| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03510/И |
| Дугаар | 181/ШШ2024/00693 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/00693
2024 02 23 181/ШШ2024/00693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, 0 тоотод оршин суух, З овогт Я-ын Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 давхарт байрлах, Т ХХК /РД:/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би Тийсс хишиг арвин жейви ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хангамж, тээвэрлэлтийн мэргэжилтэн албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай
Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5/bh/23-0083 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тушаалыг танилцуулсан болно.
Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5/bh/23-0083 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Тус компанид хангамж тээвэрлэлтийн мэргэжилтэн ажил, албан тушаалтай Я овогтой Э нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалсугай гэжээ.
Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.2 a, m(i), o, v(xiii) дэх хэсгүүдийг үндэслэсэн байна.
Миний бие хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах, ёс зүйгүй үйлдэл, санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг зөрчлүүдийг гаргаж байгааагүй болно. Хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.2 m(i) хэсэгт заасан мэргэжлийн бус ёс зүйгүй үйлдэл гаргаж хийж байгаагүй ажилаа гүйцэтгэл сайн гүйцэтгэж байсан болно. Ажил үүрэг, албан тушаалаа хувийн ашиг хонжоо олох эсхүл бусдын эрх ашгийн төлөө хийсэн зүйл байхгүй.
Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
Тийсс хишиг арвин жейви ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, комиссыг одоо хүртэл байгуулаагүй болно. Иймд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуудийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* намайг ажлаас үлдэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Тийсс хишиг арвин жейви ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Компани нь нэхэмжлэгчийг хангамж тээвэрлэлтийн мэргэжилтэн албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн байгуулан ажиллуулж байсан.
2. Нэхэмжлэгч нь компани болон түүний зэргэлдээ компани болох ******* (хамтад нь Групп гэх)-д ажиллаж байх хугацаандаа тэдгээрийн туслан гүйцэтгэгч компани болох ******* (Армос)-ын ажилтнуудаас шан харамж авдаг байсан талаарх гомдол мэдээлэл 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр компанид ирсэн. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дотоод хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
3. Уг хяналт шалгалтын ажлын тайлангаар нэхэмжлэгч нь 5,545,800 төгрөгийг зээл гэх нэрийдлээр Армосын нэр бүхий ажилтнаас өөрийн дансаар хүлээж авсан, тэрхүү мөнгөн дүн нь Армосруу гэрээний дагуу төлсөн төлбөрийн тодорхой хувьтай нийцэж байгаа зэрэг нь дотоод хянан шалгалтын явцад нэр бүхий хүмүүстэй хийсэн ярилцлага, нотлох баримт (банкны гүйлгээний хуулга, Армос компанийн ажилтнуудын хооронд бичилцсэн Facebook чат зэрэг)-аар тогтоогдсон байдаг.
4. Группын үйл ажиллагааны үндсэн зарчим болон үнэт зүйл нь "шударга хариуцлагатай байх бөгөөд группын хэмжээнд авлига, хээл хахуулийн аливаа хэлбэрийг үл тэвчих бодлого баримталдаг ба энэ нь Монгол Улсын авлига, хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцдэг.
5. Түүнчлэн Армосын нэр бүхий ажилтнуудад холбогдох авилга, хээл хахуулийн талаарх гомдол мэдээлэл одоогоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.
6. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар талууд тусгайлан тохирсон. Үүнд:
(a) 15.2(о) хэсэг - Ажил үүрэг, албан тушаалаа хувийн ашиг хонжоо олон эсвэл бусдын эрх ашгийн төлөө ашиглах; болон
(b) 15.2(v)(xiii) хэсэг - Авлига хээл хахуулиас урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчих.
7. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил бөгөөд компанийн болон группын дараах дүрэм, журамд заасан хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцлах ноцтой зөрчилд тооцогдож буй юм.
(a) *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.8 дах хэсэг авлига болон бэлэг авах; болон
(b) Группын ёс зүйн дүрмийн 4.1 дэх хэсэг ажилтан нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах шаардлагатай бөгөөд аливаа этгээдэд шударга бус давуу байдал олгосны хариуд ашиг хүртэх аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
8. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (2021)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил" гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлахаар зохицуулсан. Тус зохицуулалтын дагуу Компани нь 2023 оны 5 сарын 31-ний өдрийн ТКА JV LLC/R/DC1.5/bh/23- 0083 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон ба тус тушаал нь хэлбэр болон агуулгын хувьд хуульд бүрэн нийцэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.07.18-ны өдрийн 83 дугаар тэмдэглэл/шийдвэр, Тийсхишиг арвин жэйви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас: Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.01-ний өдрийн Дотоод хянан шалгах ажил явуулах тухай тушаал, Нууц хяналт шалгалтын ажлын 2023.05.02-ны өдрийн тайлан, Тийсс Монголиа хүний нөөцийн сургалтын ирц бүртгэх хуудас, Тийсс Монгол ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Тийсхишиг арвин жэйви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сахилгын арга хэмжээний маягт, 2022.04.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Тийсс Монгол ХХК-ийн 2019.11.04-ний болон 2021.07.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд өөрчлөлт оруулах тухай нууцлалтай мэдээлэл, 2017.04.05-ний өдрийн Тийсс Монгол ХХК-ийн албан бичиг, 2016.07.27-ны өдрийн Тийсс Монгол ХХК-ийн *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2023.04.04-ний өдрийн *******тай хийсэн ярилцлагын тэмдэглэл, *******-ийн 2023.04.28-ний өдрийн AM-IТ-4/02 тайлбар хүргүүлэх албан бичиг, *******-ийн 2022.10.31-ны өдрийн AM-INV-122-22 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-123-22 дугаар нэхэмжлэх, Д.М-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Тийс монгол ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, *******-ийн 2021.03.30-ны өдрийн AM-INV-015/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн 777D Dump truck RD5302M Ball stud-үзлэгийн AM-REP-093/21 дугаар тайлан, *******-ийн AM-INV-018/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-106/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-039/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-095 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-098 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-019/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-017/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-016/21 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-102-22 дугаар нэхэмжлэх, *******-ийн AM-INV-101-22 дугаар нэхэмжлэх, Худалдаа хөгжлийн банкны 2021.01.05-ны өдрийн дотоод гуйвуулгын багц шилжүүлгийн даалгавар, *******-ийн Т00510/20 дугаар нэхэмжлэх, Голомт банкны 2022.08.05-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, *******-ийн AM-INV-057-22 дугаар нэхэмжлэх, *******-ийн 2022 оны хяналтын тайлан, Худалдаа хөгжлийн банкны 2023.06.13-ны өдрийн дотоод гуйвуулгын багц шилжүүлгийн даалгавар, *******-ийн AM-INV-23-013 дугаар нэхэмжлэх, *******-ийн 2023.02.09-ний өдрийн зарлагын баримт, *******-ийн 2022.12.27-ны өдрийн зарлагын баримт, *******-ийн AM-INV-23-003М дугаар нэхэмжлэх, *******-ийн 2023.02.09-ний өдрийн зарлагын баримт, *******-ийн AM-INV-23-013 дугаар нэхэмжлэх, Худалдаа хөгжлийн банкны 2019.04.05-ны өдрийн дотоод гуйвуулгын багц шилжүүлгийн даалгавар, *******-ийн Т0104/19 дугаар нэхэмжлэх, *******-ийн Т0309/19 дугаар нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар: *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.31-ний өдрийн ТКА JV LLC/R/DC1.5/bh/23-0083 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022.04.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Д.М, Б.Ж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, и-мэйл хаягт болон ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Тийсс хишиг арвин жейви ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, шан харамж авах, бусдад давуу байдал үүсгэх үргэлжилсэн үйлдлээр сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Тийсс хишиг арвин жэйви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүйн улмаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.06.20-ны өдөр гомдлоо гаргаж, 2023.07.18-ны өдрийн 83 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.07.24-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1, 154.8-д заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2 ар тал, 3-4, 148 хуудас/
******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Тийм хишиг арвин жэйви ХХК-д хангамж тээвэрлэлтийн мэргэжилтнээр ажилласан болох нь 2022.04.22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 152-167 хуудас/
2. Тийсс хишиг арвин жэйви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Я.Э-тай 2022.04.20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 15.2 а, m (i), o, v (xiii) дэх хэсэгт заасныг үндэслэн Тийсс хишиг арвин жэйви ХХК-д Хангамж, тээвэрлэлтийн мэргэжилтэн ******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.05.31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 23, 148 хуудас/
Т ХХК-ийн Я.Э-тай 2022.04.20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 15.2-д гэрээг ноцтой зөрчих тохиолдолд гэрээг цуцлахаар, а/-д энэхүү гэрээний нөхцөл болон Компанийн бодлого журамд нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэх, үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах, ёс зүйгүй байх, үл хайхрах, ур чадваргүй байх, санаатайгаар биелүүлэхгүй байх эсхүл санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг буруутай үйлдэл гаргасан гэж, m (i)-д аливаа үйлдэл нь: Компанийн үзэж байгаагаар мэргэжлийн бус эсвэл ёс зүйгүй гэж, o-д ажил үүрэг албан тушаалаа хувийн ашиг хонжоо олох эсвэл бусдын эрх ашгийн төлөө ашиглах гэж, v(xiii)-д дараах зохисгүй үйлдэл гаргасан: авилга хээл хахуулиас урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчих гэж тус тус заажээ. /хавтаст хэргийн 152-169 хуудас/
Ажил олгогч Тийсс хишиг арвин жэйви ХХК нь ажилтан *******ыг компани болон түүний зэргэлдээ компани болох Т ХХК-д ажиллаж байх хугацаандаа тэдгээрийн туслан гүйцэтгэгч компани болох А ХХК-ын ажилтнуудаас шан харамж авдаг байсан талаарх гомдол мэдээлэл 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр компанид ирсний дагуу дотоод хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн, уг хяналт шалгалтын ажлын тайлангаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,545,800 төгрөгийг зээл гэх нэрийдлээр Армосын нэр бүхий ажилтнаас өөрийн дансаар хүлээж авсан, тэрхүү мөнгөн дүн нь Армосруу гэрээний дагуу төлсөн төлбөрийн тодорхой хувьтай нийцэж байгаа нь тогтоогдсон . Группын үйл ажиллагааны үндсэн зарчим болон үнэт зүйл "шударга хариуцлагатай байх бөгөөд группын хэмжээнд авлига, хээл хахуулийн аливаа хэлбэрийг үл тэвчих бодлого баримталдаг ба энэ нь Монгол Улсын авлига, хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцдэг гэж тайлбарлаж байна.
2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нууц хяналт шалгалтын ажлын тайлангаар Шан харамж авсан тухай зөрчлийг буюу ******* нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,545,800 төгрөгийг зээл гэх нэрийдлээр Армосын нэр бүхий ажилтнаас өөрийн дансаар хүлээж авсан, тэрхүү мөнгөн дүн нь Армосруу гэрээний дагуу төлсөн төлбөрийн тодорхой хувьтай нийцэж байгаа нь дотоод хянан шалгалтын явцад нэр бүхий хүмүүстэй хийсэн ярилцлага, нотлох баримт (банкны гүйлгээний хуулга, Армос компанийн ажилтнуудын хооронд бичилцсэн Facebook чат зэрэг)-аар тогтоогдсон гэж үзжээ. /хавтаст хэргийн 53-69 хуудас/
3. Талууд ажилтан *******ыг сахилгын зөрчил гаргасан эсэх талаар болон ******* нь 2021.05.04-ний өдөр Тийсс Монгол ХХК-д ажиллаж байсан бөгөөд Тийсс хишиг арвин жэйви ХХК-д 2022.04.20-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан тул дээрхи зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэх эсэх талаар маргаж байна.
4. *******ыг 2021.05.04-ний өдөр Тийсс Монгол ХХК-д ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй боловч Тийсс хишиг арвин жэйви ХХК, Тийсс Монгол ХХК нарын үйл ажиллагааны чиглэл нь өөр өөр боловч, нэг эзэнтэй /эцсийн өмчлөгч нь адил/, нэг гүйцэтгэх удирдлагатай хоорондоо хамаарал бүхий зэргэлдээ компаниуд бөгөөд нэг дор байрладаг гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж;
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-д Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж тус тус заасан.
Хариуцагч тал нь *******ын Тийсс Монгол ХХК-д хангамж хариуцсан ажилтнаар ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар маргаагүй бөгөөд ******* нь Тийсс хишиг арвин жэйви ХХК-тай 2022.04.20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Хангамж тээвэрлэлтийн мэргэжилтэн-ээр ажилласнаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
Мөн Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15-д заасан зэргэлдээ компаниудын харилцаа нь ажил олгогч, ажилтан нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралгүй юм. Тодруулбал, компани тус бүр нь үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэгт нийцсэн ажлын байртай бөгөөд ажлын байр тус бүртээ ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэдэг.
Иймд *******ын 2021.05.04-ний өдөр Тийсс Монгол ХХК-д ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлийг Тийсс хишиг арвин жэйви ХХК-тай байгуулсан 2022.04.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчлийг ажилтаны гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Хариуцагч тал нь Я.Э-ыг Шан харамж авсан тухай зөрчлийг үргэлжилсэн үйлдлээр Тийсс хишиг арвин жэйви ХХК-д ажиллаж байхдаа гаргасан буюу Тийсс хишиг арвин жэйви ХХК-ийн Армос ХХК-иар 2022 оны 12 сард хийлгэсэн ажлын төлбөрөөс 2023.01.30-ны өдөр 2,0 сая төгрөгийг зээл гүйлгээний утгаар дансаар авсан, мөн 2023.03.16-ны өдөр 1,800,000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан. Мөн Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргахаас гадна сахилгын зөрчил бүрийг тус тусад нь шалган тогтоосон байх шаардлагатай байдаг.
Тийсс хишиг арвин жэйви ХХК нь *******ын дансанд 2023.01.30-ны өдөр 2,0 сая төгрөг, 2023.03.16-ны өдөр 1,800,000 төгрөгийн орлого орсон байдлыг шалгаагүй, уг *******ын дансанд мөнгө орсон байдал нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлд хамааралгүй байна.
Иймд хариуцагч талын нэхэмжлэгч *******ын дансны хуулгыг шүүхээр гаргуулсантай холбоотойгоор гаргасан дээрхи шан харамж авсан зөрчлийг үргэлжилсэн үйлдлээр гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Дээрхи үндэслэлүүдээр *******ыг Тийсс хишиг арвин жэйви ХХК-тай байгуулсан 2022.04.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу хангамж тээвэрлэлтийн мэргэжилтнээр ажиллах байхдаа сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Тийсс хишиг арвин жэйви ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Я.*******ыг Тийсс хишиг арвин жейви ХХК-ийн хангамж тээвэрлэлтийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч Тийсс хишиг арвин жейви ХХК-иас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцнэ.
6. Нэхэмжлэгч *******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сараар сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох /3 сард 8,222,402 төгрөг, 4 сард 3,700,000 төгрөг, 5 сард 5,374,910 төгрөг/-д 5,765,770 төгрөг байна. /хавтаст хэргийн 24 хуудас/
Ажилгүй байсан хугацааг тушаал гарснаас хойш буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэл 8 сар 16 хоногоор тооцоход 5,765,770 төгрөг /1 сар 2,310,795 төгрөг, 1 өдөр 107,478 төгрөг/ 5,765,770 : 21,5 хоног = 268,175 төгрөг, 5,765,770 х 8 сар = 46,126,160 төгрөг, 268,175 х 16 хоног = 4,290,800 төгрөг, 46,126,160 + 2,364,516 = 48,490,676 төгрөг/ болж байх тул 48,490,676 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.
7. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгах үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 48,490,676 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож 400,403 төгрөг, нийт 470,603 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснйг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Э-ыг Т ХХК-ийн Хангамж тээвэрлэлтийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-иас 48,490,676 /дөчин найман сая дөрвөн зуун ерэн мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж Я.Э-т олгож, Я.Э-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Т ХХК-иас 470,603 /дөрвөн зуун далан мянга зургаан зуун гурван/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА