Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 122

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Б.Н, Б.Х, Б.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  Б.Н, Ц овогт Б.Х, Б овогт Б.Р нарт холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б овогт Б.Н 

Шүүгдэгч:, Б овогт Б.Х 

Шүүгдэгч:  Б овогт Б.Р 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нар нь 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан Бааюутын эрэг дээр иргэн Д.Е-тэй маргалдан улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

  * Хохирогч Д.Е-ийн өгсөн:

 

“...2017 оны 7 сарын 24-ний өдөр нөхөр Б.Н-гийн дүү “Чингисийн хүрээ” гэх газар хуримаа хийсэн юм. Тэгээд орой болж, хурим тараад  би нөхөр Б.Н-г их согтсон байсан болохоор нь найзынхаа машинд суулгаад аймгийн төв рүү явуулсан. Би өөрөө өөрийнхөө машиныг жолоодож явсан. Гэтэл миний хойноос нэг машин гэрэл дохиод байхаар нь зогсоогүй явсан. Нөгөө машин урдуур хөндөлдөж орж ирээд намайг зогсоосон. Тэр машинаас манай нөхөр Б.Н бууж ирээд машины хаалга онгойлгож буу гэсэн, би буухгүй гэсэн чинь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж аваад үсдэж, машинаас чирж буулгасан. Тухайн үед Б.гийн эгч нар болох Б.Х, Б.Р 2 миний машинд сууж явсан.Тэгсэн 2 эгч нь ч гэсэн бууж ирээд Б.Нтэй хамт намайг гурван талаас нүдэж зодсон. Тухайн үед би хэсэг ухаан алдсан байсан. Маргааш өглөө нь миний хамаг бие хөндүүр болж өвдөхгүй газар байгаагүй, тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм. Манай нөхөр архи уухаараа жаархан агсам зантай, тухайн үед машинаас буу гэхээр нь буугаагүй, тэгсэн 2 эгч нь дүүгээ өмөөрч намайг зодсон болов уу гэж бодож байгаа. Урьд өмнө нь зодож гэмтээж байгаагүй. Хааяа бид хоёр хэрэлдэж маргалдаж л байдаг гэр бүлд байх л зүйл болов уу гэж бодож байгаа. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, цээж болон хамаг бие хөндүүр болсон байсан. Одоо толгой өвдөөд байдаг. Би гомдолтой байгаа. Хоёр эгчийг нь уучлалт гуйх болов уу гэсэн гуйхгүй байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Намайг машинаас буухгүй болохоор Б.Н миний зүүн талын нүдрүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би тэгэхээр нь чи яагаад миний нүд рүү цохисон бэ гээд хэсэг хэрэлдсэн. Машинаас буу гэхэд буугаагүй болохоор чинь цохилоо гээд миний үсний уг хэсгээс баруун гараараа атгаж аваад татаж, намайг татаж буулгаад машинаас үснээс бариад байсан. Гэтэл миний ард сууж байсан Б.Х, Б.Р нар машины хойно сууж байснаа 2 талын хаалгаар бууж ирсэн.  Миний чанх ард талын суудал дээр сууж байсан. Б.Н намайг үсдэж байхад Б.Х нь миний баруун хацарт нэг удаа алгадсан,  Б.Р нь мөн нэг удаа цохьсон. Тэгээд миний үснээс чирээд Б.Н нэг их хол чирээгүй, би үснээс тавь гэж хэлээд үснээсээ тавиулсан. Тэгээд би газар суусан. Намайг Б.Х нь нөхөртэйгээ суухаасаа өмнө янхан байсан. Чи ямар байлаа гээд дайрсан. Тэгээд би нэг хэсэг манарсан. Тэгэхэд намайг энэ 3 нийлээд зодсон гэж би үзэж байна. Биеийн бүхий л газар хөхөрсөн байсан. Миний нүүрэн хэсэгт Б.Н цохьсон. 2 удаа үсдэж чирсэн, нүдний доогуур хөхөрсөн, өвдөг шалбарсан гэх гэмтлийг Б.Н үүсгэсэн. Цээж болон хөх рүү 2 эгч нь цохьсон. Хэн нь яаж цохисныг санахгүй байна. Тал талаас орилоод, цохиод дайраад байсан болохоор би сайн харж чаддагүй. ...Намайг машинаа жолоодож явах үед зөөлөн яв, согтуу байж чи яах гэж машин барьсан юм бэ гэж том эгч Б.Х хэлтэл Б.Р  би буулаа үсэрлээ гээд байсан. Би тэгэхээр нь зүгээр яв, яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл хүн алах гээд байна гээд байсан.Тэгээд майнйа нөхөр Б.Н ирсэн.  Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, эм тариа хэрэглэсэн.Би эмчилгээний мөнгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй.Манай нөхөр даруу төлөв зантай, ноомой, нэг их архи уудаггүй. Өмнө нь намайг ганц нэг удаа гар, бугуй хэсэг рүү цохьдог байсан. Ингэтлээ их зодож байгаагүй юм. Надад гомдол санал, нэхэмжлэл зүйл байхгүй...гэх мэдүүлгүүд \хх-ийн 10, 13-14 хуудас\

 

  *Гэрч Ч.С-ын өгсөн: 

“... 2017 оны 7 сарын 24-ний өдөр намайг Б.Н гуйгаад манай хамаатны хурим болох гэж байгаа юм. Чи очоод зураг дараад өгөөч гэж хэлэхээр нь би очиж зургийгн ь авч өгсөн. Тэгээд орой хурим тарах үеэр буюу 00 цагийн үед Д.Е нилээд согтуу байснаа машинаа унаад хөдлөөд явахаар нь Б.Н намайг цуг явъя, зогсоохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд араас нь хөөтөл зогсохгүй зугтаад замын хажуу тал руу орох гээд байсан.  Тэгээд 2-3 удаа шахаж байж зогсоосон. Б.Н миний машинаас буугаад эхнэрээ жолоочийн суудлаас буулгах гэж нилээд гуйж байсан. Эхнэр Д.Д.Е  нь урдаас нь янз бүрээр доромжлоод байсан. Б.Н эхнэрийнхээ үснээс чирч буулгасан. Би Б.Нг очиж барьж автал нэг эгч нь эхнэрийг нь 2-3 удаа гараараа алгадсан. Б.Н машинаа авч яваад намайг араас эхнэрийг маань аваад ирээрэй гэж хэлсэн.  Би эхнэрийг нь машинд суулгаад гэрт нь ирээд Б.Н бид хоёр урд талын айл руу ороод байж байтал эхнэр Д.Е нь заазуур бариад ална гээд Б.Н лүү дайрахаар нь би урдуур нь орж барьж аваад заазуурыг нь булааж авсан. Гэтэл Д.Е ширээн дээр байсан архины шил аваад Б.Нг нүүр лүү нь цохисон чинь Б.Н гараараа савж эхнэрийнхээ нүүр лүү нэг удаа цохьсон. Тэнд хэрэлдэж байгаад чимээгүй болцгоосон. Би гэрлүүгээ явсан. Тухайн үед Е ухаангүй согтуу байсан, нөхөр Б.Н нь халамцуу байсан. Найран дээр тэр хоёр маргалдаагүй. Наашаа машин согтуу унаж явлаа гэснээс болж маргаан үүссэн. ...Д.Еий унаж явсан машин дотор Б.Нгийн хоёр  эгч сууж явсан. Тэгсэн тэр хэд хоорондоо хэрэлдээд Д.Е хоёр эгчийг нь хэл амаар доромжлоод байхаар нь Б.Н машиныхаа хаалгыг онгойлгоод Д.Еийг үсдэж чирээд машинаасаа буулгаж ирээд  газар өвдөгөөр нь чирсэн тэгтэл баруун талын хаалгаар Б.Нгийн том эгч Б.Х нь бууж ирэн Д.Еийг хүн аллаа ямар хурдтай явдаг юм бэ гээд нүүрэн хэсэгт нь алгадсан.Тэгээд зүүн талын хаалгаар Б.Р гарч ирээд Д.Еийг нэг удаа алгадсан. Б.Х, Б.Р хоёрын Д.Е-ийг алгадахад Б.Н Д.Е-ийн үснээс нь тавьсан байсан юм. Тэгээд Б.Н 2 эгчтэйгээ өөрийнхөө машинд суулгаад авч явсан. Би Д.Е-ийгөөрийнхөө машинд суулгаад авч явсан. Д.Е машинд суугаад уйлаад л явсан. Тэгээд Д.Еийг гэрт нь хүргэж өгсөн. ” гэх мэдүүлгүүд \хх-ийн 15, 17, 20-21 хуудас\   

  * Архангай аймгийн шүүхийн шинэжилгээний албаны шинжээч эмч С.Х-н  2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 324 дугаар дүгнэлтэнд: 

 

  “...Д.Е-ийн биед тархи доргилт, баруун хацарт болон 2 нүдний доогуур, 2 гарын бугалга, мөр, цээжний зүүн талаар, зүүн хөхөнд, 2 хөлийн шилбэнд зөөлөн эдэд няцралт, 2 хөлийн өвдгөнд зулгаралт гэмтлүүд  учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.” гэжээ. \хх-ийн 31 хуудас\

  

Яллагдагч Б.Нгийн өгсөн:

 

 “...2017 оны 03 сарын 07 дугаар сарын 24-ний өдөр 00 цагийн үед би Арханай аймгийн Эрдэнэбулган сумаас урагш байх Чингисийн хүрээ гэх амралтын газраас би өөрийн Приус-11 маркийн машинаа унаад гэртээ харих гэж байсан. Намайг хүнтэй уулзаад зогсож байх хооронд манай эхнэр машин унаад, манай төрсөн эгч Б.Х болон Б.Р нарыг машиныхаа хойно суулгаад хөдлөөд явсан. Тэгэхээр нь согтчихсон байж машинтай аймгийн төв рүү орж янз бүрийн асуудал гаргачих болов уу гэж бодоод өөрийн найз Билэгээг гуйж манай эхнэрийг хөөж гүйцээд ав гээд явтал манай эхнэр  Д.Е шороон зам дээр 60 км цагийн хурдтай яваад байсан. Хойд хаалга нь онголзоод эгч буух гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би найзыгаа гүйцэж түрүүл гэж хэлсэн. Тэгээд урдуур нь ороод зогсоох гэтэл зогсолгүй ширүүн давхиад тойроод гарсан. Тэгээд урдуур нь дахиж дараад аймгийн төвийн урд  Улаан Баюут дээр гарч ирээд зогсоосон. Тэгээд машинаа зогсоогоод түлхүүрээ булаагаад цаашаа суу, би машинаа бариад явна гэтэл үгүй гээд орилоод байсан. Гэтэл манай эгч Б.Х нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадаад авсан.  Гэтэл орилж чарлаад, намайг үх тэгвэл би сайхан амдарна гээд байсан. Тэгтэл манай эгч Б.Р нөхрийгөө ингэж хэлдэг хүн байдаг юмуу гээд нэг удаа алгадаад авсан. Удалгүй тэндээс би 2 эгчийгээ Приус 11 машиндаа суулгаад гэртэй ирсэн. Араас Содбилэг эхнэрийг маань аваад ирсэн. Гэртээ ирээд би унтах гэж  байхад Д.Е надруу заазуур барьж ална гэж дайртал Содбилэг заазуурыг нь булааж авсан. Тэгтэл намайг архины шилээр цохисон. Тэгэхээр нь би зүүн гараа саваад цохитол 2 нүдийг нь цохьсон байсан. Удалгүй би урд гэрт байх 2 эгчтэйгээ хамт унтаж амарсан. Миний хамар тухайн үед хавдаж хөхөрсөн Өөр гэмтэл үүсээгүй. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Манай хоёр эгч Д.Еийг алгадсан. Өөрөөр зодоогүй. Манай эгч Б.Х өвчин намдаах эм тариа авч өгсөн. Манай эхнэр Д.Е гомдол саналгүй болсон. Бид эвлэрсэн...”  гэх мэдүүлэг \хх-ийн 39-40 хуудас\

 

Яллагдагч Б.Б.Хгийн өгсөн:

 

2017 оны 7 сарын 27-ны орой 00 цаг болж байсан байх. Цагийг нь нарийн хэлж мэдэхгүй. Хурим болж байгаад гарсан. Чингисийн хүрээ баазаас гараад Б.Нгийн эхнэр Д.Е нөхрийнхөө Приус 10 маркийн машиныг жолоодож байсан ба Б.Р бид хоёр машиных нь ард суусан. Тэгээд баазаас хөдлөөд явж байснаа Д.Е тан нар манай ээжтэй очиж золгодоггүй сонин хүмүүс гээд гэнэт орилоод давхиад байсан. Тэгэхээр нь би аяархан яваач гэж хэлсэн чинь хамтдаа үхнэ гээд орилоод давхисан.Тэгээд би машинаас бууя, зогсооч гэсэн чинь үгүй, ална гээд байсан. Тэгээд Б.Нгийн найз С машинаараа урдуур нь орж зогссон. Тэгээд миний дүү Б.Н чи согтуу байж ямар их давхидаг юм бэ гэж хэлэхэд чамд хамаагүй. Би та нарын машиныг унаагүй, чи үхээч, чамайг үхэхээр чинь би машин авч унана, сайхан амьдарна гэж хэлэхээр нь Б.Н үснээс нь чирж буулгасан. Тэгээд манай дүүг үхвэл таарна гээд байхаар нь би Д.Е машинаас бууж ирээд Б.Нтэй түлхүүр булаацалдаж түлхэлцэж байхад нь баруун хацарт нь алгадсан юм.Тэгтэл Б.Р ирээд чи ямар сонин хүүхэн бэ гээд нэг удаа баруун гараараа баруун хацарт нь алгадсан. Зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Манай дүүг энэ тэнд золбин хүүхэдтэй гээд хэлэхээр нь би “чиний өмнө ямар байсныг чинь мэднэ, чиний амьдрал ч дардан байгаагүй шүү гэж хэлсэн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээж, хохирогчтой эвлэрсэн”.. гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуудас/

 

* Яллагдагч Б.Р-ийн өсгөн:

 

“...Би  2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Е-ийг Б.Н, Б.Х эгч нар алгадаж байхад нь очиж алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие муу байна. Толгой өвдөж, дотор муухайраад байна. Байцаалт өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/

 

Яллагдагч Б.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 хуудас/

Яллагдагч Б.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 хуудас/

Яллагдагч Б.Ргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 2017 оны 7 сарын 24-өөс 25-нд  шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан Бааюутын эрэг дээр иргэн Д.Е-ий биед хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт нь гэмт хэрэг  болох нь  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нар нь 2017 оны 7 сарын 24-өөс 25-нд  шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан Бааюутын эрэг дээр иргэн Д.Е-тэй маргалдан улмаар түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Д.Е-ний “...манай нөхөр Б.Н бууж ирээд машины хаалга онгойлгож буу гэсэн, би буухгүй гэсэн чинь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж аваад үсдэж, машинаас чирж буулгасан. Тухайн үед Б.Н гийн эгч нар болох Б.Х, Б.Р 2 миний машинд сууж явсан.Тэгсэн 2 эгч нь ч гэсэн бууж ирээд Б.Нтэй хамт намайг гурван талаас нүдэж зодсон....”гэх мэдүүлэг, гэрч Ч.С-ийн “...Б.Н машиныхаа хаалгыг онгойлгоод Д.Еийг үсдэж чирээд машинаасаа буулгаж ирээд газар өвдөгөөр нь чирсэн тэгтэл баруун талын хаалгаар Б.Н-гийн том эгч Б.Х нь бууж ирэн Д.Еийг хүн аллаа ямар хурдтай явдаг юм бэ гээд нүүрэн хэсэгт нь алгадсан. Тэгээд зүүн талын хаалгаар Б.Р гарч ирээд Д.Еийг нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Н-гийн “...Тэгээд машинаа зогсоогоод түлхүүрээ булаагаад цаашаа суу, би машинаа бариад явна гэтэл үгүй гээд орилоод байсан. Гэтэл манай эгч Б.Х нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадаад авсан.  Гэтэл орилж чарлаад, намайг үх тэгвэл би сайхан амдарна гээд байсан. Тэгтэл манай эгч Б.Р нөхрийгөө ингэж хэлдэг хүн байдаг юмуу гээд нэг удаа алгадаад авсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Ргийн “...Би  хохирогч Д.Е-ийг Б.Н, Б.Х эгч нар алгадаж байхад нь очиж алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Хгийн “...Б.Н үснээс нь чирж буулгасан. Тэгээд манай дүүг үхвэл таарна гээд байхаар нь би Д.Е-ийг машинаас бууж ирээд Б.Нтэй түлхүүр булаацалдаж түлхэлцэж байхад нь баруун хацарт нь алгадсан юм.Тэгтэл Б.Р ирээд чи ямар сонин хүүхэн бэ гээд нэг удаа баруун гараараа баруун хацарт нь алгадсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Е-ий биед хөнгөн хохирол учирсан талаар гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 324 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарт торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байх ба оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч  нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

 

 Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв. 

 

 

Хохирогч Д.Е нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-73х/, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-13/ тусгагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.3, 1.4 ,1.5, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 36.12 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага болгон

 

     

                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Н, Ц овогт Б.Х, Б овогт  Б.Р нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 500 /таван зуу/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нарыг  500 /таван зуу/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч нар,  хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н, Б.Х,  Б.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                         

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР