Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00660

 

 

“Богда Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 102/ШШ2016/00344 дүгээр шийдвэр,       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 635 дугаар магадлалтай,

“Богда Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Дөлгөөн” СӨХ-д холбогдох,

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд ар хороолол, 9а байрны 1 давхрын нэг өрөө, 2 давхрын нэг өрөө, 18 давхрын 18g тоот өрөөнөөс “Дөлгөөн” СӨХ-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, М.Нямдэлгэр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Богда Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Х.Идэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Богда ар хорооллын 9а байрыг 2008 оны 2 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 2009 оны 2 дугаар сард уг байранд “Дөлгөөн” СӨХ байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болсон ба манай компанийн өмчид бүдүүлгээр халдаж, тус байрны 18 давхрын оффисын байрны хаалгыг эвдэн дайрч ороод одоог хүртэл хууль бусаар ашиглаж байгаа юм. Уг байрыг манай компани өөрийн хөрөнгөөр барьсан ба үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031407 улсын дугаартай, 000070569 тоот эрхийн гэрчилгээтэй өмч юм. “Дөлгөөн” СӨХ нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай гэрчилгээг хүчингүй болгуулсан. Дээрх барилга манай компанийн өөрийн хөрөнгөөр баригдсан барилга тул өмчлөх эрхтэй. Түүнчлэн 9а байрны 1 давхрын орцны үүдэн дэх нэг өрөө, хоёр давхрын нэг өрөөг СӨХ-нд хүлээлгэн өгсөн байтал нөгөө өрөөнд нь хүчээр дайран орж ашигласаар байна. Иймд “Дөлгөөн” СӨХ-г 1 давхрын 1 өрөө, 2 давхрын 1 өрөө, 18-р давхраас нүүлгэн гаргаж манай компанийн байрыг суллаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дөлгөөн” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь дундын өмчлөлд хамаарах тул “Богда холдинг” ХХК нь шаардах эрхгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өмчлөгч болох нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар уг маргаан бүхий 9а байрны 18g тоот нь дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй тул “Дөлгөөн” СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа. “Богда холдинг” ХХК нь маргаан бүхий 18g тоотыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ авсан байсан хэдий ч тус байр нь барилгын зураг төсөлд төлөвлөгдөөгүй, дээврийн хонгилыг зориулалтын бусаар өөрчилж давхар нэмж гаргасан байсан. Энэхүү үндэслэлээр шүүхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр “Богда холдинг” ХХК-д олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн дээрх 9а байрны 18g тоот нь анхнаасаа төлөвлөгдөөгүй, улсын комисс хүлээж аваагүй тул дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй. Цахилгаан шатанд засвар үйлчилгээ хийх өрөө нь маргаан бүхий 18g өрөөн дотор байрладаг. Үүгээр дамжихгүй засвар үйлчилгээг хийх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь үл хөдлөх эд хөрөнгөөр баталгаажаагүй байгаа учраас өмчлөгч биш юм. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д технологийн хувьд нэгдмэл бус барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулж болно гэж заасан байдаг. Гэтэл 18 давхар нь нэгдмэл учир дахин улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийгөө хууль ёсны эзэмшигч гэж байна. СӨХ нь өөрийн дундын эд хөрөнгийн өмчлөлийг хамгаалах хуулиар заасан үүргийнхээ дагуу эзэмшигч байна. Хууль ёсны эзэмшил дээр маргаад байгаа нь оршин суугч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө гэсэн утгаар маргаад байгаа болохоос “Дөлгөөн” СӨХ-ны өмч гэж маргаагүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 102/ШШ2016/00344 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 142 дугаар зүйлийн 142.2, 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т тус тус заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1-р хороо, 9а орон сууцны 18 давхрын 18g тоотын 01, 02, 03, 04 дугаар өрөөнүүдийг чөлөөлөхийг хариуцагч “Дөлгөөн” СӨХ-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9а орон сууцны 1 давхрын 1 өрөө, 2 давхрын 1 өрөөг “Дөлгөөн” СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нүүлгэн гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Богда холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493.516 төгрөгөөс 210.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2602002965 тоот данснаас илүү төлсөн 282.916 төгрөгийг, хариуцагч “Дөлгөөн” СӨХ-ноос тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Богда холдинг” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 635 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00344 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “үлдэх” гэсний дараа “18 давхрын 18g тоотын 05, 06 дугаар өрөө,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт.... “...улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлээгүй нь “Богда Холдинг” ХХК-ийг маргаан бүхий эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхгүй, улмаар тухайн эд хөрөнгө нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж үзэх үндэслэл болохгүй... гэжээ. “Богда Холдинг” ХХК нь БГД-ийн 1 дүгээр хороонд байрлах 9А байрны 17ж, 18ж, 19ж тоотуудыг бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан хэдий ч тус байр нь барилгын зураг төсөлд төлөвлөгдөөгүй, дээврийн хонгилыг зориулалтын бусаар өөрчлөн давхар нэмж гаргасан байсан. Энэхүү үндэслэлээр шүүхэд Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 390 тоот шийдвэр гаргасан. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана доод хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, тухайн орон сууцны болон доорхи нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар зааснаар 18 ж тоот өрөө нь сууц өмчлөгчдийн дундын өмч юм. Ямар ч барилга байгууламжид тухайн барилгыг хэн өөрийн хөрөнгөөр барьснаас ул хамааран дундын өмчлөлд хамаарах талбай байдаг талаар иргэний хуулийн 142.2-д хуульчилсан. Тухайн барилгыг “Богда Холдинг” ХХК-ийн хөрөнгөөр барьсан талаар талуудын аль нэг тал огт маргаагүй, гол асуудал нь тухайн маргаж буй өрөөнүүд нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд багтаж байгаа юм. Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-д зааснаар СӨХ нь үүрэг хүлээн. Энэхүү үүргийнхээ дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байх тул “Дөлгөөн" СӨХ ашиглах, эзэмших эрхгүй байна гэж дүгнэсэн нь оршин суугчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар уг маргаан бүхий 9а байрны 18ж тоот 81.72м.кв талбай бүхий өрөө, 1 давхрын 6 м.кв, 2 давхрын 10 м.кв. талбайтай өрөө байр нь дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй байгаа тул “Дөлгөөн” СӨХ нь хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Богда Холдинг” ХХК нь Баянгол дүүрэг 1-р хороо, 9а байрны ....18 дугаар давхрын 18д тоотыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар шаардах эртэй юм.” гэжээ. Давж заалдах шатны шүүх “Богда Холдинг” ХХК-ийг хууль ёсны эзэмшигч, харин “Дөлгөөн” СӨХ-ийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий талбай нь оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө түүний засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэхэд шаардлагатай талбай бөгөөд энэхүү талбайг хувийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд цахилгаан шат болон бусад дундын өмчлөлийн эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Богда Холдинг” ХХК нь Баянгол дүүргийн 1-р хороо, Богд ар хороолол, 9а орон сууцыг барьж гүйцэтгэн 2008 оны 2 дугаар сард ашиглалтад оруулсан ба 18 дугаар давхрын 18g тоотын 01, 02, 03, 04 дугаар өрөөнүүд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 11-18, 66-68, 89-90 дүгээр тал болон ажлын зураг/.

Хариуцагч “Дөлгөөн” СӨХ нь дээрх өрөөг эзэмших эрхтэй болохоо нотлоогүй, тухайн сууцны өмчлөгч, эсвэл хууль ёсны эзэмшигч гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хариуцагч “Дөлгөөн” СӨХ-ийн эзэмшлээс 18 дугаар давхрын 18g тоотын 01-04 дугаар бүхий өрөөнүүдийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т нийцжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй 9а байрны 1 давхрын шатны хонгил, 2 давхрын орцны үүдний өрөө, 18g тоотын 05, 06 дугаар өрөөнүүд нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 635 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ