| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1910027580218 |
| Дугаар | 2020/ДМШ/1109 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2020/ДМШ/1109
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910027580218 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Б-, 1983 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1 оршин суух бүртгэлтэй,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэснийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай захирамжаар 2 жил 1 сарын хорих ял болгон дүйцүүлэн хасч, эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 22 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;
Т.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан Г.Э-гийн гээгдүүлсэн монетон бөгжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор 1-66 тоот лангуу руу нэвтэрч иргэн Н.Ц-ын 13 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын вакум цонхыг түлхэн орж 40 кг хонины цул мах, 20 уут кофег нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 371.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Тунгалагийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон сольж 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч Т.Б-гийн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эрүүгийн 1910027580218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Э-, Н.Ц-, Э.Ч- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул энэ байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Т.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан Г.Э-гийн гээгдүүлсэн монетон бөгжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор 1-66 тоот лангуу руу нэвтэрч иргэн Н.Ц-ын 13 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн цайны газрын вакум цонхыг түлхэн орж 40 кг хонины цул мах, 20 уут кофег нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 371.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Э.Ч-ийн “...Би Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд цайны газар ажиллуулдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18 цагийн үед цайны газартаа хоол хийх хонины 40 кг махыг Нарантуул, Баянзүрх захаас авч цайны газраа авчирч хөргөгчинд хийсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө цайны газраа нээж хөргөгчинд хийсэн байсан махаа гаргаж хоол хийх гэхэд мах алга болсон байсан. Тэгсэн манай цайны газрын цонхны салхивч онгорхой байсан. ...Бид орой тарахдаа цайны газрын цонхоо хааж явсан бөгөөд өглөө ирэхэд заалны хэсгийн цонхны салхивч онгорхой байсан. Салхивчны түгжээ хугарсан байдалтай, хүний гутлын мөр цонхны тавцан дээр үүссэн байсан. ...” /1хх 20-21/,
хохирогч Н.Ц-ын “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагт Хархорин худалдааны төв хаах болж, би лангуугаа түгжээд гарсан. Тэгээд удаагүй байхад хажуу лангууны хүмүүс залгаад танай лангуунд хулгай орсон байна, хулгай хийсэн хүнийг барьсан, хүрээд ир гэхээр нь очиж шалгахад хойд хананд өрсөн байсан 13 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. ...” /1хх 99/,
хохирогч Г.Э-гийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим ээлжнээсээ буугаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэвэлийн дэлгүүрийн гадаа зүс таних Т.Б- гэх залуу “надад архи аваад өгчих” гэхээр нь дэлгүүрээс 0,5 литрийн архи авч өгсөн. ...Тэгтэл манайх ойрхон, хоёулаа манайд очиж сайхан танилцья гэхээр нь гэр рүү нь хамт очсон. Гэрт нь ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан бөгөөд эрэгтэй нь босч ирээд бид хоёртой архи ууж байгаад буцаад унтчихсан. Ингээд бид хоёр юм ярьж байгаад би нилээн согтоод Т.Б-тэй маргалдаж, уурандаа бөгжөө тайлаад гэрийн хоймор руу шидчих шиг болсон. Дараа нь бөгжөө хайхад миний бөгж олдохгүй байхаар нь би яваад өгсөн. ...” /хх 175-177, 178-179/,
шүүгдэгч Т.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз Боёоогийнд очих гээд явж байхад замдаа 34 дүгээр сургуулийн хойд талын цонхны түгжээг гараараа түлхэж эвдлээд сургууль дотор орж хөргөгчин дотор байсан цул махнуудыг хулгайлж, буцаад эвдэлж орсон цонхоороо гарсан. ...Яармагийн хоёрдугаар буудлын замын урд талд хамт архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэр рүүгээ дагуулж очоод дахин хоёр шил архи уусан. Гэтэл тэр хүн гэнэт согтуурхаад агсам тавьж байгаад гартаа зүүсэн байсан монетон бөгжөө тайлаад газар шидсэн. Тэгэхээр нь би бөгжийг нь авч халаасандаа хийгээд буцааж өгөөгүй юм. Би авсан бөгжөө вокзалын тэнд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Мөн 2019 оны 11 дүгээр сард Хархорин зах дээр архи ууж яваад вакум цонхтой лангууны хаалгыг түлхэж үзэхэд онгорхой, хүнгүй байхаар нь ороход лангууны ар талд мөнгөн аяганууд байсан ба би уутанд 13 ширхэг мөнгөн аяга хийгээд гарч явахдаа харуулд баригдсан. ...” /1хх 83, 157, 155, 225/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 05/462 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №2 гэж дугаарласан гарын мөр нь Тунгалаг овогтой Б-гийн зүүн гарын долоовор хуруугаар дарагдсан байна. ...” /1хх35- 42/ гэсэн дүгнэлт,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үнэлгээний тайлангаар бөгжийг 600.000 төгрөгөөр үнэлсэн /1хх 186/, Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э.Ч-ийн хохирлыг 371.000 төгрөгөөр үнэлсэн/, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангаар мөнгөн аягыг 1.170.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 105/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон сольж 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч Т.Б-гийн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.
Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Т.Б-гийн хохирогч Г.Э-гийн согтуурсны улмаас тайлаад шидсэн монетон бөгжийг олсныхоо дараа бусдын эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж түүнд буцаан өгөлгүйгээр ломбарданд тавьж завшсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч Т.Б-д яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.Б- “...Хийсэн хэрэгтээ гэмшиж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул энэ байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрх зүйн байдлыг дээрдүүлж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан боловч түүнд оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ