Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/02464

 

 

 

 

 

 

 

 

2024 06 17

181/ШШ2024/02464

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........ оршин суухЭ.А /регистрийн дугаар: ......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...байранд байрлах, РГХОХХК /регистрийн дугаар:2841134/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 197/05/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 2.063.320 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г., хариуцагчийн өмгөөлөгч М.Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч нь РГХОХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 197/05/23 тоот тушаал хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 2.063.320 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Э.А би 2016 оноос хойшР ГХОХХК-нд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албаны дарга, 2021 оноос хойш сургалтын албаны даргын албан тушаалд ажиллаж байна.

2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 197/05/23 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай дэд захирлын тушаалаар Э.А намайг нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул гэх шалтгаанаар надад үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйл 154.2.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ч 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1.Э.А намайг нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалдаа дурдсан. Гэвч бодит байдал нь энэ үйл баримт нь тогтоогдоогүй бөгөөд миний хувьд нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн зүйл байхгүй.

1.1.Захиалагч компанийн гэрээт хуулийн фирм нь уг сахилгын зөрчил гаргасан гэх гомдол мэдээллийг шалгаад нэр бүхий ажилтнуудын нэг нь гомдолтой гэсэн гэж мэдүүлсэн байдаг. Харин Редпаф монгол ХХК-ийн хуульч Б.Ж.к гомдол мэдээллийг давхар шалгахад нэр бүхий ажилтнуудын аль нь ч гомдол гаргаагүй, гаргасан зүйл байхгүй гэж хэлсэн байдаг.

1.2.Анх гомдол гаргасан этгээд нь ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн гэх хүмүүс бус харин огт хамааралгүй хөндлөнгийн этгээд байсан бөгөөд тэрээр баримтгүй, үндэслэлгүй, ховын чанартай, бусдын нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараах зорилготой гомдол мэдээлэл гаргасан байдаг. Гомдол мэдээлэл гаргасан огт хамааралгүй этгээдэд мөн амаар сануулах сахилгын арга хэмжээг РХХК-ийн удирдлагууд уг этгээдэд авсан байсан. Энэ нь уг этгээд дээрх гомдол мэдээллийг гаргасан нь тогтоогдсон учраас, мөн уг үйлдэл нь компанийн ёс зүйн дүрэмд харшилсан үйлдэл байсан учраас аман сануулга авсан гэж ойлгож байна.

2. Анх гомдол 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гарсан байхад 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл 123.4 дэх хэсэгт заасны дагуу ...ажил олгогч туунийг илруулснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуүлна гэснийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэн 2023 оны 8 дугаар сард 736.900 төгрөг, 9 дүгээр сард 691.552 төгрөг, 10 дугаар сард 634.868 төгрөг нийт 3 сарын хугацаанд 2.063.320 төгрөгийг Э.А миний цалингаас суутган авсан. Нэхэмжлэгчийн хувьд миний нэр хүндэд ноцтойгоор халдаж, баримтгүй хов яриаг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь зөвхөн сахилгын шийтгэл, цалин мөнгө бус цаашлаад хувь хүний нэр хүндэд ноцтойгоор халдаж сэтгэл санааны гүн хямралд оруулсанд маш их гомдолтой байна.

Иймд хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсанР ГХОХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 197/05/23 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай дэд захирлын тушаалыг хүчингүй болгож, уг тушаалыг үндэслэн миний 8,9,10 саруудад цалингаас хууль бусаар суутган авсан 2.063.320 төгрөгийг гаргуулж надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэл үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Э.А нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү зөрчлүүд нь Э.А болон бусад ажилтнуудын тайлбар, хөндлөнгийн бусад байгууллагын мэдээллээр бүрэн тогтоогдож, нотлогдсон.

Манай компани ОТ төсөлд гүний уурхайн малталт нэвтрэлтийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд ОТ ХХК-иас мөрдүүлж буй дүрэм, журмыг мөрдөх, захиалагчийн талбайд ажиллаж буй ажилтан нь аливаа ёс зүйн болон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргахыг хатуу хориглодог.

Захиалагч буюу ОТ ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шалгалтын тайланг и-мэйлээр ирүүлсэн. Уг тайланд Э.А дөрвөн төрлийн зөрчлийг ОТ төслийн талбайд ажиллаж байхдаа гаргасан талаар дурдаж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг хүссэн. Уг тайланд дурдсан зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, зөрчлийн талаар мэдэх, зөрчил гарахад хамт байсан ажилтнуудаас тайлбар авах ажиллагааг бүрэн гүйцэтгэсний үндсэн дээр Э.А ийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн.

2. Э.А ийн зөрчлүүд нь дараах байдлаар нотлогдсон болно. Үүнд:

2.1.2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.А баг хамт олноороо ОТ төслийн талбайн Мазаалай хоолны газарт өдрийн хоол идэж байх үедээ бусад ажилтны бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан харагдаж байна гэж хэлсэн үйлдэл нь бэлгийн дарамт үзүүлэх зөрчил гэж үзсэн. Учир нь Э.А нь ажилтан Л.Т т бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан байна гэж хэлснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэл болон 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тайлбарт энэ талаар тусгагдсан. Мөн үйл явдлын талаар мэддэг бусад ажилтан Л.Т , Б.У , Б.Б , И.О нараас тайлбар авахад нотлогдсон.

2.2.2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурал, уулзалтын үеэр Э.А үл тоосон үйлдэл гаргаж, буруу харж суугаад яриад дууссаны дараа эргэж хараад та нар энэний ярьсныг ойлгосон уу гэж үл хүндэтгэсэн зөрчил гаргасан байна. Энэхүү үйлдэл нь хамт олон, бусад хамтран ажиллагч ажилтныг үл хүндэтгэх зохисгүй, ёс зүйгүй үйлдэл бөгөөд энэхүү зөрчил нь ажилтан Э.А болон Б.Б ийн тайлбараар нотлогдсон.

2.3.2022 оны 9 сард Сургалтын хэлтэст сургалтын хуваарь гаргагчийн албан тушаалд ажилтан авахаар яригдахад Э.А нь багтаа өндөр, царайлаг, гоё залуухан охин авмаар байна гэж хэлсэн зөрчил гаргасан гэж үзсэн. Уг зөрчил нь ажилтныг нас, хүйс, биеийн хэлбэрээр ялгаварлан гадуурхах, хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд И.О, Б.Б болон Э.А ийн тайлбараар нотлогдсон.

3. Э.А ийн бусад ажилтныг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ажилтан авахдаа шалгаруулалт хийхээс өмнө ялгаварлан гадуурхах, ажлын байранд бэлгийн дарамтын шинжтэй үг хэллэг хэрэглэж, харилцсан зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно: 7.1.2-т хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах; 7.1.3-т энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх, 42 дугаар зүйлийн 42.2.3-т ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх гэж тус тус заасныг зөрчсөн.

4.Э.А ийн дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2-т Ёс зүй, биеэ авч явахуй: Ажилтан бүр компанийн ажил үүргийг гүйцэтгэхдээ үнэнч шударга, зарчимч, хичээнгүй, хувийн соёл, ёс зүйтэй байна. 3.2.1-т Хүлээсэн үүрэг, хариуцлагаа үнэнч шударгаар, мэргэжпийн өндөр түвшинд, ур чадвар, туршлага, хүч чармайлт, мэдлэгээ дайчлан биелүүлнэ. 3.2.2-т Гэрээний дагуу эрхлэх ажилтай нь холбоотой ажил олгогчийн бүхий л дотоод хэм хэмжээ буюу хууль ёсны заавар, дүрэм, журам, тушаал, бодлогыг хэрэгжүүлж, биелүүлнэ. 3.2.3-т Хууль тогтоомж, компанийн дүрэм, журам, бодлогыг чанд сахина. Компанийн болон 3.2.7-д Ажлын байранд ажил олгогчийн ёс зүйн дүрэм болон дотоод журмыг мөрдөж, эелдэг, нөхөрсөг, хүндэтгэлтэй харьцааг эрхэмлэнэ. 3.2.9-д Ажилтан нь Захиалагчийн Кемпийн Дотоод журам ба Ёс зүйн дүрэм, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын менежментийн журам болон захиалагчийн бусад холбогдох дүрэм, журмыг уншиж судлан дагаж мөрдөнө. 5.4.19-д Компанийн дотоод журам болон захиалагчийн ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогыг зөрчих, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох 8.2.1-т Компани нь ажлын байран дахь ёс зүйн хэм хэмжээг өндөрт сахиж, ажилтнуудыг аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхах (хүйсийн болон хүйсийн бус), хүчирхийлэл үзүүлэх, аливаа дарамт үзүүлэхийн эсрэг арга хэмжээ авч ажиллах ба Компани нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг баталж мөрдүүлнэ. Энэхүү журам нь Хөдөлмөрийн дотоод журмын салшгүй хэсэг байна. 8.3-т дарамт хүчирхийлэл 8.3.1-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно. Үүнд: Зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх гэж заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болно.

5.Э.А нь ОТ төслийн талбайд ажиллаж байгаа тул ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ыг мөрдөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 3.2.9-д заасны дагуу захиалагчийн баталсан дүрэм, журмыг мөрдөх үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчиж, ОТ төслийн талбайд бэлгийн дарамт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэсэн зөрчил гаргасан.

6.Э.А нь 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугар сарын 19-ний өдрийн хооронд гурван сахилгын зөрчил гаргасан нь ОТ ХХК-иас ирүүлсэн тайлангаар 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажпын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасныг үндэслэн сүүлийн зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхний хуулбар, РХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 3 талд хороонд ирсэн гомдлын бүртгэл, цалингийн хуудас, ирсэн мэйлийн хэсэгчилсэн орчуулга зэргийг ирүүлжээ. /1хх 6-10, 23-24, 68, 70-71, 89-90/

Хариуцагчаас баримтаар: Өмгөөлөгч оролцуулах хүсэлт, итгэмжлэл монгол, англи хэлээр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүлээн зөвшөөрсөн тухай баримт, ажлын байрны тодорхойлолт англи, монгол хэлээр, Магадлан шалгах ажиллагаанд хүний нөөцийн тайлбар авах хуудас /Э.А /, РХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 197/05/23 тоот тушаал, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220/05/17 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, ажилтан н.Хүрэлбаатарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас гарах үеийн ярилцлагын хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32017/12004 дугаар захирамж, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн дансны хуулга, РХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам, 2013 оны Хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралтууд, ОТ ХХК-ийн ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн, 2023 оны 7 дугаар сарын 27, 26-ны өдрийн мэйл, мэйлийн хавсралт Зөрчил 1,2,3,8-ийн талаар, мэйлийн орчуулга, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн leg/777 дугаартай ОТ ХХК-ийн хариу албан бичиг, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/21 тоот Бодлого батлах тухай тушаал, СД бичлэг зэргийг ирүүлжээ. /1хх 15-20, 29-48, 59-63, 91-211, 214-237, 238-245, 2хх 3-4, 6-15, 42-43, 53-67/

Шүүхийн журмаар: Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Хариуцагч талын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /1хх 78-86, 2хх 25-40, 68-84/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.А нь РГХОХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 197/05/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 2.063.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Ажил олгогч гурван зөрчил гаргасан гэснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, сахилгын зөрчил гаргаагүй, хамтран ажиллагч ажилтнаа үл хүндэтгэх, бэлгийн дарамт учруулах, ялгаварлан гадуурхаагүй, түүнчлэн хуульд заасан нэг сарын хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Ажилтан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хоолны цагаар Ч.Т талаар зохисгүй үг хэллэг хэрэглэсэн. Үүнийг бэлгийн дарамт гэж үзсэн. 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хурлын үеэр ажилтан Б.Б ийн яриаг анхаарахгүй буруу харж суугаад эргэж хараад та нар энэний ярьсныг ойлгосон уу гэж хэлсэн. Үүнийг бусдыг үл хүндэтгэсэн гэж үзсэн. 2022 оны 9 дүгээр сард шинээр ажилтан авахдаа өөрийн багтаа өндөр, царайлаг ажилтан авмаар байна гэж хэлсэн байдаг. Сонгон шалгаруулалтын өмнө ийнхүү ярьсан нь бусдыг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн. Ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон, зөрчлийг ОТ ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснээр анх олж мэдсэн тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.нэг талаас Э.А , нөгөө талаасР ГХОХХК нар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч тус хуулийн этгээдэд сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилладаг болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. /1хх 29-42/

4.2.Тус байгууллагын дэд захирлын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 42 дугаар зүйлийн 42.2.3, 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн гэрээний 1.2.7, 3.2, 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.7, 3.2.9, 5.4.19, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.3, ОТ ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ыг тус тус баримтлан Э.А т үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх 59/

Тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 1.2.7-д захиалагч гэж ОТ ХХК-г хэлнэ гэж, 3.2-т ажилтны ёс зүй, биеэ авч явах талаарх үүргүүдийг нэрлэн зааснаас 3.2.1-д Хүлээсэн үүрэг, хариуцлагаа үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд, ур чадвар, туршлага, хүч чармайлт, мэдлэгээ дайчлан биелүүлнэ гэж, 3.2.2-т гэрээний дагуу эрхлэх ажилтай нь холбоотой ажил олгогчийн бүхий л хууль ёсны заавар, дүрэм, журам, тушаал бодлогыг хэрэгжүүлж биелүүлнэ гэж, 3.2.3-т Хууль тогтоомж, компанийн дүрэм, журам, бодлогыг чанд сахина. Компанийн болон захиалагчийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгааг даган биелүүлнэ гэж, 3.2.7-д ажлын байранд, хамт олны дотор Ажил олгогчийн ёс зүйн дүрэм, биеэ зөв авч явах соёл, журмыг мөрдөж, эелдэг, нөхөрсөг, хүндэтгэлтэй харьцааг эрхэмлэнэ гэж, 3.2.9-д Захиалагчийн төслийн талбай дээр оршин суух кэмпийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээний журам болон захиалагчийн бусад холбогдох дүрэм журмыг уншиж судлан дагаж мөрдөнө гэж, 5.4-т ноцтой зөрчлийг нэрлэн зааснаас 5.4.19-д бусдыг гадуурхах, хүйсийн тохуурхал, бэлгийн дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж заажээ.

Тушаал гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1-д Компани нь ажлын байран дах ёс зүйн хэм хэмжээг өндөрт сахиж, ажилтнуудыг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах /хүйсийн болон хүйсийн бус/, хүчирхийлэл үзүүлэх, аливаа дарамт үзүүлэхийн эсрэг арга хэмжээ авч ажиллах ба компани нь .... журмыг баталж мөрдүүлнэ гэж, 8.3-т ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр /зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах/ дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэж заажээ.

5.Ажил олгогчоос сахилгын зөрчилд тооцсон зөрчил тус бүрээр дүгнэвэл:

5.1.2022 оны 9 дүгээр сард шинэ ажилтан авах ажлын сонгон шалгаруулалт хийгдэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч ажилтан Б.Б т нуруу туруу сайтай, царай зүс сайтай хүн ажилд авмаар байна гэж хэлсэн болох нь ажил олгогчоос зөрчлийг шалгахдаа хийсэн Б.Б ийн ярилцлагаар тогтоогдсон. Үүнийг ажил олгогчийн зүгээс бусдыг ялгаварлан гадуурхсан зөрчилд тооцсон гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж, 6.2.-т "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно гэж заасан.

а/Нэхэмжлэгч нуруу туруу, зүс царай сайтай хүн авах талаар ярьсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан болон ОТ ХХК-ийн баталсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 4.3.б, 4.4.е-д заасан шууд бус ялгаварлан гадуурхах хэлбэрт хамаарах хэдий ч энэ яриаг ирээдүйд ажилд авч болзошгүй ажилтны талаар төсөөллийн шинжтэй яригдсан, хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтан, хэсэг бүлэгт чиглэгдээгүй байхаас гадна ажилтныг сонгон шалгаруулж аваагүй болох нь Б.Б , Э.А нарын тухайн үед ажил олгогчид өгсөн тайлбараар тогтоогдсон. Иймд шүүх ажлын байранд бусдыг ялгаварлан гадуурхсан зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзэв.

б/Үүнээс гадна 2022 оны 9 дүгээр сарын үйл явдалд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зөрчилд тооцож сахилгын шийтгэл ногдуулсан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар-ын хугацаа хэтэрсэн байна.

в/хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилтны гаргасан зөрчил үргэлжилсэн шинжтэй тул сүүлийн зөрчлөөс хугацаа тоолно гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн гурван удаагийн үйлдэлд тус бүрт өөр өөр төрлийн зөрчилд тооцсон болох нь хариуцагчийн өөрийн тайлбараар тогтоогдсон тул /ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт, үл хүндэтгэх/ үргэлжилсэн шинжтэй нэг төрлийн зөрчил гэж үзэхгүй.

5.2.2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баг хамт олноороо ОТ төслийн талбайн хоолны газарт хооллох явцдаа ажилтан Л.Т ийн бэлхүүс нарийсаад, бөгс томроод сайхан байна гэж хэлсэн, бусдад хүсээгүй үед бэлгийн дарамт учруулсан гэж хариуцагч тайлбарласан.

Зөрчлийг шалган тогтоохоор ажил олгогчоос ажилтан Б.Б , Л.Т , Б.У нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр нэхэмжлэгч өгзөг том талаар ярьсан болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Харин ийнхүү хэлсэн нь фитнесс дасгалын үр дүнгийн талаар ярьсан, бэлгийн сэдэлтэй биш гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан ОТ ХХК-ийн баталсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 5.6-д бэлгийн дарамт учруулсан эсэхийг тодорхойлоход тухайн үйлдэл ямар сэдэлтэй байсан нь чухал биш, харин нөгөө хүнд хэрхэн нөлөөлсөн нь ач холбогдолтой, гэж, 5.2-т бэлгийн дарамт нь дарамтад орсон хүний үзэл бодлоор тодорхойлогдоно гэж зохицуулсан байна. Хэргийн баримтаар тухайн яриа чиглэгдсэн Л.Т аас бэлгийн дарамт гэж үзээгүй талаараа ажил олгогчид мэдүүлсэн байна. Иймд тухайн яриа чиглэсэн Л.Т бэлгийн дарамт гэж ойлгоогүй, үзээгүй талаараа мэдүүлсэн байтал тухайн яриа чиглээгүй этгээд болох Б.Уянгын мэдүүлэгт үндэслэсэн нь учир дутагдалтай, холбогдох журмын дагуу бэлгийн дарамт гэж үзэх боломжгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс түүнд холбогдуулж анх гомдол гаргасан хамтран ажиллагч н.Очирсүрэнгийн гэр бүлийн хүн нь гэрчилсэн Б.У , ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж тайлбарласныг хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй болно.

5.3.2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажилтан Б.Б ийг үл хүндэтгэж, зохисгүй харилцсан болох нь Б.Б ийн өөрийн өгсөн тайлбараар тогтоогдсон.

а/Хэрэгт авагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 6-д заасан дээрэлхэх /удаа дараа, давтамжтай гэж заасан/, 7-д заасан доромжлох, 8-д заасан хавчин гадуурхах үйлдлүүдэд нэхэмжлэгчийн дээрх үйлдэл хамаарахгүй байна. Мөн тус журмын 4-т заасан ялгаварлан гадуурхалтад мөн хамаарахааргүй байна. Харин тушаалд нэрлэн заасан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудаас Хөдөлмөрийн гэрээний 3.2.7-д ажлын байранд, хамт олны дотор ... биеэ зөв авч явах соёл, журмыг мөрдөж, эелдэг, нөхөрсөг, хүндэтгэлтэй харьцааг эрхэмлэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

б/Гэхдээ захиргаа энэ зөрчлийг 2023 оны 6 дугаар сард мэдсэн болох нь магадлан шалгах ажиллагаанд тайлбар авсан хуудасны доод талд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж огноо бичигдсэн байдал /1хх43-48/, нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоолохдоо нислэгийн цагийг 2023 оны 6 дугаар сард 5 цаг гэж, харин 2023 оны 7 дугаар сард 0 цаг гэж тусгаж тооцсон байдал, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /1хх 79-86, 89-90/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ОТ төслийн талбайгаас Улаанбаатар хотод ирснээс хойш дараагийн ээлжид гаргаагүй, 7 сард төслийн талбайд ажиллуулаагүй байдлаар зөрчлийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн /хуулиар уртын ээлж 14/14 хоног тул дараагийн явах ээлж таарсан өдрөөр тооцов/ байдлаар мэдсэн, ОТ компаниас дараагийн ээлжид гаргахгүй байхаар мэдэгдэл ирсэн хугацаанаас зөрчлийг мэдэх боломжтой гэж үзнэ.

Иймд ОТ компаниас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэйл ирснээр зөрчлийг анх мэдсэн гэж үзэхгүй тул зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна.

в/Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ. Хэргийн баримтаар нэхэмжлэгч хамтран ажиллагчаа үл хүндэтгэж, зохисгүй харилцсан болох нь тогтоогдсон ч тухайн үйл явдлын дараа уучлалт гуйсан, түүнд гомдоогүй талаар Б.Б ажил олгогчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Иймд гаргасан зөрчил, түүнд ногдуулсан шийтгэл хоорондоо тохирсон гэж үзэхэд учир дутагдалтай.

Иймд ажил олгогчийн 2023 оны 197/05/23 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн цалин хөлснөөс 197/05/23 тоот тушаалын дагуу 2.063.620 төгрөг /736.900+691.552+634.868/ суутгасан болох нь цалин хөлс олгосон хуулгаар тогтоогдсон, хариуцагч үнийн дүнгийн тухайд маргаагүй. /1хх 70-71/

Нэгэнт шүүх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.1.3-т зааснаар цалин хөлснөөс суутгал хийснийг олговол зохих хөлсийг дутуу олгосон гэж үзэж гаргуулах нь зүйтэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Рэдпафмонголиа ГХОХХК-иас 2.063.320 /хоёр сая жаран гурван мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.165 /70.200+47.965/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 118.165 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ