Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02471 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “БИИТМ” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 358 143 457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “БИИТМ” ХХК-тай өвс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “БИИТМ” ХХК-д өвс нийлүүлж, хүлээж авсан өвсний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 6 дугаар зүйлд зааснаар А талын талбайд пүүлж гаргасан бодит хэмжээгээр тооцож, шалгаж хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Б тал нэхэмжлэл илгээнэ. А тал нэг удаагийн төлөлтөөр нэг тооцоог хийнэ. Гэрээний 7 дугаар зүйлд “А” ХХК хэрэв өвс нийлүүлэх хугацааг хойшлуулсан, “БИИТМ” ХХК төлбөр тооцоог удаасан тохиолдолд өдрийн 0.3 хувиар алданги тооцон нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон. Манай компани 2019 оны 01 сараас 2019 оны 3 сарын хугацаанд “БИИТМ” ХХК-д өвсийг гэрээнд заасан чанарын үзүүлэлт, хэмжээнд нийцүүлж нийт 1306.3 тонн өвсийг нийлүүлсэн. “БИИТМ” ХХК өвс хүлээж авахдаа болон хүлээн авсны дараа өвсний чанарын асуудлаар манай компанитай маргаж байгаагүй болно. Гэрээний 6 дугаар зүйл, гэрээний нэмэлтэд зааснаар манай компани “БИИТМ” ХХК-ийн Замын-Үүд дэх байранд нийлүүлсэн даруй 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 46 391 юанийн, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 28 409 348 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 586 170 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 22 075 458 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 55 884 774 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 37 998 852 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 112 082 733 төгрөгийн, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 199 006 089 төгрөгийн, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 61 047 939 төгрөгийн, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 9 850 755 төгрөгийн нэхэмжлэлүүд хүргүүлсэн. Манай компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу “БИИТМ” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 46 391 юань буюу 28 409 348 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 586 170 төгрөгийг хугацаандаа манай компанид шилжүүлсэн. Харин 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжилсэн 199 006 089 төгрөгийг бүтэн шилжүүлээгүй 107 хоногийн хугацаа хэтрүүлж 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 63 880 955 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн байна. Түүнчлэн бусад нэхэмжлэлийн дагуу өвсний үнийг төлөхдөө “БИИТМ” ХХК хугацаандаа төлбөр шилжүүлэх дараах байдлаар зөрчсөн. Үүнд, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өвсний үнэ 28 887 651 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 779 967 төгрөгийн алданги, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өвсний үнэ 32 123 752 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 867 341 төгрөгийн алданги, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өвсний үнэ 22 075 458 төгрөгийн 6 хоногоор хугацаа хэтрүүлж 397 358 төгрөгийн алданги, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өвсний үнэ 55 884 774 төгрөгийн 5 хоногоор хугацаа хэтрүүлж 838 272 төгрөгийн алданги, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өвсний үнэ 37 998 852 төгрөгийг 95 хоногоор хугацаа хэтрүүлж 10 829 672 төгрөгийн алданги, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өвсний үнэ 112 082 733 төгрөгийг 93 хоногоор хугацаа хэтрүүлж 31 271 083 төгрөгийн алданги, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өвсний үнэ 61 047 939 төгрөгийг 76 хоногоор хугацаа хэтрүүлж 13 918 930 төгрөгийн алданги, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өвсний үнэ 9 850 755 төгрөгийн 70 хоногоор хугацаа хэтрүүлж 2 068 659 төгрөгийн алданги тус бүр манай компанид шилжүүлэх үүрэг үүссэн байна. Иймд “БИИТМ” ХХК-аас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн нийлүүлсэн өвсний үнэ 199 006 089 төгрөг, алданги 63 880 955 төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдэд өвсний үнийг хугацаа хэтрүүлж шилжүүлсний алданги 60 917 281 төгрөг нийт 323 858 326 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Мөн ажиллагааны явцад 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд 65 760 кг өвс буюу 30 693 940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3 591 191 төгрөгийн хамт нийт 34 285 131 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд гэрээний үүрэгт 358 143 457 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч “БИИТМ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 6 сарын 20-ны өдөр 99 006 089 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 199 006 089 төгрөгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нийт 1 306.3 тн өвсийг авсан асуудлаар маргаан байхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын сүүлд нэмэгдүүлсэн хэсэг болох 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд 65 760 кг өвсний үнэ 30 693 940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3 591 191 төгрөгийн хамт нийт 34 285 131 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Манай компани нийт худалдаж авсан өвсний үнийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэрээнд заасан алдангийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл нийт 1306 тонн өвс, тэжээл худалдан авсан. Нийт 1306 тонн өвс авсанд ямар нэг маргаан байхгүй. Нийт 1306 тонн худалдан авснаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 46 392 юань буюу тухайн өдрийн ханшаар 377 төгрөгөөр тооцож, 17 489 407 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 41 995 518 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 138 971 635 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 150 081 585 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 70 898 694 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 99 089 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч компани нэхэмжлэгч компаниас сүүлд худалдаж авсан 30 690 900 төгрөгийг төлөөгүй байгаа ба төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй гэрээнд заасан алданги 120 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд 3 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл тогтмол “А” ХХК-аас өвс нийлүүлж, хариуцагч компани хүлээн аван санхүүгийн боломж бололцоотой үедээ төлбөрийг шилжүүлж байсан. Нэхэмжлэгч компани манай компанид нэхэмжлэх ирүүлж, түүний дагуу мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлах боловч манайд компанид бодитоор хүргүүлж байсан зүйл байдаггүй. 2019 оны 6 дугаар сар хүртэл явахад манай компаниас ямар нэг гэрээний үүрэгт алданги нэхэмжилсэн зүйл байгаагүй учраас хариуцагч компани өвсний үнийг бид боломжоороо төлөөд байж болох юм байна, алдангийн талаар гэрээнд заасан хэдий ч алданги нэхэмжилсэн зүйл байхгүй юм байна гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч компани 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд бид нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан. Нэхэмжлэлийг аваагүй байхдаа бид 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 199 006 089 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг хийх явцдаа нэхэмжлэгч компаниас 67 тонн өвс авсан ба энэ худалдан авах явцад ямар нэг алдангийн асуудал яригдаагүй. Бидний зүгээс гэрээнд заасан 1 жилийн хугацааны тэжээл авах юм байна гэж ойлгож байсан ба хамгийн сүүлд 67 тонн өвс авснаас хойш дахин өвс авахаа зогсоосон. Шүүхэд эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан боловч эвлэрлийн журмаар шийдвэрлэгдээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 128 389 427 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэдэг ойлголттой байсан. Харин сүүлд нийлүүлсэн 67 тонн өвсний төлбөр 30 693 940 төгрөгийг, алданги 3 591 191 төгрөг, нийт 34 285 131 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ийм учраас 34 285 131 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БИИТМ” ХХК-аас гэрээний үүрэгт 30 693 940 төгрөг, алданги 23 491 800 төгрөг, нийт 54 185 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 104 897 627 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 107 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БИИТМ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 428 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 104 897 627 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны одөр байгуулсан "Өвс нийлүүлэх гэрээ"-ний 6, 7 болон гэрээний нэмэлтэд хариуцагч тал хугацаа хэтрүүлж төлбөр шилжүүлбэл "хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх" үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж тодорхой бичгээр тусгасан, хариуцагч тухайн нийлүүлсэн өвсний үнийг төлөхдөө нэхэмжилсэн өдрөөс 3 хоногийн дотор төлөх хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон. Нэхэмжлэгч өвсний үнийг төлөх үүрэгт саад хийлгүй цаг тухай бүрт гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон, алдангийг бууруулж хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай хариуцагч хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 104 897 627 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангахгүй бага үндэслэл тогтоогдоогүй атал шүүхээс өөрийн санаачлагаар алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт “нэмж 104 897 627 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар” өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 358 143 457 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад 199 006 089 төгрөгийн төлбөр төлснийг хасахыг зөвшөөрч 159 083 367 төгрөгийн шаардлагыг  дэмжсэнээс хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд нийлүүлсэн өвсний үнэ 30 693 940 төгрөгийг алданги 3 591 191 төгрөгийн хамт төлөхөө зөвшөөрч, үлдсэнийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Өвс нийлүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний дагуу нийлүүлсэн өвс, тэжээлийн тоо хэмжээ, төлбөл зохих үндсэн үнийн дүнгийн тухайд зохигчид маргаагүй, харин нэхэмжилсэн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж төлсөнтэй  холбоотойгоор алданги шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний Долоогийн 1 дэх заалтаар “А тал төлбөр тооцоог удаасан тохиолдолд өдрийн 0.3 хувиар алданги тооцож, нөгөө талдаа гэрээ зөрчсөний нөхөн төлбөр төлнө” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт оруулахдаа төлбөр төлөх хугацааг өвс тэжээлийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр төлнө гэж харилцан тохиролцжээ.

 

Өвс тэжээлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухай бүр төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр төлөх гэрээний үүргээ худалдан авагч “Бээжин интоксикейшн интернэйшнл трейд монгол” ХХК зөрчиж хугацаа хожимдуулсан хоногийг жагсаалтаар гаргаж, алдангийг гэрээнд заасан 0.3 хувиар тооцож нэгтгэсэн тооцооллыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

 

Иймд гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчээс гэрээнд заасны дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх боловч нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө буюу мөн оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 8 удаагийн нэхэмжлэлээр шаардсан үндсэн төлбөр 401 947 433 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байжээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн, нэг удаагийн төлөлтөөр бүрэн төлөөгүй гэрээний зөрчлийг гаргасан боловч  нэхэмжлэгч буюу худалдагч тал нь тухай бүрт шаардлага гаргалгүйгээр удаа дараагийн нийлүүлэлтийг хийж, гэрээний зөрчлийг арилгахыг шаардалгүйгээр үндсэн төлбөр болох 401 947 433 төгрөг төлөгдөж дууссан байна.

 

Иймд шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, төлбөрийг боломжоороо төлж байсныг худалдагч тал хүлээн авч, дараагийн нийлэлтүүдийг хийж байсан, алданги төлөхийг шаардаж байгаагүй гэх хариуцагчийн тайлбарыг үнэлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд төлөгдөж дууссан төлбөрт алданги тооцож 60 971 282 төгрөг шаардсаныг хангаагүйг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн заалтад нийцнэ.

 

Харин хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан өвс тэжээлийн үнэ 199 006 089 төгрөгийг болон 2019 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд нийлүүлсэн 67 760 кг өвсний үнэ 30 693 940 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандсан байх бөгөөд дурдсан төлбөрийг, алдангийн хамт гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний заалтад нийцнэ.

 

Хариуцагч нь дээрх төлбөрөөс 67 760 кг өвсний үнэ 30 693 940 төгрөгийг алдангийн хамт төлөхөө зөвшөөрсөн, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийлүүлсэн барааны үнэ 199 006 89 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулснаа баримтаар нотолсон байна. /хх-138,139/

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч талаас 199 006 089 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсний алдангийг гэрээнд зааснаар шаардах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцоолсон 63 880 995 төгрөгийн алдангийг хариуцагчийн төлөхийг зөвшөөрч буй 2019 оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр нийлүүлсэн өвсний үнэ, түүний алданги болох 34 285 131 /30 693 940+3 591 191/ төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний болон хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.8” гэсний дараа “232.4” гэж, “алданги 23 491 800 төгрөг, нийт 54 185 740 төгрөгийг” гэснийг “алданги 67 472 146 төгрөг, нийт 98 166 086 төгрөгийг” гэж, “нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 104 897 627 төгрөгийг” гэснийг үлдэх 60 917 281 төгрөгийг” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “428 878” гэснийг “648 780” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ