Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0623/з |
Дугаар | 270 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 270
“М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч
П.Д, Х.Н нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 тоот актаар тогтоосон 991382866,70 төгрөгийн төлбөрөөс 4.3, 4.4-д хэсгээр тогтоосон 121,256,934,50 төгрөгийг 4.1-д тогтоосон төлбөрөөс 64,851,657.59 /2012-2014/ нийт 186,108,592.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 4.1, 4.2-т заасан 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0188 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тунгалагмаа, З.Оюунчимэг, Ж.Азбаяр,
Хариуцагч П.Долгормаа, Х.Нансалмаа, болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Болдбаатар нар.
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс 216,380,034.7 төгрөгийн торгууль, 29,045,601.0 төгрөгийн алданги, 1,305,459.9 төгрөгийн хүү нийт 246,731,095.6 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, мөн актаар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс хариуцагч 6,529,291.8 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж 533,258,065.3 төгрөгийг нэхэмжлэгч “М ц х” ХК-иар төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0188 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.9, 17.2.9 /г/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2010-2014 онд оршин суугч бус этгээдэд төлбөр шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 439.628.363.10 төгрөгийн нөхөн татвараас 2010-2014 онуудын гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрт нөхөн татвар ногдуулсан дүн, түүнд ногдох торгууль, хүүг хасч, төлбөрийн хэмжээг багасгаж, актын бусад хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан актаар тогтоосон төлбөрөөс 6.529.291.8 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх 210020504 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 216.380.034.7 төгрөгийн торгууль, 29.045.601.0 төгрөгийн алданги, 1.305.459.9 төгрөгийн хүү нийт 246.731.095.6 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нар гомдолдоо: ... Монголын цахилгааны холбоо ХК нь карьер компаниудаас үйлчилгээ авсны төлөө төлж буй төлбөр /зардал/ нь ААНОАТ-ын тайлангийн хасагдах зардалд орж өртөг бүрдүүлэн хасагдан тооцогдсон зардал бөгөөд эдгээр үйлчилгээг Монгол Улсад оршин суугч бус этгээдээс авсан тул НӨАТ-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасны дагуу Монголын цахилгааны холбоо ХК нь суутгагчийн үүрэг гүйцэтгэн, үйлчилгээний үнийн дүн дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг авч, НӨАТ-ийн ТТ-03 б маягтаар тайлагнаж, төсөвт төлөх үүрэгтэй. Тийм учир энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан авч байгаа асуудал биш юм.
4. Монгол Улс нь Олон Улсын цахилгаан, холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан боловч нэгдэн орсноор аливаа төрлийн татвараас хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх холбогдох заалт үгүй байгаа болно. Харин татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухайн улсуудтай байгуулсан гэрээнүүдийг шалгалтын явцад авч хэрэглэн ашигласан болно.
5. “Татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд”-ийг хэлнэ. Мөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд татварын улсын байцаагчийн бүрэн эрх 29.1.5-д “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг ут этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэсэн заалтын нөхөн татвар ногдуулж, хуулийн дагуу холбогдох хариуцлага тооцсон.
6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0188 дугаар магадлалын гомдолд дурдсан хэсгийг хүчингүй болгож, нийслэл дэх Захигааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
8. Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хянлт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нар “М ц х” ХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дүгээр актаар “...2010-2014 онд ... 4.1 ...... гадаад ярианы карьер Япон улсад KDDI компани, АНУ-ын АТ&Т компаниудад ярианы төлбөрийг шилжүүлэхдээ ААНОАТ суутган авч төлөөгүй, ... 4.2 ... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ НӨАТ суутган авч төсөвт төлөөгүй, ... 4.3 ... татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал ААНОАТ ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлого бууруулсан, ... 4.4 ... чөлөөлөгдөх борлуулалтын орлогод ногдох худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг төсвөөс буцаан авахаар тооцсон ...” гэх нийт 6,120,542,603.10 төгрөгийн зөрчил тогтоон, 658,990,083.20 төгрөгийн нөхөн татвар, 1,318,885.10 төгрөгийн хүү, 254,797,898.10 төгрөгийн торгууль, 76,276,000.30 төгрөгийн алданги, нийт 991,382,866.70 төгрөгийн төлбөр ногдуулсан, нэхэмжлэгч “М ц х” ХК-иас анх маргаан бүхий “…210020504 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...актаар тогтоосон 991,382,866,70 төгрөгийн төлбөрөөс 4.3, 4.4-д хэсгээр тогтоосон 121,256,934,50 төгрөгийг, 4.1-д тогтоосон төлбөрөөс 64,851,657.59 /2012-2014/ нийт 186,108,592.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 4.1, 4.2-т заасан 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “М ц х” ХК нь уг актын 4.3, 4.4-т заасан зөрчилд холбогдох, нөхөн татвар, торгууль, алдангийн нийт 204,864,414.1 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан, талууд уг үйл баримттай маргаагүй байх тул маргаан бүхий актын 4.3, 4.4-т заасан зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлгүй байна.
10. -“... 2010-2011 онд ... гадаад ярианы карьер Япон улсад KDDI компани, АНУ-ын АТ&Т компаниудад ярианы төлбөрийг шилжүүлэхдээ ААНОАТ суутган авч төлөөгүй” гэх зөрчлийн талаар:
11. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.“г”-д “... /Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод /20 хувиар албан татвар ногдуулах/”-аар заасан, уг хуулийн заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “...Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ... г/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого, ... д/ Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогод ... /тус бүр/ 20 хувиар албан татвар ногдуулах”-аар нэмэлт өөрчлөлт оруулжээ.
12. Иймд, нэхэмжлэгчийн “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод албан татвар ногдуулан, суутган төлөх хуулийн заалт үйлчилж эхлэхээс өмнө гаргасан зөрчил ...тул /сүүлд батлагдсан/ хуулийн заалтаар зөрчилд тооцох үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.“г”-д заасны дагуу Монгол улсад байрладаггүй хуулийн этгээд болох Япон улсын KDDI компани болон АНУ-ын АТ&T компанийн олсон дээрх орлогыг Монгол улсын аж ахуйн нэгж болох “М ц х” ХК-ийн ажил үйлчилгээгээр олж байгаа учир Монгол улсаас эх үүсвэртэй гэж үзэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
13. -“... 2010-2014 онд ... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ НӨАТ суутган авч төсөвт төлөөгүй” гэх зөрчлийн талаар:
14. Маргаан бүхий актаар “…2010-2014 онд ... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй” гэх зөрчил тогтоон, 439,628,363.10 төгрөгийн нөхөн татвар, 188,989,382.10 төгрөгийн торгууль, 1,318,885.10 төгрөгийн хүү ногдуулсан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг хэсгийн зөвхөн “гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ НӨАТ суутган авч төсөвт төлөөгүй” гэх зөрчилд хамаарах нөхөн татвар ногдуулсан дүн, түүнд ногдох торгууль, хүүг хасч, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг 4.2-т заасан бусад “... засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ НӨАТ суутган авч төсөвт төлөөгүй” гэх зөрчилд холбогдох нөхөн татвар, түүнд ногдох торгууль, хүү ногдуулсаныг хэвээр үлдээсэн хэсэгт холбогдуулан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
15. Нэхэмжлэгч “М ц х” ХК нь “орон нутаг, улс, хот хоорондын цахилгаан холбооны ашиглалт, үйлчилгээ, өндөр хурдны интернэтийн үйл ажиллагаа” эрхэлдэг, 2010-2014 онуудад Монгол Улсад оршин суугч бус, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүдэд “гадаад ярианы төлбөр, сувгийн түрээс”-ийн төлбөрийн шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй, талууд уг үйл баримттай маргаагүй, “... нэмэгдсэн өртгийн албан татварыг /хэрэглэгч/ нэгэнт төлсөн байхад давхардуулан ногдуулсан эсэх” талаар маргаж байна.
16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хууль (шинэчилсэн найруулга) нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул “2010-2014 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх” талаарх уг маргаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийг хэрэглэх ёстой, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчлэх”-ээр зааснаас үзэхэд, нэг бараа, ажил, үйлчилгээнд “нэг удаа” нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэх үндэслэлгүй, “нэг бараа” хэдэн удаа борлуулагдана, мөн удаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор байна.
17. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн бараа, ажил, үйлчилгээний хувьд гүйлгээ хийгдэж буй шат, дамжлага тус бүрт ногдож, төсөвт төлөгдөнө, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь уг “завсрын хэрэглээ”-нд ногдуулан төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа дараагийн борлуулалтын үед худалдан авагчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар “буцаан олж” авснаар тухайн бизнес эрхлэгч бус, зөвхөн эцсийн хэрэглэгч төлдөг татвар тул “М ц х” ХК нь өөрөө эцэслэн хэрэглэж буй бараа, ажил, үйлчилгээний хувьд өөрөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч, дамжуулан хэрэглэж буй бараа, ажил, үйлчилгээний хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгч болох юм.
18. Тухайн тохиолдолд, “М ц х” ХК нь 2010-2014 онуудад эцсийн хэрэглэгч нарт үзүүлсэн “гадаад ярианы үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлсөн, энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт ... үзүүлсэн үйлчилгээ ... /-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох/”-оор, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “...тухайн сард ... үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”-өөр заасантай нийцсэн, талууд уг үйл баримттай мөн маргаагүй байна.
19. Харин, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд ...-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарах’-аар, 7.3.5-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах ... /нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсанд тооцогдох/”оор, 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ... үйлчилгээ үзүүлэх ... /нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэнд тооцогдох/”-оор, 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх”-өөр тус тус заасан, энэ нь Монгол Улсын аж ахуйн нэгж дотоодын зах зээлд бараа, ажил, үйлчилгээ борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөх харилцаанд хамааралгүй, тусгайлсан зохицуулалт юм.
20. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “М ц х” ХК нь “улс хоорондын гадаад ярианы үйлчилгээ”-г дотоодын зах зээлд борлуулдаг, ингэхдээ уг үйлчилгээг өөрөө “үүсгэж” борлуулдаггүй, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүдэд төлбөр төлж, “улс хоорондын гадаад ярианы үйлчилгээ” явуулах техникийн болон бусад “боломж”-ийг худалдан авдаг байх тул “М ц х” ХК-нд “бараа борлуулсан”, “үйлчилгээ үзүүлсэн” гадаадын хуулийн этгээдүүд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтуудын дагуу Монгол Улсад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй, “М ц х” ХК нь тэдгээр хуулийн этгээдүүдээс бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх “суутган төлөгч”-ийн үүрэгтэй байна.
21. Давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, “... үйлчлүүлэгч ярьсан ярианы төлбөртөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байхад ... дахин нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр акт тавьсан нь ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцээгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, хариуцагч нарын “... “М ц х” ХК ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дах хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаггүй хуулийн этгээдээс үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч, төсөвт төлөх үүргээ биелүүлэх ёстой, ... давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
22. Харин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий актын “... 4.1-д заасан зөрчлийн 2012-2014 онуудад хамаарах 64,851,657.59 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрсөн” нь нэхэмжлэгч энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан агуулгатай байхад анхан шатны шүүх “... татгалзлыг баталж” шийдвэрлээгүй, “...нийт төлбөрийн хэмжээг багасгаж” шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0188 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хариуцагч 6,529,291.8 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж” гэсний дараа “нэхэмжлэгч актаар тогтоосон төлбөрөөс 64,851,657.59 төгрөгийн нөхөн татварт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА