Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02458

 

2024 05 03 184/ШШ2024/02458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Т.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, дүүрэг 5 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 1 хороо, 2 хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., иргэдийн төлөөлөгч Т.Борчулуун, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 12 сарын 10-ны өдөр 1 дүгээр хорооллын Саппоро үйлчилгээний төвд зурагт засварын үйл ажиллагаа эрхэлдэг Ж.д Ротензо брэндийн 50 инчийн LCD зурагтын лед гэрлийг солиулахаар очиход 30 минутын дараа задална, 2 цаг угсарна, 3 цагийн дараа ирж аваарай гэсэн. 3 цагийн дараа очиход зурагтын дэлгэц хагарсан байдалтай, засварын газар нь үйлчилгээний газрын шаардлага, орчин нөхцөл хангаагүй, камергүй байсан. Гэтэл Ж. нь би ийм болгоогүй гэсэн учраас миний бие цагдаа дуудсан. Ж. нь цагдаагийн албан хаагчтай маргасан. Хариуцагчийн хайнга байдлаас болж эд хөрөнгөөрөө хохирсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардана. Миний бие Ротензо загварын зурагтыг 2020 онд 900 000 төгрөгөөр авч байсан, одоо шинэ зурагт нь 1 500 000 төгрөг, хуучин зурагт нь 1 200 000 төгрөгийн үнэтэй байгаа тул дунджаар нь бодоод Ж.аас зурагтын үнэ 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 10-ны өдөр Rotenzo загварын 50 инчийн LCD зурагтыг авчирч үзүүлэхдээ Нэкст электрониксын засварт засуулах гэж 1 сар хүлээсэн гэж хэлсэн ба шалгаж үзэхэд дэлгэц нь асахгүй байсныг асуухад лед гэрэл нь шатсан гэж хэлсэн. Гэрлийг нь солих үйлчилгээ 3 цаг орчим үргэлжилсний дараа шалгаж үзэхэд өрөөсөн талдаа зураастай байсан. М.*******ийг ирэхэд нь энэ тухай хэлэхэд ийм байгаагүй гэж хэл амаар доромжилж, цагдаа дуудсан. Миний бие 2003 оноос хойш зурагтын цахилгаан гэмтэл, гэрэл сольж байхад ийм асуудал гарч байгаагүй, нэхэмжлэгч нь анхнаасаа зурагт эвдрэлтэйг мэдсээр байж намайг олзлон авч, хилсээр гүтгэж, зурагтаа бүтэн болгох сонирхолтой байна, яагаад зурагтыг 1 сар хаана ч засуулаагүй байж байгаад гэнэт авчирч өгөв, биеийн хэлэмжээр надыг дээрэлхэж байна. Зурагтын лед гэрэл асахгүй гэмтэлтэй ирснийг 3 цагийн турш засаж, 180 000 төгрөгийн засвар хийж дэлгэцийг нь асдаг болгосны дараа баруун дээд буландаа зураастай байгаа нь мэдэгдсэн. Дэлгэц нь асдаг ирээд гэмтэл нь харагдсан бол би хүлээн авахгүй байсан. М.******* нь 1 сар асааж үзээгүй телевизороо Нэкст электрониксоос авчрахдаа тэнд солих гэрэл байхгүй гэж хэлсээр ирснийг асдаг болгож өгсөн. М.*******ийн зурагт хаана, ямар газар гэмтсэн болох нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруутай гэж үзэж, засварын мөнгөний талыг гаргаж өгөх саналтай байна гэв.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрэл зураг, Нэкст электрон бараа, тавилгын сүлжээ их дэлгүүрийн НӨАТ-ын баримт, баталгаат засварын хуудас /хэргийн 1, 7-12, 29, 97 тал/,

5.Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл, гэрэл зураг, бакалаврын дипломын хуулбар, Супервайзер Г.Сүхбат гэх гарын үсэг бүхий баримт /хэргийн 18-19, 25-27, 44-45, 98 тал/,

6.Шүүхийн журмаар Нэкст сервис ХХК-ийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 24/029 дугаар албан бичиг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 106 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.М.*******ийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Зурагтын лед гэрэл солиулахаар хариуцагчид зурагтаа өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа зурагтаа авах гэхэд дэлгэц нь хагарч цуурсан байсан, хариуцагчийн буруугаар эд хөрөнгөд хохирол учирсан тул шаардах эрхтэй гэж,

3.Хариуцагч татгалзлаа дэмжиж: 20 гаруй жил зурагт засварлахад ийм зүйл гарч байгаагүй, нэхэмжлэгч нь өмнө нь Некст электроникс-д зурагтаа засуулахаар өгч байсан гэсэн, манайд засуулахаар өгснөөр хохирол учирсан гэх баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээр заасан.

5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.д лед гэрэл солиулахаар зурагтаа өгсөн, хариуцагч нь лед гэрлийг солихдоо эд хөрөнгөд хохирол учирсан нь нотлогдвол нэхэмжлэгч хохирлол арилгуулахаар шаардах эрхтэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ. Гэм хор учруулагчын хууль бус үйлдэл, учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой бол буруутай этгээд гэм хорыг хариуцан арилгадаг.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч нь өмнө нь Некст электроникс-д зурагтаа засуулахаар өгч байсан, тэнд эвдрэл үүссэн байх ... гэх агуулга бүхий тайлбар нь хэргийн 98, 106 дугаар тал дахь баримтаар няцаагдаж байна.

8.Хариуцагч Ж. нь засварт өгсөн зурагтыг хүлээн авахдаа эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдээгүй, гэм хор учруулахад буруугүй гэдгээ нотлоогүй, улмаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зурагтын лед гэрлийг солихдоо дэлгэцэд нь цууралт, хагарал үүсгэсэн хооронд шалтгаант холбоотой байх тул хариуцлага хүлээх үндэстэй.

9.Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь зурагтад учирсан хохирлоо мөнгөөр төлүүлэхээр шаардсан.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зурагтын дэлгэцийг шинээр солиход 800 000 төгрөг болно гэх тайлбар гаргасан бөгөөд тухайн зардлыг эд хөрөнгөд учирсан бодит хохирол гэж дүгнэлээ.

11.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлсэн, хариуцагч гэм буруутай, нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан болно.

12.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.аас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, үлдэх 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

*******.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс илүү төлсөн 46 450 /70 200-23 750/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 800 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 23 750 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.аас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, үлдэх 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс илүү төлсөн 46 450 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 23 750 төгрөгийг хариуцагч Ж.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

Т.АРИУНБОЛД