Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Н.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.г овогт Н.Гд холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н. Г 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 06 сарын 09-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Хар Чулуутын ам гэх газарт 58-84 улсын дугаартай дан кабинтай портер маркийн тээврийн хэрэгслийг засмал зам дээр жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно.”, 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарса үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас иргэн Н.Нгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн...тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Г.А өгсөн:

 

"... 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний аав Н.Г нь миний ээж Б.Н, миний эхнэр Б.Б, манай хүү А.М-ийн хамт Тариат сумын төв орохоор Портер маркийн тээврийн хэрэгслээр явж байгаад Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хар Чулуутын ам гэх газарт зүүрмэглэж байгаад машинтайгаа онхолдсон байна лээ. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний эцэг архи уудаггүй хүн байгаа юм. Манай эцэг даруу төлөв зантай, үг цөөтэй, архи дарс хэрэглэдэггүй, Тамхи татдаггүй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Нутгийн хүмүүст нэр хүнд сайтай хүн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

                * Насанд хүрээгүй гэрч А.М-гийн өгсөн:

 

 “...2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шиг санаж байна би өөрийн гэрээсээ өвөө эмээ болон ээжтэйгээ сумын төв рүү орохоор дан кабинтай портер машинд суугаад явсан тэгээд засмал зам дээр гараад би унтчихсан байсан. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан. Би өөр ямар нэг зүйл санахгүй байна. Би ээжтэйгээ Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан. Миний толгой өвдөөд байсан. одоо зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,

 

              * Гэрч Н.Г-ын өгсөн:

 

               “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг болох гэж байсан байх. Би цагийг нь одоо нарийн сайн санахгүй байна. Намайг Завхан аймгаас Архангай аймаг явж байх замд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хар Чулуутын ам гэх газарт нэг Портер машин замын хажуу руу онхолдсон байсан. /Би Архангайнх болохоор газар нутгийг сайн мэднэ/ Зам дээрээс харахад Портерийн ард талд нэг хонь үхсэн байсан юм. Цааш хартал нэг цоохор өмдтэй гэмээр хүн дээгүүр бүтээлэг нөмрүүлж байсан. Би яагаад осол болсон юм бол гээд зам руу харахад зам дээр ямар нэгэн саад болон замын хагархай ховил байгаагүй. Тээврийн хэрэгслийн дугуйн мөр /урсгал сөрж 2 удаа дарсан, өөрийнхөө зорчиж байсан урсгал руу мөн 2 дарсан гэмээр/ байсан. Тэр хүн болгоомжгүй хурдтай явж байсан байх гэж надад санагдсан. Тэгээд тэнд нэг хөгшин ах уйлаад байсан. Би тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудах гэсэн боловч сүлжээ барихгүй байсан. Тэгээд би сүлжээтэй газар очоод мэдээлэл хүргэх гээд тэр газраас хөдөлсөн. Түргэн дуудчихаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би Архангай аймгийн төвд орж ирж хоноод Улаанбаатар хот руу явсан. Би энэ хэрэг гарсан газар очоогүй, олон зүйлүүдийг хараагүй. Түргэн болон цагдаа дуудахаар явсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын  2017 оны 6 сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтэнд: 

Талийгч Б.Н-гийн биед хавсарсан гэмтэл болох дух, зулай ясны шугаман хугарал, гавлын суурь баруун урд, дунд хонхор, турк эмээлийг дайрсан шугаман хугарал, их бага тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, дух зулай орчмын хуйхан доор цус хуралт, өвчүү ясны голын хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, цээжний баруун хөндийд дотуур цус алдалт /1.5л/, дотор эрхтний доргилт болох элэгний баруун дэлбэнгийн язрал, үнхэлцгийн урд, элэгний ар гадаргуу, баруун бөөрний өөхлөг, үүдэвч хальсан доор цус хуралт, баруун шилбэ ясны доод хэсгийн үүрч бяцарсан хугарал, баруун бугалганы гадна дээд хэсгийн зулгаралт, цус хуралт, баруун шуу, дал, сүвээ, өгзөг, 2 гуя шилбэний цус хуралт, зүүн гуяны доод дотор хажуугаас тойгны доогуур хөндлөн чиглэсэн ангархай шарх, зүүн эрхий хурууны алган талын шарх, нүүр хамарт зулгаралт, зовхинд цус хуралт, дээд эрүүний хиймэл шүдний хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох, доргих, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархи,цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлнэ.Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр бөөрний сорвижилт үрэвсэл, зүрхний зүүн хөндийн

тэлэгдэл архаг хууч өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн  М.Бат-Эрдэний гаргасан 2017 оны 7 сарын 17-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэнд: Жолооч Н.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Н.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д: “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно.”, 2.7 а-д: “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Асфальт, шулуун, тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, таатай байсан, байгалийн нөхцөл нөлөөлсөн зүйл илрээгүй. Ослын схем зураг дээр тормозны мөр байхгүй байна. Осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ослын схем зураг дээр тормозны мөр байхгүй байна. Хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Н.Г-гийн  Цагдаагийн байгууллагын нэгдсэн жолоочийн лавлагааны сангаас шүүж үзэхэд жолоочийн үнэмлэхгүй байна. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/,

 

Яллагдагч Н.Ггийн өгсөн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэр болох Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Мөстийн ам гэх газраас өөрийн эхнэр Б.Н, өөрийн бэр Б, ач хүү М нарыг аваад Архангай аймгийн Тариат сумын Төв орохоор засмал замтай нийлээд Тариат сумын Хорго багийн Хар Чулуутын ам гэх газар хүү А-гийн 58-84 улсын дугаартай Портер маркийн машиныг жолоодож яваад хоромхон хугацаанд зүүрмэглэсэн. Тэгээд уг осол болсон байсан. Тухайн үед юу болсон талаар би санахгүй байна. Тэгээд би ерөөсөө хаагуур гарсан болохыг ч мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би машин барьж чаддаг болохоороо ойр зуур яваад байдаг байсан юм. Тээврийн хэрэгслийн явах эд анги хэвийн ажиллаж байсан. 58-84  улсын дугаартай машин нь манай хүү А эзэмшлийнх байгаа юм. ...Миний гавлын яс цуурсан, зургаан хавирга хугарсан байсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би хайхрамжгүй зангаасаа болоод энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,

Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97 хуудас/

Архангай аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 98 хуудас/

Шүүгдэгч Н.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар Чулуутын ам” гэх газарт  зам тээврийн осол болж  Н.Н нас барсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

             Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар Чулуутын ам” гэх газарт 58-84  улсын дугаартай дан кабинтай Портер маркын тээврийн хэрэгслийг зам дээр жолоодож явахдаа үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, мөн дүрмийн 2.7.а дахь заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас иргэн Н.Нгийн амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Гын “...Намайг Завхан аймгаас Архангай аймаг явж байх замд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хар Чулуутын ам гэх газарт нэг Портер машин замын хажуу руу онхолдсон байсан. ...Би яагаад осол болсон юм бол гээд зам руу харахад зам дээр ямар нэгэн саад болон замын хагархай ховил байгаагүй. ...Тэгээд тэнд нэг хөгшин ах уйлаад байсан...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч А.Мгийн “...тэгээд засмал зам дээр гараад би унтчихсан байсан. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 67 дугаартай дүгнэлт, мөн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 79 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Ггийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэш зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Б.Нгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Н.Гг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд  тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.г овогт Н. Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

6. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                         

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР