Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1111

 

 

С.Н-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлоор С.Н-од холбогдох эрүүгийн 2006000000910 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Н-, 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,                 

С.Н- нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 653 тоотод буюу гэртээ Г.Д-тай маргалдах явцдаа 2 гарыг нь мушгиж, хавирч унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-од 480 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрч Г.С-гийн “Тухайн үед Г.Д- асгарсан шөлөн дээр өөрөө халтирч унаад толгойгоороо газар унасан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Д-, гэрч Г.С- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл  /хх 55/, Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Г.С-гийн “...Г.Д- нь С.Н- руу дайрч байгаад шалан дээр асгарсан байсан шөлөн дээр өөрөө халтирч ар нуруугаараа ширээн дээр унаад, толгойгоороо газар мөргөсөн юм. Энэ үед С.Н- түүний биед хүрээгүй хол зайтай байсан. ...Г.Д- нь С.Н-ын гарнаас татаагүй. ...С.Н- Г.Д-ыг цааш нь түлхээгүй. Би энэ тухайгаа мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөх үедээ удаа дараа мэдүүлсэн боловч мөрдөгч байцаалтын тэмдэглэлд тусгаагүй” гэх мэдүүлгүүдээс дүгнэн үзэхэд миний үйлчлүүлэгч шүүгдэгч С.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдээгүй буюу гэм буруугүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Н-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хурлаар шинжлэн судалж, хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н- нь гэм буруугүй болох нь бүрэн дүүрэн нотлогдож байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүгдэгч С.Н-од холбогдох хэргийг хянан хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч С- нь нөхөртэйгөө маргалдах явцдаа дүү Д-ыгаа дуудсан. Д- нь эгчийгээ өмөөрч маргалдахад С.Н- нь хавирч унагаснаас болоод хохирогч ширээн дээр нуруугаараа, эсхүл толгойгоороо унасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Прокурорын зүгээс хохирогч анхнаасаа тогтвортой мэдүүлсэн тул гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Гэрч С-  “манай дүү Д- салгах гэтэл түлхэж унагаад, дүүгийн 2 гарнаас барьж байгаад баруун хөлөөрөө өшиглөсөн. Манай дүү унахдаа шилэн ширээ мөргөөд унахад...” гэж мэдүүлсэн. Ингээд прокурорын зүгээс хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Гэтэл гэрч С- мөрдөн шалгах ажиллагааны явцад “Д- өөрөө унасан” гэж мэдүүлж эхэлсэн. Гэрч С-гаас “зөрчлийн явцад өөрөөр мэдүүлчихээд одоо яагаад ингэж мэдүүлээд байгаа юм бэ” гэхэд “тухайн үед С.Н-той муудалцчихсан байсан учир худлаа мэдүүлэг өгсөн юм” гэж мэдүүлсэн. Иймд гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Б.Чинбатаас “шүүх хуралдаанд гэрчийг оролцуулах ёстой” гэсний дагуу гэрчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар тогтоогдох ёстой юм бол гэрчийн мэдүүлэг ч гэсэн бусад эх сурвалжаар тогтоогдох ёстой. Тэгэхээр С.Н-, С- нарын мэдүүлэг өөр хоорондоо таарч байх ёстой. Гэтэл бас л зөрүүтэй мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “хохирогч яаж унасныг биечилж үзүүлээч” гэхэд С.Н-оос “хохирогч зүүн талаараа унасан. Намайг араас татах гэж байгаад өөрөө халтираад унасан. Энэ үед би хохирогчийн хажууд байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч С-гаас “хохирогч шөлөн дээр халтираад толгойн ар хэсгээрээ унасан. Энэ үед С.Н- хохирогчоос хол буюу хоолны шүүгээний хажууд байсан” гэж мэдүүлдэг. Ингээд гэрч С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь ч гэсэн зөрүүтэй байсан. Иймд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учир хуульд заасны дагуу хохирогчийн мэдүүлгийг үнэлж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Н- нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 653 тоотод буюу гэртээ Г.Д-тай маргалдах явцдаа 2 гарыг нь мушгиж, өшиглөж унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Д-ын “...би “та болиоч” гээд гарнаас нь татсан чинь эргэж хараад миний гарыг гараараа мушгиад буцалж байсан халуун тогоотой хоол руу түлхэж унагаахаар нь “яанаа түлэгдчихлээ” гээд босоод иртэл хүргэн ах намайг цамцнаас гараараа миний хоолойг шахаж боож байгаад миний баруун хөл рүү зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би шилэн ширээ толгойгоороо мөргөөд цементэн шалан дээр толгойгоороо мөргөж унасан. ...Манай эгч С- нөхөр Н-той маргалдсан гэж намайг утсаар дуудахаар нь би Н-ын гэрт очсон. Намайг гэрт ороход Н-, С- хоёр хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би эгчийгээ аваад гэрээс нь гарах гэтэл Н- гаргахгүй С- эгчийг заамдаад түлхэхээр нь би Н-ыг болиоч гээд араас нь татахад Н- эргэж хараад миний гарыг мушгисан. Тэгээд хэрэлдээд байж байтал Н- намайг түлхээд тогоотой хоолон дээр унагаасан. Тэгээд С- эгч бид хоёр Н-той ноцолдож байхад Н- намайг заамдаад хавирч газарт унагаасан. Би Н-од хавируулаад газарт унахдаа шилэн ширээн дээр нуруугаараа цохигдоод шалан дээр толгойн баруун хэсгээр унасан. Би босоод цагдаад дуудлага өгөх гэтэл миний утас унтарчихсан байсан. Тэр үед Н- цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед Н-оос өөр надтай ноцолдож, намайг газарт унагаасан хүн байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед хүргэн ах Н- учруулсан. ...Тухайн үед би өөрөө хальтирч унасан зүйл байхгүй. С- эгч одоо нөхөртэйгөө эвлэрсэн болохоор нөхрөө өмөөрч мэдүүлэг өгөөд байна гэж бодож байна. ...” /1хх 9-10, 18-19, 49-50/,

гэрч Г.С-гийн “...Н-  Д-ыг цааш нь түлхсэн. Г.Д- унахдаа тогоотой хоолон дээр унасан. Тэгээд босч ирээд Н-той зууралдаж байгаад  газарт асгарсан байсан тогоотой шөлөн дээр хальтираад шилэн ширээг нуруугаараа мөргөөд толгойгоороо газар унасан. ...”/1хх 12/,

шүүгдэгч С.Н-ын яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Н.С-тай маргалдсан. С-г бантан хийгээд өг гэхэд С- ядаргаатай юм, зайллаа гээд утсаар дүү Н.Д-ыг дуудсан. Д- манай гэрт орж ирээд надтай хэрэлдэж байгаад над руу дайрч миний цээжийг самардаж, элэг рүү өшиглөсөн.  Тэгж байгаад хулдаасан шалан дээр асгарсан байсан шөлтэй хоолон дээр арагшаа саваад дагзаар унасан. ...” /1хх 34/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3553 дугаартай “...Г.Д-ын биед баруун зулайн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3565 дугаартай “...С.Н-ын биед хүзүү, цээж, аюулхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Н-ын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Д-т хүч хэрэглэсэн буюу өшиглөх, гарыг мушгих, хавирч унагах үйлдэл хийснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Чинбат “...С.Н-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            Шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд, шүүгдэгч С.Н-, хохирогч Г.Д- нар нь харилцан бие биедээ хүч хэрэглэсэн байдал тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгч С.Н-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас буюу хохирогч Г.Д-ын гарыг мушгих, өшиглөх, хавирч унагах, түлхэж унагах зэрэг олон удаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

            Иймд, шүүгдэгч С.Н-ын үйлдлийг болгоомжгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохирогч Г.Д-ын мэдүүлэгт тусгагдсан үйл баримт нь шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийн нөхцөл байдалтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заадлах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ