Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1112

 

Э.Э-, А.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг,

            шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Еркебуланы 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Э.Э-, А.Б- нарт холбогдох эрүүгийн 2002002500193 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э.Э-, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто завсарчин, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

2. А.Б-, 1998 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгч нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Э.Э-, А.Б- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвеци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зориглогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд *** тоотод байрлах байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э-, А.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-, А.Б- нарыг бүлэглэн 2019 оны 8 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Э-, А.Б- нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Э.Э-, А.Б- нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1,6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Э-, А.Б- нарт тайлбарлаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2002002500193” гэсэн дугаар бүхий бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэнхэр гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 173.4 грамм жинтэй, мөн Кока кола гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 98.8 грамм жинтэй, Спрайт гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 173.8 грамм жинтэй, улаан өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 116.0 грамм жинтэй, шар өнгийн тагтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай гялгар уутны хамт 135.9 грамм жинтэй, “1” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй, 7. 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй, “3” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй, дотор хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тугалган цаас зэргийг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт, хуйлсан АМ6791696 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан А30900437 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан N38162296 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Монгол Банкинд, хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон сим картны үүр 1 ширхэг, эвдэрч гэмтсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

      Прокурор Х.Еркебулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар” гэсэн хэсэгт “Шүүх шүүгдэгч А.Б-, Э.Э- нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь: Шүүгдэгч А.Б-, Э.Э- нар нь хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг санаатайгаар бэлтгэсэн, хадгалсан идэвхтэй үйлдэл гүйцэтгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон. Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар нь үүсэж байдаг тул энэ төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус тодорхойлсныг дурдах нь зүйтэй. Монгол Улсад хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэн гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл орон байранд хадгалсан, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байтал “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэсэн нь илт үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр А.Б-, Э.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б- “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ы өмгөөлөгч М.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Э-ы хувьд ар гэрийн анхаарал халамж сайн, заавал хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй. Э.Э- өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг. Аав ээжийгээ  асардаг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан хуулийн дагуу шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн зорилго, гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан. А.Б-ын ар гэрийн анхаарал халамж сайн, өөрөө мөн ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзсан. А.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад төлөх төлбөргүй талаар дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-, Э.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гээд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Э.Э-, А.Б- нар нь бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс зориуд түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн уг бодис нь  нийтдээ 720.1134 грамм байгаа  зэргээс үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэт нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.

Энэ ч үүднээс Монгол Улс 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилж, хорих ялын дээд хэмжээг 3 жилээр нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэнцэх үндэсний хөтөлбөр /2017-2021/ батлагдан хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй байна.      

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, мөн шүүгдэгч нарын ямар хувийн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх заалттай нийцээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөнө” гэж зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.  

Иймээс прокурорын “хэрэг үйлдсэн байдлыг тохиолдын шинжтэй нөхцөл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ял шийтгэлийг тохируулан оногдуулаагүй” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Э-, Э.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ