Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/00754

 

 

 




 

 2024      02        27                                      181/ШШ2024/00754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум 0 оршин суух, Ж овогт Н-гийн Р /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 хаягт байрлах, О ХХК /РД:/-д холбогдох,

Илүү цагийн хөлс 4,085,419 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл 1 өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, Оюутолгой ХХК-иас 4,085,419 төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь *******гийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 09 дүгээр сарын 6,427,357 төгрөг, 10 дугаар сарын 10,339,224 төгрөг, 11 дүгээр сарын 8,135,021 төгрөгийн цалингаас нэг цагийн илүү цагийн хөлсийг тооцоход 48,635.94 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 4,085,419 төгрөг байна.

Иймээс Оюутолгой ХХК-иас 4,085,419 төгрөгийг гаргуулж *******д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу "Уртын ээлжийн зохицуулалт"-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг батлан гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" хэмээн хуульчилсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д "Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно" хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" гэсэн нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар уртын өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ******* ХХК нь хуулийн дагуу олгож байгаа болно.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ.

Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

******* ХХК нь нэхэмжлэгч *******гийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар: Нэхэмжлэгчийн "уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байна" хэмээн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон нь хууль тогтоомжид нийцэхгүйн зэрэгцээ дараах сөрөг үр дагаварт хүргэх юм.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно", 92.3-т "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх..." гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

- Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

- Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч ******* ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримтласан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөсөө 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн удиэс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илуу цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтын оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт "... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан..." гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан, ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрхи үндэслэлүүдээр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгорын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ******* ХХК-иас 4,085,419 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны 2023.04.28-ны өдрийн 50 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.01.25-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны хамтын гэрээ, нэхэмжлэгч *******гийн 2022 оны 09, 10, 11, 12 дугаар саруудад ажилласан цагийн бүртгэл, нэхэмжлэгч Н.Р-д 2022 оны 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн тооцоолол, ******* ХХК-ийн 2021.10.08-ны өдрийн 1472/HR, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021.12.20-ны өдрийн 6/3391 дугаар албан бичиг, доктор, профессор Б.Уранцэцэгийн хууль зүйн дүгнэлт, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 2023.12.13-ны өдрийн 23/244 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн 2022.01.24-ний өдрийн 173/HR дугаартай албан бичиг, 2022.01.31-ний өдөр ******* ХХК-ийн нийт ажилтанд хүргүүлсэн дотоод мэдээлэл, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.19-ний өдрийн A/44 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72/21 дугаар тушаал, Ажлын цагийн журам, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны өдрийн 69/21 дугаар тушаал, Цалин хөлсний журам, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2022.06.29-ний өдрийн 16 дугаар магадлал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар 3 талт хороонд ирсэн гомдлын бүртгэлийн дэвтрийн зохих хэсэг, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023.03.10-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичиг, 2023.03.10-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, 2023.03.16-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичиг, 2023.12.17-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар хуралдааны товч тэмдэглэл, Хөдөлмөрийн эрхийн маргаан-ы өргөдөл, гомдлыг хүлээж авах бүртгэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гаргасан 2023.04.21-ний өдрийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гаргасан 2023.03.29-ний өдрийн гомдол, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2023.04.21-ний өдөр ******* ХХК-ийн гаргасан тайлбар, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.01.06-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.01.13-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.06.23-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.06.17-ны өдрийн 22 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.06.24-ний өдрийн 24 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2021.07.02-ны өдрийн 30 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,085,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлсийг олгоогүй гэх үндэслэлээр 2022 оны 9, 10, 11 сарын илүү цагийн хөлсийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа тул тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь илүү цагийн хөлс олгоогүй гэх гомдлоо 11 сарын сүүлийн цалин олгосон өдөр /2022.11.25/-өөс хойш Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.2зааснаар 90 хоногийн дотор гаргах эрх бөгөөд ******* ХХК-ийг 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлсийг олгоогүй гэх гомдлоо 2023.02.17-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд гаргасан байна. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг зөвлөл гэж бичсэнийг гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул 11 сарын сүүлийн цалин олгосон 2022.11.25-ны өдрөөс гомдлоо гаргасан 2023.02.17-ны өдрийг хүртэл хугацааг тоолоход 90 хоног хэтрээгүй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар 2023.02.17-ны өдөр гомдлоо гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар дахин шинээр тоолох ба 2023.03.10-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гарсныг ******* ХХК-иас 2023.03.16-ны өдөр гомдлыг буцаасан, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.03.28-ны өдөр гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.6-д заасан ажлын 10 хоногийн хугацаа /2023.03.16-ны өдрөөс 2023.03.28-ны өдөр хүртэл ажлын 8 хоног/-г гаргаж, уг хорооны 2023.04.28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.05.12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацаа /2023.04.28-ны өдрөөс 2023.05.12-ны өдөр хүртэл ажлын 10 хоног/-г тус тус хэтрүүлээгүй байна. Тус шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн 8879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин нэхэмжлэлээ 2023.06.09-ний өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдсоор Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.2, 154.6, 154.1.8заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 7-8, 96-102, 140-155, 234-238, 2 хуудсны ар тал хуудас/

 

2. ******* нь ******* ХХК-д Өрмийн оператороор ажиллах, сарын үндсэн цалин 934.25 ам,доллар цалинтай, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2022.01.25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-42, 211-230 хуудас/

 

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 6,427,357 төгрөг, 10 дугаар сарын 10,339,224 төгрөг, 11 дүгээр сарын 8,135,021 төгрөгийн цалин хөлс авсан болох нь эдгээр саруудад ажилласан цагийн бүртгэл болон эдгээр саруудад олгосон цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6, 72-81 хуудас/

 

3. Нэхэмжлэгч ******* нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс /6,427,357 + 10,339,224 + 8,135,021 = 24,901,602 төгрөг/-ийг ажилласан 512 цагт хувааж нэг цагийн хөлсийг 48,635.94 төгрөг гэж тооцон, сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу сар бүр 56 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1-ийг олгосон гэж үзээд, 0,5-ыг 4,085,419 төгрөг болно гэж тооцоолж, шаарджээ. /хавтаст хэргийн 1-2, 223 хуудас/

 

4. Талууд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд зааснаар уртын ээлжээр ажиллуулж байгаа талаар маргаагүй боловч мөн хуулийн 92.3, 92.4 дэх заалтын зохицуулалт маргаан үүсэх үндэслэл болж, сарын үндсэн цалинг нэхэмжлэгч өдөрт 8 цаг, сард 112 цаг ажиллаад авна гэж, хариуцагч өдөрт 12 цаг, сард 168 цаг ажиллаад авна гэж тайлбарлан, илүү цагаар ажилласан гэж үзэх эсэх, илүү цагийн хөлс олгох үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн зүйлийн 92.4.Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заажээ.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ гэж, 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж тус тус зохицуулсан байна.

 

4.1.а. Талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ 2022 онд байгуулагдсан буюу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдсөнөөс хойш байгуулагдсан боловч, ажилтны сарын цалин хөлсийг ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоногт хэрхэн тооцох талаар тусгайлан тохиролцож зохицуулаагүй байна.

 

4.1.б. Мөн ******* ХХК болон ******* ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны Хамтын гэрээ-ний 2.13-д Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов гэжээ. /хавтаст хэргийн 59-71 хуудас/

 

4.1.в. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ийн 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны өдрийн 69/21 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлсний журам-ын 14.1.2-ын а.-д ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтан сард 168 цагаас дээш цагаар зэрэг гэжээ. /хавтаст хэргийн 170-183 хуудас/

******* ХХК нь уг журмын дагуу 168 цагаас дээш илүү цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгож байгаа талаар зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч уг журмын дээрхи заалтыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж тайлбарлаж байна.

 

4.1.г. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.19-ний өдрийн А/44 дугаар Дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам нь талуудын уг маргаанд хамааралгүй байна. /хавтаст хэргийн 163-169 хуудас/

 

4.2. Хариуцагч ******* ХХК нь илүү цагаар ажилласан гэж үзэхгүй гэх үндэслэлээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д "Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэх заалт, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021.12.20-ны өдрийн 6/3391 дугаар албан бичиг, Профессор Б.Уранцэцэгийн Хууль зүйн дүгнэлт, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 2023.12.13-ны өдрийн 23/244 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар албан бичиг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл зэрэг-ийг үндэслэн тайлбарлаж байна.

 

4.3. Улсын Их Хурлаас 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргасан, уг хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах-ыг тусгайлан зохицуулжээ. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байхаар тусгасан.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд, хууль тогтоогчидоос  ... 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрлөх цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, ...10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг..., ажил амралтын горимыг хуулиар 14, 14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно..., Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй... 14,14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин... гэх саналыг гаргаж, ажиллах, амрах хоногийг 14, 14 болговол хөдөлмөрийн хөлс буурахыг тооцоолж, цалин хөлс нь илүү цагийн хөлсөөс бүрдэхийг онцолж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг ажиллах боломжтой гэх агуулгаар хэлэлцэж, хуулийн Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг баталсан байна.

 

5. Дээрхи нөхцөл байдлуудыг үндэслээд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх заалтыг хууль тайлбарлах системчлэлийн болон агуулгын логикоор авч үзвэл, хуулийн 92.3 дах заалтад хуулийн 87, 109.1 дэх заалтыг багтаасан тул мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэсэн тул өдөрт 8 цаг ажиллах, Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан нь 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд хуулийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна.

Хууль тогтоогч 92.3 дахь заалтын дараагийн 92.4 дэх заалтаар ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж зохицуулсан нь 92.3 дахь заалттай уялдуулан өдөрт 12 цаг ажиллах, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулах нөхцөлийг үндэслэн ажиллах, амрах хугацааг шууд нарийвчлан зохицуулсан байна.

Тодруулбал, хууль тогтоогч ердийн ажилтны өдөрт 8 цагаар сард 168 цаг ажиллах ерөнхий нөхцөлд уртын ээлжээр ажиллуулах нөхцлийг уялдуулан тооцоолох байдлаар ажилтанд өдөрт 12 цагаар ажиллахыг, ажил олгогчид илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна.

Энэ нь ч хуулийн 92.5 дахь заалтын ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацааг тэнцүү байлгахыг ажил олгогч, ажилтны төлөөлөгчийг үүрэгжүүлсэн байдлаар илэрч байгаа нь нэг талаас ажилтны эрх зүйн байдал, нөгөө төлөөс хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тэнцвэржүүлэх агуулгатай байна гэж үзэх нь хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай Танилцуулга-ын 8-д уул уурхай ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгав гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч хүнд үйлдвэрийн салбар, ажлын хортой нөхцөл-ийг харгалзан 14 хоног амруулахаар хуулийн 92.4-д зохицуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад, сар бүр 56 цагаар илүү цагаар ажилласныг ажил олгогч тухайн сар бүрт нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан илүү цагийн хөлс 4,085,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхзаяагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Р-гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлс 4,085,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОЮУНТУЯА