Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1110

 

М.Г-т холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ү.Амарбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч М.Далайхүү, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Ү.Амарбатын гаргасан давж заалдах гомдлоор М.Г-т холбогдох эрүүгийн 2005014690711 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Г-, 1973 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Б.С-гийн хоолойг боомилж санаатай алсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Г-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, М.Г-т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-ын цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 төгсгөл нь залгуурны хэсэгтэй, нөгөө төгсгөл нь гадна хар өнгийн хүрээн дотроос зэс утас цухуйн гарсан 58 см урттай залгуур, тасархай цэнэглэгчний урд талын хэсэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Ү.Амарбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор М.Г-т оноосон ялын хэмжээ нь “шударга ёсны зарчим”-д нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан байдаг. Харин шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлд зааснаар М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ. Ялтан М.Г- нь хохирогчийг боосныхоо дараа нас барсан байж болзошгүй нөхцөл байдалд байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр өөр өрөөнд орж унтаж, 3-4 цагийн дараа түргэн тусламж дуудах үед хохирогч хэдийнээ нас барсан байсан. Өөрөөр хэлбэл, ялтан М.Г- нь яаралтай түргэн тусламж буюу цаг алдсаны улмаас хохирогч нас барсан байж болзошгүй. /хх 140, 151/. Хэрэв түүнд яаралтай түргэн тусламж үзүүлсэн бол талийгаач өдийд амьд ч байсан байх боломжтой байсан. Түүнчлэн ялтан М.Г- нь согтуугаар, хохирогчийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэх үедээ догшин ширүүн ааш авиртай болдог, бусад руу уурлаж, дайрч хүч хэрэглэдэг болохыг гэрч С.Дарьсүрэн /хх 53/, гэрч Нэмэхбаяр нар тус тус өөрсдийн гэрчийн мэдүүлэгт /хх 48/ мэдүүлсэн байдаг. Гэвч шүүхээс оногдуулсан ялын хэмжээ нь М.Г-ын үйлдсэн гэмт хэрэг болон түүний гэм буруугийн хэмжээнд багадсан буюу архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, бусдад хүч хэрэглэж, гэмтээдэг этгээдэд оногдуулж болох хамгийн бага хэмжээний ялыг оноосон нь түүний гэм буруугийн хэмжээнд нийцээгүй байна. М.Г- нь урьд нь ижил төрлийн гэмт хэрэг буюу Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 372 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Хүнийг болгоомжгүйгээр алах” гэмт хэргийг үйлдэж, 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байхад шүүхээс хэт бага хэмжээний ял оноосон. Тэгтэл М.Г- нь өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялын хүрээнд гэм буруугаа ойлгож, засан хүмүүжсэн биш харин дахин хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн байгаа атал шүүхээс түүнд оноож болох хамгийн доод хэмжээний ялыг оноосон төдийгүй ингэснээрээ ял эдэлж дууссаны дараагаар дахин өөр хэн нэгэн этгээдэд хүч хэрэглэж, амь нас болон эрүүл мэндэд нь хохирол учруулж болохуйц эрсдэлтэй, нийгэмд аюултай нөхцөл байдал үүсгээд байна. Өмнөх хэсэгт цухас дурдсанчлан М.Г- нь байнга архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, ойр хавийнхандаа агсам тавьдаг, хамт амьдарч байгаа хүмүүсээ зодож дарамталдаг, хүч хэрэглэдэг харгис, хэрцгий зан ааштай атал түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын хэмжээний хамгийн доод хэмжээг оноосон нь М.Г-ын үйлдсэн гэмт хэрэг, түүний гэм буруугийн хэлбэр, нийгмийн хор аюулын шинж зэрэгт тохироогүй байна. Түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, өөрийн гэмт үйлдэлдээ гэмшихүйц хэмжээний буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлд заасан хамгийн өндөр ял буюу 15 жилийн хорих ял оноох нь шударга ёсонд нийцнэ. Ялтан М.Г- нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байж болзошгүй талаарх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчилсан байдаг бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох бөгөөд харин байнга үйлдээгүй тохиолдолд зөрчилд тооцогдоно. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад хохирогч нас барсан тохиолдолд 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог. Талийгаач нь М.Г- гэгчтэй амьдарснаас хойш удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд энд тэндээ хөхөрчихсөн байдалтай байдаг байсан. Энэ талаар нь асуух үед юманд цохьчихсон, уначихсан гэх мэтээр нуудаг байсан. 2019 оны 8 дугаар сард эгчийн маань төрсөн, ганц хүү Төгөлдөр ээжтэйгээ уулзахаар М.Г-ын гэрт очих үед М.Г- нь урьдын адил согтуу байсан бөгөөд хүү Төгөлдөр рүү хутга барин дайрсан хэрэг гарч байсан. 2019 оны 10 дугаар сарын 18-нд эгчийгээ гэрээс нь ээж, дүү, бэр нар нь очиж авахад талийгаач С- эгч маань толгой дээрээ оёдолтой, 2 нүд нь цус хуралттай (час улаан болсон), гуяндаа нилээн том хөхөрсөн, шанаа хэсэгт ч бас том хөхөрсөн байсан бөгөөд тэр үед ч бас М.Г- талийгаачийг явуулах дургүй байна гэж согтуугаар хэрүүл хийж байсан. Талийгаач өөрийн гэртээ ирж ажил хийж амьдарч байхад М.Г- байнга түүний араас өөр рүү нь эсхүл гэрийнхэн рүү нь залгаж, тайван байлгадаггүй байсан. Мөн 2020 оны 2 дугаар сард ч бас эгчийгээ гэрээс нь очиж авахад нүд, нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй талаарх дараах гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдэд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Үүнд: “Ялтан М.Г- болон хохирогч нар нь хоорондоо их муудалцдаг байсан бөгөөд нэгнийгээ зодож гэмтээдэг байсан төдийгүй ялтан М.Г- нь огцом ууртай, мөн уурласан үедээ бусад руу галзуу бух шиг зодох гэж байгаа юм шиг дайрдаг” гэх гэрч С.Дарьсүрэнгийн мэдүүлэг /хх 53/,  “Ганбаа ах ажил хийдэггүй, байнга бараг өдөр болгон архи уудаг, Сараа эгчийг хааяа зодчихсон нүд нь хөхөрчихсөн явж байдаг байсан ба Сараа эгчээс асуухаар ... аа манай нөхөр л цохьчихсон гэдэг байсан” гэх гэрч Нэмэхбаярын мэдүүлэг /хх 48/, “Хохирогч С-гийн хөх өнгийн куртка дээр О бүлгийн буюу хохирогчийнх байж болзошгүй цус илэрсэн” гэх биологийн цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадоржийн дүгнэлт /хх 95/, “С-гийн хар өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, хар өнгийн ханцуйгүй цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ цооролт, цэнхэр өнгийн хүрэм дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт, цэнхэр өнгийн дотоож болон хар өнгийн хөхөвч дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, хар өнгийн хос гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан цахилгаан товчны шинэ гэмтлүүд байна” гэх криминалистикийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч О.Баттулгын дүгнэлт /хх 100/, “Талийгаачийн уруулын салстын шарх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна” гэх шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх 91-92/.

Хохирогч нас барснаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй: Шүүхээс М.Г-т байж болох хамгийн бага ял оноосон төдийгүй, зөвхөн оршуулгын зардал гэх 10.100.000 төгрөгийг М.Г-ын ар гэрээс төлж, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байгаад гомдолтой байна. Талийгаач нь төрсөн хүүгийнхээ хувьд цорын ганц тэжээгч, гэр бүлийн гишүүн байсан бөгөөд гэр бүлийнхнийх нь хувьд нөхөж баршгүй гарз хохирол учруулсан байхад зөвхөн оршуулгын зардлыг олгосонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Иймээс хүний амь нас хохирсноос учирсан уг хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сэтгэл санааны хохиролд гаргуулах хүсэлтэй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд үндэслэн учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хянаж, гомдолгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...М.Г- нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Манай эгч гэртээ ирэх болгондоо бие нь хөхөрсөн байдаг байсан. Нэг удаа хүүхэд нь очиход хутга бариад хөөж байсан. Хамгийн сүүлд “хаалга онгойлгож өгөх үед хэн нэгэнтэй үнсэлцэж байгаа мэт үйлдэл гаргасан” гэж хардалтын улмаас боомилсон байсан. Тэр өдөр би эгчтэйгээ ярихад “гэртээ очно. Г- гараад явчихсан. Түлхүүр байхгүй байна. Ирэхээр нь гаръя” гэж байсан. Тэгээд уруу татаж архи уулгачихаад худлаа мэдүүлсэн байсан. М.Г- нь хуурамчаар группээ сунгуулдаг байсан маш худалч хүн. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Г-ын ээж Цэндсүрэнгийн биеийн байдал муу, асаргаанд байдаг гэх хорооны болон өрхийн эмчийн тодорхойлолтыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгч байна. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа баримтлах ёстой үндсэн зарчмуудыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 8 жил нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Мөн ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргийг хуульчилсан. Гэхдээ М.Г- нь 1998 оны 7 дугаар сард энэ гэмт хэрэг холбогдсон буюу 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Иймээс энэ нь ял оногдуулахад харгалзан үзэх үндэслэл болохгүй. Учир нь, энэ үйлдлээс хойш маш олон удаагийн Өршөөлийн тухай хууль гарсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж зүйлчлэлийн асуудлаар маргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагч хэргийг зөв зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэн шийтгэх тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэл буюу байнга давтагдах шинж тогтоогдоогүй. Тухайн өдөр маргаан болох үед хувийн шалтгаантай байсан буюу амь хохирогч орж ирсэн эрэгтэй хүний араас гарах гэж байсныг болиулах явцад амь хохирогч эсэргүүцэж хашгирсныг таслан зогсоож байгаад энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч талаас хохирлыг бүрэн барагдуулаагүй гэж байна. Гэтэл шүүгдэгч талаас сайн дураараа амь хохирогчийн буяны ажлын зардал болох 10.100.000 төгрөгийг өгсөн. Үүнд ямар нэгэн баримт шаардаагүй, баримтын хүрээнд гаргаж өгнө гэх асуудал яригдаагүй. Зөвхөн буяны ажил явагдах үед шүүгдэгч талаас сайн дураараа гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой баримтыг жич нэхэмжлэх эрхтэй үлдээсэн тул хохиролтой холбоотой асуудлыг баримтаа цуглуулаад жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч М.Г- нь 2016 онд аваарт орж, тархиндаа хүнд гэмтэл авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Иймээс биеийн байдал муу, байнга таталт өгч унадаг. Энэ нь цагдан хорих ангийн эмчийн магадлагаагаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч М.Г-аас “хэрэв би ялаа эдэлж дуусаад гарч ирж чадвал үр хүүхдэд нь тусална” гэж байсан болохыг шүүх бүрэлдэхүүнд уламжилж байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Б.С-гийн хоолойг боомилж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн ...Миний эгч Б.С- нь 2008 оны үед Г- гэдэг хүнтэй танилцсан. Эгч маань ажил төрөл хийхээр Г- хардаад байна гээд олон удаа ажлаас нь гаргаж байсан, нилээн хартай хүн байдаг юм шиг байна лээ. Ерөнхийдөө 2010 оноос хойш Г-ын гэрт амьдрах болсон бөгөөд хүүхэд нь ээж дээр байдаг байсан учраас хүүхэдтэйгээ уулзах гээд ирэн очин байдаг байсан юм. Г- гэдэг хүнтэй танилцсанаас хойш сүүлийн 2, 3 жилийн хугацаанд архи уух болсон. ...хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчим би С- руу залгаж утсаар ярихад орой гэртээ ирнэ гэж ярьж байсан. Тэгэхэд Г- гэрт байхгүй байна, ирээд гарах байх гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй бөгөөд 18-19 цагийн орчим залгахад утас нь холбогдохгүй байсан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Ж.Буянжаргал гэдэг хүн гэрт ирж уулзаад Б.С-г нас барсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. ...”/1хх 43-44/,

 

гэрч Б.Б-ын “...Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 22 цаг 07 минутад 95444015 гэсэн дугаараас “Ухаангүй архи уусан Баттөмөрийн С-, 44 настай, эмэгтэй” гэдэг утгаар дуудлага орж ирсэн. Дуудлаганд 12 минутын дараа буюу 20 цаг 12 минутад дуудлаган дээр очсон. Намайг дуудлаган дээр очиход цагдаагийн хоёр алба хаагч орцны хаалгаар цуг орж таарсан. Дуудлагын хаягаар ороход 40-50 орчим насны, эрэгтэй хаалга онгойлгож өгч гэрт оруулсан, гэрт ороход үүдний шалан дээр дээшээ харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан, юу болсон талаар асуухад уг эрэгтэй тайлбарлахдаа “Гаднаас согтуу орж ирээд саваад уначихсан, тэгээд амьсгалахгүй болохоор нь дуудлага өгсөн" гэж тайлбарлаж байсан юм. Ингээд газар унасан эмэгтэйг үзэхэд амьсгал нь бүрэн зогссон, биологийн үхэлд бүрэн шилжсэн байсан тул хамт орсон цагдаад уг эмэгтэй нас барсныг хэлж эмнэлгийн хуудсыг үлдээсэн юм. ...” /1хх 45/,

 

гэрч Б.О-ын “...Орон сууцанд ороход үл таних, 40 гаран насны, махлаг биетэй, шардуу арьстай, эмэгтэй үүдний том өрөөнд дээш харсан, толгой нь зүүн урагш харсан, хоёр гар нь шулуун байрлалтай эмэгтэй нас барсан болохыг хэлсэн. Тухай үед цогцосын хүзүүнд боогдолтын ул мөр болох ором үлдсэн байсныг би харсан. Тухайн үед М.Г- нь болсон үйл явдлыг тайлбарлахдаа “Орой 19 цагаас хойш хүний төрсөн өдөр тэмдэглэж, хамт архи уусан, манай эхнэр гарч яваад эргэж орж ирээд гэрт ухаан алдаад газар унасан, би дээш нь өргөөд орон дээр хэвтүүлэх гэсэн чинь амьсгалахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан гэж хэлсэн. ...”/1хх 46/,

 

шүүгдэгч М.Г-ын яллагдагчаар өгсөн: “... Би С-г санаатайгаар алаагүй бөгөөд бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2-лаа согтолттой байсан, мөн дээр нь С- хаалга онгойлгож өгөхдөө хэн нэгэнтэй үнсэлцэж байгаа мэт үйлдэл хийсэн, тэгснээ удаагүй гэрээс гарч явах гээд байсан. Би түүнийг гаргахгүй гэхэд С- зурагтны тавиурын доод талаас цэнэглэгч аваад хүзүүгээ ороогоод татаад байсан бөгөөд би С-гийн хүзүү рүү түлхэх үед хойшоо газар унасан бөгөөд би хүзүүн дээр нь дарсан. Тухайн үед яг гараараа боосон уу, цэнэглэгчний утаснаас барьж байгаад боосон уу гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд цэнэглэгчийг аваад цааш шидэх болсон. Би С-г тэр чигт нь үлдээгээд тайвширчих байх гэж бодоод унтлагын өрөөнд ороод хэвтсэн чинь унтаад өгсөн байсан. Тэгээд С-г чимээ гаргахгүй байхаар нь очоод харахад амьсгалахгүй байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 151/,

 

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “талийгаач Б.С-гийн хүзүүнд үүссэн боолтын ором нь талийгаач өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй, гадны нөлөөтэй үүссэн гэмтэл. Эрүүний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт нь боолтын улмаас үүссэн байх боломжтой. Харин уруулын салстын шарх гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Талийгаачийн хоолойг нарын цэнэглэгчийн уяагаар боох үед, нарийн утас зүйлээр бооход үүсэх боломжтой. Талийгаачийн ард шилэн хүзүүний орчим гэмтэл үүсээгүй байсан. Боолтын төгсгөл нь хүзүүний урд хэсэгт 5.2 см урт нарийн боолтын оромтой байсан. ...” /1хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №994 дугаартай “...Талийгаач Б.С-гийн цогцост хүзүүнд боолтын ором, баруун талын гүрээний ерөнхий артерийн гадна хальс, судас мэдрэлийн багцын цус хуралт, уруулын салстын хуучин шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүн дэх боолтын ором нь нарийн уяа гогцоо, эрүүний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт, уруулын салстын хуучин шарх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач амьддаа үүсгэгдсэн боолтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. ...” /1хх 78- 83/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №584 дугаартай ...М.Г- нь сэтгэцийн талаас өөрчлөлтгүй. Мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт таталт эмгэгтэй байна. М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь сэтгэцийн цочрон давчдах нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөхгүй болно. М.Г- нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд сэтгэл санаа нь цочрон давчдах гэх шинж тэмдэг илрээгүй байна. М.Г- нь хэрэг үйлдэхээс өмнө эсхүл хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн талаас өөрчлөлтгүй. Мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт таталт байсан байна. М.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Г- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Г- нь асуусан асуултыг ухамсарлан ойлгох чадвартай байна. ...” /1хх 123-125/ гэсэн дүгнэлтүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-16/, илтгэх хуудаст: “...хэрэг учрал болоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, драгейр багаж үлээлгэхэд 1,06 % согтолттой гарсан. ...” гэсэн тэмдэглэл /1хх 40/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Г-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн шүүгдэгч М.Г-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.С-гийн хоолойг боомилж амь насыг нь  хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Ү.Амарбат “...хүний амь нас хохирсноос учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлбөрт гаргуулах хүсэлтэй, мөн ял шийтгэлийг  хэт хөнгөн оногдуулсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж заажээ.

 

Мөн хуулийн ерөнхий ангйин 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд тусгай ангид заасан тодорхой гэмт хэрэгт буруутгагдсан этгээдэд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах үндэслэлийг заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ял төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулах бөгөөд ингэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тусгай ангид заасан ялуудын аль хөнгөнийг, эсхүл аль хүндийг, түүнчлэн доод хэмжээгээр, эсхүл дээд хэмжээгээр ял оногдуулж болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.3 дугаар зүйлийг, 6.5 дугаар зүйлийг, 6.6 дугаар зүйлийг тус тус уялдаатай авч үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээргүй байна.

 

Шүүгдэгч М.Г- Б.С-гийн амь насыг хохироосон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байдал нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд гэм буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж,

мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохирлын талаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Ү.Амарбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Ү.Амарбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ