Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/01099

 






 

 

 2024       03        19                                      181/ШШ2024/01099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн, Улиастай сумын, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн У /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 давхарт байрлах, М ХХК /РД/-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.Ч, гэрчээр Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа: Би иргэн Э.Г-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай хүртэл 1000 боодол өвсийг тээвэрлэхээр харилцан тохиролцож Ачаа тээвэрлэх гэрээ байгуулан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.******* болон иргэн н.Д /99215500/ нарын өвс ачсан хоёр машин Эрдэнэт хотоос гарч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн ... гэдэг газар явж байхдаа өндөр хүчдэлийн шугамд хүрснээс үүдэн гал авалцан гал түймэрт өртсөн. Тус гал түймрээс үүдэн өөрийн ачааны машин болон ачааны машин дээр тээвэрлэж явсан иргэн Э.Г-ын өвс зэрэг бүх зүйл шатаж өөрт болон гуравдагч этгээдэд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч гал гарсан даруйд өөрийн зүгээс унтраах арга хэмжээ авсан боловч нэгэнт хуурай өвсөнд авалцсан гал дийлдэх боломжгүй, мөн дээрээс нь өөрийн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл байдалтай учирч байхад азаар ойролцоо явж байсан иргэн Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд дуудлага өгснөөр нэн даруй гал түймэр унтраах, аврах 73-р ангийн бие бүрэлдэхүүн ирж галыг ойр хавьд тархахаас сэргийлэн унтрааж чадсан.

Нэхэмжлэгч өөрийн болон гуравдагч этгээдэд их хэмжээний эд хөрөнгөөр хохирч, дээрээс нь бие болон сэтгэл санааны хүнд байдалтай байх үед тээврийн хэрэгслээр ачаагаа тээвэрлүүлсэн Э.Г надаас шатсан ачааныхаа төлбөрийг нэхэж эхэлсэн. Талууд бодит хохирлын хэмжээ дээр маргалдаж эхэлсэн тул Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий П.А-ээр хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд Б.******* нь Э.Г-т нийт 11.681.081 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан.

Б.******* болон МИГ даатгал ХХК нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын эрсдэлд хамааруулна гэж заасны дагуу МИГ Даатгал ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хандсан. Тус хүсэлтийн дагуу МИГ Даатгал ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 03/12-1238 тоот албан бичгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос хянан үзээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9/4791 тоот албан бичгээр М ХХК-д хандан ...дээрх тохиолдол даатгуулагчийн ачаанд учирсан хохирол бус бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан даалгаварыг өгсөн.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн талуудын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулах эрсдэлийг даатгаж, эрсдэл учирсан үед нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон атлаа гуравдагч этгээд буюу иргэн Э.Г-ын эд хөрөнгөд жолооч буюу даатгуулагчийн үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан зам тээврийн ослын үр дагавар болж хохирол учирсан үйл баримтыг үл хэрэгсэн машин дээр байгаа бол шууд л даатгуулагчийн ачаа мэтээр дүгнэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэдэгт ачаа хамаарна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т эрсдлийг заахдаа бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэж заасан.

Иймээс хариуцагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 11.681.081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК нь хариу тайлбар, татгалзалдаа: Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эруүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд хөрөнгийн хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хэлнэ гэж тус тус хуульчилсан.

Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.Н-ийн 23 дугаартай дүгнэлтэд: "... Гэрчээс авсан мэдүүлгийн тайлбар, зэргийг үндэслэхэд тухайн автомашинд гарсан гал түймэр цахилгааны шугамнаас болж гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Шинжээчийн дээрх дүгнэлтээс харахад галын шалтгаан нь цахилгааны шугамнаас үүдэлтэй гэж дүгнэсэн, харин жолооч, даатгуулагч Б.У-ын замын хөдөлгөөний аливаа зүйл заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан, түүний буруутай үйлдлээс гал гарсан гэсэн дүгнэлт, түүнд ямар нэгэн хариуцлага оногдуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гараагүй, дээрх гал гарсан тохиолдолд Б.У-ын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй.

Мөн Б.******* болон ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ачаа тээвэрлэх гэрээ-г бичгээр байгуулсан бөгөөд тээвэрлэгч Б.******* нь тээвэрлүүлэгч Э.Г-т учирсан хохирлыг тээврийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд төлж барагдуулах хууль зүйн зохицуулалттай бөгөөд үүнийг Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнээс ялгаатай ойлгож хэрэглэшаардлагатай. Энэ утгаараа Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ... ачаанд учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчлагдсан.

Бусдын эд хөрөнгөд учирсан хохиролд ачаа хамаарахгүйгээс гадна тухайн өвсийг гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох баримтгүй. Бодитоор ачаа тээвэрлэх гэрээ байгуулагдаж хөлсийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасны дагуу Э.Г хохирогч гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа гэж үзвэл нэхэмжлэгч Б.******* хохирлыг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хохирлыг барагдуулаагүй тул шаардах эрхгүй.

Мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн үнэлгээнд өвсний зардал, шатахууны зардал гэж нэхэмжилж байгаа. Гэтэл шатахууны зардал жолоочийн даатгалд хамаарах зүйл биш. Ачаа тээврийн даатгал тусдаа. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ... нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасан учраас өвсний хохирлыг хэн шаардах эрхтэй вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өвсний хохирлыг Б.******* шаардах эрхгүй

Дээрх үндэслэлүүдээр Жолоочийн даатгалын тухай хууль болон Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.

Иймд Даатгапын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгагчийн гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: Б.У-ын иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, Шинжилгээ хийх, шинжээч томилох хүсэлтийн хариу, МИГ даатгал ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/12-1238 тоот нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9/4791 тоот хариу, Ачаа тээвэрлэх гэрээ, Зарлагын баримт, Нэхэмжлэх, Э.Гамбуугаравын иргэний үнэмлэхний хуулбар, Тээврийн хэрэгслийн шатсан гэрэл зураг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот Үнэлгээчний дүгнэлт, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл, МИГ даатгал ХХК-д гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөл, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 0293060 тоот Шийтгэлийн хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбарын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/117 тоот албан бичиг хуулбараар, зураг, MNS 5647:2006 Монгол улсын стандарт, Б.*******ын ХААН банкны дансны тодорхойлолт, Б.Д-ийн тайлбар, Б.Д-ийн ХААН банкны дансны хуулга, Э.Г-ын ХААН банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/1597 тоот албан бичиг, Даатгалын бүтээгдэхүүний мэдүүлгийн маягт: ачааны даатгал, Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ний өдрийн 207 дугаар тогтоолоор баталсан Сайн дурын даатгалын хэлбэр-ийн жагсаалт зэргийг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/07472 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Х ХХК-ийн үнэлгээний тайлан, *******ын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч МИГ даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн, 7117 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******ын 1000 боодол өвсийг ачаад явж байхад өндөр хүчдэлийн шугамд өвс хүрснээс үүдэн гал авалцан өвс шатсан тул *******т учруулсан хохирлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, мөн гуравдагч этгээдийн өвс гэж тодорхойлох баримтгүй, даатгалын тохиолдол бий болоогүй, даатгагчийн гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Б.******* нь МИГ даатгал ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22020181500281 дугаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулж, өөрийн эзэмшлийн 0 улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын өмнө хүлээх хариуцлага эрсдлийг даатгуулж, даатгалын хураамжид 27,625 төгрөг төлжээ. /хавтаст хэргийн 8-9 хуудас/

Талууд Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т заасан албан журмын даатгалын төрөлд хамаарах, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээ-г байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Даатгуулагч Б.******* нь гэрээний мэдүүлэгийн маягтын 4-р зүйлд заасан Даатгалын хураамжийн дагуу хураамж дүн 27,625 төгрөг-ийг төлсөн байна.

 

2. Б.******* нь өөрийн эзэмшлийн 7117 ЗАН улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвс ачиж явахдаа Хөвсгөл аймаг, Цагаан уул сумын ... гэдэг газар өндөр хүчдэлийн шугам ширгэснээс гал гарч, галын улмаас өвс болон тухайн тээврийн хэрэгсэл шатсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, Шинжилгээ хийх, шинжээч томилох хүсэлтийн хариу, Тээврийн хэрэгслийн шатсан гэрэл зураг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10-11, 19, 55-59 хуудас/

 

3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан өргөдөл гаргасан байх бөгөөд тус хорооны 2022.12.15-ны өдрийн 9/4791 дугаар албан бичгээр ...даатгуулагчийн ачаанд учирсан хохирол бус, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох нь талуудын ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй байна гэжээ. автаст хэргийг 13-14, 24-26 хуудас/

Хариуцагч МИГ даатгал ХХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн байна.

 

4. Талууд тээвэрлэж явсан өвс бусдын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх, даатгалын тохиолдол бий болсон эсэх, хохирлын хэмжээний талаар маргаж байна.

 

4.1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний 2.1-д Даатгалын зүйл нь Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна гэж, мөн 3.1, 3.1.3-д Даатгалын эрсдэлийг Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэж тус тус тодорхойлжээ.

Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна гэж заасан.

 

Даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтооход жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

а/ Даатгуулагч Б.*******ыг өөрийн эзэмшлийн 7117 ЗАН улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслээр өвс ачиж замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэмд заасан овор ихтэй ачаа тээвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 46 дахь заалтад заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хавтаст хэргийн 52-53 хуудас/

Мөн гал гарсан шалтгааныг Б.******* овор ихтэй ачаа /өвс 12-13 үе давхарлаж/ тээвэрлэх журам зөрчснөөс гал гарах нөхцлийг бүрдүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот акт, 23 дугаар Шинжилгээ хийх, шинжээч томилох хүсэлтийн хариу, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 0293060 тоот шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 10-11, 52, 55-63 хуудас/

 

б/ даатгуулагч Б.******* нь өөрийн тээврийн хэрэгслээрээ *******ын 1000 боодол өвсийг ачиж явсан болох нь гэрч *******ын мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.*******, ******* нар харилцан тохиролцож Ачаа тээвэрлэх гэрээ-г байгуулсан, ******* нь Ветемнет ХХК-иас 1000 боодол өвс худалдан авсан болох нь Зарлагын баримт, Нэхэмжлэх, тээврийн хөлсийг хүлээн авсан болох нь Б.*******ын ХААН банкны дансны тодорхойлолт, Б.Даваагийн тайлбар, Б.Даваагийн ХААН банкны дансны хуулга, *******ын ХААН банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 16-17, 152-155 хуудас/

Мөн 1000 боодол өвс ачиж явсан болох нь Ачаа тээвэрлэх гэрээ-гээр 1000 боодол өвсийг хүргэхээр тохиролцсон, ******* нь В ХХК-иас 1000 боодол өвс худалдан авсан болох нь Зарлагын баримт, Нэхэмжлэх зэргээр тогтоогдсон, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот дүгнэлт, түүний хавсралт баримтуудаар 1000 боодол өвс нь 12 үе байхаар тооцож ачааны өндрийг 5.4 м болно гээд Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасан ачааны өндөрийн хэмжээнээс хэтрүүлэн ачиж жолоочийн хариуцлага алдсан гэж үзсэн, шинжээч Х ХХК-ийн 2023.07.08-ны өдрийн 360 дугаар дүгнэлтийн Хоёр. Хөрөнгийн талаархи танилцуулга хэсэгт өвсний хэмжээг тооцоолон 1000 боодол өвс ачиж явсан болохыг тогтоосон, гэрч ******* нь 1000 боодол өвс ачсан талаар мэдүүлсэн болно.

 

Эдгээр үндэслэлээр буюу даатгуулагч Б.******* нь өөрийн эзэмшлийн 0 улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслээр *******ын 1000 боодол өвсийг ачиж замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачааны хэмжээг зөрчиж, хэтрүүлэн ачсанаас ачаа өндөр хүчдэлийн шугамд шүргэн гал гарч, өвс шатаж *******т хохирол учирсан байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч МИГ даатгал ХХК нь гэрээгээр ачаанд учирсан эрсдэл хамгаалагдаагүй, ачааны даатгал нь сайн дурын даатгал учраас аливаа хариуцлагын даатгалд хамаарахгүй тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 12.1.3-т зааснаар Даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол даатгалын тохиолдолд хамаарахгүй байхаар заасан нь даатгуулагчийн өөрийнх нь ачаанд учирсан хохирол гэсэн агуулгатай байна.

Сайн дурын даатгалын хэлбэрт Ачааны даатгал байхаар заасан нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний бусдын эд хөрөнгө гэдэгт ачаа хамаарахгүй гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Ачаа гэх ойлголтыг олон янзаар тодорхойлж болох боловч Жолоочийн даатгалын тухай хуульд ачаа гэдгийг тодорхойлж, өөрөөр зохицуулаагүй, харин эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлөөр нь даатгуулагчийн болон бусдын эд хөрөнгө гэх байдлаар тодорхойлсон тул даатгалын тохиолдлын бусдын эд хөрөнгө гэдэгт *******ын 1000 боодол өвс хамаарна.

Мөн Талуудын хооронд байгуулагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний Даатгалын зүйл Даатгалын эрсдэл-ийн Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол-д *******ын 1000 боодол өвсийг хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч МИГ даатгал ХХК-ийг гэрээгээр ачаанд учирсан эрсдэл хамгаалагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нөхөн төлбөрт 11.681.081 төгрөг гаргуулахаар шаардахдаа үнэлгээчин Г.А-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот дүгнэлтийг үндэслэл болгосон. Тухайн үнэлгээний тайланд: өртгийн, зах зээлийн жишиг үнийн арга зэргийг харьцуулан хохирлыг тооцохдоо өвсний үнэ дээр тээврийн зардлыг нэмж тооцох замаар үнэлгээ тогтоосон байх тул талуудын хоорондох даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй тээврийн зардал энэ үнэлгээнд багтжээ. /хавтаст хэргийн 20-23 хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч гал түймрийн улмаас шатсан өвсний хохирлыг 5,700,000 төгрөгөөр тогтоосон. Зохигчид энэхүү шинжээчийн дүгнэлтэд маргаагүй тул өвсний хохирлыг 5,700,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 86-96 хуудас/

 

7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний 4.1-д С ангиллын тээврийн хэрэгсэлд нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ 10 сая төгрөг хүртэл байхаар, мөн 8.1.2-д даатгуулагч нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байхаар тус тус заасан тул хариуцагч МИГ даатгал ХХК-иас нөхөн төлбөр 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,981,081 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МИГ даатгал ХХК-иас 106,150 /нэг зуун зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА