Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух,******* овогт *******ын ******* /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Өнербол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие*******-т 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Зөөврийн ус хангамжийн хэсгийн автомеханикын албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл ОНӨААТҮГ-ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус байгууллагын экскавотар жолоодож явсан жолооч зам дээр микро автобус шүргэсэн. Зам тээврийн осол нь холбогдох журмын дагуу шийдэгдэж байгаа боловч энэ хэрэгтэй холбогдуулан ажлаас халагдсан. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг би жолоодож байгаагүй, мөн ажил үүргийн хуваарын хувьд ч жолоочийг ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хянах, аюулгүй ажиллагааны заавар мөрдүүлэх үүрэг байдаггүй, зөвхөн автомашины эвдрэлийг чанартай засварлах үүргийг хүлээдэг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тус байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан хэрэгжүүлдэг.

Г.******* намайг ажлаас чөлөөлсөн тушаалд дараах үндэслэлээр чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: ажилтан, ажил олгогчийн хооронд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

5.3.1. Хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлээгүй гэж үзсэн тухайд зам тээврийн осолд холбогдсон автомашин үзлэг, засвар тухай бүр хийж байсан бөгөөд жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг миний бие мэдэхгүй бөгөөд үүнийг шалгах үүрэггүй билээ. Тухайн осол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой үүссэн байсан бол миний бие хариуцлага хүлээнэ.

5.3.3. Ажил үүрэгтээ хайнга хандсны улмаас байгууллага болон бусдад хохирол учруулсан экскаватор бусдын машинтай шүргэлцсэн нь автын механикийн ажил үүрэгтэй холбоогүй, тухайн жолоочийн хариуцлагын асуудал юм.

5.3.7. Ажлын байранд эсхүл албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, ажил үүрэг гүйцэтгэсэн, бусдыг уруу татсан гэсэн тухайд миний бие тухайн өдөр аливаа хэлбэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн захиргааны зүгээс согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж драйгер төхөөрөмжөөр шалгаж, зөрчил тогтоосон зүйл байхгүй.

Захирлын тушаалд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэж үзжээ. Гэвч дээр дурдсанчлан миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Дээр дурдсанчлан надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүйн дээр энэ тухай мэдэгдэж тайлбар авч, сонсох ажиллагаа явуулсан зүйл байхгүй тул миний бие уг тушаалаар ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Г.******* намайг ОНӨААТҮГ-ын автомеханикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч Г.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.******* нь компанид 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зөөврийн ус хангамжийн хэсгийн авто механикийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Гэтэл ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулж, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус байгууллагын экскаватор жолоодож явсан жолооч нь зам дээр микро автобустай шүргэлцээд зам тээврийн осол гараад холбогдох журмын дагуу шийдвэрлэгдсэн. Г.******* энэ хэрэгт аливаа оролцогчоор татагдаж шийдвэрлэгдсэн ямар нэг зүйл байхгүй. Тухайн осолд оролцоогүй байхад нь ажлаас халсан нь ямар ч үндэслэлгүй байгаа. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байгаагүй. Мөн ажил үүргийн хуваарийн хувьд ч жолоочийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь хянах ямар нэгэн чиг үүрэг байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хянах эрх байхгүй. Тухайн байгууллага өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнтэй. Тэгэхэд хариуцагчийн өгсөн тайлбараар тэгж байгаа. Экскаваторын жолооч нь архи уусан байна гэсэн мэдээлэл ирсэн тул очоод шалгаадхаач гээд чөлөө авчихсан явж байхад нь хэлээд буцаж араас нь машинтайгаа дагаад явж байсан байдаг. Тэгээд тэр хүн ямар нэгэн согтуу байгаа, эрүүл эсэхийг нь мэдэх боломжгүй, эсвэл экскаваторыг согтуу жолоодох боломжгүй. Мөн ажлын байрны тодорхойлолт угаас зааж өгөөгүй, байхгүй учраас ажлын байрны тодорхойлолтод заагаагүй. Ийм дуртай чиг үүргээ шууд удирдлага нь өгөөд хүнийг явуулчихдаг юм байна. Тэгээд зам тээврийн ямар нэгэн осолд оролцоогүй, өөрийн согтуу байсан гэдгийг ямар нэгэн тогтоосон нотлох баримт байхгүй, драйгераар үлээлгэсэн ч юм байхгүй, сэжиг бүхий согтуу байх магадлалтай гэж үзвэл цагдаа өөрөө үлээлгэх ёстой байсан, албан байгууллагынх нь 2-3 хүн харж байсан. Шууд удирдлага нь харж байсан байсан гэж байгаа боловч шууд удирдлага нь өөрөө ямар нэгэн авсан арга хэмжээ байхгүй. Механик хэдийгээр ажлын байрны тодорхойлолт байхгүй ч гэсэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажлын байрны ажил үүргийн хуваарийн дагуу зөвхөн автомашины аюулгүй ажиллагааны хэвийн хэсгийг хянаж, эвдрэлийг чанартай засварлах үүргийг л хүлээдэг. Тэрнээс биш хүн жолооч согтуу байгаа эсэхийг шалгах ч юм уу, жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ямар нэгэн чиг үүрэггүй. Тийм учраас Г.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.******* нь анх манай байгууллагад 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилд орсон. Ажилд орсноос хойш буюу 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд удаа дараа архидан согтуурсан талаар баримт хэргийн материалд байгаа. Архи уугаад цалингийн арга хэмжээ авхуулж байсан. Ерөнхийдөө архи уусан асуудлаар гэрчүүдээс тодруулаад явах байх. Манай байгууллагын хувьд зөвшөөрөхгүй байгаа нь гэвэл тухайн ажилтныг заавал машин бариагүй, осол гаргаагүй гэж үзэж болохгүй. Осол болчихлоо гэхээс 5 минутын өмнө манай нөхөр өөрөө зам дээрээс харсан юм байна билээ. Манай байгууллагын экскаватор машинтай мөргөлдөхийг хараад над руу хэлээд би 2-3 минутын дотор ирсэн болов уу гэж бодож байна. Цаашлаад манай нөхөр махны дэлгүүр дээр очиж зогсоод цаанаас ирэхэд би наад талаас нь ирээд 2-3 ажилтнаа авч очоод Г.*******ы хэсгийг хариуцсан инженер механик буюу хоёулаа тэнцүү эрх мэдэлтэй ажилтнууд байдаг. Нэг нь бол механик ажлаа хийдэг нөгөөх нь хэсгийнх нь инженер гээд 2 хүн тэр хэсгийг удирдаж явдаг гэсэн үг. Тэгээд тухайн осол болсон цаг хугацаа ажлын цаг буюу 15 цаг жоохон өнгөрчихсөн байсан байх. Хэрвээ гэрчээр цагдааг оруулбал тэр цаг хугацааг би тодруулах гэж байсан. Тэгээд цагдаагийн хувьд дуудлага аваад ирэхэд гурвуулаа согтуу байсан, тэр дотор н., Г.*******, н. гэж 3 хүн байсан гэсэн. Н.ийнх нь хувьд жоохон гайгүй, машинаа хөдөлгөөд унаад байсан. Г.*******ы хувьд замын хажуу руу гарах гэж байгаад шургаж унаад байсан, тэгээд цагдаа дуудаад үлээлгэх гэсэн чинь би үлээлгэхгүй гээд нуугдаад байсан гэсэн. Машин барьж явсан хүнийг цагдаа шууд үлээлгэчихсэн. Г.*******, н. хоёрыг тухайн ирсэн цагдаа шууд хүчээр үлээлгэж чадаагүй. Тэр хоёр өөрөө зам тээврийн осолд цуг явж байсан болохоос яг тэр машиныг бариагүй байсан учраас цагдаагийн хувьд биед нь халдаад хүч хэрэглээд үлээлгэж чадаагүй. Г.*******ы хувьд осол гаргасан нөгөө талын хүнтэй зууралдаад, зодолдох гээд барилцаж аваад байсан учраас бид нар согтуу байгааг нь мэдсэн. Одоо гэрчээр асуугдах Д. гээд инженер, бас зөөврийн ус хангамжийн хэсгийн химич н. дахиад хүний нөөц нь тухайн манай хэвлэл мэдээллийн ажилтан н. гэж хүмүүс байсан. Би өөрөө бас яг тэр дор нь амжиж очсон. Н. гэж хүнийх нь хувьд шал согтуу, гэр нь 1 дүгээр хороонд байдаг гэсэн. Ингээд Буянгийн уулзвар дээр болсон ослоосоо шууд буугаад үлээлгэж барихгүйгээр яваад өгсөн. Г.*******ы хувьд тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан, өглөө ажилдаа ирсэн. Тэр машин механизмын аюулгүй байдлыг хангаж ажиллах нь өөрийнх нь үүрэг байдаг. Бүрэн бүтэн байдлыг нь гэхдээ ажлаа хийж явж байхдаа гэрчийн мэдүүлэг, хамт архи уусан хүмүүсийн хэлээд байгаагаар өөрөө ярьсан юм байна билээ. Хойд нийгмийн даатгалын тэнд газар ухаад н. гэж хүн нь байж байхад нь нэг шил архи авч очсон юм байна билээ. Тэгээд хамтдаа ууцгаагаад ажлаа дуусчхаад ирж явж байгаад 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг жоохон өнгөрчихсөн байсан болов уу гэж бодож байна. Тэгэхэд гурвуулаа согтуу байсан. Удаа дараа ажлын байран дээр архидан согтуурсан, өөрт нь удаа дараа сануулсан тийм асуудал байсан учраас энэ удаад байгууллага тушаалыг үндэслэхдээ ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөрчсөн гээд үндэслэсэн учраас, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй байна, өгөөгүй байна гэж үзэж болохгүй. Г.*******ы хувьд өөрөө удирдах албан тушаалтан. Тэгээд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрт болон бусдад хохирол учруулж, ноцтой зөрчил гаргасан буюу байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ерөнхийдөө тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учраас буцаад ажилд нь эргүүлэн авах боломжгүй. Тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.

3. Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим би хот руу сэлбэг авах гээд явсан байсан. Манай байгууллагын 55-75 гэсэн машин эвдэрсэн. Сэлбэг авах гээд явсан хойгуур Г.*******, н., н. нарыг архи уусан гэсэн мэдээлэл надад ирсэн. Би тухайн үед Г.*******ыг согтуу байна гэдгийг хараад л мэдсэн. Намайг очиход хөл дээрээ тогтож чадахгүй юмны араар нуугдаад байсан. Н. намайг харангуутаа шууд зугтаагаад яваад өгсөн. Г.******* нь манайд анх ажилд орсон цагаасаа манай ажилчдыг бодох юм бол жоохон мөнгөтэй. Тэгээд өдөр ирэх болгондоо хэдэн төгрөгтэй ирнэ. Нөгөөдүүлээ бас өглөө болгон архи аваад өгдөг. Нөгөөдүүл нь мөнгө төгрөг зээлээд ууж идчихдэг. Тиймэрхүү юм зөндөө олон удаа ажиглагдсан. Би өөрт нь олон удаа сануулга өгч байсан. Г.******* өөрийгөө архи уусан гэж бичихгүйгээр өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарья гэсэн хүсэлтийг бичье гэсэн зүйл яриад өнгөрсөн. Тэгээд ажлаа хүлээлцдэгээрээ хүлээлцээд би бүх юмнуудыг нь аваад үлдсэн. Г.******* гэдэг хүн бид хоёр ерөнхийдөө адилхан. Манайх механик, дээрээс нь техникч эд нар чинь бүгд инженер техникийнхээ албанд харьяалагдана. Инженер, техникийн албанд болохоор инженерийн түвшинд ажилладаг. Өөрөө жолооч нартаа өглөөний нарядыг зааварчилгааг өгч гаргадаг хүн. Би болохоор ерөнхийд нь хариуцаад Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болохоор нэг сардаа 1-2 удаа инженер техникийн ажилчдад өглөөний хурал дээр наряд өгөөд гарын үсгийг нь зуруулаад явдаг. Г.*******д Ерөнхий инженер өглөө 9 цагаас чөлөө өгсөн тэр чөлөө нь дууссан байсан. Ерөнхий инженер болон хариуцсан хэсгийн инженерүүд 4 цагийн л чөлөө өгөх эрхтэй байдаг. Би хотоос наашаагаа ирж явахад 7 дугаар хорооны Засаг дарга гээд хүн над руу эхэлж залгаад танай энэ экскаватор чинь галзуу согтуу бараг намайг мөргөх шахаад өнгөрлөө гэж над руу хэлсэн. Тэгэхээр нь би хариуцсан механик руу нь утсаар яриад наад экскаваторын жолооч чинь галзуу согтуу явна, наадуулаа очоод тэр урд түргэн эрүүл жолоочоор солиод граш оруулаарай гэж хэлсэн, манайд тухайн үед сурч байсан н.Даваагарав гээд оператор механикаар сурч байсан залуу байсан. Тэр оператороор түргэн солиулаад граш руу аваачиж яаралтай оруул гэсэн чинь оччихсон байна. Тэгээд наадуул чинь зүв зүгээр байна, эв эрүүл байна юу яриад солиороод байгаа юм гээд өөдөөс утсаар яриад тасалчихсан. Тэгэхээр нь би н. рүү буцаж залгаад гайгүй л байна гэж байна, манай ажлын хүн өөдөөс нь оччихсон байна гээд тэгсэн чинь болгоомжтой явцгаагаарай гээд тэгж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд уулзвар дээр аль хэдийн экскаватортайгаа мөргөлдөөд цагаан микро машины хойд талын хэсгийг нь цөм мөргөчихсөн байсан. Орой нь дарга хурал зарласан. Тэгээд бүгд бичлэг хийчихсэн. Тэгээд бичлэгийг нь үндэслээд оройны хурлаар ерөнхийдөө энэ 3 хүнийг ажлаас халъя гэсэн зүйл ярьсан гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас ОНӨААТҮГ-ын захирлын 2024.03.15-ны өдрийн Б/37 дугаар тушаал, 2023.05.01-ний өдрийн 2023/88 дугаар ОНӨААТҮГ, Г.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.04.15-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/, ОНӨААТҮГ-ын захирлын 2023.02.06-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ОНӨААТҮГ-ын захиргаанд *******ы бичсэн тайлбар, 2024.03.14-ний өдрийн ОНӨААТҮГ-ын захиргаанд гаргасан *******ы өргөдөл, 2024.03.14-ний өдрийн ажил хүлээлцсэн акт, ОНӨААТҮГ-ын 2024.03.14-ний өдрийн зам тээврийн осол гарсан тухай илтгэх хуудас, 2024.03.13-ны өдрийн Цаг үеийн шинжтэй шуурхай хуралдааны тэмдэглэл, захиргаанд 2024.03.25-ны өдөр гаргасан Б.ийн өргөдөл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

4.1. Хариуцагчын хүсэлтээр шүүх ОНӨААТҮГ-ын захирлын 2021.12.01-ний өдрийн тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Г.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ОНӨААТҮГ-ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинэчлэн байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, 5.3.1-д Хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлээгүй гэж үзсэн тухайд зам тээврийн осолд холбогдсон автомашин үзлэг, засвар тухай бүр хийж байсан бөгөөд жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг миний бие мэдэхгүй бөгөөд үүнийг шалгах үүрэггүй. Тухайн осол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой үүссэн байсан бол миний бие хариуцлага хүлээнэ. 5.3.3-т Ажил үүрэгтээ хайнга хандсны улмаас байгууллага болон бусдад хохирол учруулсан экскаватор бусдын машинтай шүргэлцсэн нь автомеханикийн ажил үүрэгтэй холбоогүй, 5.3.7-д Ажлын байранд эсхүл албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, ажил үүрэг гүйцэтгэсэн, бусдыг уруу татсан гэх тухайд миний бие тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, намайг захиргааны зүгээс согтууруулах ундаа хэрэглэснийг шалгаж, тогтоогоогүй. Би хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй учир намайг ОНӨААТҮГ-ын автомеханикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч ОНӨААТҮГ нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим буюу ажлын цагаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Буян налайхын уулзвар дээр Г.*******, Б., н. нар экскаватор машинд хамт архи ууж яваад зам тээврийн осол гаргасан. Г.*******ы хувьд ажлаас албан ёсоор чөлөө аваагүй, тухайн үед хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо архи уусан байсан. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шуурхай хурал зарлаж асуудлыг хэлэлцсэн улмаар 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 50 минутын орчим Г.*******тай утсаар холбогдож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Архидан согтуурах, ажил таслах, ажилдаа хайхрамжгүй хандах үйлдлийг удаа дараа гаргаж байсан тул түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Г.******* нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тус байгууллагад ажиллаж байгаа гэх бөгөөд ОНӨААТҮГ-ын зөөврийн ус хангамжийн хэсгийн автын механикчаар 2023.05.01-ний өдрөөс томилж, ажиллуулсан байна.

4.2. ОНӨААТҮГ-ын даргын 2024.03.15-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2.10, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, 5.3.7, 5.3.9-д заасныг тус тус үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Г.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авмагц хуульд заасан 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй, тухайн өдөр экскаватор бусдын машинтай шүргэлцсэн нь миний ажил үүрэгтэй холбоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, намайг согтууруулах ундаа хэрэглэснийг шалгаж, тогтоогоогүй, надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй атлаа ажлаас халсан гэж, харин хариуцагчийн хувьд Г.******* нь ажлын цагаар бусдыг уруу татаж архи ууж, үүний улмаас зам тээврийн осол гаргасан тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

7. ОНӨААТҮГ-ын даргын 2024.03.15-ны өдрийн Б/37 тушаалын үндэслэл нь Г.*******ыг ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулсан гэсэн байх бөгөөд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.7-д ажлын байранд эсхүл албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, ажил үүрэг гүйцэтгэсэн, бусдыг уруу татсан...албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи ууж хөлчүүрхэх, бусдыг өдөх зэргээр хэв журмын зөрчил гаргасныг ноцтой зөрчилд тооцож, энэ тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэйг заасан байна.

7.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтанд мөн хуулийн 123.2.1-123.2.5-д дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байх бөгөөд ажлаас халснаар тухайн ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа шууд зогсдог.

7.1.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь зүйтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

7.1.3. Хариуцагч Г.*******ыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээр архи ууж, бусдыг уруу татсан, үүний улмаас зам тээврийн осол гарсан зөрчил гаргасныг нотлох зорилгоор 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн цаг үеийн шинжтэй шуурхай хуралдааны тэмдэглэл, Зам тээврийн осол гаргасан тухай 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас, Д.г шүүх хуралдаанд гэрчээр асуулгасан ач холбогдол бүхий баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

7.1.4. Гэрч Д.гийн шүүх хуралдаанд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим би хот руу сэлбэг авах гээд явсан байсан. Манай байгууллагын 55-75 гэсэн машин эвдэрсэн. Сэлбэг авах гээд явсан хойгуур Г.*******, н., н. нарыг архи уусан гэсэн мэдээлэл надад ирсэн. Би тухайн үед Г.*******ыг согтуу байна гэдгийг хараад л мэдсэн. Намайг очиход хөл дээрээ тогтож чадахгүй юмны араар нуугдаад байсан гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээр бусадтай архи уусан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

7.1.5. Хэдийгээр нэхэмжлэгч тал ажилтныг ажлаас халсан тушаалыг ажилтанд урдаар мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж маргах боловч хариуцагч тал 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.*******тай утсаар холбогдож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн тухай хариу тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн*******-ын захиргаанд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.******* намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан зэргээс үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн харилцааг цуцлах болсон тухайгаа ажилтанд мэдэгдсэн байна.

7.1.6. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар ажилтанд мэдэгдэх үүрэггүй байна.

8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ОНӨААТҮГ-ын даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг шүүх ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон тул ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.150 /нэг зуун таван мянга нэг зуун тавин мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ