Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 112/шш2024/0002

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ............... сумын иргэн Ц.Ё, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д,

Хариуцагч: ....... аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Э.Г нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч нь .......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. ........  аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Ё-г “Х” худалдааны төвөөс худалдан авалт хийхэд бөөний баримт төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-8.1 дэх хэсэгт заасны дагуу 15127596,781 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б” ХХК-ийн салбар “Х” Худалдааны Төв нь 2020 оны 12 дугаар сараас .......... аймгийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээг явуулж эхэлсэн. Тус худалдааны төвийг иргэн Ц.Ё хариуцдаг. Тус худалдааны төв нь үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш Татварын хуулийн дагуу татвараа төлж, татвараа тайлагнаж ирсэн төдийгүй “Б” ХХК нь 2018 он, 2019 он, 2021 онд тус тус Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Худалдан авагч иргэний гомдлоор худалдан авалтад НӨАТ-ын баримтыг олгоогүй байна гэж зөрчлийн хэрэг үүсгэн татварын улсын байцаагч. Г.У нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 0043842 дугаартай зөрчилд Ц.Ё-д холбогдуулан шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг гаргасан. Тус шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Ё иргэн А.Н-д худалдан авалт хийхэд нь НӨАТ-ын  баримт олгоогүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-8.1 дэх хэсэгт зааснаар 15.127596,781 төгрөгний шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэн А.Н нь 10 дугаар сарын 03-ны өдөр худалдан авалт хийсэн гэх бөгөөд тус худалдан авалт хийсэн борлуулалтын НӨАТ-ын баримт нь тухайн өдөртөө татварын мэдээллийн санд илгээгдсэн байсан нь манай дэлгүүрийн хувьд НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн болох нь тогтоогдож байгаа. Мөн касс дээр бараа бүтээгдэхүүн уншуулаад шууд НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг. Баримтаа аваагүй байх, мартаж явсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл манай үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийг буруутгаж Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байх тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         

        3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Татварын улсын байцаагч Г.У-н зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын 03-нд тухайн иргэний гомдол гарсан байтал 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр надад мэдэгдэж гомдлыг хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогч гэх Л.Н нь НӨАТ-ын баримтыг мартаж явсан байхад хууль бусаар зөрчлийн хэрэг үүсгэсэнд гомдолтой байна. Буцаж ирж авах боломжтой байтал тэр хүн аваагүй. Татварын улсын байцаагч хялбаршуулсан журмаар шийдэх хуулийн хугацаанд 1 ч удаа холбогдоогүй, хугацаа дуусахын өмнө хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан, итгэмжлэл хийлгэж мэдүүлэг өгөх боломжгүй учраас 5 дахь өдөр манай дүү очиж тухайн үйлдлийг ойлгоогүйгээр мэдүүлэг өгсөн байсан. Мартаад гарсан байж магадгүй, нөхөж олгоё гэж хэлсэн байсан. Манайх бөөний болон жижиглэнгийн бараан дээр хамгийн их баримт олгодог. 2021 онд 3,500,000 ширхэг баримт олгож аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. 2017 онд мөн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. Ингэж торгуулахад би гомдолтой байна. Хохирогч тухайн өдөр ажил явдалтай стресстэй байсан гэж байсан. Тэгэхээр касс болон тухайн иргэн хоорондын үл ойлголцол байж магадгүй гэж бодож байна. Хоорондоо эвгүй харилцсаны улмаас энэ хүн уурлаад гарч явсан. Тухайн 198,550 төгрөгийн баримтыг огт олгоогүй биш. Мартсан алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Иймд энэ бүгдийг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

         3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа татварын улсын байцаагч Г.У-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай зөрчил шийтгэх нотлох тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн шийтгэлийн хуудсаар 11.19 дүгээр зүйлийн 8.8.1 дэх заалтыг үндэслэн 15,100,000 төгрөгөөр торгосон нь үндэслэл бүхий гараагүй байна. Шийтгэлийн хуудсыг харахаар ойлгомжгүй. Дээрээ 2023 оны 10 дугаар сарын 13 гэж байгаа. Доор нь голд нь 2 огноо байдаг. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэж байгаа. Шийтгэлийн хуудас хэзээ үлдэж байгаа нь тодорхойгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Зөрчлийн материалыг харахаар хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байдаг. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан гэж байгаа 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаар явуулах үүрэгтэй гэж байгаа юм. Эрх бүхий албан тушаалтан буюу татварын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмаар зөрчил шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Мөн 2.4.5 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл шийтгэлийнхээ албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээж оролцоно гэж байгаа. Тэгэхээр энэ үүргээ би биелүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж үзнэ. Зөрчлийн хэргийн материалаас харахаар хохирогч нь гомдол гаргасан. Гомдлыг эрх бүхий албан тушаалтнуудын хэлснээр 2023 оны 10 дугаар сарын 16-нд эхлээд гомдол гаргасан гэж байна. Татварын байгууллагад иргэн утсаар, цахим хэлбэрээр гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Ингээд цахим хэлбэрээр утсаар гомдол гаргаж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулж байгаа. Эрх бүхий албан тушаалтан ажлын 5 хоногийн дотор тухайн гомдлыг хүлээж аваад 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээх үү эсвэл хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээхээс татгалзах гэсэн шийдвэрээ 6.1.2 дахь хэсэгт зааснаар гаргадаг. Энэ шийдвэрийнхээ дагуу 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн хэрэг хэрвээ нээсэн бол 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байгаа. 10 дугаар сарын 16-нд ирсэн гомдлыг 10 дугаар сарын 26-нд бид нар хүлээж авсан. Тиймээс 11 дүгээр сарын 01-нд хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээсэн гэдэг. 10 дугаар сарын 03-ны өдөр болсон үйл явдалтай холбоотойгоор иргэн гомдол гаргахад 10 дугаар сарын 16-нд гаргасан гомдлыг 10 дугаар сарын 26-нд бүртгэж авсан. Манай албан ёсны хаяг дээр ирсэн гэж байна. Тэгсэн атлаа 10 дугаар сарын 16-нд бүртгэчихсэн баримт хавтаст хэргийн материалд байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа буюу 14 хоногийн хугацаа өнгөрчихөөд байдаг. Шийтгэл оногдуулсан хугацаа нь өнөөдөр 11 дүгээр сарын 13 юм уу, 11 дүгээр сарын 23-нд юм уу тодорхойгүй шийтгэлийн хуудас байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргадаг. 6.11 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргана. 6.11 дүгээ зүйлийн 1.4 дэх хэсэг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана гэж байгаа юм. Хэрвээ зөрчлийн хэргийг 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагаа шаардлагатай гэж үзэх юм бол эрх бүхий албан тушаалтны дээд удирдах албан тушаалтан 14 хоног хүртэл хугацаагаар зөрчлийн хэргийг сунгасан шийдвэр гаргах ёстой. Гэтэл зөрчлийн хэргийн материал тухайн татварын газрын даргын ямар нэгэн байдлаар хугацаа сунгасан шийдвэр байдаггүй. Хугацаа сунгасан шийдвэргүйгээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг хугацаандаа тааруулахын тулд 10 дугаар сарын 26 гээд 11 дүгээр сарын 01-нд хэрэг нээж, 11 дүгээр сарын 13-нд шийтгэлийн хуудсыг оногдуулаад байгаа юм шиг байгаа боловч хэргийн материал дээр шийтгэлийн хуудас хэзээ яаж оногдуулаад байгаа нь тодорхойгүй 11 дүгээр сарын 13, 23 гэсэн огноотой шийтгэлийн хуудас яваад байгааг дурдах нь зүйтэй байна. Нэгэнт эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтан нь зөрчил хянан шийдвэрлэх хугацааг сунгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байсан. Гэтэл үүн дээр шийтгэл оногдуулахын тулд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаар явуулаагүй. Дараагийн дугаарт мэдүүлгийн асуудал байгаа. Хохирогчоос мэдүүлэг авсан гэдэг. Мэдүүлэг авах ажиллагааг Зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.8.2 дахь хэсэг мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэх, эсвэл тухайн хүний байгаа газарт нь очиж авч болох хуулийн зохицуулалттай байсан. Мэдүүлгийг 10 дугаар сарын 30-нд хохирогчоос авсан байдаг. 30-нд авсан мэдүүлэг дээр энэ хүн Эрээн явчихсан байсан, ирэхгүй байсан. 10 дугаар сарын 16-нд гомдол гаргачихаад Эрээн хот руу явсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч холбогдогчид хууль сануулж, мэдүүлэг авч үнэн зөвийг тайлбарлаж өгөх зохицуулалттай учраас хэн нэгэн этгээд интернэтээр холбогдоод мэдүүлэг авах боломж хуульд олгогдоогүй. Тухайн хүн татварын хэлтэс дээр ирж, эсвэл байгаа газарт нь очиж мэдүүлэг авах хуулийн зохицуулалттай байсан. Үүнийг зөрчиж авсан. Мэдүүлэг авч дуусмагц 4.8.11 дэх хэсэгт зааснаар тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүн танилцуулж нэмэлт оруулах, засвар хийх боломжийг олгоно гэсэн хуулийн зохицуулалттай. Тэгэхээр Эрээнд байгаа хүнд мэдүүлгийг танилцуулах боломжгүй болж байна. 10 дугаар сарын 30-нд мэдүүлгийг авсан боловч сүүлд ирээд гарын үсэг зурсан гэж хохирогч мэдүүлэгтээ дурддаг. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үндэслээд шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дараагийн дугаарт зөрчлийн хэргийн материалыг танилцуулах асуудал яригдаж байгаа. Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусаад ажлын 3 хоногийн дотор зөрчлийн хэргийн материалыг танилцуулна. Холбогдогчид ажлын 3 хоногийн дотор биечлэн эсвэл цахим хэлбэрээр танилцуулна. Зөрчлийн хэргийн шийтгэл оногдуулж байгаа шийтгэлийн хуудсанд гомдол гаргаж байгаа. Шийтгэлийн хуудас нь эрх бүхий албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр болно. Энэ шийдвэр хууль ёсны юм уу гэдэгт гомдол гаргасан. Гэтэл шийтгэлийн хуудас нь 2 огноотой 11 дүгээр сарын 13-нд гээд доор нь 11 дүгээр сарын 23-нд танилцуулав гэсэн байгаа. Ажлын 3 хоногт танилцуулах үүрэг хэрхэн хэрэгжсэн юм бэ? Ё.Х гэдэг зөрчлийн хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдогчоор тогтоогдоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирээгүй хүнд зөрчлийн хэргийн материалыг танилцуулж байгаа нь хуулийг зөрчиж байна. Эцэст нь хэлэхэд энэ шийтгэлийн хуудасны асуудал, шийтгэл оногдуулах шийдвэр гээд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.2 дахь хэсэг шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж байгаа юм. Шийтгэлийн хуудсыг харахаар шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр тодорхойгүй. Дээрээс нь нотлох баримт бүрийг нь шийтгэлийн хуудсан дээр дурдах ёстой. Гэтэл дурдаад байгаа нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчлийн үндсэн дээр бэхжүүлсэн хохирогчийн мэдүүлгийг үндэслээд шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.8.1 дэх хэсэгт татварын төлбөрийн баримт олгоогүй гэж заасан байна. Ус авч төлбөрийн баримтаа авсан гэдэг. Худалдагчаар ажиллаж байсан гэрч мэдүүлэхдээ эхлээд энэ хүн усаа бодуулаад төлбөрийн баримтаа авсан. Сүүгээ аваад ирье гээд явсан гэдэг асуудал ярьдаг. Тэгэхээр олон хүнд үйлчилж байгаа газар мэдээж худалдагчийн хувьд санахгүй байх тохиолдол гарна. Үйлчлүүлэгч ч гэсэн мартаад явчихсан тохиолдол гарна. Татварын баримт огт олгоогүй тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.8.1 дэх заалт хэрэгжихээр байна. Гэтэл тэр иргэнд огт олгоогүй зүйл байхгүй. Яаж тогтоосон юм? хохирогчийн өгсөн мэдүүлэгт усан дээрээ баримтаа авсан гэдэг. Шийтгэлийн хуудсыг 72 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглана гэсэн заалт байгаа. Үүнийг хэрэгжүүлж ажиллаагүй. 11 дүгээр сарын 23-нд танилцуулаад байгаа юм шиг байгаа боловч Ё.Х гэдэг хүнд танилцуулсан. Манайх хуулийн дагуу энэ зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл хохирогчид зөрчлийн хэргийн материалыг хэрхэн танилцуулсан талаар тэмдэглэл байхгүй. Зөрчлийн хэргийн оролцогч гэдэг чинь хохирогч, холбогдогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг нь хэлж байгаа юм. Тэгэхээр хохирогчид хэрхэн танилцуулсан юм. Зөвхөн холбогдогч гээд О-оор гарын үсэг зуруулчихсан баримт байна. Зөрчлийн хэргийг шийтгэлийн хуудсаа оногдуулаад зөрчлийн хэргийн материалд ийм баримт авагдсан тул танд ийм шийтгэлийн хуудас оногдуулах гэж байна гэдэг байдлаар танилцуулах ёстой. Гэтэл хэргийн материал танилцуулсан юм шиг тэмдэглэл үйлдчихээд шийтгэлийн хуудсаа хэзээ үйлдэж яаж танилцуулсан нь тодорхойгүй. Шийтгэлийн хуудсыг 14 хоногтоо багтаах гээд 13-нд танилцуулсан юм уу, 11 дүгээр сарын 23-нд танилцуулсан юм уу ийм баримт хавтаст хэргийн материалд байдаг. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг үндэслээд нэхэмжлэгч талыг буруутайд тооцож шийтгэлийн хуудсаа оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөллийг дэмжиж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.8.1 дэх заалт нь төлбөрийн баримт огт олгоогүй тохиолдол агуулга яригдана. Тухайн үед олгож байсан баримт байдаг. Тэр хүн авч яваагүй юм уу? гээсэн юм уу тэр талаар хохирогчоос тодруулаагүй байна. Ийм шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б” ХХК-ийн салбар “Х” худалдааны төв нь 2020 оны 12 дугаар сараас ........ аймгийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээг явуулж эхэлсэн. Тус худалдааны төвийг иргэн Ц.Ё хариуцдаг. Тус худалдааны төв нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Татварын хуулийн дагуу татвараа төлж, татвараа тайлагнаж ирсэн төдийгүй “Б ” ХХК нь 2018, 2019, 2021 онуудад тус тус Шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр шалгарч байсан гэжээ.

Үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж буюу татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28.5 дахь хэсэгт зааснаар “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” байдаг. Уг үүргээ татвар төлөгч биелүүлэх ёстой. 2018, 2019, 2021 онуудад шилдэг татвар төлөгч аж нэгж болсон нь татварын хууль тогтоомжийг биелүүлэхгүй давуу эрхтэй байна гэсэн зүйл биш юм. Худалдан авагч иргэний гомдлоор худалдан авалтад НӨАТ-ын баримтыг олгоогүй байна гэж зөрчлийн хэрэг үүсгэн татварын улсын байцаагч Г.У нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 0043842 дугаартай зөрчилд Ц.Ё-д холбогдуулан шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг гаргасан. Тус шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Ё иргэн Л.Н-д худалдан авалт хийхэд нь НӨАТ-ын баримт олгоогүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-8.1 дэх хэсэгт зааснаар 15.127.596,781 төгрөгийн шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.Н-с мэдүүлэг авах ажиллагааг эхлүүлж, гомдол мэдээлэлтэй нь холбогдуулан мэдүүлэг авахад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Л.Н “Х” худалдааны төвөөс 44 ширхэг сав сүү, 3 ширхэг сав хаантан нэртэй цай, 1 ширхэг цэвэр ус авсан бөгөөд 198.550 төгрөгийн бараа худалдаж авсан нь гомдол гаргагчийн дансны хуулгаар тогтоогдож байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Татварын удирдлагын нэгдсэн системээс “Х” худалдааны төв иргэн Ц.Ё-ийн тухайн тухайн өдрийн баримтуудыг шалгаж үзэхэд иргэн Л.Н-ийн шилжүүлсэн 198.550 төгрөгтэй үнийн дүн таарсан нэг баримт байсан боловч уг баримтыг шалгаж үзэхэд 14 цаг 28 минутад хэвлэж өгсөн баримт байсан ба иргэн Л.Н нь 18 цаг 44 минутад өөрийн харилцах ............ тоот данснаас Х худалдааны төвийн ............ тоот дансанд 198.550 төгрөгийг шилжүүлсэн байсан ба тухайн өдрийн үнийн дүнтэй таарч байгаа ч цаг минутын хувьд таарахгүй байгаа юм. Мөн тухайн өдөр ТУНС-д 196.050 төгрөг дээр төлбөрийн баримт олгосон мэдээлэл байхгүй байна. Тиймээс Тухайн өдөр тус дэлгүүрээр адил үнийн дүнтэй өөр хэрэглэгч бараа авсан тохиолдол гарч болно. Иргэн Л.Н-ийн гаргаж өгсөн дансны хуулга дээр 198.550 төгрөгийг шилжүүлсэн байсан ба бөөний барааны 196.050 төгрөгтэй таарахгүй байсан учраас энэ талаар Л.Н-аас асуухад “нийт 198.550 төгрөгийн худалдан авалт хийсэн ба баримтаа авъя гэхэд бөөний бараанд баримт өгөхгүй гээд авсан нэг цэвэр усан дээрээ НӨАТ-ын баримт гаргаж өгсөн”, “Бөөний бараанд баримт гаргаж өгөөгүй учраас цэвэр усны мөнгөө хасаад бөөний бараанд авсан дүн дээрээ гомдол гаргасан” гэх мэдүүлгээс харахад иргэн Л.Н 198.550 төгрөгийн худалдан авалт хийж 2500 төгрөгийн нэг цэвэр усан дээрээ баримт аваад бөөний бараа болох 44 сав сүү, 3 хайрцаг хаантан цайны үнэ болох 196.050 төгрөг дээр төв агуулах гэсэн хуулга гаргаж өгсөн ба тухай хуулгыг ямар учиртайг асуухад Бөөний барааны баримт гэж 196.050 төгрөгийн хуулга өгсөн байсан ба энэхүү хуулга нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14. "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” хэлнэ гэх заалттай тухайн өгсөн баримт нь тохирохгүй байна.

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээн холбогдогч Ц.Ё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О-с мэдүүлэг авч ажиллагаа хийсэн. Дээрх асуудлуудыг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О нь “Баримтыг нөхөж гаргаж өгч болно”, “Нөхөж олгох боломжтой гэж үзэж байна” гэх мэдүүлгүүд нь тухайн Х” худалдааны төв нь тухайн өдөр баримтаа олгоогүй бөгөөд нөхөж олгоно гэх мэдүүлэг нь уг үйлдлийг нь нотолж байгаа юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 28.5 дугаар зүйлд заасан үүргээ зөрчиж хэрэглэгчид төлбөрийн баримтыг татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд олгоогүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системээс гарсан 10 дугаар сарын 03-ны өдрийн баримт, хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад зааснаар нээж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 0043842 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэл нотлох баримт дээр үндэслэж, хуулийн дагуу оногдуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

         3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гомдол гаргагч Л.Н 2023 оны 10 дугаар сарын 03-нд худалдан авалт хийж, 10 дугаар сарын 15, 16-ны өдөр фейсбүүкээр гомдол гаргасан байдаг. Татварын удирдлагын нэгдсэн системээр гомдол гаргаж татварын улсын байцаагч Г.У-д хариуцуулж шийдвэрлүүлсэн. Хялбаршуулсан журмаар явуулах 5 хоногийн хугацаанд гомдол гаргагч Эрээн хот явж утас нь холбогдохгүй байсан. Энэ хугацаанд хялбаршуулсан журмаар явуулах 5 хоногийн хугацаа дуусах гэж байсан учраас утсаар тэмдэглэл үйлдэж зөрчлийн хэрэг нээгдэж, энэ хүн ...... аймагт ирж холбогдогчийн мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зурсан. 15,100,000 төгрөг нь Ц.Ё-ийн өмнөх сарын тайлан системд илгээгдэж баталгаажсан байгаа. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1.1-д зааснаар төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь байна гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийнх хуудас ТУНС-д бүртгэгдээд удирдах албан тушаалтан хянаад Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газар давхар хяналт тавьдаг. 2023 оны 10 дугаар сарын 03-нд худалдан авалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 16-нд гомдол гаргасан. Баримт орхиж явсан гэдэгт гомдол гаргагч нь эхлээд цэвэр ус авахад баримт өгсөн. Сүүгээ мартсан байсан учраас сүү авах гэтэл бөөний үнээр учраас баримт өгөхгүй гэсэн гэдэг. Мөн Хаан банкны хуулгаар өөр цагт энэ мөнгөн дүнгээр өөр хүн худалдан авалт хийсэн байгаа. Тэр баримтыг өгсөн. Худалдан авагч .......... гэсэн данснаас 18 цаг 44 минутад 198,550 төгрөг шилжүүлсэн байна. Ижилхэн дүнтэй 2 өөр хүний худалдан авалтын баримт байна. ТУНС-д эхний 14 цагт худалдан авалт хийсэн хүний баримт бүртгэгдсэн байгаа юм. Энэ 2 хүний дансны хуулга данс эзэмшигчийн баримтыг банкнуудаас авч хавсаргасан.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд яг тухайн эрх бүхий албан тушаалтан маань удирдах дээд албан тушаалтныхаа шийдвэрийн дагуу шийдвэрийг нь баталгаажуулаад хууль ёсны дагуу явж байгаад нь хяналт тавиад явдаг. Үүн дээр манай улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан хуулийнхаа дагуу ажилласан. Түрүүний Ё.Х гарын үсэг зурчихсан гэдэг дээр манай улсын байцаагч тайлбар хийсэн байна. Шийтгэлийн хуудасны хувийг [email protected] хаягаар Ё.О-д хүргүүлсэн. Мөн Ё.О нь .......... дугаарын утсаа аваагүй учраас мэйл хаягаар нь хүргүүлсэн. “Х” худалдааны төв дээр очиход өөрөө байхгүй байсан учраас Ё.Х-д шийтгэлийн хуудсыг гардуулсан гэсэн тайлбараа бичиж өгсөн.

Манайх татварын удирдлагын нэгдсэн систем дээр цаг минуттайгаа байгаа. Хэзээ нээж, хугацаа нь хэзээ дуусаж байгаа талаар бүгд программ дээр бүртгэлтэй. Хуулийн дагуу ажиллагаа явуулсан. Энэ хүн 3 удаа гомдол гаргасан. 10 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк дээр эхлээд гомдол гаргаж, манай байцаагч түүнийг хараад Ё.О-д танайд гомдол гаргасан байна. Гомдлоо барагдуулаарай гэж хэлсэн байдаг. Цахим хэлбэрээр гомдол гаргахдаа хуулийн тасгийн байдаггүй өөр группт гомдол гаргасан. 3 удаа шийтгэлийн хуудас бичихээр байсан. 10 дугаар сарын 26-ны өдөр ТУНС-д гомдол нь бичигдэж орж ирсэн. Тэр хугацаанд ........... татварын хэлтэс гэсэн чат руу гомдлоо бичсэн байсан. Тэгэхээр нь манай байцаагч Ё.О-г дуудаж танайд гомдол ирсэн байна гэж зөвлөгөө өгч боломж олгосон. Зүйл анги нь тохирч байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх 8.8.1 гэсэн энэ заалтаар хянагдсан байгаа. Энэ зөрчилд гомдол гаргасан учраас манайхаас хуулийн хэрэгжилт хангуулах тасаг руу явуулж нотлох баримтуудаа хянуулчихсан. Тэгэхэд зөрчилгүй, хуулийн дагуу бичигдсэн байна гэсэн гэв.

 

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Холбогдогчийн баримт ТУНС-ын нэгдсэн системд бизнес эрхлэгчээс илгээгдээгүй гэдэг нь нотлох баримтаас харагдаж байгаа. Өөр ийм дүнтэй буюу М.Х гэдэг иргэнээс гүйлгээ хийсэн худалдан авалтын баримт байна. ............... гэсэн данснаас 198,550 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь нотлох баримтаар хавсаргагдсан байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Иргэн Л.Н нь 10 дугаар сарын 03-ны өдөр худалдан авалт хийсэн гэх бөгөөд тус худалдан авалт хийсэн борлуулалтын НӨАТ-ын баримт нь тухайн өдөртөө татварын мэдээллийн санд илгээгдсэн байсан нь манай дэлгүүрийн хувьд НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн болох нь тогтоогдож байгаа. Мөн касс дээр бараа бүтээгдэхүүн уншуулаад шууд НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг. Баримтаа аваагүй байх, мартаж явсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл манай үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийг буруутгаж Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...2023 оны 10 дугаар сарын 03-нд худалдан авалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 16-нд гомдол гаргасан. Баримт орхиж явсан гэдэгт гомдол гаргагч нь эхлээд цэвэр ус авахад баримт өгсөн. Сүүгээ мартсан байсан учраас сүү авах гэтэл бөөний үнээр учраас баримт өгөхгүй гэсэн гэдэг. Хуулийн дагуу ажиллагаа явуулсан. Зүйл анги нь тохирч байгаа...” гэж тус тус маргадаг.

3. ......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У нь гэхэмжлэгч Ц.Ё-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 15,127,596.781 төгрөгийн торгууль ногдуулжээ.

4. Зөрчлийн хэрэгт авагдсан гомдол мэдээллээс үзвэл 44 ширхэг сав сүү, 3 ширхэг сав Хаантан нэртэй цай, 1 ширхэг цэвэр усны нийт 198550 төгрөгийн худалдан авалт хийхэд 2500 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгож, үлдсэн үнийн дүнд мөнгө тушаасан тухай баримт өгсөн гэдэг. Хэргийн оролцогч нар үүн дээр маргадаггүй.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-т “борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; 4.1.2-т “бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг ойлгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл уг хуульд бараа гэсэн ойлголтыг тодорхойлохдоо бөөний бараа, ширхэгийн бараа гэж ялгаагүйгээс гадна тухайн бараа борлуулж буй этгээд уг үнийн дүнд төлбөрийн баримт олгох үүрэгтэй байна.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “төлбөрийн баримт гэж  тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” ойлгохоор тодорхойлсон. Тодруулбал худалдан авалт хийж буй татвар төлөгч иргэн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй төлбөрийн баримт авснаар татварын буцаан олголтод хамрагдах нөхцөл бүрддэг. Иймээс худалдан авсан барааны үнийн дүн бүхий төлбөрийн баримт авахыг шаардах эрхтэй байна.

7. Иргэний хувьд төлбөрийн баримтыг зохих ёсоор олгоогүй гэж гомдол гаргаснаар татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил бүрт шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ.

Тодруулбал Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд зөрчлийн шинж байдал, хохирлын хэр хэмжээнд шийтгэл тохирсон байх ёстой. Зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргагч нь 3 төрлийн 198,550 үнийн дүн бүхий бараа авахад 2500 төгрөгийн үнийн дүнтэй баримт өгсөн гэж маргаж байгаа атал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т “төлбөрийн баримт олгоогүй....” гэсэн заалтаар торгууль оногдуулсан нь дээр дурдсанчлан зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцсэнгүй. Учир нь 11.19 дүгээр зүйлийн 8.1 гэсэн заалт нь төлбөрийн баримтыг олгоогүй гэсэн агуулгатай байна. Төлбөрийн баримт бага үнийн дүнтэй олгосон талаар талууд маргаагүй, огт олгоогүй гэж мэдээлэл гомдол гаргаагүй байна.

Энэ нь гомдол мэдээлэл гаргагчийн “...Цэвэр ус худалдаж авсан бөгөөд тухайн цэвэр усан дээр НӨАТ-ын баримт гаргаж өгсөн. Бөөний бараанд баримт гаргаж өгөөгүй учраас цэвэр усны мөнгөө хасаад бөөний бараа авсан дүн дээрэээ гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, хариуцагчийн “...Иргэн Л.Н-ийн гаргаж өгсөн дансны хуулга дээр 198.550 төгрөгийг шилжүүлсэн байсан ба бөөний барааны 196.050 төгрөгтэй таарахгүй байсан учраас энэ талаар Л.Н-аас асуухад “нийт 198.550 төгрөгийн худалдан авалт хийсэн ба баримтаа авъя гэхэд бөөний бараанд баримт өгөхгүй гээд авсан нэг цэвэр усан дээрээ НӨАТ-ын баримт гаргаж өгсөн”, “Бөөний бараанд баримт гаргаж өгөөгүй учраас цэвэр усны мөнгөө хасаад бөөний бараанд авсан дүн дээрээ гомдол гаргасан” гэх мэдүүлгээс харахад иргэн Л.Н 198.550 төгрөгийн худалдан авалт хийж 2500 төгрөгийн нэг цэвэр усан дээрээ баримт аваад бөөний бараа болох 44 сав сүү, 3 хайрцаг хаантан цайны үнэ болох 196.050 төгрөг дээр төв агуулах гэсэн хуулга гаргаж өгсөн...” гэх тайлбараар тогтоогддог.

8. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Зүйл анги нь тохирч байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх 8.8.1 гэсэн энэ заалтаар хянагдсан байгаа. Энэ зөрчилд гомдол гаргасан учраас манайхаас хуулийн хэрэгжилт хангуулах тасаг руу явуулж нотлох баримтуудаа хянуулчихсан. Тэгэхэд зөрчилгүй, хуулийн дагуу бичигдсэн байна гэсэн...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

9. Түүнчлэн гомдол мэдээлэл гаргагчаас мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.” гэснийг зөрчсөн байна.

Эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагч хуульд заасан журам, арга, хэлбэрээр зөрчлийг шалган шийдвэрлэх учиртай. Мэдүүлгийг утсаар авсан гэх боловч энэ талаар дууны болон дүрсний ямар нэг нотлох баримт байдаггүй нь өөрийн гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох боломжгүй нөхцөлд хүргэж байна.

Мөн шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг сайтар нягтлан тогтоогоогүй байна.

10. Иймээс Татварын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйлийн 1,2, 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ё-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ........... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У-ийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН