Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/911

 

 

 

 

 

 

      2021           10             26                                        2021/ДШМ/911                   

 

О.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Т.Сайнбаяр, О.Баярбаясгалан,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

хохирогч нарын өмгөөлөгч Б.Гантулга,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Г даргалж, шүүгч С.Б, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Г, Б.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга, хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын хамтран, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Т.Урангэрэл, Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Эд холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гахан боржигон овгийн Осгондоржийн   Э, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр ......аймгийн ........ суманд төрсөн,.... настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “..................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл......, хүүхдүүдийн хамт ..........дүүргийн ........ дугаар хороо, .......дугаар хэсэг .......хотхоны...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................дүүргийн 14 дүгээр хороо, ............тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

О.Э нь: 

- .... оны ... дугаар сарын ....-ны өдрөөс .... оны .... дугаар..... сар хүртэлх хугацаанд:

иргэн Б.Ж-аас..... дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “.......” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй...... аймгийн ........сумын “........” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-........ дугаартай тусгай зөвшөөрөлтэй ......га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ......төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Эын гэрийн гадаа “Г м” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард .....дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “О....” хорооны ... дугаар байрны .... тоотод Д.Д –ын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Жд нийт ........төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд .......дүүргийн 6 дугаар хорооны ......тоотод байх иргэн С.Эрдэнэчимэгийн ажиллуулж байсан “.....” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Ггаас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд............... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-с 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-с Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд .........дүүргийн ... дугаар хороо, ....дугаар байрны .... тоотод байх “........” нэртэй иргэн Л.Д-гийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.Э-аас Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж /РД: ............/, С.Э /РД:.........../, Х.Г /РД:............../, Х..Г /РД: ......../ нарт тус бүр 700.000 төгрөгийг хувь тэнцүүлэн олгож, шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жд 767.426.388 төгрөгийн, хохирогч С.Эрдэнэчимэгт 26.678.468,9 төгрөгийн, хохирогч Х.Г115.300.000 төгрөгийн, Х.Г-д 23.300.000 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9ё-1/3905 албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан О.Э-ын эзэмшлийн “.......” ХХК, “.......” ХХК-иуд, дээрх компанийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жд буцаан олгож, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Г, Х.Гнарын өмгөөлөгч Б.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “хохирлыг нөхөн төлүүлэх” зорилгоор холбогдогчийн нэр дээрх эд хөрөнгийг битүүмжлэхээр хуульчилсан байдаг. Үүний дагуу О.Эын нэр дээр байсан компаниудын нэр шилжих болон эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн. Гэтэл хохирогч Х.Г, Х.Г нарын хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад битүүмжилсэн тусгай зөвшөөрлийн шилжих хөдөлгөөнийг анхан шатны шүүх цуцалж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс “Г м” ХХК-ийн эзэмшлийн ..............аймгийн............ сумын “......” гэх газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрлийг буюу битумын орд газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д О.Эын эзэмшлийн “Г м” ХХК, “У г” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрүүдийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” зорилгоор О.Эын нэр дээрх компаниудын нэр шилжих, дээрх компаниудын эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн атал хохирогч нарын хохирол төлөгдөөгүй байхад битүүмжилсэн тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөнийг цуцалж байгаа нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон шийтгэх тогтоол хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Иймд “Г м” ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн Ссумын Алтан тал нэртэй газарт байрлах ашиг малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63га талбай бүхий битумын орд газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэж өгнө үү.

2. Шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч О.Эаас гаргуулан шийдвэрлэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулж, олгохоор үүрэг болгож шийдвэрлээгүй нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.” гэжээ.

Хохирогч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Ганбат, Б.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь хохирлыг юугаар, хэрхэн, яаж төлөх вэ. Ашигт малтмалын ордыг нь дуудлага худалдаанд оруулаад төлүүлэх боломжтой байхад түүнийг чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. . ...” гэв.

Хохирогч Б.Жы өмгөөлөгч Б.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрээс О.Эын нэр дээрх тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн байсныг цуцалсныг зөвшөөрөхгүй байна. Хохирогч нарын хохирлыг төлөхөд зориулж битүүмжилсэн байсан. Иймд Д аймгийн Ссумын “Алтан тал” нэртэй газарт байрлах “Г м” ХХК нэр дээрх битумын орд газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэв

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд,

1. Уг шийтгэх тогтоол нь бүхэлдээ хэт нэг талыг барьж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр үндэслэлтэйгээр нотлох баримтад тулгуурлаж тогтоож чадаагүй.

2. Процессын маш их алдаатай шийтгэх тогтоол болсон.

3. Давж заалдах шатны шүүхийн даалгаврыг биелүүлээгүй. Үүнд,

а/ хохирогч гээд буй Эрдэнэчимэгийн бараа материал байсан эсэх, нотлох баримтын шаардлага хангагдаагүй,

б/ Хохирогч гээд буй Ж-ы мөнгөний эх үүсвэрийг тогтоогоогүй.

в/ Ж-ы Үйлчилгээ үзүүлэх гэрээний оролцоог буруу дүгнэсэн.

4. Нотлох баримтыг шинжээчээр үнэлүүлж нотлох баримтын шаардлага хангах, эс хангах талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Үүнд,

а/ Эрдэнэчимэгийн өгсөн төлбөрийн баримт гээд байгаа баримтууд нь миний гарын үсэг байхгүй ямар улсад, ямар үйлчилгээ бараа материал зараад байгаа нь тодорхойгүй завсартай, дугаар үгүй, гадаад ханзаар бичсэн, доллараар үнийн дүнг бичсэн, өөрсдийнх нь мэдүүлэгтэй зөрсөн /барааны нэрийг Монголоор бичдэг гэсэн мэдүүлэг/. Миний Монгол Улсад байгаагүй цаг хугацаанд бараа авч байсан мэтээр бичигдсэн нотлох баримтууд юм.

б/ 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн дэлхийд байхгүй он, сар, огноотой, миний гарын үсэг байхгүй, тамга тэмдэг үгүй, дугаар үгүй, хуурамч төлбөрийн баримтыг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хуурамч нотлох баримт гэдгийг мэдсээр байж шинжээчээр дүгнэлт гаргуулалгүй үндэслэл болгон намайг оёдолчин Дзалилсан гэж ял оноосон.

5. Оёдолчин  Дэд материалын үнэлгээг үнэлгээчин 780.000 төгрөг гэж тогтоосон байхад Днь надаас шунахайн сэдлээр 1.300.000 төгрөг авч, илүү 520.000 төгрөгийг завшиж авсан.

6. Хэрэгт голлох ач холбогдол бүхий 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гэрчийн мэдүүлэг өгч байсан гэрч Э, Х, П, С, нотариатч Энхээ нарын мэдүүлгүүдийг зориудаар оруулахгүй, мэдүүлгийн утга, тоо баримтыг гуйвуулж өөрчлөн шийтгэх тогтоолд тусгасан. Үүнд,

а/ Хөхийсүрэн, Эрдэнэпүрэв нар нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Энхтунгалагт 15.000 ам.долларыг бидний нүдэн дээр   Э эгч Жтай утсаар ярьж байгаад өгсөн. Өгснийхөө дараа 15.000 ам.долларыг Энхтунгалагт өгчихлөө гэж утсаар Жд хэлж байсан. Төслийг хэрэгжүүлэхэд Ж удирдаж заавар зөвлөгөөг утсаар өгдөг байсан” гэж мэдүүлсэн.

б/ Гэрч Пунцаг шүүх хуралдаанд “  Э эгчээс би Ж-ы өгүүлсэн 30.000 иенийг хүлээж авсан” гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн.

в/ Нотариатч Энхээ нь шүүх хуралдаанд “Ж өөрөө машины мөнгийг бэлнээр авч тооцоо дууссан гэсэн тул машины худалдах, худалдан авах гэрээнд өөрийнх нь гараар бичүүлж гэрээг баталгаажуулсан. Хэрэв машины төлбөрийг өөр болзолтойгоор хийгдсэн бол тэрийг нь гэрээнд бичүүлэх ёстой. Өөр болзолтой гэрээ хийгдээгүй гэж гэрчийн мэдүүлгийг өгсөн.

г/ Гэрч С нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны шүүх хуралдаанд “Дэндэвдорж, Цэрэндэжид, Ж нар нь намайг   Эын эсрэг мэдүүлэг өгөөч” гэж өөрсдөө мэдүүлгийг бичиж, би гарын үсэг зурж прокурор Д-ийн зааж өгснөөр өөрийнх нь ажил дээр оруулж өгсөн. Надад шагнал амласан гэдгийг гэрчийн мэдүүлэгтээ хэлж байсан.

7. Шийтгэх тогтоолд С-аас хөөргийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр авсан байхад хугацааг даруй 1 жил 1 сараар хойш сунгаж 2014 оны 8 дугаар сар гэж буруу, худлаа бичсэн.

8. Шийтгэх тогтоолд ЖГ-ын хохирлын тооцоог хэдэн төгрөг гээд байгаа нь холбогдсон хэргийн талаар гэсэнд огт байхгүй, тодорхойгүй /Шийтгэх тогтоолын 2 дахь хуудас, доороосоо 1-5 мөрөнд/

9. Шийтгэх тогтоолд  Г-д өгөх хохирлын тооцоог 23.300.000 гэж буруу тогтоосон. /Шийтгэх тогтоолын 37 дахь хуудас, дээрээсээ 6 дахь хэсэгт тогтоох нь/

Зүй нь би Г-аас 24 сая төгрөг зээлээд 2 удаа 2 сая төгрөгийн хүү өгч байсан тул үүнийг хасаж 19.300.000 төгрөгийг өгөх ёстой.

10. Иргэд хоорондын зээлийн гэрээг зориудаар эрүүгийн хэрэг болгосон. Үүнд, Б, Г нартай Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулж хүүг нь төлж байсан.

Иргэд хоорондын үйлчилгээ үзүүлэх маргааны эрүүгийн хэрэг гэж хуурамч нотлох баримтыг үндэслэн хүнд ял тулгасан. Үүнд, оёдолчин Д-гийн оёдлын хөлсийг өөр хүн буюу Ц-д гэгч хувцас оёулж авсан нь тогтоогдсон байхад намайг хувцас оёулж авсан мэтээр хуурамч нотлох баримтыг үндэслэж үнэлгээчний үнэлсэн үнээс даруй 520.000 төгрөгийг шунахайн сэдлээр надаас нэхэмжилж оёдолчин Д-д өгүүлсэн.

11. Иргэд хооронд Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөрийг нь Голомт банкин дахь хадгаламжнаасаа авч бэлнээр төлбөр тооцоо хийгдэж дууссан гэж нотариатаар батлуулан худалдан авсан 2 автомашиныг залилж авсан мэтээр зохиомол хэрэгт гүтгэсэн гэмт хэргийг шийтгэх тогтоолд зөвтгөж хууль бусаар үндэслэлгүйгээр нотлох баримтыг үгүйсгэж буруутай гэж үзсэн. Уг гэрээнд худалдагч тал болох Ж нь дараа төлбөртэй болон бусад нөхцөлийг огт дурдаагүй атлаа төлбөр төлөөгүй гэж гүтгэсэн.

12. Шийтгэх тогтоолд хохирогчийг буруу тогтоосон. Үүнд,

а/ Намайг 1.300.000 төгрөгийн хохирлыг “  Я” салоны нэхэмжлэлээр хуурамч нотлох баримтад үндэслэж эрүүгийн хэргийг үүсгэхдээ хохирогчоор Дгэж тогтоогдсон ямар ч баримт байдаггүй. “  Я” салоны захирал нь Д юу Х юу гэдгийг тогтоогоогүй.

13. Шийтгэх тогтоолын  22 дугаар хуудсанд дээрээсээ 20, 21 дэх мөрөнд Э.Туулын өгсөн гомдлын он, сар худлаа буюу “2015.02.18” гэж бичигдсэн байна. Э.Т-с би 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 6000 ам.доллар зээлж авсан. Гэтэл Туул яахаараа урьдчилж 14 хоногийн өмнө өргөдөл гомдол бичих билээ.

14. Гэрч М.У, Х Х С, хохирогч гээд байгаа Ж, Э, Н нарын мэдүүлгүүд бүгд зөрүүтэй, үргэлж хувирсан байдалтай өгөгдсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байдаг.

15. Яллах дүгнэлтэд би хүлээн зөвшөөрөхгүй зохиомол хэрэгт ял тулгаж байна. Би гэмт хэрэг хийгээгүй, хүлээн зөвшөөрөөгүй байхад хүчээр хэргийн бодт байдлыг нотлох баримтад тулгуурлан үнэн зөвөөр тогтоохгүй шүүхээр хүнд ялыг зүйлчилж тулгаж эрүүдэн шүүж ирсэн.

16. Хэрэгт голлох ач холбогдол бүхий БНСУ-ын иргэн Үйлчилгээ үзүүлэх гэрээний нэг тал болох Хэрэгт авагдсан Х С нь 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд “  Эд өгсөн мөнгө миний мөнгө бөгөөд дундаас нь Б.Ж энэ мөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээд. Б.Ж нь намайг залилж миний газрын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж аваад бусдад 2 сая ам.доллараар зарж, өнөөдрийг хүртэл надад өгөөгүй, мөнгө угаах, хахууль өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэж, намайг хохироосон гэмт хэрэгтэн тул шүүх энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэх тайлбар бичгийг Гадаад явдлын яамны консулын газраар дамжуулан албан ёсоор ирүүлсэн. Энэ бичгийг М.У гэгч /”Н........” гэдэг компанийн захирлын эхнэр болох хэвлэлийн хурлыг зохион байгуулж ард иргэдийг хохироосон/ нь Б.Жтай хуйвалдан шүүхэд өгөлгүй замаас нь авч миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан үйл ажиллагааг хийлээ. Уг бичгийг тайлбарын хуулбар байдлаар нь шүүхэд миний өмгөөлөгч гаргаж өгсөн ба шүүх Гадаад явдлын яамны консулын газраас уг бичгийг шүүхийн журмаар гаргуулах нь эрх нь байсан атал үүнийг хийхийг шүүгч хүссэнгүй.

Шүүгч хэргийн бодит байдлыг тогтоохыг үндэслэлгүйгээр татгалзсан нь хэт нэг талд үйлчилснийг шууд нотолж байна гэж харагдаж байна.

17. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт /35 дугаар хуудас дээрээсээ 17 дахь мөрөнд/ 26.678.468,9 төгрөг, дүгнэлт хэсэгт /30 дугаар хуудас 13 мөрөнд/ 29.053.466 төгрөг гэж Эрдэнэчимэгийн хохирлын тооцоог 2 өөрөөр бичсэн зөрүүтэй.

18. Шийтгэх тогтоолд гэмт хэргийн талаар гэсэнд /4 дэх хуудас дээрээсээ 8 дахь мөр/ Миний хэлсэн үгийг 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хуурамч бичгийг хийж өгөөгүйн төлөө гэж ярьсныг 2 сая ам.доллар хийж өгөөгүйн төлөө гэж утгыг нь илт гуйвуулж бичсэн байна.

19. Шийтгэх тогтоолд Дулмаагаас Цэрэндэжидийн хувцас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр авагдсан байхад зориудаар 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж худлаа огноотой нотлох баримтыг үндэслэл болгон үргэлжилсэн хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэж бичигдсэн нь бодит байдал, нотлох баримтад тулгуурлаагүй цаг хугацаа бичигдсэн байна.

20. Гэмт хэрэг хийгдсэн хугацаа гэдгийг шийтгэх тогтоолд холбогдсон хэргийн талаар хэсэгт /1 дүгээр хуудас доороосоо 1,2 дахь мөр/ 2012 оны 2 дугаар сарын 17-ноос 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд, гэм буруутай талаарх дүгнэлт хэсэгт /33 дугаар хуудас доороосоо 5,6,7 дахь мөр/ 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хооронд гэж хугацааны талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Эдгээр процессын болон бусад алдаанууд, утгын ийм зөрчилтэй, хэт нэг талыг баримтлан хууль зөрчин гарсан шийтгэх тогтоолыг шүүх гаргасан байна.

Энэхүү шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч нотлох баримтад үндэслэж хүнд ял тулгасан алдаатай шийтгэх тогтоол болсон тул хэргийн бодит байдал үнэн зөвийг олуулахын тулд мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Мөн Иргэний болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж хүнд ял тулгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т нотлох баримтыг шалгуулах үнэн зөв шүүхээр шалгуулах гэсэн үндсэн эрхийг минь ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч О.Э нь хохирогч Л.Дулмаад хувцас хийлгэсэн мөнгийг өгнө гэж хохирогчийг хуурч, урьд хувцас хийлгэдэг, танилын харилцаатай байсныг урвуулан ашиглаж хохирогчийг залилж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирогч Л.Дмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...  Э өөрөө ирээд хэрэгт зургийг нь хавсаргасан байгаа дээл, плажнуудыг оёулсан. Оёдлын хөлс, материалын хөлс нийлээд 1.300.000 төгрөг болсон. Энэ мөнгийг   Э өгөх ёстой... Одоогоос 2-3 жилийн өмнө   Э гэдэг хүн манай оёдлын газраар хувцас хийлгэдэг байсан ба 2017 оны 5 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд плаж, дээл, шорт зэрэг 10 гаруй нэр төрлийн хувцас хийлгэж авч явчихаад миний данс руу одоо гараад мөнгийг нь шилжүүлчихнэ гэснээ байхгүй болчихсон” гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар шүүгдэгч О.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ” гэсэн байна.

“  Я” салон О.Э нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно.” гэж заасан байдаг.

Тэгвэл үйлчилгээ үзүүлэгч “  Я” салон ямар ямар хувцас, ямар үнэтэй материалаар, ямар хөлсөөр оёж өгөх талаар тохиролцсон нотлох баримт байдаггүй. Хохирогч Л.Дулмаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “Манай оёдлын газар, манай охин Халиунаа оёдлын газрыг хариуцдаг би оёдол хийдэг” гэж удаа дараа мэдүүлдэг. Шүүгдэгч О.Эызалилсан, гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч нь “  Я” оёдлын газар уу, оёдолчин Л.Дюу аль эсвэл оёдлын газрыг хариуцан ажиллуулдаг, эд зүйл хүлээлгэн өгсөн гэх Халиунаа юу гэдгийг үнэн зөв тогтоож чадаагүй.

Зарлагын баримт, цагдаад гаргасан өргөдөл зэргийг нягталж үзвэл  Л.Д-г хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. “  Я” оёдлын газар, хохирогч Халиунаагаас итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  Л.Д-г төлөөлөгчөөр томилсон баримт байхгүй.

Оёулсан эд зүйлийн зургийг Л.Дгаргаж өгөөгүй. Зөвхөн 9 дүгээр хавтаст хэргийн 84 дэх талд байгаа зарлагын баримтыг гаргаж өгдөг. Зарлагын баримтаас дараах зөрчил илэрнэ.

1. “  Я” салон гэж хуулийн этгээдийн нэр бичигдсэн байхад  Л.Д-г хохирогчоор тогтоосон.

2. 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж огноог бичсэн байх бөгөөд ийм өдөр ямар ч хуанлид тэмдэглэгдээгүй. Жил бүрийн 6 дугаар сар нь 30 хоногтой байдаг.

3. Хүүхдүүдэд бэлгэнд өгсөн гэх Хүүхдийн платье, хүүхдийн өмд, цамцыг зарлагын баримтад бичсэн.

4. Бүх материал орсон үнэ 1.300.000 төгрөг гэж бичсэн байх бөгөөд ямар материалаар ямар хөлсөөр хийсэн талаар нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Үйлчилгээний газар бусдад санал болгож байгаа үнээ баталж, нүдэнд ил харагдахаар газар байрлуулдаг. /Иргэний хуулийн 200-201 дүгээр зүйл/

5. Хүлээлгэн өгсөн эд хариуцагч Д.Халиунаа гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд хүлээн авагч гэдэг мөрөнд хэнд, хэзээ хүлээлгэж өгсөн талаарх тэмдэглэгээ байдаггүй.

Мөн дээрх 1.300.000 төгрөгийн эд зүйлсийн үнэлгээг 9 дүгээр хавтаст хэргийн 96 дахь талд үнэлгээчин 780.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хохирогчийн нэхэмжилж байгаа үнийн дүн үнэн зөв эсэхийг нягтлахын тулд үнэлгээ хийлгэчихээд үнэлгээчний үнийн дүнгээр хохирлыг тооцоогүй нь эргэлзээтэй.

Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хохирогчоос гаргаж өгсөн баримт нь шүүгдэгч О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чаддаггүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь уг өмчийн захиран зарцуулах эрхийг шилжүүлж авснаар төгсдөг гэмт хэрэг. Тэгвэл шүүгдэгч О.Эын бичсэн /13хх 157-158/ мессеж, гэрч Цэрэндэжидийн өмсөж авахуулсан платьенуудын зураг /13хх 160-161/ зэргээс дүгнэлт хийхэд хохирогчийн оёсон, хүлээлгэж өгсөн гэх эд зүйлсүүдийн захиран зарцуулах эрх О.Эд шилжиж ирээгүй нь тодорхой байна.

Хэдийгээр шүүгдэгч хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгчийн шүүхэд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолд баримтаар няцаасан зүйл огт алга.

Цагдаад өргөдөл гаргахаасаа өмнө оёж өгсөн эд зүйлсийнхээ мөнгийг шаардаж байсан баримт, ядаж мессеж ч байхгүй. Эсрэгээрээ О.Э салоны эзэн Халиунаа руу мөнгө, төгрөгөө Цэрэндэжидээс хурдан олж аваарай гэсэн анхааруулга бүхий мессежийг явуулсан байна.

Ээж, охин хоёр л бие биенээ гэрчлээд байгаа болохоос шүүгдэгч О.Эд хэзээ, хэдэн ширхэг эд зүйлийг оёж өгсөн, хэзээ, хэнд хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөг авах ёстойгоос хэзээ, хэдэн төгрөгийг нь авсан, авах ёстой мөнгөө хэрхэн, яаж шаардаж байсан талаар хангалттай нотлох баримт байдаггүй.

Хохирогчийн мэдүүлснээр хамгийн сүүлд ямар хувцас оёулаад, ямар дансанд хэзээ хийнэ гэж хэлсэн, хэзээнээс хойш /байхгүй болсон гэх/ холбоо барихгүй алга болсон зэргээ нотолж чадаагүй.

Шүүгдэгч О.Э нь  Л.Д-г залилах субъектив санаа зорилго байхгүй нь түүний бичсэн мессеж /13хх 157-158/-үүдээс харагдана. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь хохирогч  Л.Д-г залилсан гэх үйлдлийг нотолж чаддаггүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 202/ШЦТ/432 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  Л.Д-г залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Б.Жыг залилсан гэх тухайд

О.Эын битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63.050 ам.доллар буюу 83.854.608 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дансаар 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 5000 юань буюу 1.577.000 төгрөг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар буюу 547.045.108 төгрөгийг залилсан гэм буруутайд тооцсон.

- Б.Ж нь хуульд зааснаар жинхэнэ хохирогч байна.

- Хохирогч шүүгдэгчийн орд газрыг нь зарж өгнө гэж Үйлчилгээ үзүүлэх гэрээг бусадтай байгуулж байсан гэрээг нь цуцлуулаад дараа нь байгуулж байсан. Энэхүү гэрээнд Ж-ы идэвхтэй оролцоо байсан. Компанийн эрх шилжүүлэх итгэмжлэлээ О.Э хийж өгсөн, гэрээг цуцлаагүй байхад цуцалсан гэдэг зохиомол баримтыг хохирогч бусдад нөлөөлж үйлдүүлсэн, ордыг зарагдахгүй бол хамтран эзэмших боломжтой гэдэг саналыг хохирогч өөрөө   Эд санал болгож, янз бүрийн хүмүүстэй орд газрыг нь зарна, хамтран ажиллана гэж худалдах, худалдан авах гэрээ болон зуучлалын гэрээний төсөл, санал боловсруулж   Эыг олон хүнтэй уулзуулж байсан. О.Эын битумын ордыг зуучлах, гэрээний баталгаа болгож түүнд мөнгө өгөх санаачилгыг хохирогч өөрөө анх санаачилж байсан нь залилангийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа.

- Хохирогч Б.Ж ашиг олох зорилгоор Үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан учраас хамтран эзэмших асуудал нь уг гэрээ зохих журмын дагуу цуцлагдаагүй байхад яригдах боломжгүй байсан.

- 5000 юань залилсан асуудал огт байхгүй. Анх хохирогч 10000 юань авч залилсан гэх асуудал мэдүүлж байсан боловч энэ үйлдэл тогтоогдсонгүй, гэрч Пунцаг нь 10000 биш 30.000 юанийг С-аас   Эаар дамжуулан аваад буцааж Жд бүгдийг нь өгсөн, одоо бидний хооронд ямар нэгэн тооцоогүй гэж удаа дараа мэдүүлсэн баримтууд хэрэгт авагдсан.

2021 оны 5 дугаар сарын 28-нд 111.856.600 төгрөгөөр мөн 2012 оны 6 дугаар сарын 7-нд 109.224.680 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг “Тоёота Ланд Круйзер” маркийн автомашины үнийг нь төлсөн байдлаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус бүрийг нотариатаар гэрчлүүлэн “Г м” ХХК-ийн хувьцаанаасаа шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхэлсэн гэм буруутай гэж дүгнэсэн.

- “........” ХХК-ийн Хан Хён Сү нь хохирогч Б.Жаар дамжуулан өөрийн газрыг зарсан мөнгөнөөсөө Үйлчилгээ үзүүлэх гэрээний баталгаа болгон 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг О.Эын Голомт банкны дансаар дамжуулан өгүүлснээс О.Э нь зарлага гаргаж 2 машины төлбөрийг бэлнээр төлж төлбөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

- Нотариатын үйлдлүүд хуульд зааснаар, 10 хувийн хувьцааг нь хохирогч Б.Ж өөртөө шилжүүлбэл орд газрыг минийх гэж бусдад худалдахад хүмүүс итгэнэ, худалдахад хялбар болно гэхээр нь О.Э 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр О.Э буцааж 10 хувиа шилжүүлж авсан байдаг.

2014 оны 8 дугаар сард Д-ийн хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн өртөг бүхий ... хөөргийг нь залилж авсан гэм буруутай гэсэн.

- Гэмт хэрэг гэж үзвэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тогтоосон. О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 5-нд хөөргийг нь ломбардад тавьсан баримт хэрэгт авагдсан байдаг.

- Ж нь уг хөөргийг хамгийн ханасан өндөр үнэ болох 55.000 ам.доллараар О.Эын том хүүгээс худалдаж авсан бөгөөд уг хөөргийг энэ үнээс илүү өндөр үнээр бусдад санал болгож худалдана гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Хохирогчийн мэдүүлэгт хэтэрхий итгэж дүгнэлтээ гаргасан. Өөр бусад баримтуудаар энэ нөхцөл тогтоогдохгүй байгаа. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр яллаж байгаа нь буруу юм.

- Тэгээд ч тэр хөөрөг нь эмэгтэй хүний хэрэглэх хөөрөг биш, маш том хэмжээтэй, эрэгтэй хүн хэрэглэвэл зохимжтой том хөөрөг юм.

- Б.Ж нь 2012 онд өөрийнх мэдүүлснээр 1,8 сая ам.доллартай байсан цаг хугацаа 2012 онд уг хөөргийг худалдах шаардлагагүй байсан гэж мэдүүлдэг.

- Эрдэнэтийн төслийг судлах, хэрэгжүүлэх ажилд миний оролцоо огт байгаагүй гэж хохирогч Б.Ж мэдүүлдэг боловч төслийг О.Этай хамтран хэрэгжүүлэхээр өөрийн найз Пунцагаас тусламж авч байсан, хурал, цуглаан, уулзалт хийж байсан, Солонгос 2 эрдэмтэнг Монголд урьж авчирч зочид буудалд байрлуулан, тэдний хоол хүнс, бэлэг сэлтийг ломбарднаас авсан мөнгөнөөс зарцуулж байсан, орчуулагч олж өгч байсан, хурлын заал түрээсэлж байсан, Эрдэнэт рүү удаа дараа явж байсан нь тогтоогддог.

- Хохирогч төслийн бэлтгэл ажилд зарцуулсан буюу ломбардад төлөх мөнгийг нь би төлөөд хөөргөө буцааж авна гэж О.Эд хэлсэн атлаа ломбардны хүүгүй мөнгийг төлөхгүй байсан учраас хөөрөг хаана байгааг нь Б.Жд хэлэхийг хүсээгүй, түүнчлэн хохирогч өмгөөлөгчийн хамт 2015 оны 2 дугаар сард мөнгөө аваад очиж байна хөөргөө ломбарднаасаа түр аваад ир гээд 2 хоног О.Эыг прокурор дээр хүлээлгэж байсан.

Хохирогч Эрдэнэчимэгийг залилсан гэх тухайд

2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд “Поло” нэртэй гоо сайхны салоны барааг зээлээр аваад мөнгийг нь дараа нь бөөнд нь төлнө гэж 14.534 ам.доллар буюу 29.053.466 төгрөг залилсан гэм буруутайд тооцсон.

- Хохирогчийн орлого, зарлагаа нотолсон баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, гадаад хэл дээр, тоо, үсгийн засвартай, зөрүүтэй баримтууд байдаг.

- Шүүхээс хэргийг буцаахдаа орчуулгын талаар анхаарахыг дурьдсан боловч энэ байдал биелэгдээгүй байдаг.

- Ийм гоо сайхны бараанууд хохирогчид бодит байдал дээр байсан уу гэдэг нь эргэлзээтэй байсан учраас шүүх хэргийг буцаахдаа тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын хил гаалиар оруулж ирсэн эсэхийг нягтлахыг даалгасан боловч энэ нөхцөл байдлыг шалгаагүй.

- Мессежнүүд бичиж байсантай маргадаггүй боловч яг хэдэн төгрөгийг өгнө гэсэн агуулга байдаггүй.

- Гэрч Нарантуяа 14.534 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй гэж үлдэгдэл үнийн дүнгийн талаар огт мэдүүлж байгаагүй.

- Яллах дүгнэлтэд “.......” нэртэй барааг залилсан гэдэг боловч Юнисти сүлжээний барааны тооцоо бас яригдаж байгаа.

Хохирогч Гантуяатай зээлийн гэрээ байгуулж 3 удаагийн үйлдлээр мөнгө авч залилсан гэх тухайд

2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр уул уурхайн бизнес эрхэлдэг гэж хуурч мэхлэн 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10+4+2=16 сая төгрөг, нийт 116.000.000 төгрөг авч залилсан гэм буруутай гэсэн.

- Зээлийн гэрээг иргэн Гантуяатай байгуулаагүй, мөнгийг Б-гаас авсан, түүнтэй орд газрын талаар огт ярилцаагүй.

- Зээлийн хүүг 2 удаа өгснийг шүүх 1 удаа өгсөн гэж дүгнэсэн.

- Тухайн үед нь О.Э нь уул уурхайн бизнес эрхэлж байсан. Хэрэгт битумын орд газраас гадна хэд хэдэн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, тодорхой үйл ажиллагаа явуулж байсан, тайлан тооцоо гүйцэтгэж байсан баримтууд авагдсан.

- Хохирогч хэн нэгэнд хүүтэй мөнгө зээлэх юмсан, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж бусдаас сураглаж байсан байна.

Хохирогч Г-аас мөнгө зээлж залилсан гэх тухайд

Уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь өгнө гэж хуурч 3 удаагийн үйлдлээр 24 сая төгрөг залилсан гэм буруутайд тооцсон.

- Энэ цаг хугацаанд битумын орд газрыг зарахаар Б.Жтай хамтран тэр ч үү хэл бусад хүмүүстэй хэргийг шалгаж байсан мөрдөгч ч зуучлалын гэрээг байгуулж байсан.

- Гэтэл хохирогч Б.Ж, О.Эыг 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг түүний орд газарт хийсэн гэдэг хуурамч бичиг хийж өгөхийг хүсэхэд О.Э татгалзсан учраас цагдаагийн байгууллагад залилуулсан гэдэг гомдлыг 2014 онд гаргаснаар О.Эын хэд хэдэн компанийн бүхий л тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж бүх дансны гүйлгээг хааж тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг бусдад шилжүүлэх, барьцаалж мөнгө олох бүх боломжийг хязгаарласан.

Хохирогч Туулыг залилсан гэх тухайд

2015 оны 3 дугаар сард эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилсан гэм буруутайд тооцсон.

- Гэмт хэрэг гэж үзэх тохиолдолд гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь ойлгомжгүй.

- О.Э нь ОХУ-д удаан хугацааны эмчилгээнд орсон, эмчлүүлсэн нь бодит байдалд нийцнэ. О.Эыг эмчилгээний зардал гэж хуурсан, түүнийг төөрөгдөлд оруулсан гэдэг нь нотлогдохгүй юм.

- Туулын мөнгийг 7 хоногийн дараа Монголоос мөнгө ирэхээр өгнө гэсэн нь үнэн. Учир нь, О.Э нь Москва явахдаа “У г” ХХК-ийн лицензээ 100 ам.долларт ТЕГ-ын дарга асан Хурц худалдан авна, 7 хоногийн дараа араас чинь мөнгийг чинь шилжүүлье гэхээр нь зөвшөөрч түүнтэй ажилладаг Дистогос гэдэг албан тушаалтанд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд шаардлагатай бүх баримтуудыг үлдээж лицензийн урьдчилгаа болгож 10000 ам.долларыг Москва явахдаа авсан нь эмчилгээнд нь хүрэлцээгүй байна.

- Гэтэл Хурц нь тусгай зөвшөөрлийг нь авахаа болилоо гээд араас нь мөнгө шилжиж ирээгүй учраас 7 хоногт багтаж өгөх мөнгийг төлж чадаагүй байна.

- Түүнчлэн Туул түүний нөхөр Амарбаясгаланд Монголоос дээл, хоол хүнс, Монголоос захиасыг нь аваачиж өгдөг, өөрийн зардлаар тоглолт хийх урлагийн багийг аваачиж байсан зэрэгт 40 сая орчим төгрөгийн хоорондын тооцоотой байсан учраас төлбөрийг дүйцүүлэн дуусгах боломжтой гэж бодсон байна.

Хохирооёдлын хөлсийг залилсан гэх тухайд

Түүний ажиллуулж байсан оёдлын газарт хувцас захиалгаар хийлгэж 1.300.000 төгрөгийг төлөөгүй залилсан гэдэг.

- Байнга үйлчлүүлдэг оёдлын газарт өөртөө болон бусдад хувцас захиалж оёулахдаа өөрөө материалаа өгсөн байсан ба О.Эын ихэр хүүхдүүдэд нь үнэгүй бэлэглэх журмаар оёж өгсөн хувцаснууд байсан байна.

- Оёдлын хөлсийг зохих журмын дагуу баталж тогтоосон тариф байгаагүй, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрийг зохиуд ял халдаахын тулд залилсан гэж үзсэн.

- Оёулсан хувцаснууд нь бүгд О.Эын захиалга биш, Цэрэндулам гэдэг хүний дээл, 2 даашинз байсан нь хэрэгт өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, дээл сайхан болж гэсэн мессеж зэргээр нотлогдоно.

- Оёдолчин  Дсалон биш, Халиун гэдэг хүний “  Я” нэртэй салон байсан байна.

- Оёдлын хөлс, материалын зардал бүгд нийлээд 1.300.000 төгрөг гэдэг зохиомлоор бий болгосон хуурамч зарлагын баримтаар ял халдаасан юм.

Дээрх үндэслэлүүдээр болон хэрэгт авагдсан цагаатгах бусад баримтуудыг мөн яллах дүгнэлтэд дурьдсан яллах нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцаасан шүүгдэгч талын шинжлэн судлуулсан баримтуудыг шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй дурьдаагүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн нь буруу юм.

О.Э нь хохирогч нарыг хэрхэн төөрөгдөлд оруулсан, яаж итгэл төрүүлсэн, хуурч мэхэлсэн нь нотлогдон тогтоогдохгүй 7 жил мөрдөн шалгах ажиллагаа явагдсан боловч эцэстээ ял халдаасан нь түүнийг эрүүдэн шүүсэн гэж үзэхэд хүргэж байна.

О.Э нь нэр бүхий иргэдийг залилсан гэх үйлдлүүдийн цаг хугацаа нь 2012-2015 оны хооронд байхад хохирогч  Дүйлдлээс бусад үйлдлүүдийг нь 2015 онд гарсан Өршөөлийн хуульд ч хамруулаагүй нь үндэслэлгүй байсан.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан дараах цагаатгах болон хөнгөрүүлэх бичгийн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэн зөв үнэлж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүний үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/432 дугаартай шийтгэх тогтоолыг дор дүрьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. О.Эыг буруутгасан үйлдлүүдийн тухайд

Анхан шатны шүүх О.Эыг залилах гэмт хэрэг үйлдэж Б.Жд 840.504.188 төгрөгийн, С.Э-т 27.378.468,9 төгрөгийн, Х.Г-д 116.000.000 төгрөгийн. Х.Г24.000.000 төгрөгийн, Э.д 11.917.320 төгрөгийн. Л.Д-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон.

Тус шүүх О.Э ыг гэм буруутайд тооцсон үйлдлүүдийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгаж буй нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...”, "...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ...хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох...” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, цагаатгах нотлох баримтуудыг яллах баримт гэж буруу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлд нийцээгүй.

1.1. Б.Жыг залилсан гэх үйлдлийн талаар

1.1.1. Анхан шатны шүүх “...хохирогч Б.Жаас ...“..........” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ...Д аймгийн С сумын “Алтан тал” нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй ...битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ...төөрөгдөлд оруулж, ...4 удаагийн үйлдлээр ...547.045.108 төгрөгийг залилан авсан ...гэм буруутай болох...”-ыг хохирогч Б.Ж, гэрч Хан Хён Су, М.Уянга, Т.Г Н.П нарын мэдүүлэг Б.Ж-аас О.Эд мөнгө хүлээлгэн өгсөн баримт, банкны хуулга, орлогын баримт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга зэргээр нотлогдсон үзсэн нь бодит байдал болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй дүгнэлт хийсэн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудаас зөвхөн хохирогч Б.Жы мэдүүлэг л шүүхээс хийсэн дээрх дүгнэлтэд хамаарах нотлох баримт болж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх “...О.Э нь “  Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Д аймгийн Ссумын “..............” нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...” гэх үйл баримтын талаар зөвхөн хохирогч Б.Ж л мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэгт авагдсан "Хан Мон Лоу" ХХК нь 2012 оны 2 дугаар сард О.Этай Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу түүний эзэмшлийн битумын орд бүхий “  Г” XXК-ийн хувьцааг БНСУ-ын хөрөнгө оруулагчдад 20 сая ам.доллараас багагүй үнээр худалдах асуудлаар зуучлахаар гэрээ байгуулсан болох нотлогдож байгаа.

О.Э нь Б.Жаас нийт 413.050 ам.доллар, 5.000 юанийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд холбогдох баримтуудыг өөрөө гарган өгсөн. Харин эдгээр нь дээр дурьдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “Хан Мон Лоу” ХХК-иас өгсөн төлбөр..." гэж тайлбарлаж буй О.Эын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон тэдний хооронд байгуулсан гэрээ бусад баримтуудаар нотлогдож байхад шүүх үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн дээрх үндэслэлд хамаарах бусад гэрчүүдийн мэдүүлгүүд нь тухайн үндэслэлд дурьдсан “...О.Э нь “  Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Д аймгийн Ссумын “Алтан тал” нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...’’гэх Б.Жы мэдүүлэгт дурьдсан үйл баримтаас өөр асуудал, үйл баримтыг нотолж байгаа.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны  7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ,түүний орчуулга, Хан Хён Сугийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг болон БНСУ-ын элчин сайдын ямаар дамжуулан гаргасан тайлбар нь О.Эын мэдүүлгийг нотолсон цагаатгах нотлох баримт байхад тэдгээрийг яллах нотлох баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дутаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт нийцээгүй.

Энэ хэрэгт БНСУ-ын иргэн Х нийтдээ 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр анхны мэдүүлэгтээ урд нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгчихсөн байсан М.Уянгыг орчуулагчаар оролцуулсан байдаг.

Гэрч М.Уянгын болон Хан Хён Сугийн эхний мэдүүлэгт “... Б.Жаас авсан мөнгийг “Хан Мон Лоу” ХХК-тай байгуулсан гэрээний баталгаа болгож өгсөн мөнгө..." гэж мэдүүлсэн О.Эын мэдүүлгийг үгүйсгэж байгаа боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдсан.

Тухайлбал,

О.Э болон түүний өмгөөлөгчдийн зүгээс “...Б.Ж нь санхүүгийн хувьд ийм их хэмжээний мөнгийг хувиасаа гаргах боломжгүй, энэ мөнгө нь “Хан Мон Лоу” ХХК нь БНСУ-ын иргэний хамаарал бүхий “Мукучинбу” ХХК-ийн эзэмшлийн газрыг худалдан борлуулсны орлогоос төлсөн..." эсэх асуудлыг тодруулах, шалгах асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч энэ асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Хэдий бүрэн шалгаагүй боловч Хан Хён Сугийн сүүлийн мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын ...-ны өдөр БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан Баянзүрх дүүргийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон “Мукучинбу” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох бусад баримтуудаар бидний тайлбар, хүсэлтэд дурьдсан үйл баримт тогтоогдож байгаа.

Гэрч Х-аас 2021 оны 6 дугаар сарын ...-ны өдөр БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбарыг шүүх “...Тайлбар гэх гарчигтай ... 2 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримт нь эх хувиараа авагдаагүй тул ... нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхээс үнэлэх боломжгүй...” боломжгүй үндэслэлээр хүлээн аваагүй нь шүүгдэгч болон өмгөөлөгчдийн нотлох баримт шалгуулах тухай эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Гэрчийн шүүхэд хандан гаргасан тайлбарыг шууд нэр заасан шүүхэд нь шилжүүлэх ёстой атал энэ хэрэгт хувийн сонирхолтой оролцож уй гэрчид өгсөн байгааг анхаарч үзээгүй. Бидний зүгээс уг баримтыг шууд үнэлж шийдвэр гаргах байр суурь илэрхийлээгүй, нотлох баримтын шаардлага хангуулан эрх бүхий этгээдээс гаргуулан авч, тухайн тайлбартай дурьдсан асуудлыг шалгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах саналыг шүүхэд гаргасан.

Өмгөөлөх талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Хан Мон лоу” ХХК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Б.Жыг “Х” ХХК-ийг төлөөлүүлэн оролцуулахаар тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 4-т “...“А” тал нь энэхүү гэрээтэй холбоотой аливаа үйлдэлд “Б” тал болон Б.Ж (B.J.......... төрсөн он, сар, өдөр,...........)-ы оролцоотой явуулна...”, гэж заасан байгааг шинжлэн судлуулсан.

Нөгөө талаар хохирогч Б.Ж нь тухайн үед ийм их хэмжээний мөнгийг бусдад өгөх санхүүгийн боломжтой байсан эсэх нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдохгүй байгаа.

Дээр дурьдсанчлан Б.Жаас О.Эд шилжүүлсэн мөнгө нь “Хан Мон лоу” ХХК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээний баталгааны мөнгө үү эсхүл, Б.Жы хувийн мөнгийг О.Э залилан авсан уу гэдэгт эргэлзэх бодитой үндэслэл байгаа болох нь нотлогдож байхад О.Эыг энэ үйлдэлд гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй.

1.1.2. “...Шүүгдэгч О.Э нь ...хохирогч Б.Жтай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа автомашиныг үнийг төлсөн мэтээр гэрээ байгуулж, ...хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч ... машины мөнгийг асуудалгүй өгнө гэх зэргээр ... хуурч ... “Тоёота ланд круйзер 200” маркийн 2 ширхэг автомашиныг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах хэрэг үйлдсэн...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э, Б.Ж нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28, мөн оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг.

Тэдгээр гэрээнд төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан талаар тэмдэглэгдэж. гэрээний талууд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрснийг нотариатч гэрчилж, баталгаажуулсан. Түүнчлэн тэдгээр хоёр гэрээг гэрчилсэн нотариатч Б.Энхээ, Р.Онончимэг нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэд “...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо, дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. ... Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нь гэрээг батлах үндэслэл болно...” гэж мэдүүлсэн нь нотариатын үйлдэл хийхэд тавигддаг хууль зүйн шаардлагыг тодорхой илэрхийлсэн мэдүүлэг юм.

Хохирогч Б.Ж нь хоёр ширхэг автомашины төлбөрийг хүлээн авсан учраас үүнийгээ хүлээн зөвшөөрч, баталгаажуулан гарын үсэг зурсан нь түүний мэдүүлгийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно.

Нөгөө талаар О.Э нь “..эдгээр автомашины төлбөрийг өөрийн данснаас ам.доллар бэлнээр авч, төгрөгт шилжүүлж. Б.Жд төлбөрийг бэлнээр хийсэн...” гэж мэдүүлдэг ба тэрээр энэ мэдүүлгээ баталж өөрийн дансны хуулгыг гарган өгсөн байгааг шүүх бодитоор шалгаж үнэлээгүй.

Б.Жы “...хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч ... машины мөнгийг асуудалгүй өгнө ...” гэх мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлгийг үгүйсгэсэн олон баримт байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн О.Эыг тухайн үйлдэлд буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх ... шийдвэрийн үндэслэл болгохгүй..” гэснийг зөрчсөн.

1.1.3. Анхан шатны шүүх “...О.Э нь ..Д  хадам ээж Э-т өндөр үнээр зарж өгнө гэж ... хохирогч Б.Жаас 78.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг шилжүүлэн авч ... залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э нь Б.Жы хөргийг залилан мэхлэх аргаар өөртөө шилжүүлэн авсан шүүхийн дүгнэлтийг нотолсон гэх гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаас шүүхийн дүгнэлтэд дурьдсан дээрх үйл баримтыг талаар зөвхөн Б.Ж мэдүүлэгт л дурьдагдсан байдаг бол бусад баримтуудад нь түүний мэдүүлгийг баталсан, тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх үйл баримтыг нь нотолсон нэг ч мэдээлэл байхгүй.

Харин О.Э нь "...Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Б.Жы өгсөн заавар, чиглэлийн дагуу түүний хөөргийг 50 сая төгрөгийн барьцаанд тавьж. уг зээлээ хаягдал шавар ашиглах технологийг гаргасан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэгт дурьдсан мэдээлэл үндэслэлтэй болох нь хохирогч Б.Ж, гэрч С.Э, Ж., Ш.А, Ц.Э, Н.П, Э.Х, Э.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч Б.Ж, гэрч С.Э, Ж.Д, Ш.А, Ц.Э, Н.П, Э.Х, Э.Э нарын мэдүүлгээр “...Э.үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар О.Э болон төслийг санаачилсан ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Алтан-Од, Ц.Энхтунгалаг нартай харилцаж байсан, төслийн тачаар БНСУ-ын эрдэмтэдтэй хийсэн уулзалт, танилцуулгын үйл ажиллагаанд оролцож байсан, Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах асуудлаар өөрийн найз нараар дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай харилцаж байсан зэрэг үйл баримт нотлогдож байгаа.

Шүүх энэ үйлдлийг нотолсон гэж үзэж нэрлэн заасан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шалгаж, үнэлээгүй, уг үйлдэл нь цэвэр иргэний эрх зүйн харилцаанд хамаарахаар байхад шүүх үүнийг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “...Б.Жы хөөргийг барьцаанд тавьж авсан 50.000.000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор хаягдал шавар ашиглах технологийг боловсруулсан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэх О.Эын мэдүүлгийг гэрч Ц.Э, Г.А нарын өгсөн зарим мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзсэн байна.

Эдгээрээс, гэрч Ц.Э нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байдаг ба тэрээр анх “...10.000 ам.долларыг огт аваагүй...” гэж нь мэдүүлдэг байсан бол түүнд 10.000 ам.долларыг хэзээ ямар байдлаар хүлээлгэн өгсөн талаарх гэрчийн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар тодруулснаас хойш тэрээр мэдүүлгээ өөрчилж, 10.000 ам.долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдийг өгсөн.

Харин тэрээр “...надтай уулзсанаас хойш 2 цаг орчмын дараа   Э дахин надруу залгаад “саяны үзсэн машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн ам.долларыг буцаагаад өгчих ... гэхээр нь би   Э ганцаараа машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн...” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлгийн үнэн зөв эсэхийг нотолсон өөр баримт байхгүй, энэ мэдүүлгийг О.Э эрс үгүйсгэдэг бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Түүнчлэн “...БНСУ-ын эрдэмтдийн зочид буудал, ирж, буцах нисэх онгоцны зардлыг төлсөн...” гэх гэрч Г.А-ын мэдүүлэг нь мөн л эх сурвалж нь тодорхойгүй, өөр баримтаар нотлогдоогүй байхад энэ баримтыг О.Эыг буруутгах нотлох баримт болгон заасан нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх дээр дурьдсан хоёр гэрчийн мэдүүлгийг тухайн асуудлаар О.Э-ыг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх ... шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэснийг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

1.2. С.Э-ийг залилсан гэх үйлдлийн талаар

Хохирогч гэх С.Э нь О.Эд 14.534 ам.долларын бараа хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгт гарган өгсөн гоо сайхны бараа хүлээлгэн өгсөн гэх баримтууд дээр О.Эын гарын үсэг огт байдаггүй, тэдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа.

Зөвхөн нэг талын буюу худалдагчийн гарын үсэг бүхий баримт байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн О.Эыг залилан мэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

1.3. Х.Гандулам, Х.Г, Э. Туул нарыг залилсан гэх үйлдлийн талаар

Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг аман болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулж болохоор заасан байдаг.

О.Э нь Х.Г, Х.Г нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг бол Э.Т-тай аман хэлбэрээр хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа

Эдгээр хүмүүсийн аль алинтай нь Зээлийн гэрээ байгуулахдаа “... компанийнхаа нэр дээрх тусгай зөвшөөрлийг зараад өгнө...” гэж хэлж авсныг хууран мэхэлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Э нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын хувьцааг худалдах асуудлаар гэрээ, хэлцэл хийсэн байсан болох нь нотлогдож байгаа.

Эдгээр гэрээ, хэлцлүүд нь О.Эаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсноор Х.Гандулам, Х.Г, Э.Туул нарын зээлийг төлж чадаагүй болох нь тогтоогдож байгаа.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

1.4.  Л.Д-г залилсан гэх үйлдлийн талаар

О.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд "Ялгуун" нэртэй оёдлын газраар хувцас захиалгаар хийлгэж, 1.300.000 төгрөгийг төлөөгүй гэх үйлдэл нь бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж. эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Иргэн Л.Д-с гэмт хэргийн хохиролд нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийн төлбөр нь хувцас хийсэн материалын зардал болон ажлын хөлсийг нэхэмжилсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба энэ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага байсан.

О.Э болон Л.Днарын хооронд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй ба гэрээний үүргийг О.Э нь тохирсон хугацаанд биелүүлээгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаанаас үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа юм.

Нөгөө талаар захиалгыг О.Э Цэрэндэжид гэх хүний өмнөөс хийж, хувцсыг хүлээн тэрээр боловч жинхэнэ эзэн нь Цэрэндэжид гэгч болох нь тогтоогдсон ба   Э энэ хүнтэй одоо болтол маргаж байгаа талаарх баримт хэрэгт авагдаад байгаа.

Гэтэл анхан шатны шүүх иргэд хооронд иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн хэрэг гэж үзэж гэм  буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт

Дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Эыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл уг эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

1. Миний үйлчлүүлэгч О.Эын үйлдэлд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Эодэнэчимэгийг залилсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхгүй гэмт хэрэгт тооцно...” гэж заасан. Энэ тохиолдолд О.Э нь хохирогч гэх Э-ийг залилсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийг хуурч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшил ашиглалтад авсан үеэс эхлэн тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан төлөхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа иргэний эрх зүйгээс ялгагддаг.

Энэ тохиолдолд Эрдэнэчимэгээс   Эын хувьд зээлээр гоо сайхны бараа авч төлдөг байсан талаар шүүгдэгч   Э мэдүүлдэг ба үүнийг хохирогч   Э, гэрч Н нарын мэдүүлэг давхар нотолдог. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагаанд,

О.Э-ын хохирогчоор өгсөн: “  Эыг 2008 оноос хойш таних болсон надаас гоо сайхны бараа авдаг байсан. 2013 оны 2 дугаар сарын 5-нд авсан бараа бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа зээлээр аваад урьдчилгаа 100 ам.доллар өгсөн үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож уг мөнгөө   Э бүгдийг нь төлж дуусгасан. Эхлээд авахдаа зээлээр аваад сарын дараа мөнгийг нь шилжүүлж байсан. 2013 оны 5 дугаар сарын 7-ноос 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл бараа зээлээр авсан. Манай гоо сайхны салон дээр ирж үйлчлүүлдэг байсан...” /1хх 79,82,88,91/

Гэрчээр Н-ийн өгсөн: “...Э,   Э 2 найзууд байсан мэдүүлэг дээр байгаа 15 удаа бараа аваачиж өгөөгүй, 4-5 удаа Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордонд 7 давхарт   Э-ын компанийн албан өрөөнд нь аваачиж өгч байсан. Мөнгө өгсөн барааны талаар тэмдэглэл үйлдээгүй....” гэсэн мэдүүлэг /3хх 34/ зэргээр нотлогддог. Дээрхээс үзэхэд иргэн   Э болон Э нарын хооронд “зээлээр худалдах худалдан авах" иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Э гоо сайхны бараа бүтээгдэхүүн хэрхэн, яаж Монгол Улс руу оруулж ирсэн эсэх, тухайн бараа бүтээгдэхүүн нь хэдэн төгрөгийн үнэтэй зах зээлд зарагддаг эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй,   Эд өгсөн гэх Япон улсын Пола брэндийн гоо сайхны бараанд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй. Зөвхөн Эрдэнэчимэгийн худалдагч гэх Н гараар бичиж өгсөн,   Эын хүлээж авсан талаар гарын үсэг байхгүй нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг /3хх 189-190, 12хх 91-109/ үндэслэж хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бичмэл нотлох баримт нь эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн нотлох баримтыг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Иймд миний үйлчлүүлэгч   Э-ыг хохирогч гэх Э-ээс 14.534 ам.долларын бараа бүтээгдэхүүн буюу 29.053.466 төгрөгийн бараа авсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, Э-,   Э нарын хооронд зээлээр худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байгааг анхаарч Эрдэнэчимэгт хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Уг хэрэгт хохирогч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй, хохирогчийг тогтоож чадаагүй талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилсан. Уг хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй. Уг эрүүгийн хэрэгт хохирогчоор Г-г тогтоосон байдаг. Гэтэл Г-ийн   Эд өгсөн гэх 116 сая төгрөгийг Г биш түүний нөхөр Б   Эд өгч нотариат орж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал,

гэрч Д.Б-гийн өгсөн “...Би 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд байх нотариатын газарт очиж бэлнээр 100 сая төгрөг өгч сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10, 4, 2 сая төгрөгөөр 16 сая төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй, өмнө гэрээ хийчихсэн учир итгээд өгч явуулсан...  Эаас 116 сая төгрөгийг гарган өгч хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /6хх 75/.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Г нь би   Эд 116 сая төгрөг өгсөн. 100 сая төгрөгийг өгөхдөө   Этай хамт нотариат орж зээлийн гэрээ байгуулсан мэтээр мэдүүлж хохирогчоор тогтоогдсон байдаг. /3хх 222, 228/ Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зөв тогтоогоогүй. Нөгөө талаар   Э, Б нарын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Уг эрх зүйн харилцаанд Г гэдэг хүн оролцоогүй байхад түүнийг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болсон байна. Нэгэнт хохирогчийг зөв тогтоож чадаагүй,   Э-ыг хувьд Гантуяа гэх хүнийг хохироогоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн уг хэрэгт иргэн Халиунаа гэх хүн   Эд холбогдуулан 10 ширхэг хувцас оёж өгсөн, бараа материал оёдлын хөлс ороод 1.300.000 төгрөг залилуулсан талаар цагдаад гомдол гаргасан байна /9хх 57/. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд түүний хадам ээжийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг. Тухайн хэргийн хувьд   Э нь Х-р урд нь хувцас хийлгэж өмсөж байсан. Уг төлбөрийг төлж байсан.   Э болон Х нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байсан. Гэтэл уг хэрэгт Х залилуулсан мэтээр гомдол гаргасан байдаг ба уг хэрэгт түүний хадам ээж Д-г хохирогчоор тогтоосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Түүний хувцасыг захиалгаар Халиунаа оёж гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Х-ийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч гэх  Д мэдүүлгээр давхар нотлогддог.

3. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно...", мөн зүйлийн 2-т "...шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ..." гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр бол тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч нараар хууль сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх Ж-ы “Ланд круйзер 200” маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэл, шүрэн толгойтой хөөрөг зэргийг үнэлсэн үнэлгээ нь дээрх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт байдаг. Тухайлбал,

5 дугаар хавтас хэргийн 125 дугаар хуудсанд “Эд зүйлийн үнэлгээ” авагдсан байна Уг эд зүйлийн үнэлгээгээр хохирогч гэх Ж-ы эд хөрөнгө болох “Тоёота Ланд круйзер 200” маркийн 2 ширхэг автомашин, хөөрөг зэрэгт үнэлгээ хийсэн. Уг үнэлгээг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Эрдэнэхүү баталж, эд зүйлийн үнэлгээг мөрдөгч ахлах дэслэгч Ж.Б, Засаг даргын хуулийн зөвлөх нар гаргасан байна. Уг дүгнэлтээр 2011 онд үйлдвэрлэгдэн 2012 онд Монгол улсад орж ирсэн “Ланд круйзер” автомашиныг хохирогчийн үнэлгээгээр 109.224.680 төгрөг, 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн ланд крузер автомашиныг 111.856.600 төгрөгөөр үнэлснийг үг үсэг тооны зөрүүгүйгээр үнэлгээг цагдаагийн байгууллага гаргасан байдаг. Уг эд зүйлийн үнэлгээг үндэслэж анхан шатны шүүх Ж-ы хохирлын хэмжээг тогтоож гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.

Уг хэрэгт мэргэшсэн тусгай мэдлэг бүхий хөрөнгийн шинжээч дүгнэлт гаргаагүй, цагдаагийн мөрдөгч, Засаг даргын хуулийн зөвлөх, мөрдөн байцаах тасгийн дарга нь хохирогчийн амаар хэлсэн үнэлгээгээр дүгнэлт гаргасан. Уг мэргэжлийн бус хэт нэг талыг барьсан дүгнэлтийг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангуулж уг хууль бус дүгнэлтийг зөвтгөж мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулаагүй. Тухайн үед уг 2 ширхэг “Ланд круйзер” автомашин нь хохирогчийн хэлсэн шиг үнэтэй байгаагүй, дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч нараар гаргуулаагүй, хэт өндөр үнээр үнэлж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” байхаар хуульчилсан. Иймд тухайн эд зүйлийн үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт тул дээрх “Ланд круйзер 200” маркийн автомашин, хөөрөг зэргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээг нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд уг 2 ширхэг “Ланд круйзер 200” автомашинд тусгай мэдлэг бухий хөрөнгийн үнэлгээчнээр хууль сануулж зах эээлийн бодит үнэлгээ гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээр байна.

Түүнчлэн уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Э-ийн гоо сайхны бараанд мэргэшсэн шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй зөвхөн нэг талыг барьсан гарын үсэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн нь эргэлзээтэй тул Эрдэнэчимэгийн   Эд өгсөн гэх гоо сайхны бараанд тусгай мэддэг бүхий хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

4. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д-г залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар

Уг эрүүгийн хэрэгт Дгэх хүнийг 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 ионы 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хувцас захиалгаа хийлгэж, залилж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь бусдыг залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

“...Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжуулэн авсан..." байхыг шаарддаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Э нь Халиунаа болон Днараар урд нь хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Тухайн захиалгын төлбөрийг төлдөг байсан талаар мэдүүлжээ. Мөн тухайн үед захиалгаар оёулах хувцасны материалыг өгч байсан талаар гэрчээр Халиунаа мэдүүлсэн байна.

Тухайлбал, хохирогчоор  Дөгсөн “...2010 оноос хойш охин Халиунаагийн хамт оёдол засвар ажиллуулж байна. Одоогоос 2-3 жилийн өмнө Э гэдэг хүн хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Э манай оёдлын цех дээр хувцас хийлгэхээр орж ирдэг байсан. Эхлээд хувцас захиалаад мөнгөө өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг /9х 64/,

гэрчээр Халиунаагийн өгсөн: “...  Э нь манайхаар хувцас оёулдаг байсан би тухайн үедээ мөнгийг нь өгөөд л яваад байдаг байсан. Хувцас захиалгаар хийлгэж байгаад таньдаг болсон...нэг плажны урд талын оруулганы материал авчирч өгч байсан бусад материалыг манай оёдлын салон гаргасан...харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа гээд нэг хөх өнгийн плаж өгсөн тэр нь байгаа...” гэх мэдүүлэг /9хх 66-67/, зэргээс үзэхэд   Э нь дээрх хүмүүсээр хувцас захиалгаар хийлгэж мөнгийг нь дараа нь өгдөг байсан харилцаа үүссэн байна. Улмаар хохирогч гэх Днь хувцас захиалгаар хийлгэсэн төлбөр болон хувцас оёсон ажлын хөлсийг хамтатган 1.300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс үзэхэд   Э-ын хувьд Дзалилсан гэх үйлдэл тогтоогдохгүй   Э Д нарын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүх дээрх нөхцөл байдпыг харгалзан үзэлгүй Дзалилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1479 дугаартай магадлалд “...Ялгуун оёдлын газрын оёдолчин  Д1.3 сая төгрөг залилсан байж болох үйлдлийг хохирогч Д гэрч Халиунаа нарын мэдүүлэг, падаан зэргийг дурьдаж залилсан гэж үзэх үндэслэлгүй залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах заалтыг хангаагүй байна..." гэж дүгнэж анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.

Хохирогч Д гэрч Халиуны гаргаж өгсөн 9 дүгээр хавтастс хэргийн 84 дэх хуудсанд авагдсан “...  Эын хийлгүүлсэн хувцасны баримт 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн падаан нь илтэд хууль бус хуанли он тоололд 6 дугаар сар 31 хоноггүй 30 хоногтой байдаг. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж илтэд хууль бус нотлох баримт гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болсон. Уг баримтаар   Эыг хохирогч Дзалилан мэхлээгүй болох нь нотлогддог. Хохирогч Д гэрч Халиунаа нарын удаа дараагийн өгсөн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч   Э нь өмнө хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Сүүлд өгсөн хувцас захиалгын плажны материалыг өөрөө авчирч өгч байсан талаар мэдүүлсэн. Дээрх үйлдэлд бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинж болох субъектив санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байна.

5. Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй талаар

Анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Тухайлбал 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолын 33 дахь талд “...шүүгдэгч О.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод үйл ажиллагаа явуулах хохирогч  ДЯлгуун нэртэй оёдлын газарт хувцас захиалгаар хийлгэж үнийг нь төлөхгүйгээр бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэж бичсэн атлаа доор нь шүүгдэгч О.Э нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна...” гэж 2 өөр байдлаар гэмт хэргийн үргэлжилсэн хугацааг бичсэн нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан шаардлагыг хангаагүй дүгнэлтийг үндэслэж хохирогч гэх Жд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч Ж-ы өгсөн гэх “Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгсэл болон хөөрөгний үнэлгээ 5 дугаар хавтаст хэргийн 125 дахь хуудсанд авагдсан байх ба тухайн эд зүйлийн үнэлгээг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн мөрдөгчийн үнэлж хийсэн үнэлгээг үндэслэж хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч хууль сануулсны үндсэн дээр гаргаж гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээдэг хуулийн зохицуулалтай. Дээрх хуулийн зохицуулалтыг хангаагүй нотлох баримтыг шүүх үнэлж шийтгэх тогтоолд дурьдсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолын 34, 36 дугаар талд дурдсаныг тогтоох хэсгийн 6 дахь заалттай харьцуулаад үзэхэд шүүгдэгчээс хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн гэж ойлгохоор байна. Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгчээс нэр бүхий хохирогч нарт хохирлыг гаргуулсан өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх санал гаргаж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх О.Эд холбогдох хэргийг давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болох тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэх хуулийг хэрэглэх үндэслэл болж байна.

          Тодруулбал, анхан шатны шүүх О.Эд холбогдох хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаарх зохицуулалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэснийг хэрэглээгүй нь буруу юм.   

          Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/1479 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тогтоолуудад заасан байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

          Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хийгээгүй асуудлыг нөхөн дүгнэж, шүүгдэгч О.Э-аас хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах замаар шүүхийн тогтоолыг зөвтгөн өөрчлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэв.

          Түүнчлэн анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг ямар үндэслэл, шалтгааны улмаас хүчингүй болгосон талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч О.Э-ыг бусад /хохирогч нар/-д “төлөх төлбөртэй” гэсэн атлаа битүүмжлэлийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байгааг анхаарах хэрэгтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

          Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон тул давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ