Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/01164

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 21 181/ШШ2024/01164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ч овогт Н-ийн Н /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, И ХХК /РД: 00/-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би Интеллектуал Дизайн ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр борлуулалтын менежер албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орсон. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр и-монголиа цахим сайтаар өөрийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг үзтэл 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийг маань тайлагнаагүй байсан.

Интеллектуал Дизайн ХХК-ийн надтай хийсэн Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1.9-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасныг зөрчсөн байна. Мөн уг хөдөлмөрийн гэрээний 4.1.3-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах гэж заасны дагуу ******* миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тайлагнуулахаар "Интеллектуал Дизайн" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.

Гадаад улсад тэтгэлэгээр суралцах үндсэн шалгуурын нэг нь өөрийн улсдаа 1-2 жил ажиллаж үүнийгээ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажуулдаг. Иргэн миний эрх зөрчигдөж, улмаар миний гадаад улсад тэтгэлэгээр суралцах хүсэл зорилгод минь сөрөгөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн байгаад гомдолтой байна.

Иймд хариуцагч ******* ХХК-д миний үндсэн цалин болох 1,200,000 төгрөгөөс 2023 оны 01 сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Интеллектуал Дизайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбар татгалзалдаа: ******* нь манай компанитай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Борлуулалтын менежерээр ажилласан. Анх ******* нь цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулахгүй бүтэн авч болох уу гэсэн хүсэлт гаргасан тул энэ талаар би дарга нартаа танилцуулаад эхний 1-2 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахгүй олгохоор болсон. Ингээд дараа саруудаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь нягтлан бодогч суутгахаа мартаад олгосон асуудал болсон байна. Сарын цалин нь 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд ажилласан өдрөөр нь тооцож цалинг олгодог байсан. Цалинг зөвхөн банкаар олгоогүй зарим үед бэлэн мөнгөөр олгож байсан тул цалингийн тооцооллыг гаргаж, нягталж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар төлөх үүрэгтэй тул төлөөгүй асуудалд маргаан байхгүй гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.01.10-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Н.Н-н өөрийнх нь жиласан хоногийн цагийн бүртгэл болон цалингийн тооцоолол, Н.Н-н ХААН банкны депозит дансны хуулга-33 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх үндэслэлээр 2023 оны 01 сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК нь шимтгэлийг нь тайлагнаагүй орхигдуулсан байна гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

1. ******* ХХК нь Н.Н-тай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Борлуулалтын албаны борлуулалтын менежерээр ажиллуулжээ. /хавтаст хэргийн 5 хуудас/

 

2. *******н 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, харин 2023 оны 7, 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ******* ХХК-иас тайлагнаж бичилт хийгдсэн боловч төлөгдөөгүй болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4 хуудас/

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажилласан, сарын үндсэн цалин 1,200,000 төгрөг байсан талаар зохигч маргаагүй.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7.-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг бөгөөд мөн хуулиийн 42 дугаар зүйлийн 42.1.6.-д зааснаар ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1.9-д зааснаар ажил олгогч ******* ХХК нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байхаар, мөн 4.1.3-т зааснаар ажилтан ******* нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй байхаар тус тус заажээ.

 

Иймд хариуцагч ******* ХХК нь хуульд болон Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилтан *******г нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ зөрчиж, Н.Н-н 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь дээрхи төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-иас шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нь Н.Н-тай цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахгүй байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Нийгмийн даатгал нь заавал даатгуулах албан журмын даатгал бөгөөд Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гэрээний чөлөөт байдлын зарчимд хамааралгүй, ажилтантай тохиролцох байдлаар нийгмийн даатгалд хамруулахгүй байх боломжгүй юм.

Мөн хариуцагчийн дээрхи тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээгээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн нэхэмжлэгч Н.Н-д олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Н.Н-д 1-6 сард олгосон цалин хөлс, нийт олгогдвол зохих 1,200,000 төгрөгийн цалингаас хуульд заасан суутгалуудыг суутган тооцоолсон байдлаас үзэхэд түүний цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэгч Н.Н-н сарын үндсэн цалин болох 1,200,000 төгрөгөөс 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н-н цалин хөлс 1,200,000 төгрөгөөс 2023 оны 01 сараас 06 дугаар сарын дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНТУЯА