Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Э-т холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б овогт Т.Э-т 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 7 сарын 20-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Махчингийн хонхор гэх газарт Д.Оыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Д.О-ын өгсөн: 

 

“... Би 2017 оны 7 сарын 20-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгий Чулуут сумын Хайрхан баг, Өгөөмөр гэх газар хониндоо явж байтал жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, манай нутгийн Б, Б гэж дууддаг 2 залуу үхрээ манай Өгөөмөр гэдэг нутаг, гэрийн зүг рүү тууж байхаар нь тааралдаад “үхэр малаа манайх руу туухаа боль, 2,3-н бүхэл өвс авмаар байна, энэ жил гандуу байна” гэж хэлсэн. Тэгтэл Б гэдэг нь таньд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд Б-д “чи энийг дагаж далдагнаад яадаг юм” гэсэн чинь намайг багалзуурдаад, далнаас чирээд, шанаа руу гараараа 2 цохиод “ та төлөгний насгүй” гээд миний гутал сугарсан чинь бакалаар ар нуруу луу 2 удаа цохисон. Өвдөг рүү миний бакалаар 2-3 удаа цохьсон. Гэтэл А “та 2 одоо боль” гээд салгасан. Б намайг “алсан байсан ч яадаг юм” гэсэн. Тэгээд би хонио туугаад гэртээ хүрээд ирсэн. Бэлчээрийн хэрүүлээс болоод шанаа руу гараараа 2 цохиод, багалзуурдаж чирээд, миний бакалаар ар нуруу руу 2 удаа, өвдөг рүү 2 удаа цохисон. ..Б намайг цохиж зодоогүй. Би гомдсондоо болоод 2-лаа цохисон гэж бичсэн юм. Т.Э л намайг цохиж зодсон. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтсэн 300000 төгрөг, Чулуутаас Архангай аймгийн төв рүү ирсэн 80000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 5 хуудас/

 

Гэрч Н.Эын өгсөн: 

 

“... 2017 оны 7 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Талын толгой гэх газар А, Т.Э хоёр манай малын бэлчээр лүү үхэрнүүдээ тууж байсан. Би очоод А-д “малаа өөрсдийнхөө бэлчээр лүү туу” гэж муудалцсан. Тэгсэн чинь Д.О ах ирээд Т.Э, А хоёртой муудалцсан. А бид хоёрыг зогсож байтал Э, Д.О хоёр хоорондоо бэлчээрээс болж муудалцаж зодолдоод Т.Э Д.О-ыг гутлаар нь хөл рүү нь цохиж, зодож харагдсан. Би сайн анзаараагүй, шанаа нь халцарсан байсан. Малын бэлчээрээс болж муудалцаад цохиж зодсон. Өөрийнх нь гутлаар хөл рүү нь цохиж харагдсан. Өөр цохиж зодсоныг нь хараагүй. Алтанхорол Д.Оыг цохиж зодоогүй. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6х хуудас/

 

Гэрч Л.А-ын өгсөн:

 

 “...2017 оны 7 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Махчингийн хонхор гэх газар Т.Этай хамт малаа туугаад явж байтал Н.Э ирээд намайг малын бэлчээрээс малаа ав гэж хөөж туугаад хэрэлдээд байж байтал Д.О ах ирсэн. Д.О ах надад “малаа малын бэлчээрээс аваад яв” гэж хэлсэн. Н.Э ах бид хоёрыг хэрэлдэж байхад Э, Д.О хоёр муудалцаад, Д.Оыг толгой руу нь 2-3 удаа цохиод, зодолдоод унахаар нь Э бид хоёр салгаад явуулсан. Малын  бэлчээрийн хэрүүлээс болж зодолдсон. Толгой руу нь 2-3 удаа цохисон. Өөр хаана нь яаж цохисныг хараагүй. Би Д.Оыг цохиж зодоогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан бүхэн минь үнэн..” гэх мэдүүлэг  /хх-ийн 7х/

 

Яллагдагч Т.Эын өгсөн: 

 

“...2017 оны 7 сарын 20-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг Махчингийн хонхор гэх газарт Алтанхоролтой үхрээ туугаад явж байсан чинь Н.Э ах ирсэн. Тэгээд Н.Э ах А бид хоёрт хандаж “үхэр малаа ав” гээд байсан. Н.Э, А хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байтал Д.О ирсэн ба надад хандаж “үхэр малаа ав, угаадсандаа цадсан байна” гээд доромжлоод байхаар нь Би Д.Оыг гараараа толгой руу нь 2-3 удаа цохисон. Мөн түүний бакалан гутлаар нь нуруу болон хөл рүү нь 1-2 удаа цохисон. Өөр цохиж, зодоогүй. Д.Оын бакалан гутал тайлагдсан байсан. Тэгээд бид хоёрыг Л.А салгасан. А-г нутгийн хүмүүс Б гэж дууддаг. Н.Эыг А гэж дууддаг. Намайг нутгийн хүмүүс Б гэж дууддаг юм. ...А нь Д.Оыг цохиж зодсон зүйл байхгүй. Би Д.Оыг зодсон. Би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирлоо барагдуулж байгаа. Би бүх хохирлыг барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтэнд: Д.Оын биед тархи доргилт, зүүн далны дээд хэсэг, зүүн өвдөгний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-ийн 9х/ 

 

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 хуудас/

Шүүгдэгч Т.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39 хуудас/ зэргийг шинжлэн судлав. 

 

 2017 оны 7 сарын 20-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Махчингийн хонхор гэх газарт Д.Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. 

Шүүгдэгч Т.Э  нь 2017 оны 7 сарын 20-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Махчингийн хонхор гэх газарт Д.Д.Оыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Д.Оын “...Тэгээд Баавгайд “чи энийг дагаж далдагнаад яадаг юм” гэсэн чинь намайг багалзуурдаад, далнаас чирээд, шанаа руу гараагаа 2 цохиод “ та төлөгний насгүй” гээд миний гутал сугарсан чинь бакалаар ар нуруу луу 2 удаа цохисон. Өвдөг рүү миний бакалаар 2-3 удаа цохьсон....”гэх мэдүүлэг, гэрч Н.Эын “...Т.Э Д.О хоёр хоорондоо бэлчээрээс болж муудалцаад зодолдоод Т.Э Д.Оыг гутлаар нь хөл рүү нь цохиж, зодож харагдсан....” гэх мэдүүлэг, гэрч Л.А-ын “...Н.Э ах бид хоёрыг хэрэлдэж байхад Т.Э, Д.О хоёр муудалцаад, Д.Оыг толгой руу нь 2-3 удаа цохиод, зодолдоод унахаар нь Э бид хоёр салгаад явуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Оын биед хөнгөн хохирол учирсан талаар гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 323 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч  Т.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан түүнд торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т. Э-ыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь / нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                         

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             П.ГАНДОЛГОР