Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0865

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Р.Б

Хариуцагч: На

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н, С.М, В.Б

Маргааны төрөл: Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжаар “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, С.М, В.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгч Над холбогдуулан “Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжаар “М” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны зориулалттай 250,000 м.кв газар эзэмших эрхийг “Н” ХХК-д шилжүүлж, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
  3. Мөн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/55 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар орон сууцны зориулалтаар 203,057 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/53 дугаар захирамжаар гэрчилгээний нэрийг “Н” ХХК нь 90%, “М” ХХК нь 10% гэж өөрчлөн, 203,057 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгожээ.
  4. Нын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар “Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар тус компанийн газрын талбайн хэмжээг 202,895 м.кв, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/1288 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар талбайн хэмжээг 188,330 м.кв болгон тус тус өөрчлөн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгон, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
  5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-08/2055 дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан ... тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус албанд ирүүлнэ үү” гэх агуулгаар “Н” ХХК-д хүргүүлсэн ба тус компаниас албан бичгийн хариуг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/23 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны тайлбар, саналыг хүргүүлсэн байна.
  6. Гэтэл Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжаар ******* 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 188,330 м.кв газар эзэмшигч “Н” ХХК-ийг газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, Нын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/1288 дугаар захирамжийг хавсралтын “22” дэх заалтыг хүчингүй болгосонд тооцсон байна.
  7. Нэхэмжлэгч “Н” ХХК нь тус шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5622 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.
  8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 4-р хороонд байрлах нэгж талбарын 1780912247 дугаар бүхий 188,330 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Нын 2020 оны А/1288 дугаар захирамжаар манай компанид дээрх газар эзэмших эрхийг олгосон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г Газрын албатай байгуулсан юм. Иймд Газрын тухай хуулийн 27.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгэхээр эзэмшүүлнэ" гэж, 35.1-т "Газар эзэмшигч дараах эрхтэй" гэж, 35.1.1-т "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" гэж тус тус заасны дагуу бид тус газрыг эзэмших, ашиглах эрхтэй юм. Гэтэл Нын маргаан бүхий захиргааны актаар манай компанийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болголоо. Ингэснээр тус маргаан бүхий захиргааны актын улмаас манай компанийн дээрх газрыг эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна.

Маргаан бүхий захиргааны актаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.1-т "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэж, 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасныг үндэслэл болгосон байна. Гэвч манай компанийн хувьд тухайн үндэслэл, бодит нөхцөл байдал байхгүй, тогтоогдсон зүйлгүй билээ. Үүнийг хуулийн үндэслэл тус бүрийн хувьд тайлбарлая.

2.1. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус заасан байна. Хуулийн тус заалтын дагуу маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгож буй бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг На хүлээж байгаа билээ. Мөн тус хуулийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж тус тус заасан аж. Иймд На нь манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамждаа Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтад заасан "гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зорчсон" гэж заасан нөхцөл байдал хэрхэн тогтоосон, хэзээ болсныг тодорхой заах шаардлагатай билээ.

Өөрөөр хэлбэл, манай компанийн Газрын тухай хууль, Газар эзэмших гэрээг зорчсон гэж үзвэл хууль, гэрээний аль заалтыг, хэрхэн, хэзээ зөрчсөн. тэр нь ямар нотлох баримтаар тогтоогдсон болохыг Захирамждаа тодорхой заах шаардлагатай билээ. Гэтэл маргаан бүхий захиргааны актад энэ талаар огт заагaaryi буюу манай компанийг ямар байдлаар хууль тогтоомж, гэрээ зөрчсөн гэж буй талаар тайлбарлаагүй.

Манай компанийн зүгээс Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газрыг ашиглах хүрээнд ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхээс энэ талаар шийдвэр гарч байсан удаагүй. Үүнтэй холбоотой юунд үндэслэж биднийг хууль тогтоомж, газар эзэмших гэрээ зөрчсөн гэж үзэж буйг ойлгохгүй байна. Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн тус заалтыг үндэслэж хууль бус шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгосон. Хуулийн тус хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заасан байна. Хуулийн тус үндэслэл бүрдсэн гэж үзэхийн тулд газрыг 2 жил дараалан ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх шаардлагатай байна. Нын маргаан бүхий захиргааны актад манай компанийн хувьд дээрх нөхцөл байдал хэрхэн, ямар баримтаар тогтоогдсон талаар тайлбарлаагүй байна. Иймд На нь яагаад ингэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг бид ойлгохгүй байгаа.

Манай компанийн хувьд тухайн газрыг ашиглаад явж байсан. Тодруулбал, бид Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын эскиз зураг, Дулааны техникийн нөхцөл, Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, Холбооны техникийн нөхцөл, Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Худалдааны төвийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Худалдааны төвийн барилгын ажлын зураг, Гадна цахилгаан хангамжийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Усны техникийн нөхцөл батлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, эдгээрт их хэмжээний зардал гаргасан. Дэд өртөөний барилга, Худалдааны төвийн барилга угсралт, *******, 10/0.4кВ-н 630 кВА хүчин чадалтай хуваарилах байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгөх, Цахилгаан түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ашиглалт шилжүүлэх гэрээг Нийслэл түгээх сүлжээ компанитай байгуулах, Цэцэрлэгийн барилга угсралтын ажилд зориулж эрчим хүч ашиглуулах гэрээг Тэргүүн констракшн компанитай байгуулж, цахилгаан, эрчим хүчээр хангах зэрэг ажлуудыг хийсэн. Газартай холбоотой хийгдсэн ажлуудын бичиг баримтуудыг цэгцтэй, дарааллын дагуу бэлдэж, нэмэлтээр гаргаж өгөх болно. Мөн шүүхээс газар дээр очиж үзлэг хийх нөхцөл бидний хийгдсэн ажлууд харагдах юм.

Хэрэв манай компанийг эзэмшил газраа ашиглаагүй гэвэл бидэнд хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан билээ. Тодруулбал, бид газар дээр орчин үеийн өнгө шийдлийг бүрэн цогцлоосон Үйлчилгээтэй хотхон орон сууц барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-д Ковид-19 цар тахал дэгдэж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хил хаах, хорио цээрийн дэглэм тогтоох, зам тээврийн хязгаарлалтыг тавьж эхэлсэн. Түүнчлэн, компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал нь гадаад улсын иргэн бөгөөд хил хаасантай холбоотой Монгол Улсад орж ирж чадахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тухайн улсад мөн адил Ковид-19 өвчлөлтэй холбоотой хорио цээр, хязгаарлалт тогтсон нь давагдашгүй хүчин зүйлд хамаарах билээ. Ийнхүү Ковид-19 өвчлөл, энэ хүрээнд авагдсан хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээнүүдээс шалтгаалан бидний төлөвлөсөн ажилд саад бэрхшээл чирч барилгын ажлыг явуулах боломжгүй болсон. Ийнхүү Ковидын үе таарсан учраас Бид барилгын ажлыг шууд явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Ганцхан манай компани гэлтгүй Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд зогсонги байдалд орж байсан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагуудаас тавьсан хязгаарлалтын арга хэмжээ, хорио цээртэй холбоотой болон компанийн Захирал гадаад улсад гацсантай холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгч, нотлох баримт цуглуулах Хүсэлтүүдээ гаргах болно.

Компанийн газрын талаар Нын Захирамж гарсан ч газар эзэмших гэрээ нь байгуулагдахгүй удах, манай компаниар гэрээнд гарын үсэг зуруулж авсан ч бидэнд гэрээний нэг хувийг өгөхгүй, гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой бус байсан. Иймд тодорхой цаг хугацааны турш газар эзэмших эрх гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал байсан байна. Энэ талаар нотлох баримтуудыг бүрдүүлж, гэрч оролцуулах, асуулгах замаар нотлох болно.

Түүнчлэн, улсаас Улаанбаатар хотод дүүжин тээврийн үйл ажиллагаа явуулах хүрээнд манай компанийн эзэмшил газрын тодорхой хэсгийг улсад шилжүүлэн авах талаар компанид мэдэгдлүүд ирж байсан. Иймд газрын тодорхой хэсгийг улс буцаан авах эрсдэл байсан бөгөөд тухайн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй үед бид газар дээр барилгын ажил явуулах боломжгүй байсан болно. Тодруулбал, бид тус газарт барилгын ажил явуулж, тодорхой хөрөнгө оруулалт хийсний дараа улс газрын тодорхой хэсгийг буцаан авахаар бол компани өндөр дүнгээр хохирох, хөрөнгө оруулалтаа буцаан авч чадахгүй байх, барилгын зураг төсөл, төлөвлөлт өөрчлөгдөх эрсдэл байсан. Иймд газрын тодорхой хэсгийг улс авах эсэх асуудал бүрэн эцэслэгдэж шийдвэрлэгдсэний дараа барилгын ажлыг явуулах шаардлага байсан юм. Гэвч улсын байгууллагуудын зүгээс тухайн асуудлаар эцсийн шийдвэрээ бидэнд албажуулж өгөхгүй, цаг хугацаа алдаж, биднийг хүлээлгэсээр, тодорхой бус байдал үүсгэж байсан болно.

Манай компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол улсад төдийгүй бусад улс орнуудад хөрөнгө оруулж, бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид юм. Монгол Улсыг ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ялангуяа хувийн өмчийг хамгаалах хуулийн тогтолцоотой улс хэмээн итгэж хөрөнгө оруулсан билээ. Гэтэл “Газраа 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг улсад буцаан авч байгааг ойлгохгүй байна. Учир нь, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулсан бусад улс орнуудын алинд нь ч ийм асуудал үүсэж байгаагүй бөгөөд газрыг ашигласан эсэхээс үл хамааран газар эзэмших, ашиглах эрхийг нь хүчин төгөлдөр хадгалж, өмчийн эрхийг хамгаалж ирсэн байна. газар эзэмшигч нь газраа эзэмших, ашиглах нь түүний эрх болохоос биш Засгийн газар, улсын өмнө хүлээсэн үүрэг биш билээ. Гэтэл газраа ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь хувийн хөрөнгө оруулалтыг улсад хураан авсан, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчсөн хэрэг болсон хэмээн хөрөнгө оруулагчдын зүгээс үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЗХШХШтХ) 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасан. Нын газар эзэмших эрх цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрх бүхий байгууллага буюу Гомдол хянан шийдвэрлэх байгууллагыг Газрын тухай хуульд заагаагүй байна. Нын маргаан бүхий захиргааны акт нь 2023.6.06-ны өдөр бичгээр гарч, манай компанид сүүлд бичгээр ирсэн болно. Иймд бид ЗХШХШтХ-ийн 14.4-т заасан хугацаа, журмын дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргав.

Иймд Та бүхнээс хүсэх нь; 3ХШХШтХ-ийн 106.3.1-т "захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу Нын 2023 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/ дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улаанбаатар хотын ******* 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 188.330 м2 газар эзэмших эрхийг дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заалт буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Бид газраа ашиглаж байсан гэж үзэж байна. Газрыг ашиглаагүй гэж үзвэл хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголтыг хэзээнээс эхлэн тоолох вэ? гэдэг асуудал гарна. 2015 оноос хойш газар ашиглах эрх үүссэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Нын А/1288 дугаартай захирамжаар газрыг эзэмших эрхтэй болсон. Энэ захирамжийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон. Тус өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Тус хуулийн заалтад гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байгаа. Гэрээ нь 2021 онд 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Ингэснээр ашиглалтын эрх үүснэ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасан байдаг. Бид зориулалтын дагуу ашиглах, орон сууц барих нь гэрээний дагуу үүсэж байгаа юм.  Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна” гэж заасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч хоёрын хооронд байгуулагдсан 2021 онд 03 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т... зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил өнгөрсөн байхыг ойлгохоор тайлбарласан.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Гарын тухай хуулийн захим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ... зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш бүтэн 2 жилийн дотор гэдэг агуулгаар тайлбарласан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг ...зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг болохоор гэрчилгээ гараагүй тохиолдолд газар эзэмших боломжгүй. Гэрчилгээ гарснаас хойш буюу 2021 онд 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.9 ”газар эзэмших, ашиглах эрхийн” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.2-т “... 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заасан. Тиймээс улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Эзэмшиж байсан хэдий ч сүүлийн гэрчилгээнээс хойш 2 жилийг тоолно гэдгийг Улсын Дээд Шүүхийн захиргааны танхимын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар тогтоолын хянавал хэсгийн 19, 20 хэсэг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дугаартай тогтоолд, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 206 дугаар тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаар тогтоолын хянавал хэсгийг 15, 16, 17 дугаартай хэсгүүдэд, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0023 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 20, 2 дугаар хэсэгт энэ агуулгаар ойлгоно гэж тайлбарласан байдаг. Нын 2019 оны А/1386 дугаар захирамжаар 202.895 м2 газрыг ашиглах эрхтэй байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 34 болон 56 дугаар талд газар ашиглах эрхийн гэрчилгээ бий. Хувьцаа эзэмшигч нь дотоодын компани болж бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газрын зориулалт өөрчлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу На 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/1288 дугаар захирамж гарсан. Газрын хэмжээг багасгаж ашиглах бус эзэмших эрхтэй болгон захирамж гарснаар хугацааг тоолно. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаа 2 жил 2 сар байгаа юм. Энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхэд тийм гэж хариулт хэлнэ. 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг дурдъя.

Маргаан бүхий газар дээр орон сууцны хороолол барихаар төлөвлөж архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг 2019 онд хийгдсэн. Техникийн нөхцөл дутуу байсан. Үүнийг авчихвал барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг авч үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой байсан. Орон сууцны хороололд олгогдсон холбоо дохиоллоор хангах техникийн нөхцөлийн хугацаа 2020 онд дуусгавар болсон байсан. “*******” ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлт гаргасан.

Маргаан бүхий газар дээр 100 хувь өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан хаалттай хуваарилах байгууламжийг барьсан боловч зөвшөөрөл өгөөгүй. Хүчдэлд залгуулах хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гаргасан.

“Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-аас олгогдсон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон учраас техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн.

“*******” ТӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 110 мм 4 яндантай сувагчлал хийх агуулга бүхий техникийн нөхцөлийг авсан.

Эрчим хүчний яамнаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээ, орон сууцны цахилгаан хангамжийн 10 кв-ын хуваарилах байгууламж, дэд станцуудыг 7300 кв-ын хүчин чадалтайгаар холбох техникийн нөхцөлийг авсан.

“Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-аас олгосон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болж байсан учраас дулааны тооцоог хийлгэх шаардлагатай болсон. Ингээд “Эрчим төсөл” ХХК-аар 5 Гкал/цаг гэдэг хэмжээсийг 4.94 Гкал/цаг болгон бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоог хийлгэсэн.

Нэхэмжлэгч компани нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Олон Улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны компанитай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гадаадаас ажиллах хүч авах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Жиншин гангийн үйлдвэртэй барилгын материал худалдан авах ерөнхий гэрээг байгуулсан.

Гэрээний заалтыг харвал маргаан бүхий газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан барилгын төсөлд зориулж арматур авах гэрээг байгуулсан.

Орон сууцыг цахилгаанаар хангахаар өөрсдийн хөрөнгөөр дэд станц барьсан. Арцат дэд станцтай холбохтой холбоотой “*******” ТӨХК –д 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт явуулсан. Цахилгаан хуваарилах байгууламжийг Яармагийн гүүр дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид холбох зөвшөөрлийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/562 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд холбох цэгүүдийг зааж өгсөн.

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавраас сургууль, цэцэрлэгтэй холбоотой шаардлагыг хасаж даалгаврын бусад нөхцөлийг бууруулахгүйгээр өөрчлөлт оруулахыг хүсэхэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/1431 дугаар албан бичгээр шинэчлэн батлах шаардлагагүй талаар хариу ирүүлсэн.

Хаалттай цахилгааны байгууламжийн ашиглалтыг цахилгаан түгээх, хангах тусгай бүхий этгээд болох “Нийслэл түгээх сүлжээ” ХХК-д шилжүүлж өгөх агуулгаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цахилгаан түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ашиглалт шилжүүлэх гэрээг байгуулсан. Мөн өдөр орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн тоноглолуудыг хүлээлцсэн акт үйлдэж, хуваарилах байгууламжийн барилга, иж бүрэн тоноглолтой 10 кв-ын хуваарилах байгууламж болон хөндлөн огтлолтой хос кабель шугамуудыг тус тус хүлээлгэн өгсөн.

Бохир усны техникийн нөхцөлийг “*******” ОНӨААТҮГ–аас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар авсан нь дууссан учраас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин хүсэлтийг гаргасан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээний биелэлтийн тайлан, холбогдох баримтуудыг хүргүүлсэн. Харин тус албанаас хариу өгөөгүй. 

“*******” ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөл олгох комиссын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар цэвэр, бохир усны техникийн нөхцөлийг олгосон.

Нийслэл түгээх сүлжээ компанид холбогдох бичиг баримт, эд зүйлийн хамт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн баримтуудаас дурдвал 281 хуудас угсралтын ажлын актын бичиг баримт, 102 хуудас хувийн хэрэг хүлээлгэн өгсөн. Арцат дад станцын хаалттай хуваарилах байгууламжаас татсан 1960 м урттай кабель шугамыг тус өдөр хүлээлгэн өгсөн болохыг хурлын ирц баримтаас харж болно.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* компанитай байгуулсан Яармагийн гүүр дэд станцын кабелийн шугам, хуваарилах байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, №2018-02002 тоот гэрээ дүгнэх протоколыг үйлдсэн. Тус протоколын 13, 19, 20 дугаартай хэсэгт тусгагдсанаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Арцат дэд станцын хаалттай хуваарилах байгууламжаас татсан 1960 м урттай кабель шугам, 10кв-ын хуваарилах байгууламжийг гүйцэтгэгч байгууллагаас хүлээн авах, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн талаар талаар дүгнэсэн. Тус гэрээт ажлын нийт төлбөр 1.2 тэрбум төгрөг байснаас 107 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлж барагдуулсан. 2021 онд эдгээр ажлуудыг хийсэн.

2022 онд хийсэн ажлуудыг тайлбарлая.

“*******” ТӨХК-ийн 1 жилийн хугацаатай олгосон техникийн нөхцөлийн хугацаа дууссан тул 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан.

“*******” ТӨХК-аас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин техникийн нөхцөл олгосон.

“Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-аас 2021 онд техникийн нөхцөл авч чадаагүй учраас техникийн нөхцөл олгох тухай хүсэлтийг дахин 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. 2021 онд авч чадаагүй шалтгаанаас ажил явуулж чадаагүй.

Эрчим хүчний яамны ажлын хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч компанийн хүсэлтээс татгалзсан. Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б*******ийн гарын үсэгтэй 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/2272 дугаар албан бичгээр “Дулааны шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, сүлжээнд нэмж хэрэглээ холбосноор дулаан хангамж цаашид доголдохоор байна гэж нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Гэрээний биелэлтийг хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээний биелэлтийн тайлан, холбогдох баримтуудыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

“*******” ТӨХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр манай компанийг тэжээлд холбох зөвшөөрөл өгч холбох цэгүүдийг заасны дагуу ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ХХК-аас хүссэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Яагаад энэ хүртэлх хугацаанд холбоогүй вэ? гэхээр Арцат дэд станц ашиглалтад ороогүй байсан.

Нын 2020 оны захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж холбогдох баримтуудыг хавсаргасан.

2023 онд хийсэн ажлуудыг танилцуулъя.

“*******” ТӨХК-аас 2022 онд авсан техникийн нөхцөлийн хугацаа дууссан учраас сунгуулах хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэж техникийн нөхцөлийг олгосон.

Захиргааны байгууллагуудын зүгээс эзэмшил газрынхаа тодорхой хэсгийг дүүжин тээвэр төсөлд зориулж улсад үнэ төлбөргүй шилжүүлж өг, зөвшөөрөхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж хэлсэн. Удалгүй уулзалт, сонсох ажиллагааг зохион байгуулсан. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй тухай тайлбар, холбогдох баримтуудыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгосон. Ингээд 2023 онд ажил хийх боломжгүй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Дүрэм шинэчлэн баталж тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолоор баталсан. Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч захиалагч ...техникийн нөхцөлийг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ гэж заасан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана” гэж 28.2.1-т “барилга байгууламжийн ...техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр” гэж тус тус заасан.

Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 5.1.2-т “Техникийн нөхцөлгүй буюу хугацаа нь дууссан бол барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” заасан. Эдгээрээс дүгнэвэл барилгын ажил зөвхөн гэрчилгээний үндсэн дээр хийгдэнэ. Гэрчилгээ нь ус, дулаан, цахилгаан, холбооны 4 төрлийн техникийн нөхцөлүүдийг авсны дараа гардаг. Үүнийг архитектур төлөвлөлтийн даалгавар хэсэгт тусгасан байгаа. Энэ талаар Нын Тамгын газраас тодруулахад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариу хүргүүлэх албан бичигт “нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай ажлууд болох дулааны техникийн нөхцөлгүйгээр барилгын ажил явагдахгүй гэж хариу өгсөн. Маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Хашаа барьсан, цахилгааны хуваарилах байгууламж барьж ашиглалтад оруулсан. Түүний гадна барилгыг барьсан. Түр цахилгаан татсан, оффисын зориулалт бүхий 2 давхар барилга, газрыг тэгшлүүлэхээр шороо буулгасан зэрэг бодит барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2019, 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулсан. Сингапур Улсын компаниар зураг төслөө хийлгэсэн. Цахилгааны хаалттай хуваарилах байгууламж нь тухайн барилгыг цахилгаанаар хангана. Орон сууцыг цахилгаанаар хангахын тулд өөр газартай холбогдох ёстой. Энэ нь улсаас барьж байгаа Яармагийн гүүрний дэд станцтай холбохоор болсон.

Аль цэгээс холбох вэ? зэрэг холбогдох ажлуудыг хийсэн. Техникийн нөхцөлүүдийг авч байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг няцаах үндэслэл болно гэж Улсын Дээд Шүүхийн тогтоолд дүгнэсэн. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоолын хянавал хэсгийн 17-д ...байгаль орчны үнэлгээ хийхээр бэлдэж байсан, барилгын зураг төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулах санал нь дэмжигдсэн зэрэг үйл баримт байгаа учраас 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлгүй гэж үзэхгүй гэж дүгнэсэн байна. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар тогтоолын хянавал хэсгийн 2 дахь догол мөрөнд барилгын дулааны техникийн нөхцөлийг холбогдох байгууллагаас авч, газрыг хашаалсан, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөлийг авсан зэрэг барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан байна. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргийг буруу хэрэгжүүлсэн гэсэн агуулгаар тайлбарласан. Тиймээс бидний техникийн нөхцөл авч байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-дах заалтыг үгүйсгэж байна.

На болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нэхэмжлэгч компанийг үүргээ гүйцэтгээгүй, газрыг ашиглахгүй байна гэж дүгнэж байгаагүй. 2020 онд захирамж гарч 2021 онд гэрчилгээ гарсан. 2022 онд гэрээний тайланг явуулсан. Гэрээнд газрын гүйцэтгэлийн үүргийг дүгнэх үүрэг нь Над бий. 2021, 2022 онд гэрээг дүгнээгүй. Тиймээс бид хэвийн байна гэж үзсэн. Газрыг ашиглаагүй гэж үзвэл хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж хэлнэ. Дулааны техникийн нөхцөл олгохгүй байсан, цахилгаан байхгүй учраас барилгын ажлын зөвшөөрөл авах боломжгүй байсан. Ковидын цар тахалтай холбоотой асуудлууд байсан.

Дулааны техникийн нөхцөлөөс шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгааны тухай:

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болон 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дулааны техникийн нөхцөл авах хүсэлт гаргасан. Эрчим хүчний яамны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр дулааны техникийн нөхцөл олгохоос татгалзсан. Учир нь дулааны шугам хоолой хөрсний усанд автсан. Найдвартай ажиллагаа хангагдаагүй тул шугамын хөрсний устай хэсгийн түвшин дээшлүүлэх ажлын хөрөнгө шийдвэрлэгдэн ажил бүрэн хэрэгжсэний дараа дахин судлах тухай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас санал, дүгнэлт ирүүлсэн гэж дурдсан байна. Дулааны эрчим хүч хэрэглэх тухай дүрмийн 2.5.1-т “техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн техникийн боломжийг үндэслэнэ” гэж заасан байна. Иймд улсын шугам хөрсний усанд автсаны улмаас найдвартай ажиллагаа алдагдсан буюу техникийн  боломжгүй тул устай хэсгийн түвшин дээшлүүлэх ажил хийгдэж, техникийн боломж бүрдсэний дараа техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг судлахаар болсон. Бид нөхцөл байдал арилсан эсэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тодруулсан. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1990 дугаар албан бичгээр ...магистраль шугам хөрсний уснаас дээшлүүлэх ажлын хөрөнгийн асуудал одоогоор шийдвэрлэгдээгүй байна гэж дурдсан байна. 2021 онд техникийн нөхцөл олгохоос татгалзсан үндэслэл нь одоо хүртэл арилаагүй юм. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас дулааны техникийн нөхцөл олгохыг хүсэхэд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/2272 албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

Албан бичигт ... дулааны шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, сүлжээнд нэмж хэрэглээ холбосноор дулаан хангамж цаашид доголдохоор байгаа талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ирүүлсэн тооцоо дүгнэлтийг үндэслэн Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.5.1, 2.5.3 дахь заалтуудын дагуу ажлын хэсгээс  гаргаж техникийн нөхцөл олгохоос татгалзсан байна. Эрчим хүчний тухай хуулийн эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т “зааснаар хэрэглэгч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй”. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаас дулаан нь эрчим хүчний нэг хэсэг болохыг харж болно. 2021 онд техникийн нөхцөл хүсэхээр олгохгүй байсан шалтгаан нь бусад байдлаар ч тогтоогдоно. Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн чуулганы хуралдаанд эрчим хүчний сайд танилцуулга хийсэн. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар сэдэвт танилцуулгад Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны ачаалал ихэссэн. Найдвартай ажиллагаа алдагдсан гэж хэлсэн. Тус чуулганы хуралдааны тэмдэглэлийн 41 дэх хуудсанд “Хэдийгээр Ковид-19 цар тахлын үед улсын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ багассан боловч эрчим хүчний хэрэгцээ өссөөр байна. ...цахилгааны хэрэглээ оргил ачааллын цагуудад огцом нэмэгдэж, хэрэглээ эх үүсвэрүүдийн боломжит хүчин чадлын хязгаар тулсан, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хэмжээнд хүрсэн гэж, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд шинээр дулааны үйлдвэрлэлийн эх үүсвэр бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Төвлөрсөн дулаан хангамжийн систем нь жил дунджаар 150-230 Гкал/цаг хэрэглээ бүхий 250-300 барилга объект нэмэгдэж байгаагаас шалтгаалж байна. Хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй байна. хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хүндрэл үүсэж байна гэж мэдээлэл өгсөн. Энэхүү нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч компанид дулааны техникийн нөхцөл олгоогүй болохыг харж болно. “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1990 дугаар албан бичгийн сүүлийн догол мөрөнд дулааны хангамжийн системд жил бүр 400 гаруй барилгын 200 орчим гкал/цаг дулааны ачаалал бүхий хэрэглээ нэмэгдэж байгаагаас шалтгаалан эх үүсвэр болон дамжуулах шугамуудын ихэнх хэсэг нь тулсан ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас Яармаг орчмын барилгуудыг хангадаг ... шугам хөрсний уснаас дээшлүүлэх ажлын хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй байна гэсэн. Дулааны техникийн нөхцөл олгоогүй бол Барилгын ажлын зөвшөөрөл авах боломжгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын 3.10-т “техникийн нөхцөлийг үндэслэнэ” гэж заасан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “барилгын ажлын зөвшөөрөл авахад техникийн нөхцөлийг авсан байхыг шаардана”. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2013 дугаар тогтоолын 5.1.2-т “техникийн нөхцөлгүй бол барилгын ажил эхлүүлэхээс татгалзана” гэж заасан байдаг. Нын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт энэ талаар тайлбарласан байна. 2021, 2022 онд дулааны техникийн нөхцөл авч чадаагүй бөгөөд энэ нь улсаас шалтгаалсан. Ачааллаа дийлэхгүй, найдвартай ажиллагаа хангагдаагүй гэсэн хариу өгч байхад бид яаж барилгаа барих вэ? Ийм хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Худалдаа, аж үйлдвэрийн газраас хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/377 дугаар гэрчилгээгээр баталгаажуулсан. Үүнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 2021 онд байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хувьд давагдашгүй хүчин зүйл болсон байна гэж гэрчилсэн. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д зааснаар тус танхим нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх, энэ талаар гэрчилгээ олгох бүрэн эрхтэй. Гэрчилгээ нь эрх бүхий байгууллагын хууль ёсны бичиг баримт юм.

Ковидтой холбоотой хүндэтгэн үзэх шалтгааныг тухай:

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/121 дугаартай албан бичгээр шүүхэд нотлох баримтууд гаргаж өгсөн. www.1212.mn цахим хуудасны Өвчлөл-хүснэгт-халдварт өвчлөлөөр өвчлөгчид, зарим өвчлөлийн төрлөөр, сараар” цэс дэх Ковид-19 өвчлөлийн статистик тоог харуулсан баримтууд байсан. Үүнээс харахад 2020 оны 03 сард 12 байсан. Гэрчилгээ авахаас өмнө  буюу 2021 оны 02 сард 1128, 3 сард 5558, 2 сараа 5 дахин нэмэгдсэн, 4 сард 14724, 5 сард 29352, 6 сард 62344, өмнөх сараасаа 3 дахин нэмэгдсэн, 7 сард 53172, 8 сард 39320, 9 сард 106358, 10 сард 167902, 11 сард 47418 гээд яг барилгын ажил явагдах хугацаанд 2, 3, 4, 5 дахин нэмэгдэж байсан байна.

2021 оны 3 сараас хойш ковидын өвчлөлийн оргил үе байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол буюу 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 0 зогсолт болсон. Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааг сунгасан. Нийт 28 хоног 0 зогсолт болсон. Гэрчилгээ авснаас хойш 0 зогсолт болсон гэхээр 5 сарын 08-ны өдрөөс 2 жилийн хугацааг тоолно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 6 тогтоол гарсан. Хэдийгээр зарим үйл ажиллагааг зөвшөөрсөн боловч хязгаарлалт баримталж зарим ажиллагааг хийх боломжгүй байсан. Мөн энэ үеэр хилийн боомтууд хаагдсан. Үүнтэй холбоотой 9 тогтоол гарсан. 

Хил хамгаалах ерөнхий газраас Ковид-19 өвчлөлийн үед Монгол-Хятад Улсын хилийн боомтууд хэрхэн ажиллаж байсан талаар тайлбар, тодруулгыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 28/1837 дугаар албан бичгээр авсан. Хятад Улсын хилийн хязгаарлалтаас хамаарч ажил явагдах боломжгүй болсон.

Дээрх хязгаарлалтууд бизнест сөргөөр нөлөөлөн тухай:

Ковид бизнесийн салбарт тэр тусмаа барилгын салбарт маш хүнд туссан буюу “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны тайлан”, “Бизнес итгэлийн индекс 2021 судалгааны тайлан гэдэг судалгааг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн. Барилгын материал авах гэрээ хэрэгжээгүй. Эрээн хотын олон улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны компани нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Хятад Улсад шинэ төрлийн корона вирус хүчтэй дэлгэрч төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас танай байгууллагатай байгуулсан... гэрээний дагуу ажиллах хүч нийлүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар биелүүлж чадахгүй болоод байна. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоохоос гадна... шинжилгээ, хяналтын ажил ихээхэн хатуу дэг журамд ороод байгаа тул гэрээт ажлыг цаашид хэвийн явуулах боломжгүй болоод байна гэх, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “... өөрсдийн ажиллах хүчнийг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байх үүднээс гэрээг цуцалж байна гэсэн мэдэгдлийг өгсөн.

Жиншин гангийн үйлдвэр нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... гэрээнд заасан хугацаанд нийлүүлж чадахгүй болсон гэж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бараа материалын өртөг нэмэгдсэн учраас гэрээгээр шинэчлэн байгуулна уу гэсэн албан бичгүүд тус тус ирүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/377 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон.

Цахилгааны хуваарилах байгууламж тэжээлд холбогдохгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааны тухай

Энэ ажлыг “*******” ХХК-тай  2018 онд 1.2 тэрбум төгрөгөөр хийхээр гэрээ байгуулан хийж дуусгасан бөгөөд 18 сарын баталгаат хугацааг тоологдох бүхий ДГ-07/2501 дугаар албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Нэхэмжлэгч компанийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Техникийн комисс ажиллуулах тухай” 18/05 дугаартай тушаал гарч, барилга байгууламжийг шалгаж хүлээж авах комиссыг томилсон. Комисс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт”-ыг үйлдсэн бөгөөд тус актын 1.6-д барилга байгууламжийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьж дууссан болохыг тусгасан байна. Эрчим хүчний сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Улсын комисс байгуулах тухай” 115 дугаартай тушаал гарч улмаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг үйлдэж, цахилгааны хуваарилах байгууламжийг ашиглалтад хүлээж авсан. тус актын 2.1-д 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьж дууссан болохыг тусгасан байна.

Яагаад 2021 он хүртэл удсан бэ гэхээр Яармагийн гүүрний дэд станц хуваарилах байгууламжид холболт хийхээр хүлээгдэж байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд С.*******: Шинээр баригдсан 10 кв-ын хаалттай хуваарилагдах байгууламж хаанаас хангагдах вэ? гэж асуухад Д.Г*******: “110/35/10 кв-ын Яармагийн гүүр дэд станцын 10 кв хаалттай хуваарилагдах байгууламжаас кабель шугам татаж тэжээнэ гэж хариулсан байна. Тэмдэглэлийн 4 дэх талд “Б.Энхбат: Туршилтын хүчдэл өгч залгаж үзсэн үү гэхэд Т.*******: 110/35/10 кв Яармагийн гүүр дэд станц ашиглалтад ороогүй болохоор үндсэн тэжээлээр залгах боломжгүй байгаа” гэсэн байна.

“*******” компанийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Баталгаа хүргүүлэх тухай” албан бичигт “Гэрээний хүрээнд чанарын баталгааг 2 хувиар тооцож улсын комисст өгснөөс хойш 18 сар байхаар тогтсон боловч тэжээл авах дэд станцын ажил удааширснаас шалтгаалан хугацаа нь дууссан боловч бид чанарын баталгааг гаргалгааны эхний ачаалал авснаас хойш 6 сарын хугацаанд багтаан үндсэн тоноглолын ажиллагаанд чанарын баталгааг бичгээр өгч байна” гэсэн байна. Хүчдэл залгагдахгүй байсан гэдэг нь харагдаж байна.

“*******” ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүчдэлд залгах цэгийг тодорхойлж өгсөн. Гэвч Яармагийн гүүрний дэд станц ашиглалтад ороогүй байсан. Цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийг гүйцэтгэгч байгууллагаас ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх хурлыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийсэн. Тус хуралдааны тэмдэглэлийн 4 дэх хуудсанд Б.Энхбат / гүйцэтгэгч байгууллага/ Манай санал бол энэ ажлыг 2018 онд угсарсан. Улсын ажил болох 35 кв-ын дэд станц ашиглалтад ороогүйгээс шалтгаалж өнөөдрийг хүртэл удааширсан” гэж, Б.Энхбат /ашиглагч байгууллага/ За хүлээн зөвшөөрч байна гэж тус тус ярьснаас боломжгүй байсан гэдэг нь  харагдаж байна. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/691 дугаартай албан бичигт Яармагийн гүүрний дэд станц хэзээ хийгдэхээр төлөвлөж байсан, хэзээ хийгдсэн, хэзээ ашиглалтад олгосон талаар тодруулга өгсөн. Уг албан бичигт Яармагийн гүүр орчмын хорооллын ...дэд станцын барилга угсралтын ажил, ... 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр ... гэрээг Эрчим хүчний яам, санхүүжүүлэгч Монгол Улсын хөгжлийн банктай байгуулан ажилласан. Тус гэрээт ажлыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/2021 тоот улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан бөгөөд Их тойруу цахилгаан дамжуулах агаарын шугам баригдаж дуусаагүй шалтгаанаар төлөвлөсөн хугацаанд дэд станцыг хүчдэлд залгах, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж дурдсан. Тиймээс бид 2021 онд тэжээл авч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна. Яармагийн дэд станц өөрөө Их тойруу 110 кв-ын агаарын шугамаас тэжээл авсны дараагаар буюу 2022 онд цахилгаанд холбосон. Энэ талаар “*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан тоотоос харж болно. Цахилгаанд холбогдоогүй учраас 2022 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшилсон.

Бусад хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарлая.

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах тухай” албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн. Яармагийн гүүрний барилгын материалыг буулгах газар байхгүй учраас 2024 он хүртэл 4 га газрыг түр ашиглуулахаар хүссэн. Бид зөвшөөрсөн. 4 га газрыг улс ашиглаж байх үед бид яаж барилга барих вэ? “Нийслэл түгээх сүлжээ” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг ирүүлсэн. Хаалттай хамгаалалтын бүсэд хамгаалалтын зурвастай байхыг дурдсан байсан. Нэхэмжлэгчийн цахилгааны хуваарилах байгууламж нь хаалттай байгууламж буюу гадна талдаа барилгатай тул хамгаалалтын шугам тогтоох эсэхийг тодруулах хугацаанд танай газрыг цуцлах юм шиг байна. Иймд тэрний дараа энэ асуудлыг шийдвэрлэе гэх хариуг амаар өгсөн. Хамгаалалтын зурвас тогтоох эсэх, тогтоосон нөхцөлд хотхоны төлөвлөлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг өөрчлөлт орох эсэх нь тодорхой бус юм. Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-аас 2023 оны 3 сард дүүжин гүүр барих болсон тул газраа өг гэж албан бичиг ирүүлж байсан. Өмнө хэсэг газрыг сургууль цэцэрлэгийн газар гэж авсан. Одоо дүүжин гүүр гэж авна гэсэн. Хэрэв авахаар бол нөхөн олговрын асуудлыг ярих хэрэгтэй. Ийм хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан.

Захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан бөгөөд энэ үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр талд шүүхийн албан тоот авагдсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон баримтуудаа ирүүлээгүй. Үүнээс үзэхэд баримт цуглуулахгүйгээр шууд акт гаргасан. Нэхэмжлэгчийн газрыг цуцална гэж 2019, 2020 онд мэдэгдэж байсан боловч цуцлаагүй. 2023 онд цуцалсан. Нын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/691 дүгээр тоот захирамжаар хууль зөрчиж “Түмэн бээрийн хөгжил” ХХК-д зарим хэсгийг олгосон байсан. Хууль бус байсан гэж маргахад хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцлах, өөр этгээдэд өгөх байсан байна гэж харагдаж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээний... биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Бид жил бүр тайлангаа өгдөг байхад хариу өгөөгүй. Газар эзэмшүүлэх гэрээний 5.4-т “газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх, газар эзэмшүүлэгч буюу Газар зохион байгуулалтын албаны үүрэг байхаар, тус гэрээний 5.3ё Газар зохион байгуулалтын алба нь өмнөх гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах тухай тус тус заасан.

2020 оны 06 дугаар сард, 2021 оны 8 дугаар сард, 2022 оны 6 дугаар сард тус тус гэрээний биелэлтийг хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж байсан. 2023 онд хугацаа нь болоогүй байхад цуцалсан учраас гэрээний тайлангаа өгөөгүй. Үүнтэй холбоотой итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой гэж үзэж байна. 2021, 2022 онд тайлан өгөхөд ямар нэгэн хариу өгөөгүй учраас бид тодорхой хэмжээний зардал гаргаж байсан. Одоо болохоор газраа ашиглаагүй гэж цуцалсан нь үндэслэлгүй. Газрын төлбөрт 2021 онд 1 тэрбум гаруй төлбөр төлсөн. Газар дээр үйл ажиллагаа явуулах үүднээс 2021 онд 107 сая төгрөг төлсөн. Гадны компанид 13.200 ам доллар төлсөн. Тухайн үеийн ханшаар 45.5 сар төгрөг. “ИНМЖЛ” компанид 2.2 сая төгрөгийг ажилчдын цалин хөлсний мөнгө зарцуулсан. Эдгээрээс дүгнэхэд бид газраа ашиглаж байсан. Ашиглаагүй гэж үзвэл  бидэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. “Түмэн бээрийн хөгжил” ХХК-д олгосон газартай холбогдуулан маргахад хариуцагч зөвшөөрсөн тул үүнтэй холбоотой маргаан байхгүй гэж үзэж байна.” гэжээ.

  1. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч "Н" ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч "Н" ХХК нь:

Нын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Газрын эрх шилжүүлэх тухай дүгээр захирамжаар М ХХК-иас 250,000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан.

Нын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/55 дугаар захирамжаар 203,057 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.

Нын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/53 дугаар захирамжаар "Н" ХХК нь 90%, "М" ХХК нь 10% гэж нэр өөрчлөгдөн, 203057 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.

Нын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/1386 дугаар захирамжаар 202895 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулж, талбайн хэмжээнд өөрчлөлт орсон.

Нын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/1288 дугаар захирамжаар 188330 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, талбайн хэмжээнд өөрчлөлт орсон.

Нэхэмжлэгч "Н" ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-08/2055 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлж, нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах эрх 2009 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гаж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын ашиглаагүй байна. Иймд нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл тогтоогдсон учраас захиргааны акт гаргасан. Нэхэмжлэгч компани 2009 оноос хойш газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш 2 жил газар дээр барилга байгууламж, үйл ажиллагаа явуулаагүй бол цуцална гэж тайлбарласны дагуу захиргааны акт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “”Н” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий захиргааны акт нь На нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамж гаргасан. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталсан байсан. Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн газрын эрхийг шилжүүлэн 250 м2 газрыг орон сууц барих чиглэлээр өөрчилсөн. 2023 он хүртэл нийт 14 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй. Хэдийгээр ковидын нөхцөл байдал байсан, хүндэтгэн үзэх шалтгаан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлах боловч газрыг 2009 оноос эхлэн эзэмшиж ашиглаж байсан. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаан дурдаж байгаа нь зохисгүй юм. 2013 он хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн. Маргаан бүхий акт нь төрөөс хэрэгжүүлж байгаа газар чөлөөлөлттэй холбоотой томоохон арга хэмжээ юм. Улсын Дээд Шүүхийн тогтоолд 2 жил дараалан газрыг ашиглаагүй гэдгийг тухайн газарт зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэдгийг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас олон шалтгаан нөхцөл дурдаж байна. Нэхэмжлэгч компани нь 2009 оноос хойш газрыг ашиглаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 14 жил газрыг ашиглаагүй. Энэ хугацаанд газрыг ашиглах боломж байсан. Төрийн байгууллагууд нэхэмжлэгч компанийн хүсэлтүүдийг удаа дараа хангахаас татгалзаж төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлуудыг илэрхийлж байсан. Сүүлийн хэдэн жилийн шалтгаан нөхцөлүүдийг дурдаж байгаа нь зохисгүй. Тиймээс 2 жил дараалан ашиглаагүй тул Нын гаргасан захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
  4. Хариуцагчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалтай богино хугацаанд танилцсан. Хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авсангүй. А/1288 гэсэн захирамж юунд үндэслэн гарсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Тодруулбал хууль бус захиргааны актад үндэслэж газар ашиглах, эзэмших эрх сунгаж байсан байдал ажиглагдаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд 2014 оны газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамж бий. 2002 оны Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд гадаадын хөрөнгө оруулалттай иргэнд газар ашиглуулах зохицуулалттай. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Газар ашиглах бол Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэх ёстой. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Газрын тухай хуулийн дагуу ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа зэргийг судалсны үндсэн дээр гадаадын  хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газрыг ашиглуулах шийдвэр гаргах ёстой. Гэтэл газрын эрхийг эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай /1 дүгээр хавтас хэргийн 32 дугаар тал/  2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар гэрчилгээнд ашиглах гэж зааж өгсөн байна. Эрх нь эзэмшүүлэх, гэрчилгээ нь ашиглах эрх олгож байна. 5 жилийн хугацаатай олгохдоо ашиглах эрх нь байхгүй байна. Ашиглах эрхтэй гэсэн гэрээ 2014 онд байгуулсан байна. Газар ашиглуулах эрх олгох тушаал нь байхгүй. Ийм тодорхойгүй нөхцөл байдал байна. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/53 дугаар тушаалын агуулга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх нэр өөрчлөх тухай. Хавсралтыг харвал Нын А/55 дугаар захирамжийг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон. Гэрчилгээг үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээ гээд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатай ашиглуулах гэж бичсэн байна. Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай компани, гадаадын иргэнд 15 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгоогүй. Энэ нь хуультай зөрчилдөнө. Яагаад илт хууль бус захиргааны акт гаргасан гэдгийг огт ойлгохгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 газрын ашиглах эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамжийг гаргахдаа 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/53 дугаар захирамжийг үндэслэж процессын хувьд алдаатай захирамжууд гаргаж байсан байна. 2014 оноос хойш илт хууль бус буюу анхнаасаа газар эзэмших эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй. 2020 онд дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж  болсон гэх боловч 15 жилийн хугацаатай эзэмшүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.6, 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаж бүрдүүлбэрийг хангах ёстой. Гэтэл нэхэмжлэгч манайх газраа ашиглаж ирсэн. Үүний дагуу дотоодын хөрөнгө оруулалттай компани учраас газар эзэмших эрхийг олгож өгнө үү гэж хүсэлт гаргадаг.

Гэтэл бодит байдалд газар ашиглах, эзэмших эрх үүссэн эсэх нь илт хууль бус актын үр дагавар үргэлжилж байна. Энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Үүний дагуу газрын хувийн хэргийг авч шалгах ёстой байсан. Хууль дээдлэх, газар нэгдмэл байх, хуульд заасан нөхцөл болзлын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг нь төрөөс авах бодлого зарчмуудтай нийцэхгүй байна. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, холбогдох бичиг баримт, тушаал, захирамжийг харахад 2009 оноос гэрээ байгуулсан байна. Тийм учраас тус оноос хугацааг тооцох ёстой. 14 жилийн хугацаанд юу хийсэн бэ? гэдгийг ярих ёстой. Ийм үндэслэлээр тодруулах, нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шаардлагатай тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “нотлох баримт гаргуулах” эрхтэй. Энэ хүрээнд хүсэлтийг хангаагүй учраас мэтгэлцэх зарчим алдагдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас яагаад холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй талаар хэлж мэдэхгүй байна. Нэмэлт тайлбар хэлэх байх гэж бодож байна. Ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү?.”гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Нын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
  2. Маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж зааснаар гэрчилгээг хүчингүй болгож, дуусгавар болгосон тул энэ хүрээнд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй.
  3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаас үзэхэд хуулийн тус заалтын дагуу газар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо (1)  хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, (2) 2 жил өнгөрсөн байх, (3) зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөл бүгд бүрдсэн байхыг ойлгоно.
  4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.1.1.“газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт;” 37.1.3.”байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт.” 37.2.“Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэж заажээ.

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч 2009 онд газар эзэмших эрхийг шилжүүлж авснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийг нь удаа дараа баталгаажуулж талбайн хэмжээг өөрчилж байсан байх ба Нын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/1288 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар талбайн хэмжээг 188,330 м.кв болгон тус тус өөрчлөн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгон, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

Үүнээс үзвэл гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийг сунгах ба нөхцөлийг хангасан гэж үзэж сунгасан тул Нын 2020 оны А/1288 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр сунгаж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш 2 жилийн хугацааг тооцох нь зүйтэй.

  1. Хэдийгээр Нын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/1288 дугаар захирамж гарч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч нэхэмжлэгч нь газар эзэмшиж, ашиглаж ирснээс хойш инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, үйлчилгээ бүхий орон сууцны хотхоны загвар зураг, дулаан хангамжийн ажлын зураг, цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар, гадна цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах гэрээ, Барилгын хөгжлийн төвөөс зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, холбооны техникийн нөхцөл, цэвэр, бохир, галын усны техникийн нөхцөл гэх мэт баримтуудыг батлуулах, сунгуулах зэргээр холбогдох байгууллагад хандаж нотлох баримтыг бүрдүүлэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг нэхэмжлэгч нь газрыг хашаалсан, оффисын барилга барьсан, цахилгаан хуваарилах байгууламж барьсан болох нь тогтоогдож байна.

  1. Монгол Улсад 2019 оны төгсгөл, 2020-2021 онуудад коронавирусын цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжиж, хөл хорио тогтоож байсан нь Улсын онцгой комиссын хурлын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын тогтоол тогтоогдож байх ба тухайн онуудад нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах боломжгүй.
  2. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч үйлчилгээтэй орон сууцны зориулалтын дагуу ашиглахаар холбогдох зураг төслийг батлуулж, техникийн авч, газраа хашаалж, цахилгаан хангамжийн байгуулж барьсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүй ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.
  3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Н Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийн талаар “...газар зохион байгуулалтын албанаас гэрээнд заасан зориулалтын ашиглаагүй гэж мэдэгдэл өгч байсан тул тус заалтад хамаарна …” гэх боловч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд Газрын тухай хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  4. Мөн тус үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан бусад зохицуулалтаас өөр байдлаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тус заалтыг хэрэглэхээр байна.
  5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар хууль бус Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч компани гадаад хөрөнгө оруулалттай байсан тул анхнаас газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх боловч маргаан бүхий Нын захирамжийн үндэслэлд хамааралгүй, газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгоогүй тул маргаан бүхий актад заасан үндэслэлээс бусад асуудлаар дүгнэх боломжгүй байна.

Хэрэв газар эзэмших, ашиглах эрх хуульд заасны дагуу үүсээгүй гэж үзвэл хариуцагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН