| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03076/И |
| Дугаар | 181/ШШ2024/02693 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/02693
| 2024 07 08 | 181/ШШ2024/02693 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:..............тоотод оршин суух, С.Д /Регистрийн дугаар........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................тоотод оршин суух, Б.Б /Бүртгэлийн дугаар: 1.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 7.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Б.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 7.800.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2024 оны 5 дугаар сарын 08-нд Сүхбаатар дүүргийн Бэлх зах дээр иргэн Б.Б машин зарна гэснээр очиж уулзаж, машин авахаар болж нотариат орох замдаа машинд оношилгоонд орьё гэхэд машинд ямар нэг асуудал байхгүй, ямар нэг асуудал гарвал аваад ирээрэй гэхээр нь итгэж оношилгоонд оролгүй нотариатаар орж гэрээ байгуулсан. Ингээд би маргааш нь оношилгоонд оруулахад машин дундуур нь тасдаж залгасан машин байсан учир залгахад наймаа хийсэн бол хийсэн, мөнгийг чинь үрчихсэн гээд утсаа тасалчихсан. Тэгээд би гэрийг нь хайж байгаад 2024 оны 5 дугаар сарын 12-нд хайж олоод уулзахад машинаа буцааж авья, мөнгө байхгүй, зараад 10 хоногийн дотор хохиролгүй болгож өгнө гэж гараараа бичиж өгсөн. Гэвч өнөөг хүртэл мөнгө өгөөгүй, зарагдаагүй, мөнгө байхгүй, шүүх цагдаагаар явж өргөдлөө гарга гэсэн. Иймд 7.800.000 төгрөгийг Б.Б гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 7.800.000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэг сарын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь Б.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 7.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.800.000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Д ийн нэхэмжлэлтэй, Б.Б д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.800.000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.750 төгрөгийн тавин хувь болох 69.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 69.875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 69.875 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ