| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00221/И |
| Дугаар | 129/ШШ2024/00325 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 129/ШШ2024/00325
| 129/ШШ2024/00322 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . дугаар багт байрлах А аймгийн . газар
Хариуцагч: А аймгийн Ц сумын А багт оршин суух Х овгийн Н.Э
Хариуцагч: У хот Ч дүүрэг . хороо . дүгээр байр . тоотод оршин суух Ц овгийн Л.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,354,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн өмгөөлөгч С.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч С.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 100.8-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч С.М нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн . газар нь хариуцагч Э, Б нарт холбогдуулан 1,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А аймгийн . газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б, Э нар нь бүлэглэн А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Хустын тохой гэх газар 2022 оны 9 сарын 27-ны өдөр иргэн М.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба хохирогч М.Н нь гэмт хэргийн улмаас 2022 оны 9 сарын 27-ны өдрөөс А аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсний улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлээгүй байна. Эрүүгийн 2212000000352 дугаартай дээрх хэрэгт А аймгийн П газрын хяналтын прокурор С.Б 2022 оны 11 сарын 16-ны өдөр 304 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд А аймаг дахь сум дундын Э хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Б Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, харин А аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч М.Н-н эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 1,354,000 төгрөгийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх талаар шийдвэрлээгүй эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол төлөгдөөгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд иргэн Л.Б, Н.Э нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогчийн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,354,000 төгрөг зарцуулагдсан байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тухайн зардлын төлбөрийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгогдсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Л.Б, Н.Э нар нь төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний Б, Э нараас гэм хорын хохирол 1,354,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч, хариуцагч Л.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 1,354,000 төгрөгийг 2024 оны 9 сарын 25-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгчид төлөхөөр, уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож зохигчид эвлэрэв гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн . газар хариуцагч Б, Э нарт холбогдуулан гэм хорын хохирол 1,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “. төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, . тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн . иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б, Н.Э нар нь нэхэмжлэгч А аймгийн . газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 1,354,000 төгрөгийг 2024 оны 9 сарын 25-ны өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Л.Б, Н.Э нар А аймгийн . газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 1,354,000 төгрөгийг 2024 оны 9 сарын 25-ны өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А аймгийн . газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 1,354,000 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг 2024 оны 9 сарын 25-ны өдрийн дотор багтааж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Энэ тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
+
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Д.ЭЛБЭГЗАЯА