Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

Улсын яллагч: Ш.Н

Хохирогч:Д.Т

Шүүгдэгч: Т.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Т. Ж-т холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Т. Ж 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Ж нь 2011 оны 8 дугаар сараас эхлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт өөрийн эхнэр, иргэн Д.Тийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

2017 оны 7 дугаар сарын үед манай эхнэр Д.Т, Л.С эгчтэй хамт аж ахуйгаас ирж байна гээд гэртээ ирсэн. Ирээд өөрийн гэсэн эд зүйлээ авч явна гэж уурлаад над руу дайраад аяга, шанага авч шидээд байхаар нь хоёулаа ярилцъя гэж хэлээд ярилцаад би дахиж буруу үйлдэлд гаргахгүй гэж хэлээд эвлэрсэн. Тэгээд эхнэр ажил руугаа явсан. Явсных нь дараа миний сэтгэл санаа тогтворгүй хэцүү байсан учраас хамт байсан ахаараа нэг шил архи авахуулаад түүнийгээ хамт хувааж уусан. Архиа уучихаад эхнэрийнхээ ажил дээр очиж эдгээр үйлдлийг гаргасан байсан гэв.

*Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

 Т.Ж бид хоёр танилцаад 7 жил болж байна. Гэр бүл болоод 3 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүтэй болсон. Том хүү маань 6 настай, бага хүү 4 настай. Одоогоор тусдаа амьдарч байгаа. Танилцаад удаагүй жил болоогүй л байхдаа надад агсам тавьж, гар хүрч зоддог байсан. Тэр болгонд нь цагдаа хуулийн байгууллагад мэдэгдэж эмнэлэгт үзүүлж байсан удаа байхгүй. Энэ хүн надад 4 удаа гар хүрсэн гэж хэлж байна. 7 жилийн хугацаанд би сэтгэл санааны болон бие махбодын хувьд маш их хохирол амссан. Энэ хүнээс сална гэхээр л би үхнэ,  амиа хорлоно гэж дарамтладаг. Тэгэхээр ээж нь миний хүү үхчих юм бол амь насыг нь чамаас нэхнэ гэж хэлдэг. Энэ байдлаас болж сэтгэл санааны дарамт их байдаг. Намайг сална гэж хэлэхээр л хутга аваад хоолой дээрээ тулгах, өөр дээрээ бензин асгаад өөрийгөө шатаана, эм ууж амиа хорлоно гэх зэрэг үйлдлүүдийг гаргадаг.  Би өмнө нь 11 сард сална гэж явсан хойгуур эм уугаад эмнэлэгт 3 хоног ухаангүй хэвтсэн байсан. Тэр үед нь ээж нь над руу залгаад хүү маань үхчих юм бол чамаас амь насыг нь нэхэмжилнэ гэж хэлж байсан. Энэ байдлаас нь болоод холдож чадахгүй өдий хүрсэн. Энэ хүнийг архи уугаад гэртээ ирсэнийх нь маргааш нь уурлаж, толгой руу цохих, өшиглөх үйлдэл гаргаж байсан нь үнэн. Хэдийгээр энэ хүн намайг 7 жил гомдоож байсан ч гэсэн би хоёр хүүхдийнхээ сайн сайхны төлөө энэ хүнийг уучилсан. Тийм учраас энэ хүнийг дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэх байна. Энэ хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. Би гэр орноосоо яваад тусдаа амьдарч байгаа ч гэсэн надад мөнгө санхүүгийн хувьд маш их хүндрэлтэй байгаа. Энэ талаараа баримтжуулсан зүйл байхгүй байна. Гэхдээ үүнийг шүүхийн өмнө хэлмээр байна. Би түрээсийн байранд 2 хүүгийн хамт амьдардаг. Одоо банкны зээл төлдөг. Одоогоор бол баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй гэв. 

* Эрүүгийн ..  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Д.Тийн өгсөн: 

 

“... 2017 оны 7 сарын 17-ны өглөө 11 цагийн үед би Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас Цэнхэр сумын төвд байх гэрээсээ хувцас, бичиг баримтаа авахаар эгч Л.Сгийн хамт ирсэн. Тэгээд гэрээсээ хувцсаа аваад явах гэсэн чинь манай нөхөр Т.Ж намайг явуулахгүй гээд байсан. Тэгснээ намайг салаад явах юм бол амиа хорлоно гээд хутга аваад өөрийнхөө хоолойг хутгаар зүсэх гэхээр нь би хутгыг нь булааж аваад нуусан. Би гэрээс гарах гэсэн чинь Т.Ж намайг гаргахгүй хориод байсан. Тэгтэл Т.Жийн ах У гэх хүн орж ирэхээр нь би эгчийнхээ хамт гэрээс гарсан. Би  Цэнхэр сумын төвд байх ажил дээрээ ороод ажлаа хийж байсан чинь 14 цагийн үед Т.Ж араас согтуу орж ирээд үсээ засуулж байсан үйлчлүүлэгч нар луу дайраад, хэл амаар доромжлоод намайг бас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ажлын байранд байсан хамаг эд зүйлийг нурааж, авч шидэж хэмхлээд, ажлын өрөөнд байсан зуухны тагийг аваад шидэхээр нь би гараад зугтсан чинь миний араас хөөгөөд байсан. Би ажлаасаа гэр лүүгээ зугтаад гэртээ харьсан  хойгуур Т.Ж манай ажил дээр очоод манай ажлын хажууд өөрийгөө шатаалаа гээд өөр дээрээсээ бензин асгасан байсан. Манай эгч бид хоёр манай хүүхдийг аваад  орой 18 цагийн үед Төвшрүүлэх сум руу машинтай явсан чинь Т.Ж араас мотоцикльтой хөөж ирээд машины урдуур ороод зогссон. Тэгэхээр нь би буцаад аймгийн төв орж цагдаад мэдэгдсэн. Манай нөхөр бид хоёрын харьцаа хэвийн биш байгаа. Манай нөхөр 7 хоногт 2-3  удаа архи уудаг, архи уух болгондоо надад агсам тавьдаг учраас би нөхрөөсөө салахаар шийдээд 7 сарын 12-ны өдрөөс хойш гэртээ харилгүй Төвшрүүлэх сум руу ахындаа очсон. Тэгээд өнөөдөр эргэж ирээд хувцсаа авах гэсэн чинь ийм хэрэг болсон.  Бид хоёр гэр бүл болоод 3 жил, танилцаад 7 жил болж байна. Т.Ж 5 жилийн өмнөөс надад агсам тавьж, намайг зоддог болсон. Т.Ж архи ууж ирээд намайг хэл амаар доромжлоод сэтгэл санаагаар дарамталдаг. Амь насанд заналхийлж ална гэж сүрдүүлдэг. Заримдаа биед халдаж, зодож гэмтэл учруулдаг. Заримдаа би архи уусан үед нь хоёр хүүхдээ аваад гэрээсээ зугтаад ажил дээрээ ирж хонодог байсан. Т.Ж надад олон удаа агсам тавьж, айлган сүрдүүлж, би сүүлдээ сэтгэл санааны тайван биш байдалд орж байнгын айдас түгшүүртэй явдаг болсон. Т.Ж намайг эд зүйлээр учиргүй зодож цохьдоггүй харин биед ямар нэг шарх сорви үлдээхгүйгээр гараараа хатгаж, гараа атгаж байгаад хурууныхаа үеэр цохиж, өвтгөж шаналгадаг байсан. Намайг сүүлийнхээ хүүхдийг төрүүлээд удаагүй 1 сар гарантай байхад намайг машинд суулгаад хамт үхнэ гээд Цэнхэр сумын засмал замын далан дээрээс машинтайгаа харайлгаад замын шон мөргөж байсан. Тэрнээс болоод би нуруундаа 3 хэсэг газар суулттай болсон. ...2014 оны 10 сарын сүүлээр  орон дээр дарж хоолой боож багалзуурдаад миний хоолойд гэмтэл учруулж, амь насанд заналхийлж байсан. Энэ талаар Л.С эгч мэдэж байгаа. Тухайн үед надад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Би цагдаагаар шалгуулж байсан.  ...2016 оны 10 дугаар сарын дунд үеэр Төгсбатрт ороход Т гэж миний төрсөн том ах гэрт байсан. Гадаа хашаанд хүн байгаагүй, харсан хүн байхгүй. Манай ах гадаа юу болсон талаар сонссон байсан. Араас гэрт ороод миний эрүү орчим руу цохиж түүнээс нь болж миний эрүү хөхөрсөн байсан, эрүү рүү цохиход Тах хажууд байсан. Тухайн үеийн асуудлын талаар мэднэ. Би энэ асуудлын сар өдрийг андуурсан байж магадгүй. Тухайн үедээ биед цус хурах, шалбарах, зэрэг гэмтэл учирдаг байсан. Одоо үзүүлэх гэмтэл байхгүй, тухай бүртээ эдгэрчихдэг байсан. Зодуулах бүртээ эмчид үзүүлж баримт бүрдүүлж байгаагүй болохоор гэмтлийн талаар ямар ч баримт байхгүй. Өмнө зодуулж байснаас болж үлдсэн сорви бусад шинж тэмдэг үлдэц байхгүй, сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Л.Сгийн өгсөн:

 

“... Манай дүү Д.Т 2017 оны 7 сарын 13-ны өдөр нөхрөөсөө зугтаад манай гэрт ирсэн. Д.Тийн нөхөр болох Т.Ж архи уугаад, агсам тавиад, айлгаж сүрдүүлээд байхаар нь нөхрөөсөө зугтаагаад ирсэн байсан. Тэгээд 7 сарын 17-ны өглөө Д.Т гэрээсээ очоод хувцас хунараа авъя гэхээр нь би түүнтэй хамт машинаар явсан. Д.Т гэртээ ирээд хувцас хунаараа аваад  явах гэсэн чинь Т.Ж явуулахгүй гээд хоргоогоод, хэрвээ  явах юм бол өөрийгөө ална гээд гүрээний судсан дээрээ хутга тулгаад байхаар нь Д.Т бид хоёр хутгыг нь булааж аваад нуусан. Тэгтэл түүний хамаатных нь ах Ургамал гэдэг хүн орж ирэхээр нь би Т.Жийг түүнд үлдээгээд Д.Т бид хоёр гарч явсан. Тэгээд Д.Тийн ажил дээр нь очоод, би банк орохоор явсан. Д.Т ажлаа хийгээд үлдсэн. Би эргээд ирсэн чинь Т.Жанцанзээмэр манай дүүгийн ажил дээр нь ирчихсэн манай дүү Д.Тт агсан тавиад айлгаад дарамталчихсан сууж байсан. би Т.Ж-т боль гэж хэлсэн чинь над руу дайраад надтай хэрүүл хийснээ манай дүү Д.Тийн ажлын газрын эд зүйлийг нураасан тэгтэл Д.Т гараад зугтсан. Т.Ж бас гарч яваад хэсэг хугацааны дараа ундааны саванд шингэн зүйл хийсэн барьж ирснээ өөр дээрээ асгаад өөрийгөө шатаана гээд байхаар нь би нөгөө савтай юмыг нь булааж аваад хорьсон. Т.Ж архи уугаад согтсон байсан би түүнийг хэсэг тайвшруулж байгаад гэр лүү нь явуулсан. Тэгээд би дүү Д.Тийг аваад Төвшрүүлэх сум руу машинтай явсан тэгтэл араас Т.Ж мотоциклтой хүрч ирээд бид хоёрыг явуулахгүй гээд байхаар нь буцаад аймгийн төв рүү орж цагдаад мэдэгдсэн. ...Т.Ж агсан тавихаар хамаг эд зүйлээ эвдэж сүйтгэдэг Д.Тийг багалзуурдаад зодож цохидог. Д.Тийн бие нь заримдаа хөх эрээн болчихсон явж байдаг бас хэл амаар доромжилж айлгаж сүрдүүлдэг” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 хуудас/,

               Гэрч А.Х-ын өгсөн:

            

               “...2017 оны 7сарын 17-ны өдөр 12 цагийн үед Д.Т ажил дээрээ байж байсан чинь нөхөр Т.Ж нь согтуу ирсэн тэгснээ удалгүй Д.Тт агсан тавиад ажлынхан хамаг эд зүйлийг нураасан. Тэгсэн чинь Д.Т ажлаасаа гараад зугтсан. Т.Ж Д.Т-ийн ажил дээр байж байгаад сүүлдээ яваад өгсөн байсан. Т.Ж өмнө Тт агсан тавьдаг байсан. Ж эхнэртээ агсан тавиад зоддог гэж Д.Т өөрөө надад ярьж байсан. Би зодож цохиж байхыг нь хараагүй. Манай ахуй үйлчилгээний ажилчид Д.Т-т нөхөр нь агсам тавиад, нөхрөөсөө зугтаад ахуй үйлчилгээний оёдлын өрөө, эсгийний өрөөнд хонодог байсан гэж ярьж байсан. Д.Т зодуулаад хоолойгоо боолгуулаад гэж ярьдаг байсан. Гэхдээ биед нь ил харагдаж, хөхөрсөн, няцарсан шарх сорив гэж зүйл байдагггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

              Гэрч Ц.Л-ийн өгсөн: 

              “...2017 оны 7 сарын 17-ны өдөр 12 цагийн үед би Д.Тийн ажил дээр үсээ засуулаад сууж байсан чинь Д.Тийн нөхөр Т.Ж согтуу орж ирээд Д.Тээс хэрүүл өдөөд Д.Тийн ажлыг хийлгэхгүй байсан. Тэгэхээр нь би үсээ засуулж дуусалгүй гараад ажил руугаа явж ороод удаагүй байж байсан чинь тар няр гээд юм хагарах чимээ гарсан. Би юу болоод байгааг харахаар ажлаасаа гараад ирсэн чинь Д.Т ажлаасаа гүйж гарч ирээд хажуу талынхаа Ц гэдэг хүний ажлын өрөө рүү ороод нуугдсан. Тэгсэн чинь Т.Ж эхнэрээ хайгаад манай ажлын өрөөгөөр орж ирж хараад гараад явсан. Т.Ж сүүлдээ Д.Тийг Ц-н өрөөнд байгааг мэдээд дагуулаад гараад ирсэн байснаа дахиад алга болсон байсан. ...Т.Ж өмнө Д.Тт агсам тавьдаг байсан, ер нь архи уух болгондоо агсан тавьдаг юм шиг байна лээ. 2016 оны 10, 11 сард Д.Т нөхөртөө зодуулаад гэрээсээ хөөгдсөн гээд 2 удаа хүүхдээ дагуулаад манайд ирж хонож байсан. Тэрнээс гадна олон удаа гэрээсээ хөөгдөж, дайжиж ахуй үйлчилгээний эсгийний өрөө, манай оёдлын өрөөнд Т.Жөөс нуугдаж хонож байсан. Д.Т 2 жилийн өмнөөс ахуй үйлчилгээнд үс засаж эхэлсэн. Тэр үеэс Ж эхнэртээ агсам тавьдаг гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

                Гэрч Ч.Ц-ийн өгсөн:

                 “...Т.Ж архи уухаараа Д.Тийн ажпын үс засдаг өрөөнд ирээд хэрүүл уруул хийж агсан согтуу тавьдаг. Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын дунд үеэр ирж Т.Ж агсан тавьсан. Д.Т миний эсгий хийдэг өрөөнд 5-6  удаа хоносон яг хоносон он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Өвлийн хүйтэнд ч ирж хонож байсан. Ирж хонох болгондоо шөнийн цагаар хүүхэдтэйгээ ирээд хонох газар байхгүй, Т.Ж согтуу ирээд агсан тавиад зодлоо гээд л өрөөний түлхүүр авч яваад ажил дээр хонодог байсан. Зодууллаа гээд ирэхэд нь гэмтэл бэртэл ажиглагдаж байгаагүй, хамгийн сүүлд 2017 оны 5-6 сарын үед хоносон тэрний өмнө 2 сард буюу цагаан сарын дараа хонож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

 

Яллагдагч Т.Жийн өгсөн: 

 “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө намайг гэртээ байж байсан чинь Т гаднаас эгч Сгийн хамт орж ирээд “Чи бид 3-ыг гэрээсээ явуулчихаад ингээд байж байх чинь сайхан байна уу” гэхээр нь би өөдөөс “тийм биш ээ” гэж хэлсэн чинь намайг орон дээр дарж аваад тархи, толгой руу цохиод нүдээд байсан, Тэгээд хувцас хунараа эмхлүүлж байх зуур нь би Д.Тээс яваад хэрэггүй, 2-лаа учраа олъё , 2 хүүхдээ бодъё, эв зүйгээ олъё гэсэн чинь үгүй гээд, том өрөөнд орж ханын стинк дотор байсан шаазан гүц, аяга зэргийг авч шидээд хагалаад байсан. Гал тогооны өрөөнд ороод тамхи татаад сууж байсан чинь араас орж ирээд аяга  авч над руу шидээд аяга нь миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт онож хагарсан. Тэгээд хувцсаа аваад гарах гэхээр нь би үүдэнд хааж зогсоод яваад хэрэггүй, явуулахгүй гэж гуйсан. Тэр үед нь явна гээд байхаар нь бухимдаад нэг мэдсэн чинь хутга аваад өөрийгөө  хутгална гэсэн байна лээ, тэгээд байж байхад Ургамал ах гаднаас орж  ирээд юу болсон бэ гэхээр нь би эхнэрээсээ салж сарних дээрээ тулаад байна гээд болсон асуудлын талаар хэлсэн чинь Ургамал ах Д.Тт миний хүүхдүүд салж сарних хэрэггүй, үр хүүхдээ бодсон нь дээр, тийм зүйл байж болохгүй гээд ойлгуулах талаас нь хэлж ярьсан.   Гэтэл Д.Т Ургамал ахад намайг архи уугаад агсан тавиад байна,  би ингэж зовж явах ёстой юм уу гэж хэлсэн. Тэгээд жаахан намжаад Д.Т  ажил руугаа явсан. Тэр үед нь Л.С эгч нь байж л байсан. Тэгээд У ахтай үлдээд У ахыг та нэг шил архи аваад ирээч гэж хэлээд мөнгө өгөөд явуулсан чинь архи авч ирсэн. Тэр архийг Ургамал ахтай хувааж уугаад талыг нь үлдээгээд У ах явсан. Ургамал ахыг явсны дараа би үлдсэн архинаасаа 2 хундага уучихаад тэр зуур жаахан согтсон байна лээ. Тэгээд 11-12 цагийн үед Д.Тийн очоод маргалдсан байсан, тэр үед ажил дээр болсон асуудлыг нэг бүрчлэн мэдэхгүй байгаа, харин угаалтуурыг нь хагалсан гэдгээ мэдэж байгаа. Тэндээсээ гэртээ хариад ундааны саванд байсан бензинийг авч буцаж очоод ажил дээр нь энэ бензинээр өөрийгөө шатаана гэж хэлээд өөр дээрээ асгасан. Гэхдээ би өөрийгөө шатаана гэж бодоогүй, ухаан санаа тавгүй байсан учир хийж байсан зарим үйлдлээ өөрөө ч ойлгохгүй байсан. тэгээд Л.С эгч намайг тайвшруулаад би харьсан. Тэгээд орой 18-19 цагийн үед гэртээ байж байсан чинь манай машин сумын төвийн урагшаа Төвшрүүлэх явж байхаар нь таниад араас нь мотоцикльтой явж гүйцэж очоод хажуугаар нь ортол Д.Т шууд эргээд сумын төв рүү зогсолгүй яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй яваад өгсөн. Би харьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. ...Хуримаа хийхээс өмнө зарим нэг маргаантай асуудлаас болж хааяа архи уусан үедээ буруу, зөрүү зүйл ярьчихдаг байсан, гэхдээ тэгтлээ архи уух болгондоо агсам тавьж  зодож нүдэж байсан асуудал байхгүй. Хааяа хэрүүл маргаан хийдэг, тэр болгонд эхнэр Д.Т над руу дайраад толгой тархигүй цохиж, нүүр ам самардаад байдаг учир өөдөөс нь алгадах, түлхэх үе байдаг байсан. Тэрнээс биш би түрүүлж цохиж байсан асуудал байхгүй. Гэр бүлийн хэрүүл маргаанаас болоод өөрөө намайг зодож цохиод байхаар нь би өөдөөс нь гар хүрчихдэг. Д.Т хоолны халбага, ганжин зэрэг гарын доорх зүйлсээр намайг толгой тархигүй зоддог, нүүр ам байнга самардчихдаг. Самардсан байхыг нь харсан хүмүүс байгаа л байх. Гэхдээ гэр бүлийн асуудлаас боллоо гэж би хүнд хэлж байсан удаа байхгүй. ....Би агсан тавьсан он, сар, өдөр бүрийг хэлж мэдэхгүй. Гэхдээ байнга зодож байгаагүй. Намайг архи уусан үед агсам тавихаар л надад гар хүрдэг байсан. Гэхдээ шалтгаангүй намайг зодож байсан асуудал байхгүй. .Би өөр газар, өөр айлд агсам тавьж, захиргааны арга хэмжээ авахуулж байсан асуудал байхгүй. Энэ миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-35, 36-38 хуудас/,

Шүүгдэгч Т.Жийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Ж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Т.Ж нь 2011 оны 8 дугаар сараас эхлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр  иргэн Д.Тийг байнга зодож, харгис хэрцгий харьцан, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Д.Тийн  “...Бид хоёр гэр бүл болоод 3 жил, танилцаад 7 жил болж байна. Т.Ж 5 жилийн өмнөөс надад агсам тавьж, намайг зоддог болсон. Т.Ж архи ууж ирээд намайг хэл амаар доромжлоод сэтгэл санаагаар дарамталдаг. Амь насанд заналхийлж ална гэж сүрдүүлдэг. Заримдаа биед халдаж, зодож гэмтэл учруулдаг.Заримдаа би архи уусан үед нь хоёр хүүхдээ аваад гэрээсээ зугтаад ажил дээрээ ирж хонодог байсан...Цэнхэр сумын төвд байх ажил дээрээ ороод ажлаа хийж байсан чинь 14 цагийн үед Т.Ж араас согтуу орж ирээд үсээ засуулж байсан үйлчлүүлэгч нар луу дайраад, хэл амаар доромжлоод намайг бас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ажлын байранд байсан хамаг эд зүйлийг нурааж, авч шидэж хэмхлээд, ажлын өрөөнд байсан зуухны тагийг аваад шидэхээр нь би гараад зугтсан чинь миний араас хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.С-гийн “ ...эргээд ирсэн чинь Т.Жанцанзээмэр манай дүүгийн ажил дээр нь ирчихсэн, манай дүү Д.Тт агсан тавиад айлгаад дарамталчихсан сууж байсан...гэх мэдүүлэг, гэрч А.Хын “... Д.Т ажил дээрээ байж байсан чинь нөхөр Т.Ж нь согтуу ирсэн тэгснээ удалгүй Д.Тт агсан тавиад ажлынхан хамаг эд зүйлийг нураасан. Тэгсэн чинь Д.Т ажлаасаа гараад зугтсан. Т.Ж Д.Т-ийн ажил дээр байж байгаад сүүлдээ яваад өгсөн байсан. Т.Ж өмнө Д.Т-т агсан тавьдаг байсан. Т.Ж эхнэртээ агсан тавиад зоддог гэж Д.Т өөрөө надад ярьж байсан...“ гэх мэдүүлэг, гэрч Ц.Л, Ч.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Жийн болон хохирогч Д.Т нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Т.Ж-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Т.Ж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-49х/

 

Хохирогч Д.Т нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Т.Ж нь шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Т.Ж-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-т хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Т.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                         

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            П.ГАНДОЛГОР