Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 491

 

Ө.Ө-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг              даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00127 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “О-” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 2 383 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Амгалан захын урт талд MT бензин колонкын хажуугийн туслах замаас Л.Олзвой гэх хүний жолоодож байсан 36-15 УБЧ улсын дугаартай автомашин хурдтай ирж миний жолоодож явсан автомашиныг мөргөсөн. Үүнээс болж надад их хэмжээний хохирол учирсан. Тухайн осол гаргасан автомашин нь “О-” ХХК-ийн тээврийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан тул 2.383.500 төгрөгийг “О-” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “О-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Олзвой нь 36-15УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгчийн 07-12УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх этгээд нь тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Олзвой байх ба түүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч буюу жолоодон явсан этгээд байх тул “О-” ХХК нь нэхэмжлэгчид ямар нэг хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ гэм хор учруулаагүй юм. Нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 25 дах заалтыг зөрчсөн. 07-12УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тасархай шугам унуулж явсан байгаа. Хэрвээ хариуцагчийн машин хурдтай явж байсан бол тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөөд салж зогсох ёстой байсан. Гэтэл хариуцагчийн машины хойд талыг мөргөж зогссон байна. Хэргийн газрын зургаас харахад нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл тасархай шугам унуулж биш нэгдүгээр эгнээгээр явж байсан бол ослыг тойрч гарах боломжтой байсан. Нэхэмжлэгч тал хөдөлгөөн эхэлсэн байх үед хариуцагчийн машин ирж мөргөсөн гэж тайлбарлаж байгаа. Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж, шүүх хүлээж авсан дардас дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэж байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь Ө.Ө-ын өмч. Ө.Ө-аас Д.Мөнх-Эрдэнэд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосон. Итгэмжлэл аваагүй байх үедээ Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “О-” ХХК-иас гэм хорын хохиролд 2.383.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Өлзийннямд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53.086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “О-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож бусдад хохирол учруулах нөхцөл байдал үүссэн байхаас гадна тухайн тээврийн хэрэгслийг өөрийн шууд мэдэлд байлгах боломжтой эзэмшигч үүргийг хүлээхээр хуульд зохицуулсан байна. Зам тээврийн осол гарах үед 36-15УБЧ улсын дугаартай автомашиныг иргэн Л.Олзвой бодитоор эзэмшиж байсан бөгөөд өмчлөгч "О-" ХХК-ийн хувьд бодитоор хяналт тавих боломжгүй юм. Иймээс тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу бодитоор эзэмшилдээ байлгаж байгаа этгээд тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч  "О-" ХХК нь бодитоор эзэмшиж, ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байна. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд хүлээх хариуцлага нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлагдах бөгөөд тус зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзэн зам тээврийн осол гаргасан буруутай этгээдийг тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд 2.385.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах хэсэгт заасан байх ба 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн "Автомашин техникийн үнэлгээний тайлан"-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ. түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог болон тухайн хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоохдоо ямар аргыг хэрэглэсэн талаар тодорхойлоогүй буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, маргаантай харилцааны оролцогч, гэм хор учруулсны хариуцлага хүлээх этгээд зэргийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ  нь хариуцагч “О-” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2.383.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан захын зүүн талын МТ ШТС-ын хойд замд 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 10 минутын үед иргэн Л.Олзвой нь  MMC Canter маркийн 36-15 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дах хэсгийг зөрчиж, нэхэмжлэгч Ө.Ө-ын өмчлөлийн Д.Мөнх-Эрдэнийн жолоодон явсан Toyota Corolla Runx маркийн 07-12 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашины копут чихэгдэн үрчийж хэлбэр байдлаа алдсан, урд буфер чихэгдэн хагарч 2 талдаа сэртийсэн, нүүрний хөндөл, урд каркас чихэгдсэн, зүүн урд крыло чихэгдсэн, ус хөргөлтийн радиатор хядагдсан, зүүн урд их гэрэл дохио, урд нүүр, урд салхины шил хагарсан, баруун урд лонжром нугарч гулзайсан зэрэг эвдрэл гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх 13-20 тал/

 

“О-” ХХК-ийн MMC Canter маркийн 36-15 УНЧ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн үед  Л.Олзвой жолоодож явсан боловч тэрээр уг машины өмчлөгч биш тул шүүх машины өмчлөгч хэн болохыг үндэслэлтэй тогтоох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т заасан шаардлагад нийцнэ.

 

Зам тээврийн осол гарах үед ч, шүүхэд нэхэмжлэл гаргах үед ч тухайн тээврийн хэрэгсэл “О-” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байсан нь Автотээврийн газрын лавлагаа, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгч хариуцагч Л.Олзвойг “О-” ХХК-иар сольж шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 14, 39/

Хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар зүйлийн 27-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх 104-105 тал/

 

Иймд анхан шатны шүүх “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч “О-” ХХК-иас гэм хорын хохиролд 2.383.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ө-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Тухайн маргаантай харилцаанд бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийн асуудал хөндөгдөж байгаа ба тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах журам ерөнхий зохицуулалтаас өөр байдаг буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл ашиглагч бусдад гэм хор учруулсан байсан ч хохирлыг уг хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч арилгах үүрэгтэй байдаг тул автомашины өмчлөгчид буюу улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн “О-” ХХК-д хариуцлага  хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4 дэх хэсэгт заасан хариуцлага нь гэм хорыг нөхөн төлөх гэм хор учруулсан этгээдийн үүргийг үгүйсгээгүй, харин хохирсон тал шаардлагаа хэнд холбогдуулан гаргаж болох эрхийг тодорхойлсон  бөгөөд хохирсон этгээд өөрт учирсан гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээд, уг гэм хор учирхад нөлөөлсөн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл уг тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч холбогдуулан шаардлага гаргах боломжтой байдаг юм.

 

Хариуцагч  өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй ба эдгээр эрх нь нэхэмжлэгчийн өмнө хуулийн дагуу хүлээх хариуцлагаас “О-” ХХК-ийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, харин шүүх хэрэглэвэл зохих нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байгааг зөвтгөх нь зүйтэй.

 

Хариуцагч нь хавтаст хэрэгт авагдсан "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй гэж тайлбар, татгалзал гаргаж байгаагүй тул энэ талаар гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “499.1” гэснийг “499.4” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 53 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ      

                                                                                                            Н.БАТЗОРИГ