Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 10

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07 сарын 18 өдөр                 Дугаар 10                                        Баруун-Урт

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай” 15-р тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Б.Лхагвасүрэн, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал, гуравдагч этгээд Д.Амарбаясгалан, Д.Гантөмөр, О.Балжинням, А.Амгаланбаатар, Ц.Хүрэлбаатар, Б.Батбаатар, И.Батсүх, Ц.Болортуул, Ө.Батсайхан, Б.Гансүх, С.Ганбат, Ж.Цээсүрэн, Т.Мөнхболд, Ц.Энхбаатар, Ш.Мандахнар, Э.Өлзийтогтох, Д.Хосбаяр, М.Төмөрчулуун, Ш.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас Дарьганга суманд буюу 3-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. 

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан санал хураалтад нийт 1710 сонгогч санал өгснөөс 835 сонгогч буюу 48,8 хувийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. 

Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай” 15-р тогтоолын 1 дэх заалтаар нэр бүхий 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгож, 2 дахь заалтаар Д.Болдбаатар миний биед нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулахаар шийдвэрлэж, надад орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоогүй болно. 

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т аймаг, нийслэл сум дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчдэд орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно гэж заасан.

Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны 15-р тогтоол нь нэрнээсээ эхлээд алдаатайгаас гадна, түр үнэмлэх олгохыг хойшлуулах тухай хуулиар зохицуулаагүй байхад, хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдлэн түр үнэмлэх олгохыг хойшлуулсан шийдвэр гаргасан нь хурлын төлөөлөгчөөр сонгогдсон миний эрх ашгийг зөрчөөд зогсохгүй надад итгэлээ өгч сонгосон Дарьганга сумын иргэд сонгогчдын эрх ашгийг зөрчсөн. 

Шүүхэд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Одоо энэ тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгохоос татгалзаж, 2 дахь заалтыг хүчингүй болгон, түр үнэмлэх олгохыг даалгаж өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т “аймаг нийслэл, сум дүүргийн Сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчдэд орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15-р тогтоолын 2 дахь заалт Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэврийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатарын нэр дэвшигчийн түр үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулсугай гэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуульд түр үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуул гэсэн заалт байхгүй. 

 Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т хууль зүйн нэр томъёог тодорхой болгон тогтоохдоо “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэж тодорхойлсон байна. 

Иймд Д.Болдбаатарын төлөөлөгчдийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах, Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15-р тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эхлээд Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Сонгуулийн хорооны тогтоол нэрнээсээ эхлээд агуулгын алдаатай байгаа боловч 32 нэр дэвшигчид түр үнэмлэх олгосон асуудал нь нэхэмжлэгч Д.Болдбаатарын эрх ашгийг ямар нэг хэмжээгээр зөрчөөгүй байна гэж үзэж байна.

 Тийм учраас Сонгуулийн хорооны 15 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах мөн Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

 Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаатай холбогдуулан гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тэднийг гаргах ёстой гэж үзэж байна.

 

Сонгуулийн хороо тогтоолын 2 дахь заалтаар шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдтэл төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг хойлшлуулсугай гэж заасан. 

Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргах нь хуульд заасан эрх хэмжээ боловч түр үнэмлэх олгохыг түр хугацаагаар түдгэлзүүлнэ, хойшлуулна гэсэн хуулийн ямар нэг заалт байхгүй.

 Сонгуулийн хорооны эрх хэмжээнд Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйл, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т зааснаар зохицуулагдана гэж заагдснаас хойшлуулна, түдгэлзүүлнэ гэсэн заалт байхгүй байна. Сонгуулийн хороо хуулиар олгогдоогүй эрх эдэлж, Д.Болдбаатарын эрх ашгийг зөрчиж тогтоол гаргасан учраас 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Мөн хойшлуулах буюу түдгэлзүүлэх үндэслэл Сонгуулийн хороонд байхгүй байгаа учраас Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах гэсэн нэхэмжлэлийн  шаардлагыг мөн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлтдээ:  

Аймгийн Сонгуулийн хорооны 2016.07.03-ны өдрийн 15 тоот тогтоолын 2-р заалтыг хүчингүй болгох, нэхэмжлэгч Болдбаатарт түр үнэмлэх олгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Дондов овогтой Болдбаатар нь Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “ нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай” 15 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн. 

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бусад үндэслэлүүд байхгүй гэж үзэн хэрэг үүсгэж сонгуультай холбоотой маргааныг тусгай журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтын дагуу хэрэг хянан шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулсан.

 

Сонгуулийн хорооны дарга Г.Адъяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, хариу тайлбар гаргах, нотлох баримт ирүүлэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг биелүүлэлгүй 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагаас хойш сураг чимээгүй болж, шүүхийг үл хүндэтгэн шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулсан. /түүнтэй утсаар ярьсан тэмдэглэл, холбогдох бусад баримтыг хэрэгт хавсаргав/ 

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “ Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, “31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэгт зааснаар Сонгуультай холбоотой харилцаанд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга нь, түүний эзгүйд нарийн бичгийн дарга нь төлөөлнө” гэсний дагуу шүүхээс Сонгуулийн хороог энэ хэрэгт албан тушаалын хувьд төлөөлөх эрх бүхий этгээд нь Сонгуулийн хорооны даргаас гадна нарийн бичгийн дарга байх боломжтой гэж үзэн шүүх хуралдааны тов тогтоох урьдчилсан хэлэлцүүлэгт Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргалыг оролцуулан, шүүх хуралдаанд хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн.

Нөгөө талаас нэхэмжлэгч Д.Болдбаатар нь олонхийн санал авсан 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгосон сонгуулийн хорооны тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан байсан тул нэр бүхий 32 хүний эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах захирамж гарган тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт анхдугаар хуралдааныг санал хураалт дууссанаас хойш 20 хоногийн дотор хуралдуулах зохицуулалттай. 

Хуулийн энэ хугацаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дуусаж байгаа тул шүүх хуралдааны тов тогтоох урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан “шаардлагатай бусад тохиолдолд” шүүх хуралдаан товлон зарлаж болно гэсэн үндэслэлээр товыг тогтоосон. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Болдбаатар нь аймгийн Сонгуулийн хорооны маргаан бүхий 15 тоот тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж тогтоолын зөвхөн 2 дахь заалт буюу өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж,   түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлага болгон өөрчилснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал нь хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй бол шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, энэ талаар тэмдэглэлд тусган хэргийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Тодруулвал, нэхэмжлэгч Д.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий 32 төлөөлөгчийн эрх, ашиг сонирхол шүүхээс гарах шийдвэрийн улмаас зөрчигдөхөөргүй байдалд хүрсэн тул шүүхээс тэднийг хэргийн оролцогчийн нэгэн адил эрх эдлэн оролцох шаардлагагүй гэж шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Захиргааны  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал нь нэхэмжлэгч Д.Болдбаатарын “ аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот тогтоолын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тавин хувь буюу 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35.100 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгон, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооноос 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдбаатарт олгосугай.  

 

           4. Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэх бөгөөд хариуцагч сайн дураар үл биелүүлвэл албадан гүйцэтгэвэл зохино. 

 

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ЭРДЭНЭТУЯА