Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 492

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг              даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03611 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ч-, Д.О-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36 961 278 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Х.Ч-, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар, Э.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ч-, Д.О-нар нь Хас банктай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1080024542 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Х.Ч-ын Хас банк дахь 5000069238 дансанд 25.000.000 төгрөгийг шилжүүлэн хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр доорх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл болох 23.300.000 төгрөгийг үлдэгдэл дээр 10.000.000 төгрөгийн санхүүжилт хийж, нийт 33.300.000 төгрөг болгон үндсэн гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгоно гэж тусгасан. Энэхүү өөрчлөлттэй холбоотой үндсэн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн хугацааг сунган зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1080026511 болгон өөрчилсөн. Зээлдэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 11.100.000 төгрөг, зээлийн хүүд 17.539.773,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 786.206 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 1080026511 тоот зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 842 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй байна. 1080024542 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар 16-ны өдрийн 1080014058-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Х.Ч-, Д.Отгончимэг, Ч.Чингүүнжав нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Хандгайтын богинын 235 тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2203011921 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, эзэмших эрхийн 000415487 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрыг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгөнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1080026511-01 барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байр, 32 тоот хаягт байрлах Г-000682248 гэрчилгээний дугаартай Ү-2204080696 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж барьцааны зүйлийг өөрчилсөн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1080024542 дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүү 12,966,544 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,794,733 төгрөг нийт 36.961.278 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байр, 32 тоот хаягт байрлах, Г-000682248 гэрчилгээний дугаартай Ү-2204080696 улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Хас банк зээлийн гэрээний үүрэгт 36.961.278 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооллоор 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хоорондын тооцоогоор 47,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс өөрийн барьцаат хөрөнгийг орон сууцаар сольж зөрүү 20.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн. (2018 оны 11 дүгээр сарын 13-нд) үүнээс үндсэн зээлд 10.877.608,28 төгрөг, хүүнд 8.348.721,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 773.672,65 төгрөг төлсөн. Төлбөр хийгдсэнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 24-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн учир 3 сарын хүү тооцох явах ёстой. Иймээс Хас банкны 36.000.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дахин тооцоо хийж байж үлдэгдлээ тохирно гэжээ.

Хариуцагч Д.О-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн 33.300.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 36.961.278 төгрөг нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хас банкны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэрээний үлдэгдэл дүнг 47.408.723 төгрөг зээл, хүү, алданги нэхэмжилсэн байдаг. Энэ дүнг нөхөр Х.Ч- хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгө сольж зөрүүний 20.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт тушаасан. Түүнээс өмнө зээлийн төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөг хүртэл 29.430.750 төгрөгийг (үүнээс 10.877.606 үндсэн зээлээс 1.000.000 төгрөг, 17.348.721 зээлийн хүүнээс, 773.672 төгрөг нэмэгдүүлсэн хүүд тооцон суутгажээ) үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн. Үүнийг зөвхөн хүүнд суутгаж, үндсэн зээлээс хасаагүй байгаа нь шударга биш зээлдэгчийг хохироож гэрээний хуваарь зөрчиж өндөр хүү болсон байна. 2018 оны 10 дугаар сарын 24-ний гэрээнд өөрчлөлт оруулж гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болохоор өөрчилсөн. Гэрээний хугацаанд дээрх төлбөрийг нягталж, хянуулж дахин тооцоо хийх хүсэлтэй байна. Хас банкны нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Д.О-миний бие 2016 онд ОХУ-д докторт суралцахаар явсан. Түүнээс хойш таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа Барьцаа хөрөнгө Х.Ч-ын нэр дээр байдаг тул Хас банктай хийсэн гэрээний үүргээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Гэрээг Х.Ч-ын нэр дээр дахин шинэчлэн хийх хүсэлтэй байна. Гэр бүл цуцлуулах өргөдлөө шүүхэд өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ч-оос зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч Х.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080696 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Д байрны 32 тоот хаягт байршилтай, 68.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 08/656 тоот өргөдөл гаргасан. Өргөдөлдөө зээлийн төлбөрийн үлдэгдэл 47.408.722,06 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тооцож эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч тохиролцсон. Гэтэл тус банк хамтран эзэмшигч эхнэр Д.Отгончимэгийн 700 м.кв, Х.Ч- 700 м.кв, Ч.Есөнхандын 625 м.кв, хүү Ч.Чингүүнжав нараас татгалзан өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүл тэгвэл манай банк барьцаалж байгаа үл хөдлөх хөрөнгийг өндөр үнээр борлуулна гэж санал тавьсан. Дээрх саналын дагуу барьцааны эд хөрөнгөө ганцхан өөрийн нэр дээр шилжүүлсэн. Мөн банк газар болон хаусаа хотод байрлалтай орон сууцаар сольсон тохиолдолд тухайн байрыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулах боломжтой гэж амлаж хамтран борлуулахаар удаа дараа зар тавьсан ч зарагдахгүй байж байгаад зараар нэг иргэн Баянзүрх дүүргийн Таривлан хотхон дахь 2 өрөө байр дээр нь 20.000.000 төгрөгийг нэмж өгөх санал орж ирэхэд би Хас Банкны зээлийн эдийн засагч Э.Амартүвшинг дагуулан тэр байрыг үзүүлж зөвшөөрөл авч өөрийн газар болон хаусаар сольж 20.000.000 төгрөгийг Хас Банкны дансанд шууд хийлгэсэн боловч зээлийн төлбөрөөсөө хөнгөлнө гэсэн амлалтаа биелүүлээгүй болохыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрээс олж мэдлээ. Надад ойлгуулахдаа эвлэрлийн гэрээ байгуулсан үеэс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлнө гэж төөрөгдөлд оруулж намайг хохироосон гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 20-ны эвлэрлийн гэрээний байдлаар 47.408.722.06 төгрөг байснаас гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хаус газраа зарж 20.000.000 төгрөгийг шууд төлж 27.406.722,06 төгрөг байхаар тооцоо гарч байгаа. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан 36.961.276 гэснийг 27.406.722,06 төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Х.Ч-, Д.О-нарт холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл 22.200.000 төгрөг, зээлийн хүү 12.966.544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.794.733 төгрөг, нийт 36.961.278 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч хариуцагч Д.Отгончимэгт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж, уг тайлбартаа хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хавсаргасан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хариуцагчийн гаргаж өгсөн “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан Хас банкны өргөдөл” гэх баримт нь бичмэл нотлох баримтад тавигддаг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна эвлэрүүлэн зуучлалд гаргасан Хас банкны өргөдөл хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байх тул хариуцагчийн татгалзал, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зээл, хүүний тооцооллыг гаргаж өгөөгүй байхад “...гэрээнд заасны дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь үнэн зөв”  гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03611 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ      

                                                                                                            Н.БАТЗОРИГ