Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 129

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч:Б.Б

Шүүгдэгч: Ч.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан ус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Х холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ч.Х 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 8 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Элстэй гэх газарт хохирогч Я.Ц-ыг  “мал хөөсөн, хүүхэд айлгасан” гэх хувийн тааражгүй харьцааны улмаас маргалдан толгойн  тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

 Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

       *Хохирогч  Я.Ц-ий өгсөн:

“... 2017 оны 8 сарын 10-ны үед Батцэнгэл сумаас 

Ч.Х нь манай хүү Ц.Д-той малын бэлчээрээс болж маргалдсан байсан. Мөн хэрэг болохоос хэд хоногийн өмнө л малын бэлчээрээс болж маргалдсан.  Үүнээс шалтгаалан 2017 оны 8 сарын 25-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн орчимд архи уучихаад Ч.Х-тэй уулзахаар очсон. Ч.Х миний чих рүү гараараа нэг удаа цохьсон. Гарынхаа алга хэсгээр л цохьчих шиг болсон. Тэгээд Ч.Х яваад өгсөн ба би ч гэрлүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал Ч.Х манай гэрт ирээд миний дух руу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Өөрөөр бол цохиж зодоогүй. Ч.Х-д зодуулж байхад Б.Э, Б.Э, С.Б нар байсан. Мөн Ч.Хийн гэрийнх нь гадаа түүнд зодуулахад С.П,  С.О, Ц.Н нар байсан. Урьд өмнө нь 2-3 жилийн өмнө бид хоёр хурдан морины асуудлаас болж маргалдаж байсан ба Ч.Х миний  цээжин хэсэг рүү нэг удаа хүч багатайгаар цохиж  байсан ба надад бол ямар нэгэн гэмтэл бэртэл учирч байгаагүй. Би эмчилгээ хийлгэсэн болон эм тарианы мөнгө, улаанбаатар хот руу явсан зардлуудаа баримтаар нэхэмжилнэ . Хэдэн төгрөгний зардал гарсныг мэдэхгүй байна. Ч.Хэд бол гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

    

Гэрч Ц.Д-ийн өгсөн:

  “...2017 оны 8 сарын 24-ний өдөр манай хонь Ч.Х ахын хадам аав болох С гэх хүний хоньтой нийлэх гэхээр нь морьтой очиж хонийг нь салгах санаатай С ахын хонийг туусан. С ах намайг гэрийнхээ гаднаас дуудаад байхаар нь очсон. Надад яагаад хонь туугаад байгаа юм бэ гэж хэлсэн. Би хонь нийлэх гээд байна гэдгийг хэлсэн. С ах битгий солиор гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй явсан. Ч.Х ах мотоциклиор мал тууж явснаа гэрийнхээ гаднаас морь унаж уургаа бариад над руу ирсэн. Би гэрийнхээ гаднаас харих гээд ганцаараа явж байсан. Тэгтэл Ч.Х ах намайг чи юу гээд байгаа юм бэ гээд уургаараа миний толгой руу цохих гэхээр нь би гараараа хамгаалсан. Миний гар луу нилээд хэдэн удаа цохиж уургаа 4-5 удаа хугалсан. Ч.Х ах гараараа миний шанаа орчимд морин дээрээсээ цохьсон. Би таньтай юм ярихгүй гэж хэлсэн. Ч.Х ах “буугаад ир хоёулаа зодолдъё” гэж хэлсэн. Би “тийм зүйл байхгүй, Х ах та одоо боль” гэж хэлсэн. Ч.Х ах надтай хамт манай гэрт орсон. Би Ч.Х ахыг явахгүй байхаар нь хэрэлдээд дүүгээ хараараа миний нас бага, цус шингэнэ шүү гэж хэлсэн. Тэгтэл Ч.Х ах цусыг чинь үзнэ гээд төмпөнтэй махнаас хутга авч далайгаад, нүүр лүү хатгах гээд байсан. Гэхдээ хутгаар хатгаж, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Ингэж байхад манай ээж Дуламсүрэн дундуур орж салгасан. Ч.Х ах надтай маргалдаж байгаад гэртээ харихаар явсан. Би яахаараа ингэж хоёр хүний хооронд хэрүүл үүсгэж байгаа талаар хэлэх гээд Сүмбэр ахыг хонин дээрээ байхад нь очиж дагуулж яваад Ч.Х ахын гэрт нь орсон. Би ийм юм болсон гэдгийг хэлээд ах дүү хүмүүс одоо больцгооё гэж хэлсэн. Ч.Х ах урдаас битгий хуц гэж хэлсэн. Тэгсэн манай аавыг асуухаар нь мориндоо явсан гэж хэлсэн. Ч.Х ах аавыг чинь ирэхээр очиж ална гэж хэлсэн. Тэгээд Учраа олохгүй болохоор нь орой гэртээ харьсан. Би орой нь Батцэнгэл суманд ахынхаа 3-н адууг зарахаар машиндаа ачиж яваад 1 хоноод ирсэн. Намайг ирэхэд Ч.Х ах аавыг зодсон байсан. Намайг уургаар зодож байхад манай ээж, Сүмбэр ахын төрсөн эгч, Баасан ах нар байж байсан. Нилээд хэдэн жилийн өмнө буюу 2014 оны өвлийн бооцоот уралдаанаар мөн манай аав Я.Цийг зодож, цохиж байсан. Миний мэдэхээр 2-3 удаа манай аавыг зодож цохиж байсан. Саяхан 2017 оны 8 сарын 13-нд ногооны талбай руу малаа оруулах гэлээ гээд манай малыг тууж гэрийн гадна авчраад гэрт орж ирэн аавыг ална, манай өвөлжөө, ногооны хашаа руу малаа орууллаа гэж заналхийлсэн байсан. ...Миний баруун гарын шууны гадна талд 2-оос 3 хэсэг газарт хавдаж хөхөрсөн байсан. Одоо бол зүгээр шахуу болсон байгаа. Өөр гэмтэл байхгүй, Толгойд бага зэрэг овоосон байсан. Одоо зүгээр болсон байна. Байр, өвөлжөө, ногооны талбай руу малаа оруулах гэлээ гэж хэрүүл хийж намайг зодсон. Манай аавыг мөн ингэж зодсон байсан. манайх малаа өвөлжөө, ногооны талбай руу бэлчээдэггүй юм. Өөрсдөө манай малыг хөөгөөд туучихдаг юм. Сүмбэр, түүний эхнэр Уртнасан нар байнга хэрүүл маргаан үүсгээд байдаг. Ч.Х ах манай аавын дүү байгаа юм. Одоо болохоор тэр Ч.Хтэйгээ учраа ол гэж хэлээд байгаа. Мөн Сүмбэр гуай манай гэрт ирчихээд танай аав чинь үхлүүд байна уу гэж асуусан байсан. Надад өөр ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

 

Гэрч С.Б-ны өгсөн: 

“... Манай нөхөр Ц 2017 оны 8 сарын 25-ны өдөр өвсөнд яваад ирэхдээ айлд бага зэрэг архи уучихсан ирсэн. Тэгээд нөхөр Я.Цд танай ахын чинь хүүхэд манай хүүд хутга гаргаж ална гэж дайрсан, хонинд явж байхад морьтой ирээд уургаар зодсон талаар хэлсэн. Урьд өдөр нь манай нөхөр Цогт-Эрдэнэ Хоршоолол руу явсан байсан юм. Тэгээд Ч.Х-д очиж яасан гэж ингэж байгаа талаар хэлнэ гээд морьтой ганцаараа явсан. Би гэрээсээ гараад араас нь харсан. Тэгтэл зүгээр гэсээр байгаад явсан. Би санаа зовоод араас нь хараад зогсож байсан. Манай нөхөр Я.Ц морьтой гэрийн гадна очоод Ч.Хийг түлээний хажууд байхад нь уулзаад байх шиг байснаа хоорондоо барьцалдаад авсан. Гэрээс нь ээж Уртнасан, эхнэр С.П, дүү О, хадам аав С нар нь гарч ирээд салгасан. Тэгээд тэд нар бүгдээрээ гэрт нь орж байгаа харагдсан. Удалгүй манай нөхөр Я.Ц гэрийнхээ гадаа ирсэн. Араас нь Ч.Х мотоцикльтой ганцаараа ирсэн. Манай гэрийн гадаа Ч.Х манай нөхөр Я.Цийг ална гээд барьж аваад хөл рүү нь өшиглөж, цохих гээд байхаар нь О, Д буюу Б.Э нар барьж авсан. Би бас хажуугаас нь барьж авах гэтэл намайг хөлөөрөө өшиглөөд газарт унагасан. Би газарт унаад босоод ирэхэд манай нөхрийн толгой руу Ч.Х толгойгоороо мөргөж, цус гаргасан. Ч.Х-д одоо боль, манай нөхрийг эрүүл болохоор нь учраа ол гэж гуйгаад салгасан. Ч.Х нь олон жилийн өмнө манай охин Б-ыг зодож, цагдаад шалгагдаж байгаад гомдолтой гээд салсан. Хурдан морины үсэргээн дээр Ч.Х манай нөхөр  Я.Цийг зодох гэж дайраад хүмүүс салгасан байсан. Ч.Х ер нь танхайраад байдаг хүн байгаа юм. Намайг зөөлөн, хүчтэй биш өшиглөсөн. Надад учирсан гэмтэл байхгүй, би хөгшин хүн учраас бага зэрэг өшиглөх төдийд нь газарт уначихсан. Манай нөхөр Я.Ц Улаанбаатар хотод эмчид үзүүлээд явж байгаа. ... Манай хүү голын цаана хонио Ч.Хийн хоньтой нийлэх гэхээр нь салгасан. Тэгээд гэртээ ирэхээр явж байхад Ч.Х уургаа барьчихсан. Морьтой ирээд зодсон байсан. Тэгээд манай гэрт орж ирээд манай хүүгийн цусыг үзнэ гээд төмпөнтэй махнаас хутга барьж аваад ална гэж айлгаж сүрдүүлсэн. Би дундуур нь орж салгасан. Манай хүүгийн гарыг уургаараа цохьсон гэж манай хүү Я.Д ярьж байсан. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэх /хх-ийн 15 хуудас/

 

Гэрч Б.Э-ын өгсөн: 

“... 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд намайг Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Элстэй гэх газарт хүү Б-ын нөхөр Б.Э-той хамт очсон байхад Я.Ц согтуу доод айл руугаа морьтой явчихсан. Удалгүй Ч.Хийн гэрийн гадаа хүмүүс бужигнаад эхэлсэн. Тэгсэнээ гэртээ орчихоод буцаж гарч ирхэд Я.Ц гэртээ ирсэн. Араас Ч.Х мотоцикльтой ирээд гэрийнх нь гадаа Я.Цийг мөрөн дээрээс нь барьж аваад бид нарыг салгахын хооронд толгой руу нь мөргөсөн. Тэгээд бид нар салгасан. Ч.Х харьсан. Ч.Х-ийнхээс Я.Ц ирэхдээ чихэндээ цохиулсан гээд зүүн талынх нь чихний нүхнээс цус гараад байсан. Ч.Х бол архи уугаагүй, Я.Ц архи уучихсан байсан. Ч.Х, Я.Ц хоёрыг манай нөхөр Б.Э, Я.Ц-ий эхнэр бид 3 салгасан. Намайг хүмүүс Даадай гэж дууддаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 хуудас/ 

 

Гэрч Б.Э-ын өгсөн: 

“... 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд намайг Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Элстэй гэх газар хүү Б-ынд эхнэр Б.Э хамт очсон. Гэрийг нь харахаар байж байхад Я.Ц согтуу гэрээсээ гараад доод айл болох Ч.Хийнх рүү морьтой очихоор явсан. Ч.Хийн гэрийн гадна хүмүүс бужигнаад эхэлсэн. Тэгснээ удалгүй Я.Ц гэртээ ирсэн. Араас Ч.Х мотоцикльтой ганцаараа ирээд Я.Ций гэрийн гадаа түүнтэй хэрэлдээд, мөрөн дээрээс нь барьж аваад бид нарыг салгахын хооронд толгой руу нь мөргөсөн. Я.Ций духнаас цус гараад, гоожоод байсан. Я.Ц чихэндээ цохиулсан гээд зүүн талынх нь чихний нүхнээс цус гарсан байсан.  Надад өөр ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг хх-ийн 18-19 хуудас/ 

Гэрч С.П-ийн өгсөн: 

“... 2017 оны 8 сарын 25-ны өдөр намайг гэрийнхээ гадаа байхад Я.Ц ах морьтойгоо ирснээ манай нөхөр Ч.Хийг мотоцикльтой нь дайрч унагаасан. Тэгээд хэл амаар доромжилсон. Ч.Х Цогоо ахаа эрүүлдээ учраа олъё гэж гуйсан. Тэгтэл чамайг алах гэж ирлээ. Та нарыг ална гэж орилж, мориноосоо буучихаад Ч.Х рүү дайраад байсан. Ч.Х биеэ бариад зогсоод байсан. Тэгтэл Я.Ц ах сураар сүлжсэн ташуураараа намайг ташуурдсан. Би салгах гэж дундуур нь орсон. Тэгтэл Ч.Х гарынхаа араар Я.Ц ахын  шанаа орчимд алгадсан. Шанаа орчмоос нь цус гараад байсан. Би Ч.Хийг хол явчих гээд мотоцикльд нь суулгаад явуулсан. Я.Ц ах жаахан орилж, доромжилж байгаад мотоцикльтойгоо харьсан. Ч.Х ах буцаж ирээд “Цогоо ах өөрөө над руу дайрч байгаад ийм асуудал болсон гэдгийг Б эгчид хэлнэ, тэгэхгүй бол зодсон байна гэж яриад салахгүй” гээд учраа олох санаатай гэрээсээ гараад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Я.Ц манай нөхөр Ч.Хийг хэд хэдэн удаа ташуурдсан. Гэхдээ гэмтэл учраагүй, би Я.Ц ахыг салгаж холдуулах гэж дундуур нь орсон. Я.Ц үе үе манай ирж агсам тавьж байгаа. Архи уухаараа манайханд дургүй байгаагаа ярьж доромжилдог. Надад өөр ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг хх-ийн 23 хуудас/

 

Гэрч Ц.Н-ийн өгсөн:

“... 2017 оны 8 сарын 25-ны өдөр гэрээсээ гараад түлээ оруулах гээд байж байтал зүүн талаас морьтой хүн ирж явсан. Тэр хүн их согтуу бололтой байсан. Ойртоод ирэхэд Я.Ц гуай байсан. Я.Ц гуай гэрийн гадаа ирээд, Ч.Х-ийг мотоцикльтой нь дайрч унагаасан. Ч.Х мотоцикльтойгоо газарт унасан байхад нь суран ташуураараа хэд хэдэн удаа ороолгоод авсан. Ч.Хийн эхнэр бид хоёр салгаж дундуур нь орсон. Я.Ц гуай ална гээд орилоод байсан. Тэгээд би гэртээ орсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

 

Гэрч С.О-ийн өгсөн:

“... 2017 оны 8 сарын 25-ны өдөр 15-16 цагийн үед шиг санагдаж байна Ч.Х ах гэрийнхээ гадаа мотоцикль дээрээ сууж байтал Я.Ц мотоцикльтой давхиж ирээд дайрч унагаасан. Я.Ц ах нилээн согтуу байсан. Ч.Х ах босч ирээд Я.Цтэй хэрүүл маргаан хийсэн. Цог-Эрэнэ нь Ч.Хийг суран ташуураараа 2-3 ороолгосон. Энэ үед Ч.Х Я.Цийг гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан, тэгээд салсан. Ч.Х ах мотоциклио унаад яваад өгсөн. Я.Ц ах орилж байгаад гэрлүүгээ явсан. Үүний дараа би малдаа явсан. Намайг малдаа явснаас хойш юу болсныг би мэдэхгүй байна. Ч.Х ах тухайн үед архи согтууруулах ундааныг зүйл  хэрэглээгүй байсан. Я.Ц маш согтуу байсан. Я.Ц ах Ч.Х-ийг 2-3 удаа ууцан дундуур нь ороолгосон ба Я.Ц нь Ч.Хийг буудаж ална, удмаар чинь дуусгана, хотыг чинь харлуулна гэх мэтээр дайрч доромжлоод байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 377 дугаартай дүгнэлтэнд: “...Ц.Д-ын биед зүүн шууны гадна доод хэсэг, баруун мөрний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. \хх-ийн 38 дугаар хуудас\

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 11039 тоот дүгнэлтэнд: Я.Ц нь биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, духны зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 

 

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай дүгнэлтэнд: “..Ч.Хийн биед баруун далны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. \хх-ийн 34 дүгээр хуудас\

 

 

  Яллагдагч Ч.Хийн “... Би 2017 оны 8 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Элстэй гэх газар ах Я.Цтэй хэрүүл маргаан хийсэн. Я.Ц тухайн өдөр манай гэрийн гадаа 15-16 цагийн орчимд морьтой согтуу ирсэн ба мотоцикль дээрээ сууж байтал мориороо дайрч унагасан. Тэгээд намайг босоод иртэл суран ташуураар 2-3 удаа ууц руу ороолгосон. Тэгээд ална, хэлийг чинь тас огтолно, буудна, хотыг чинь харлуулна гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би Я.Цд хандаж та юу гэж солиороод байгаа юм бэ гээд баруун гараа далайтал манай эхнэр бариад авсан. Тэгэхээр нь би зүүн талынхаа гарын алганы араар нь нэг удаа түүний зүүн шанаа руу алгадсан. Тэгээд би мотоциклио унаад яваад өгсөн. Я.Ц манай эхнэрийг мөн ташуураар ороолгосон. Удалгүй гэртээ харьхад Я.Ц явчихсан байсан. Би Я.Ций гэр лүү очиж учраа олъё гэж бодоод очтол Я.Ций эхнэр С.Б, Б.Э хоёр миний гарнаас бариад автал Я.Ц ирээд намайг өшиглөөд лоомоор гарын булчин руу хатгасан. Тэгэхээр нь би түүний толгой руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. ...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Я.Ц нилээн согтуу байсан. ...Я.Ц намайг хэл амаар доромжилсон. Ташуураар ороолгосон. Мотоцикль дээрээс дайрч унагасан.  Дараа нь гэрийнх нь гадаа очиход мөн л намайг өшиглөөд лоомоор хатгаад ална гээд байсан. Үүнээс болж л түүнийг нэг алгадаж, нэг мөргөсөн. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний толгой өвдөөд байсан. Одоо зүгээр болсон. Өөр миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй......” гэх мэдүүлэг \хх-66 дугаар хуудас\

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68-69 хуудас/ 

Шүүгдэгч Ч.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73хуудас/ 

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37хуудас/ 

Шүүгдэгч Ч.Хийн 2002 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/163 дугаартай Арханга аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар 

Хохирогч Я.Ций гаргасан хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 78 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

    2017 оны 07 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах  Б.Х нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 8 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Элстэй гэх газарт хохирогч Я.Цийг хувийн тааражгүй харьцааны улмаас маргалдан толгойн  тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ... Ч.Х миний чих рүү гараараа нэг удаа цохьсон. Гарынхаа алга хэсгээр л цохьчих шиг болсон. ..Гэртээ очоод байж байтал Ч.Х манай гэрт ирээд миний дух руу нэг удаа толгойгоороо мөргөсөн...” мэдүүлэг, гэрч С.Б-ны  “...Би газарт унаад босоод ирэхэд манай нөхрийн толгой руу Ч.Х толгойгоороо мөргөж, цус гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ын “... Ч.Х мотоцикльтой ирээд гэрийнх нь гадаа Я.Цийг мөрөн дээрээс нь барьж аваад бид нарыг салгахын хооронд толгой руу нь мөргөсөн...” гэх мэдүүлэг,  гэрч С.О-ийн “... Ч.Х нь Я.Цийг гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан, тэгээд салсан...” гэх мэдүүлэг,  хохирогч Я.Ций эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 11039 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Хийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Я.Ций хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээ болон ирж очсон зардалтай холбоотой  371000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х гаргуулан хохирогч Я.Ц-д олгож, түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 183000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.Х-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байх ба оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЧ.Х-ийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 600 / зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ч.Х-ээс 371000 /гурван зуун далан нэгэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Я.Ц-д олгож, түүний нэхэмжлэлээс 183000 /нэг зуун наян гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт хохирогчид учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар рентгэн зургийг хохирогч Я.Ц-д буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай. 

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн зүйлд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Х-д хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай. 

 

10. Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР