| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0720/З |
| Дугаар | 128/ШШ2023/0923 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж******* овогт Гийн Д,
РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч
Ж.Э*******, Б.Н*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч,
Гуравдагч этгээд: Н*******гийн Т******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, гуравдагч этгээд Н.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сүхбаатаар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А дугаар захирамжаар нийт 77 иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан хавсралтын 54 дэх заалтад 5884, Гийн Д, С, 700мкв, 15 жил, эзэмшүүлэх гэжээ.
1.2. Мөн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Г.Дийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н******* Т*******д шилжүүлсэн нь хавсралтын 98 дугаарт бичигдсэн байна.
1.3. Г.Дээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, газрын мэдээллийн санд Г.Дийн нэр дээр бүртгэгдсэн байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /С/-ны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Г.Д миний биед эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээ олгосон байсан. Г.Д миний бие нь Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор бүрэн хэрэгжүүлж газрын төлбөр, хураамжаа тогтоосон хугацаанд бүрэн төлж, газар дээрээ хашаа барьж, байшингийн суурь хийж, газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан.
2021 оны 12 дугаар сард Г.Д миний бие өөрийн эзэмшлийн тус газартаа цахилгаан шугам татуулахаар Улаанбаатар цахилгаан түгээх компанийн Зүүн түгээх төвд хандахад намайг газрын гэрээ, гэрчилгээгээ авчрахыг шаардсан. Тэр үед миний бие уг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ үрэгдүүлсэн байсан тул дахин гаргуулж авахаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан.
Гэтэл Г.Д миний хууль ёсоор эзэмшиж байгаа уг газрын эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн дагуу Н*******гийн Т******* гэж хүний эзэмших эрхэд шилжсэн байна гэж Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас надад хариу өгсөн. Ингэж би өөрийн эзэмшил газраа хууль бусаар бусдад шилжүүлсэн байгаа болохыг 2021 оны 12 дугаар сард анх олж мэдсэн. Мөн газрын кадастрын мэдээллийн санд Г.Д миний нэр дээр бүртгэгдсэн байсан газрыг Н.Т*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байсан. Ингээд Г.Д миний бие өөрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авахаас татгалзаж, уг асуудлаар шүүхэд хандахыг зөвлөсөн.
Г.Д миний бие өөрийн эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий хүмүүстэй уулзаж, мэдээлэл авахад миний эзэмшил газрыг нотариатаар баталсан гэрээний дагуу бусдад шилжүүлсэн байна гэсэн. Г.Д миний бие нь дээр дурдсан өөрийн эзэмшил газрыг аливаа иргэн, хуулийн этгээдийн эзэмших эрхэд шилжүүлэн өгөх асуудлаар хэн нэгэн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулж, нотариатаар батлуулж байгаагүй болно. Тийм байхад миний эзэмшил газрыг нотариатаар баталсан гэрээний дагуу Н.Т*******д шилжүүлэх ямар ч үндэслэлгүй буюу боломжгүй юм. Өнгөрсөн хугацаанд миний газрыг бусдад шилжүүлэх гэж байгаа талаар хэн нэгэн хүн манай газар дээр ирж байгаагүй, надтай хэзээ ч холбогдож байгаагүй, Н.Т******* гэж хүнийг би огт танихгүй, тэр хүнийг харж ч байгаагүй, тэр хүн манай газар дээр ч ирж байгаагүй, энэ талаар газрын албанаас надтай холбогдож байгаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн Г.Д миний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******ын эзэмших эрхэд шилжүүлсэн хэсэг нь Газрын тухай хуулиар газар эзэмшигч Г.Д миний биед олгогдсон газар эзэмших эрхийг зөрчиж, улмаар миний бие тус газраа хуулийн дагуу зохих ёсоор эзэмшиж чадахгүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна.
Нэхэмжлэгч Г.Д миний бие нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээ үрэгдүүлсэн бөгөөд тэдгээрийг дахин авахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд хандсан боловч миний газрыг өөр хүний нэр дээр шилжсэн байна гээд дахин гаргаж өгөөгүй. Надад анх газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А дугаартай захирамжийн хувийг ч өгч байгаагүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамжийн хуулбаруудыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас авахыг хүсэхэд тус газар ...эдгээр бичиг баримтуудыг шүүхийн журмаар шүүхэд хүргүүлдэг... гэж хэлээд надад өгөөгүй. Тиймээс нэхэмжлэгч Г.Д миний биед газар эзэмшүүлэх эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ болон миний газрыг Н.Т*******д шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн хувиудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Нэгдүгээрт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан, Хоёрдугаарт: Газрын мэдээллийн санд Г.Дийн эзэмших эрхэд байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Г.Дийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан тус дүүргийн 20 дугаар хороо /С/-ийн нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Н.Т*******, Г.Д нар Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх бичиг баримт нь бүрэн, эрх шилжүүлэх гэрээ нь нотариатаар баталгаажсан, эрх хүлээн авч шилжүүлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрчилгээ эх хувиар материалд авагдсан тул дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өгсөн хүсэлтийн дагуу хууль ёсны дагуу захирамжаа гаргасан гэж үзэж байгаа гэв.
3.3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Г.Дийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаартай захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан тус дүүргийн 20 дугаар хороо /С/-ийн нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Н.Т*******, Г.Д нар Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх бичиг баримт нь бүрэн, эрх шилжүүлэх гэрээ нь нотариатаар баталгаажсан, эрх хүлээн авч шилжүүлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрчилгээ эх хувиар материалд авагдсан тул дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд Н.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Г.Дийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжийн 18******* дугаар нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг бусдад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, газрын мэдээллийн санд өөр хүний нэр дээр бүртгэгдсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт Н.Т******* миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж гуравдагч этгээдээр оролцож байна.
Нэхэмжлэгч Г.Дтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бүртгүүлж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байршилтай 700 мкв талбай бүхий, 1******* нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1******* дугаартай, зуслангийн зориулалттай газрыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/ дугаартай захирамжийн дагуу хууль ёсоор 15 хугацаагаар эзэмших болсон гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Н.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Г.Дээс газар худалдаж аваад улмаар нотариатаар орохдоо би өөрөө байгаагүй, миний гарын үсгийг өөр хүн зураад Г.Д болохоор өөрөө гарын үсгээ зурсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, газрын мэдээллийн санд Г.Дийн нэр дээр бүртгэгдсэн байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...миний бие өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл байгуулаагүй, газрын албанд хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус гэх агуулгаар маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Сүхбаатаар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А дугаар захирамжаар Гийн Д, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сд байрлах 700мкв газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Мөн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Г.Дийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н******* Т*******д шилжүүлснийг баталгаажуулсан байна.
5. Ингэхдээ хариуцагч захиргааны байгууллагаас дараах баримтуудыг үндэслэсэн гэж тайлбарлаж газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан
5.1. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ
5.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,
5.3. Г.Д Н.Т*******, нарын газар эзэмших эрх шилжүүлэх болон эрх шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрч байгаа агуулга бүхий 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтүүд, иргэний үнэмлэхний хуулбарууд,
5.4. Нэгж талбарын 18******* дугаар бүхий газар эзэмших эрх шилжүүлэх татварт 437,900.00 төгрөгийг Г.Д гэсэн утгаар төлсөн төлсөн төлбөрийн баримт,
5.5. 2019, 2020 оны газрын төлбөрт 16,800.00 төгрөгийг Г.Дээс төлсөн талаарх төлбөрийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтэд хавсаргах баримтуудыг нэрлэн заасан ба уг хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга нь дээрх баримтуудыг бүрэн бүрдүүлсэн эсэх, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулж, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргах ...-аар зохицуулжээ.
7. Газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хуулийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас Г.Дийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Т*******д шилжүүлснийг буруутгах боломжгүй байна. Учир нь:
7.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх нь газар эзэмшигчийн эрх бөгөөд, Г.Дээс хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, нэгж талбарын 18******* дугаартай, 0 эрхийн гэрчилгээ бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн талаарх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г захиргааны байгууллагад хүргүүлсэн,
7.2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3406 дугаартай Шинжээчийн дүгнэлт-д Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буланд 69, 70 гэж дугаарласан, 2020.01.24 гэсэн огноотой Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтуудын Эрх шилжүүлэгч: гэсэн хэсэгт Г.Д гэсний ард хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан 2 ширхэг гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Дийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн,
7.3. Түүнчлэн Г.Дээс дээрх Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэрийг ирүүлээгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах болон шүүхээс нэхэмжлэгчийг газар эзэмших эрхээ шилжүүлээгүй гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн ...нотариат орж гэрээ байгуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
8. Харин Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1296 дугаартай Шинжээчийн дүгнэлт-д 2020.01.30 гэсэн огноотой Сүхбаатар дүүргийн газрын албанд хүсэлт гаргах нь гэсэн гарчигтай баримтын Хсүэлт гаргасан гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Г.Дийн гэх гарын үсгийн загваруудтай тохиргүй байна гэсэн болон 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Г.Гантуяагаас ... газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Г.Д, Н.Т******* нарын өмнөөс би бичиж, гарын үсэг зурсан гэх агуулгаар мэдүүлснээс үзвэл, нэхэмжлэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
9. Өөрөөр хл, Г.Д нь дээрх 7 дахь хэсэгт дурьдсан эрх шилжүүлэх гэрээнд Г.Д нь өөрөө гарын үсэг зурсан, уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх тул хүсэлтийг хэн бичсэнээс үл хамааран газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Г.Дээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжийн Г.Дийн эзэмших эрхэд байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, газрын мэдээллийн санд Г.Дийн нэр дээр бүртгэгдсэн байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, /С/-ны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Н.Т*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ