Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 118

 

 

Х.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Д-гийн хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн орон сууцаар нэхэмжлэгч Х.Д- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Д- миний төрсөн охин н.Б нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Н Ё-д урьдчилгаа төлбөрийг нь төлж, Х.Д- миний бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлж дуусган тус байрыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ү-2206017701 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч нь болсон. Н Ё- нь тус байранд Б.Н-, түүний нөхөр Ч.Б- гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст байрны асуудлаар надад холбогдуулан гомдол гаргаж шалгуулсан. Уг байрны маргааны асуудлаар охиноороо дамжуулж Ё.Нишинод хэлүүлэхэд “...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Гэрээ нь цуцлагдсан, байрнаас гарах ёстой” гэж тайлбарласан. Миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “байр албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргахад тус шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Н-гийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот, Ү-2206017704 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000143271 тоот Х.Д- миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н-гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай” захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус захиргааны хэрэгт Х.Д- миний бие гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд Б.Н-гийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид Б.Н- нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх” тухай шүүхийн тогтоол тус тус гарч, энэхүү захиргааны хэрэг нь нэг мөр шийдвэрлэгдсэн. Захиргааны хэргийн 3 шатны шүүх нь Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд эдгээр хүмүүс миний өмчлөлийн байранд амьдарч байсан тул би хоёр дахь удаагаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар “байр албадан чөлөөлөх” нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д-, Л.Алтанзул, Н Ё- нарт холбогдуулж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Л.Алтанзул Х.Д- бид хоёрын хооронд хийгдсэн байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Д-, Л.Алтанзул, Н Ё- нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч нь хянаад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжинд хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б.Н-, Ч.Б- нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н Ё- болон Ж.Одончимэг нарт холбогдуулж “байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Д- миний бие өөрийн худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй байгаагаас гадна дээрх захиргааны хэрэгт өмгөөлөгчид 3 000 000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид 2 000 000 төгрөгийг тус тус төлж хөрөнгө мөнгөөрөө давхар хохирч байна. Хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байранд ийнхүү 3 жил гаруй хугацаанд ямарваа нэгэн шалтаг тавьж, удаа дараа шүүхэд хандах зэргээр хугацаа авч өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байна. Сүүлд дахин тус байран дээрээ очиход Б.Н-, Ч.Б- нар нь амьдрахаас гадна түүний төрсөн хүү болох Б.Г- нь хамт амьдарч байсан. Энэхүү иргэдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо Х.Д- миний бие цаашдаа шаардах болно. Иймд Х.Д- миний бие дээрх үндэслэлээр гурав дахь удаагаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа тул Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н Ё-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр. Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Н- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Н Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр дээр шилжүүлэн өгөхгүй байсан тул 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н Ё- болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж Б.Н- нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Н Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Н Ё- нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав Ч.Б- болон Б.Г- надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Н Ё- нь Б Нийгүүсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдэж уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдрагч эмэгтэй болох Э.Оюумаагийн ээж Х.Д- гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Б.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд Б.Г- би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б-, Б.Н- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н Ё-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу бид үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Н Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр дээр шилжүүлэн өгөхгүй байсан тул 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н Ё- болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулсны дараа Н Ё- нь “байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр орон сууцаа зарж байгаа” гэж тайлбарласан тул 8 000 000 төгрөгийг гэрээний үнээс илүү төлсөн болно. Уг нэхэмжлэлд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан холбогдох ажиллагааг хийсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн тул хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Н Ё-д холбогдох хэргийг тусгаарлаж, Ж.Одончимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н Ё-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Гэтэл Н Ё- нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдарч байсан Э.Оюумаагийн ээж Х.Д- гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Н Ё- нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүүлж буй бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Х.Д- гэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. Сүүлд 2016 оны 7 дугаар сард Х.Д- нь гэнэт гарч ирэн “миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна” гэх болсон. Ингээд Б.Н-, Ч.Б- нар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг Х.Д- гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Д-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой, улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Б.Н-, Ч.Б- нар нь 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанзул, Х.Д- нарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32018/05638 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Н Ё-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Н Ё-г хамтран хариуцагчаар татсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32018/20107 тоот шүүгчийн захирамжаар Н Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжид нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Б.Н-, Ч.Б-, Б.Г- нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Н-, Ч.Б- нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Д- нь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. Дээрх байдлаар Б.Н-, Ч.Б- нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Н Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй нэг ёсондоо гацаанд орсон. Иймд Б.Н- би тухайн орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н-, Ч.Б- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н Ё-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг 70 000 000 зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авсан төлбөрийг Б.Н-, Ч.Б- нар нь Япон улсын иргэн Н Ё-гийн Голомт банкинд эзэмших 1605013644 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Н Ё- нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтгаан хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н-, Ч.Б- нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.Алтанзул нь Япон улсын иргэн Н Ё-гаас авсан итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Х.Д-д 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш Б.Н- би өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэн нэгэн хүн уг орон сууцыг худалдан авахаар үзэж сонирхож байсан удаа байхгүй. Гэтэл Х.Д- уг орон сууцыг огт орж үзэж байгаагүй хирнээ гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Б.Н- нь Х.Д-гаас 5 жилийн өмнө Н Ё-тай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулснаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа хүн юм. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Н-, Ч.Б- нар болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Д- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017704 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцохооргүй байх тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг тухай хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ч.Б-, Б.Н- нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Анхан шатны шүүх хариуцагч Б.Н-, Ч.Б- нарыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийнхээ 7 дугаар талд авагдсан үндэслэх хэсэгтээ төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй гэжээ. Төлбөрийг бүрэн төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа хууль бусаар эзэмшиж байгааг хэрхэн яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл гэрчийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан Мишино Еошимасагийн Голомт банкны дансанд төлсөн баримтуудаар болон Нишино Еошимасагийн нэхэмжлэлтэй Б.Г-т холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой няцаагдаж байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид болон гэрч Б.Н-гийн гэр бүлийнхэн Н Ё-д их хэмжээний өр төлбөртэй гэдэг боловч Н Ё- Б.Н-гийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой маргаанууд бүгд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээд дууссан. Хэрэгт авагдсан Н Ё-гийн Голомт банкны дансны хуулга болон хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтуудаар уг орон сууцны үнэ болох 70 000 000 төгрөг төлөгдсөн болох нь тодорхой харагддаг. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан маргаан бүхий орон сууцыг Х.Д- 30 000 000 төгрөгөөр худалдаж аваагүй нь тодорхой байх бөгөөд охин н.Байгалмаа нь Япон улсад байхдаа Н Ё-д төлбөр төлж байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй. Х.Д- нь өөрөө 30 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар мөн баримт огт байхгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт авагдсан Н Ё-гийн Голомт банкны дансны хуулга болон хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтуудаар уг орон сууцны үнэ болох 70 000 000 төгрөг төлөгдсөн болох нь тодорхой харагддаг. Хариуцагч Б.Н-, Ч.Б- нар нь хамгийн анх Х.Д-тай Н Ё-гийн төлөөлөгч орон сууц худалдан авахаас өмнө Н Ё-тай гэрээ байгуулж, уг гэрээнийхээ дагуу үүргийн гүйцэтгэж дууссан. Иймээс хариуцагч Б.Н-, Ч.Б- нар нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй юм. Хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрт дурдсан өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "... Х.Д-г Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байр, 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв, 3 өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөгийг төлсөн. Уг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулан, нэхэмжлэгч хариу тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарган нь хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Х.Д-г маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар ямар нэгэн дүгнэлт огт хийгээгүй байна. Мөн уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган нэхэмжлэгч Х.Д-г Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож, Б.Нийгүусүрэн, Ч.Б- нар нь 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Ч.Б-, Б.Н- нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн орон сууцаар нэхэмжлэгч Х.Д- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-2206017704 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх Япон улсын иргэн Н Ё- 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн баримт хэрэгт авагджээ. /2хх130/

 

Н Ё-гаас олгосон итгэмжлэлийн дагуу Л.Алтанзул нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түүний өмчлөлийн дээрх 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Х.Д-д шилжүүлснээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Х.Д-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /1хх-245-248, 2хх2/

 

2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б.Н-, Н Ё- нарын хооронд байгуулагдсан “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ”-гээр маргаж буй 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 14 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг 28 сарын хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах, орон сууцны өмчлөх эрхийг Б.Н-д шилжүүлэхээр тохиролцсон баримт хэрэгт авагджээ.

 

Хариуцагч нарын “...гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан” гэх тайлбар эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Гэрч Ж.Одончимэг “...Н Ё- энэ байрыг 70 000 000 төгрөгөөр Б.Н-д худалдахаар гэрээ байгуулах ажиллагаанд би орчуулагчаар оролцсон, хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг төлж, нийт 38 000 000 төгрөг төлсөн, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120 гаруй сая төгрөгийн яриа яригдсанаас хойш энэ гэрээ дуусгавар болсон” гэж мэдүүлжээ.

 

Хариуцагч нараас орон сууцыг худалдан авах тухай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн байхад Н Ё- нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Н Ё-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа шүүхэд гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаарх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байна.

 

            Мөн маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх, Х.Д-гийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг Захиргааны хэргийн шүүх хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч Б.Н-, Ч.Б-, Б.Г- нар орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ баримтаар нотолж чадаагүй тул өмчлөх эрх нь бүртгэлээр баталгаажсан Х.Д- нь орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн106.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын эсрэг өөрийн шаардлагыг гаргах эрхтэй боловч хариуцагч нарын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохооргүй буюу тухайн сөрөг шаардлагын хариуцагч нь Х.Д- биш байна. Өөрөөр хэлбэл Х.Д- нь хариуцагч нарын өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш болно.

 

Мөн хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан Х.Д- нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ