Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0504

 

 

 

 

 

 

 

 

т

                                                           Б.М-ын нэхэмжлэлтэй

                                                       захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ын “Б.М намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.М миний бие Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 17 тоот шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч түүнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хагас дутуу үнэлэн хэт нэг талыг баримтлан буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч миний үндсэн шаардлага болох "Намайг Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх талаарх шаардлага нь тодорхой байгаа мөртлөө ойлгомжгүй байна гэх мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь урьд шүүх намайг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний хүртэл ажилласанаар тооцож мөн үеийн цалин хөлсийг нөхөн гаргуулан олгосон байгаа. Энэ шийдвэрээр миний баталгаагаар хангагдах эрхийг дуусгавар болгосон. Хязгаарласан ямарч үндэслэл, дүгнэлт хийгдээгүй. Намайг анх Төрийн захиргааны албан тушаалд ажилд томилсон гэх хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны 6/64 тоот 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот тушаалууд нь 001 тоот шүүхийн шийдвэр гарахад гол үндэслэл байсан бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байсан ба үүнийг Төрийн албаны салбар зөвлөл 2016 оны 18,19 тоот тогтоолоор тодорхойлож өгсөн байгаа. Энэ тогтоол мөн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа юм. Тийм учраас анхан шатны шүүх энэ тогтоолыг дутуу үнэлсэн бөгөөд тухайн үеийн үйл баримтын талаар гаргасан эрхийн акт мэтээр тайлбарлан шийдвэрийн үндэслэл болгожээ.Харин би 0019 тоот шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудын талаар огт маргаж байгаагүй.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 тоот тогтоолуудын мөн чанарыг ойлгохгүй байсан нь харамсалтай байна. Энэ тогтоолуудаар 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний хооронд намайг ажилласанаар тооцох бус цаашид миний эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан эрхийн акт мөн болно. Энэ талаар хэрэгт авагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн надад өгсөн гомдолын хариуд тодорхой дурдсан байгаа юм. Цаг хугацааны хувьд ч өөр утга санаатай байсан гэдгийг шүүгч ойлгоогүй ба ойлгохыг хүсээгүй байжээ. Харин шийдвэрийг тайлбарлах үед зарим үндэслэлүүдийн талаар цухас дурдсаныг бодвол шүүгч шийдвэрийг бичгээр гаргах үед буруу тайлбарласныг ойлгосон гэж үзээд байна.

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь урьдах шүүхүүдийн миний эрх ашгийг дордуулсан алдаатай шийдвэрийг хамгаалах үүднээс Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг эсрэгээр буруу тайлбарласанд гомдолтой байна. Хэрэгг авагдсан нотлох баримтуудаас жишээ татаж дурдахад гуравдагч этгээд М.Гүлиягийн эрхэлж байсан албан тушаал нь хэд хэдэн удаа хасагдаж байхад мэргэжлийн бус албан тушаалд шилжүүлэн томилогдсон байна. Мөн энэ талаар хэрэгт хангалтай бусад нотлох баримтууд авагдсан байсныг шүүгч анхаараагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 4 зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчимыг нэхэмжлэгч би биш харин хариуцагч тал зөрчсөнийг шүүгч эсрэгээр тайлбарласан гэж үзээд байна. Урьд Улсын Дээд шүүх нь хоёр шатны шүүхийн магадлал шийдвэрийг буруу хүчингүй болгосоны сөрөг үр дагавараас болж миний бие өдий болтол хохирч байгаа давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн 17 тоот шийдвэрт тэмдэглэсэнчлэн...” Надад урьдах шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгосоноос илүүтэй 60 нас хүрч буй надад баталгаагаар хангагдах нь илүү чухал байгаа билээ.

4. Шүүгч Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.2.4 дэх хэсгийг тайлбарлахдаа "Нэхэмжлэгч урьд нь тухайн албан тушаалын нэрийг заан маргасан гэж тайлбарласан байдаг. Харин энэ заалтад 3 төрлийн баталгаагаар хангагдах талаарх заалтыг дутуу тайлбарласан байна. Хэрэв хариуцагч нэр заан маргасан албан тушаалд нэхэмжлэгчийн мэргэжил тарахгүй гэж үзье хуульд заасан дараагийн баталгааны хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. Тийм учраас Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолуудын 2 дугаар заалтуудад нэхэмжлэгч Б.М миний эрх ашгийг хамгаалах үүднээс тус хэлтсийн даргад үргэлжлүүлэн ажиллуулж, баталгаагаар хангаж ажиллахыг 2016 оны 3, 4 дүгээр сард хариуцагчид үүрэг хүлээлгэсэн байгаа болно. Түүнээс биш энэ тогтоол гарсан өдөр өнгөрсөн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгож байгаагүй. Урьдах шүүх энэ тогтоолын тогтоож өгсөн үйл баримт үүргийг дуусгавар болгож тайлбар хийж байгаагүй байгаа нь шийдвэрт тодорхой харагдаж байна. Төрийн албаны салбар зөвлөлийн энэнхүү тогтоолууд одоо болтол хүчин төгөлдөр байгаа захиргааны акт мөн болно. Үүнийг хэн ч хүчингүй болгоогүй /тогтоолууд хүчин төгөлдөр байгааг Төрийн албаны салбар зөвлөл нь өөрөө хүлээн зөвшөөрч баталсан байгаа болно. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөвхөн болж, бүтэхгүй талаас нь тайлбарлаж дүгнэсэн нь харамсалтай байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл тогтоолын учирыг ойлгохгүй бол нэмэлт нотлох баримт гаргуулах байлаа.

5. 17 тоот шийдвэрийн 21 дэх талд миний гаргаж өгсөн нотлох баримтыг дүгнэхдээ Нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэнээр түр томилсоноос хойш тэмдэглэгээ хийгдээгүй гэж утгагүй дүгнэлт хийжээ. Намайг ажилд томилсон тушаалууд бүгд хэрэгт авагдсан бөгөөд 0019 тоот шийдвэрт тодорхой дүгнэгдсэн байгаа болно. Хариуцагч тал хэрэг маргаан шүүхэд хянагдаж байх хугацаанд миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэрийг өөрчлөн дахин бий болгосон байна. Тийм учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байсан.

6. Хэрэв шүүх миний нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг зөв дүгнэлт хийж хангасан тохиолдолд мэдээж энэ асуудал яригдах байлаа. Шүүгч нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангахгүй болохоор энэ талаарх марганыг зөв шийдвэрлэх талаар ач холбогдол өгөөгүй байна.

7. Анхан шатны шүүх нь тус шүүхийн шүүгчийн 118 тоот захирамжийг эс зөвшөөрч гаргасан миний гомдолд ямар ч хариу өгөлгүй орхигдуулсан болохоор хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь хэдий ч энэ захирамжид гомдол гаргах эрхгүй байсан ч надад хариу өгөх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг нь билээ.

8. Миний урьдах шүүхийн шийдвэрийн дагуу олгосон ажилгүй байсан үеийн цалин хөлсийг татан буугдсан хөдөлмөрийн хэлтсээс олгосон бөгөөд шийдвэрийн бусад даалгасан хэсгийг  хариуцагч нь одоо болтол биелүүлээгүй хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан болохоор биелүүлэх боломжгүй гэдгийг тайлбарласааар байна. Харин хариуцагч худлаа тайлбар гаргасаныг шүүгч шийдвэрт буруу тэмдэглэсэн байна.

9. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0019 тоот шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй гэж хариуцагч гал тайлбар гаргасан ба энэ үед улс төрийн нөхцөл байдлаас болж Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан нь хэрэгт авагдсан Засгийн газрын 09 тоот тогтоолоор нотлогдож байгаа юм. Харин миний гаргасан энэхүү нэхэмжлэлийг тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан шалгаж эхэлсэн болохоор шинэ нөхцөл байдлын талаар хүсэлт гаргах боломж надад олдоогүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

10. 17 тоот шийдвэрийн бас нэг үндэслэл нь Хөдөлмөрийн хэлтэс татан буугдах үед нэхэмжлэгчийн нэр хариуцагчид орж ирээгүй гэжээ. Энэ үед миний Хөдөлмөрийн хэлтэст холбоотой эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага шүүхэд хянагдаж байсан болохоор түүнээс болж намайг буруутгах нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх гомдлын үндэслэлүүдээр хэргийг хууль зүйн хүрээнд үнэн, бодитоор нь магадлан хянаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 17 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх гол нөхцөл болохыг мөн хуулийн 55 дугаар зүйлд тодорхой заажээ.  Нэхэмжлэгч Б.М-ын “Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16  дугаар тогтоол, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1, 3 дахь заалт, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, хоолны мөнгө болох 19 805 568 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2017/0019 дүгээр шийдвэрээр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ.

Улмаар нэхэмжлэгч Б.М 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нийт 22 сарын 14 424 146 төгрөг /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” 54.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар … хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж тус тус зохицуулсан.

Иргэн Б.М-аас төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаанаа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 110/ШШ2017/0019 дүгээр шийдвэрээр шийдвэрлүүлсний дараа дахин төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх, ажилд шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах тухай нэхэмжлэл 2016 оны 8 дугаар сард гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл түүний гаргасан нэхэмжлэлүүдэд дурдсан маргааны үйл баримт нь адил байна.

“...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд нэгэнт маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад М.Г-г томилсон 06 дугаар тушаалын талаар Б.М нь нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй этгээд байжээ.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д тус тус заасныг баримтлан Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Б.М-ыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нийт 22 сарын 14 424 146 төгрөг /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА