Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 131

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч:Б.Б

Шүүгдэгч: Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Х.Б-т холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Х. Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 сарын 27-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Х-ыг “Чи хүмүүсийн дунд хов хутгасан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 27-ны өдөр иргэн Б.Х өөрийнхөө талын хүмүүсийг өмөөрөөд байхаар нь нэг удаа алгадсан. Өмнө нь Б.Х-ын төрсөн дүү нь 2016 оны 10 сарын 04-ний өдөр намайг зодож, миний биед шарх үүсгэсэн, манай ах Л-ыгмөн 09 сарын 18-ны өдөр зодсон. Худ ургийн холбоотой хүмүүс учраас нэр хугарахаар яс хугар гэж тэр үедээ шүүх цагдаагаар яваагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн ..тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

 *Хохирогч  Б.Х-ын өгсөн:

“...2017 оны  7 сарын 26-ны өглөө манай хадам дүү Х. Б Архангай аймгийн Жаргалант сумаас өмнө хүн зодсон асуудлаар цагдаад дуудагдаж ирсэн юм. Тухайн үед Х.Б манай аав В.Б, дүү Б нарыг зодсоны улмаас цагдаад шалгагдаж байсан бөгөөд хөдөөнөөс орж ирсэн өдөр нь бид нар тохиролцох гээд чадаагүй, манай дүүг дуудуулж ирүүлээд харин маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны  өдөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулж, мөрдөн байцаагч А-т мэдүүлэг өгсөн гэсэн. Тэгээд намайг гэртээ  байхад 19 цагийн орчим манай хадам дүү Х.Б ганцаараа орж ирээд манай нөхөртөө уулзаад “муу пиздаагуудыг ясыг нь цайлгах байсан юм”, 900000 төгрөг нэхээд гэх зэргээр хараагаад байхаар нь чи тохиролцчихоод ингэж болохгүй, ингээд байвал хүн чамтай ямар олигтой харьцав гэж хэлтэл “чи муу хов хутгасан” гэж дайраад толгой руу гараа атгаж 3-4 удаа цохисон юм. Тэгэхээр нь манай нөхөр боль, яаж байгаа юм гээд салгаад холдуулахад хөлөөрөө миний эрүү лүү өшиглөн манай нөхрийг салгаад хорьж байхад хажуугаар нь дайрч намайг үүдний шатан дээр татаж унагасан. Ер нь бол манай нөхөр хорьж дийлэхгүй шахуу байсан. Хажуугаар нь ороод надруу дайраад, хөл гараараа цохиод, өшиглөөд байсан. Тэгээд зодохоо болихоор нь “чи намайг ер нь яагаад зодож байгаа юм, би хэнд нь хов хутгаа вэ” гэж асуухад “чи намайг шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргаж явна лээ гэж эгч нарт хэлсэн байна лээ, чамаас өөр намайг харсан хүн байхгүй” гэж байсан. Мөн намайг зодож байхдаа “надад илүүдээ гарсан 900.000 төгрөг чинь хаана байна, би яаж төлөх юм” гэх зэргээр дайрч байсан. Дараа нь Х.Б-ын ах Б манайд орж ирээд “ер нь чамаас л болсон” гэж дайраад байсан бөгөөд танай дүү чинь намайг зодсон гэж хэлэх гэхээр “чи дуугүй бай, би юм ярьж байна” гэж хэлээд гараа далайгаад байсан, тэгж байгаад гарч яваад намайг зодсон Б, манай нөхөр 2  та нар хүнд буулт хийгээд одоо мөнгө төлөх болчихлоо гэж дайрч байснаа эргэж гэрт орж ирээд намайг гэрээс хөөж гаргахаар нь хашаанд тоглож байсан хүүхдээ нүцгэнээр нь тэврээд би хашааны гадаа гарсан чинь араас “чи муу хогийн ургамлаас долоон дор, танайхан нэг нь бэлэвсэн, нэг нь асман, чи өөрөө ингээд явж байхдаа таарсан амьтан” гэж хашгирч байсан. Урьд өмнө нь Жаргалант суманд бэлчээрийн маргаанаас болж манай аав, дүү 2-ыг зодож цагдаад шалгагдаж байсан юм. Тухайн үед Х.Б, манай нөхөр Р бид 3 гэрт байсан бөгөөд дараа нь манай хадам дүү Борж ирсэн, өөр хүн байгаагүй. Намайг зөвхөн Х.Б зодсон. Харин Б айлган сүрдүүлж, гэрээс хөөж гаргасан юм. Миний хүзүү хөдлөхгүй  өвдөж байна.Толгой болон нугасаар хатгаж өвдөж байна, баруун бөөрний орчимд өшиглөсөн учир их өвдөж байна. Одоогоор бүх бие их өвчтэй, халуурч байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотруу явж үзүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/

    

Гэрч Х.Б-н өгсөн:

  “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ орж ирэхэд Р-н  гэрт эмэгтэй хүн чанга чанга яриад байсан. Би гэртээ орчихоод залгаа хашаанд байдаг төрсөн ах Р-ын гэрт орсон. Р-ын гэрт ороод юу болоод байгаа юм бэ? гэж асуусан. Гэтэл Б.Х Х.Бт зодуулсан талаараа ярсан. Мөн хэл амаар доромжилсон гэсэн. Би гэрээс нь гарсан. Хын нүүрэнд бага зэрэг хөхөрч овоож  хавдсан бололтой харагдсан. Намайг гэрт орох үед нөхөр Р гэрийнхээ үүдэнд байсан. Х гэртээ ганцаараа байсан. Б манайд болон Р-д байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11хуудас /

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н: “...Б.Х-ын биед тархи доргилт, хоёр шүдний зовхи, баруун шанаа, духны зүүн дээд хэсэг, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт уруулын дотор  салстад язарсан зулгаралт, цус хуралт, баруун бөөр орчим, цээжний урд дээд хэсгээр жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт. \хх-ийн 15 дугаар хуудас\

 

  Яллагдагч Х.Б-ын “...Би зүйл ангийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би хуулинд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ...” гэх мэдүүлэг \хх-27 дугаар хуудас\

*Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 сарын 19-ний өдрийн 846 дугаартай албан бичиг /хх-ийн 29 хуудас/ 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 хуудас/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33 хуудас/ 

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37хуудас/ 

Шүүгдэгч Х.Б-ын 2017 оны 9 сарын 26-ны өдрийн малын тооллогын А дансны хуулбар /хх-ийн 39 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

    2017 оны 07 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах  Б.Х нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 сарын 27-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Х-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Х-ын “...“чи муу хов хутгасан” гэж дайраад толгойруу гараа атгаж 3-4 удаа цохисон юм. Тэгэхээр нь манай нөхөр боль, яаж байгаа юм гээд салгаад холдуулахад хөлөөрөө миний эрүү лүү өшиглөн манай нөхрийг салгаад хорьж байхад хажуугаар нь дайрч намайг үүдний шатан дээр татаж унагасан. Ер нь бол манай нөхөр хорьж дийлэхгүй шахуу байсан. Хажуугаар нь ороод надруу дайраад, хөл гараараа цохиод, өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ын “... Гэтэл Х Бт зодуулсан талаараа ярсан. Мөн хэл амаар доромжилсон гэсэн. Хын нүүрэнд бага зэрэг хөхөрч овоож хавдсан бололтой харагдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Б нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь уг ялыг биелүүлээгүй талаараа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Х.Б-т Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял  дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж түүний эдлэх ялыг 950 нэгж буюу 950000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. 

 

Хохирогч Б.Х нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-42х/ тусгагдсан байх тул шүүгдэгч Х.Быг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Х.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх  тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж шүүгдэгч Х.Б-ыг нийт эдлэх ялыг  950 /есөн зуун тавь/ нэгж буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан 950 /есөн зуун тавь/ нэгж буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ГАНДОЛГОР