газар савж унагаахад хойшоо хэд алхаад ах өндийж ирэхэд А нь эргэж ирээд ахын нүүр рүү өшиглөсөн. Намайг босоход бор царайтай залуу миний хөл рүү өшиглөөд түлхэж унагаагаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ хоёр хамгаалагч миний биед гэмтэл учруулсан.. ...” /хх 16, 103, 167/,

хохирогч Т.Тын “...Дийг урт эрүүтэй залуу шанаа руу гараараа цохиод Д ухрахад баруун ар талд нь зогсож байсан хамгаалагч Дийг биеэр нь тэврээд хойш нь савж унагаахад урт эрүүтэй залуу болон тэр залуу хоёр толгой руу нь өшиглөөд байсан. Урт эрүүтэй залуу ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход  нөгөө хэд нь ирээд одоо хангалттай гэж хэлээд болиулсан. ...” /хх 18-19, 166/,

гэрч Д.Маргад-Эрдэнийн “...Би “торгуулиа авъя” гээд зогсоод байсан чинь бордуу цамцтай залуу нь гарын шуугаараа миний түнх рүү 1 удаа түлхэхээр нь би зөрүүлээд гарыг нь түлхсэн чинь алгадсан. Би хамгаалагч Аийг дуудсан. А ирээд “торгуулиа өг” гэсэн чинь бордуу цамцтай залуу нь түлхээд заамдаад байсан. А дайраад байсан залууг аваад гарсан. ...”/хх 20/,

гэрч О.Мөнхбатын “...Бараан өнгийн цамцтай залуу нь баар руу орсон. Нөгөө биеэрхүү 2 залуу гадаа үйлчлүүлсэн хүмүүстэй муудалцаад байхаар нь А бид хоёр салгасан. Тэгсэн чинь нэг залуу нь А рүү дайраад “чи намайг зодлоо” гээд алгадсан. Нөгөө залуучууд нь яваад өгсөн. Тэр 2 залуу баарны хаалга өшиглөөд саваад “орно” гээд байхаар нь би цагдаа дуудсан. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Т.Т, Т.Д нарын зүй бус харилцаанаас уг гэмт хэрэг гарсан байх боловч шүүгдэгч нарын биед гэмтэл учраагүй, харин шүүгдэгч Г.Б, Т.Т нарын бусдыг зодсон  үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байх тул тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Гэмт хэрэг гарсан тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хэрэг  шалгагдсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хохирогч Т.Т, Т.Д нарын биед хөнгөн хохирол учирсан талаар дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч Г.Б, Д.А нарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

           

ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ