Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 133

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Б-т холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:   П.Б 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр  Т.М-ийг эхнэртэй маргалдсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Т.М-н өгсөн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 13-ны орой том хүүгийнхээ эцэг эхийн хуралд суучихаад бага хүүхдээ цэцэрлэгээс авах гээд очтол манай хүүхэд гэрлүүгээ явчихсан байхаар нь би харих замдаа ажлынхаа хоёр хүнтэй тааралдаад нэг шил юм задлахаар нь түүнээс нь хоёр хундага уучихаад гэрлүүгээ явсан юм. Тэгээд намайг гэртээ байж байхад Б.П, П.Б хоёр манай хашааны гадна ирээд Б.П нь манайд ганцаараа орж ирээд надаас галын түлээний эрхийн бичиг байна уу гэж асуусан юм. Тэгээд бид хоёр хашааны гадна гартал П.Б мотоцикль дээр сууж байхаар нь чи ч манайд орохгүй, ахыгаа танихаа больчихжээ” гэж хэлээд би инээгээд өвдгөн дээр нь нэг алгадчихаад гэрлүүгээ орсон юм. Тэгээд 19 цаг өнгөрч байхад П.Бын эхнэр болох Г.А нь над руу утсаар залгаад “чи манай нөхрийг дарамталж архи нэхдэг хэн бэ” гэж намайг гөлөгөө гэх зэргээр хэл, амаар доромжлоод байхаар нь би эхнэрийн хамт машинаа унаад П.Бын гэрийн гадна очсон чинь Г.А гарч ирэхээр нь би “ чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд “чи манай нөхрөөс архи нэхдэг хэн бэ” гэсэн. Тэгэхээр нь  та нарт одоо л би хэрэггүй болж дээ ингэх байсан юм уу гэхэд одоо чиний хэрэг байхгүй гэж эхнэр нь болох Г.А хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн П.Б гэрээс гарч ирээд юм ярихгүй зогсож байснаа намайг шууд цохиод авсан.  Тэгээд амнаас их цус гараад байхаар нь би эхнэрээрээ гэрэл тусгуулж харчихаад эумнэлэг явсан. Тэгээд замдаа сумын Б цагдаад хэлчихээд явсан юм. Маргааш нь аймгийн төв орж цагдаад өргөдөл өгсөн. П.Б баруун гараараа нэг удаа миний ам руу цохьсон юм. ...Бид хоёр нэг  нутгийн хүмүүс, гэмгүй мэнд устай байдаг юм. Миний дээд талын үүдэн хоёр шүд ёзоорооороо хугарчихсан, доод талын уруул дотор талдаа язарчихсан байна.  Би П.Быг цохиж зодоогүй. Би бага зэрэг архи уучихсан  байсан. Тэгэхдээ тийм их согтолттой бол байгаагүй,  П.Быг архи уусан эсэхийг мэдэхгүй.  ...Зүгээр байж байгаад үүдэн хоёр шүдээ хугалуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх ийн 6 дугаар тал/ 

 

* Гэрч С.Аын өгсөн:

 “...2017 оны 9 дүгээр сарын 13 ны орой 19 цагийн үед манай нөхөр Т.М гэртээ хоолоо идэх гээд сууж байснаа утас руу нь 2-3-н удаа дуудлага ирээд,  гадаа гарч яриад хүнтэй хэрэлдээд байсан. Тэгээд орж ирснээ  би хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь хамт явья гээд машинд нь хүүхдээ аваад суусан. Тэгээд Т.М машинаа барьж яваад П.Бын гэрийн гадаа ирээд машинаасаа буусан. Би машиндаа сууж байсан. Тэгсэн П.Бын эхнэр түрүүлж гарч ирж харагдсан. Удаагүй П.Б гарч ирсэн. П.Бын эхнэр нь Т.М рүү чанга, чанга юм ярьж хашгираад байсан. Манай нөхөр юм яриагүй өмднийхөө халаасанд гараа хийчихсэн зогсож байсан. Тэгсэн П.Б гэнэт манай нөхрийг цохиод авсан. Би машинаасаа буугаад утасны гэрлээ тусгаж хартал амнаас их цус гарч байсан. Би П.Б болон түүний эхнэрт “та хоёр чинь яаж байгаа юм бэ” гэхэд намайг “пизда минь наад архичингаа аваад яв” гэж хэлж байсан. Тэгээд би та нарыг цагдаад хэлнэ гэхэд тэг тэг харж л байя гэж байсан. П.Б гараараа нэг удаа цохиод авахад Т.М газар унахаар нь би босгож авсан. ...Мөнх Эрдэнэ П.Быг цохиж зодоогүй, огт гар хүрээгүй. Манай нөхрийг П.Бын эхнэр нь утсаар яриад архичин чинь манай нөхрөөс архи нэхдэг  хэн бэ  гэх мэтээр байн байн залгаад байсан. Ямар учраас ингэж ярьж байгааг тодруулах зорилгоор л манай нөхөр очсон тэрнээс маргалдаж муудалцах гэж очоогүй. Т.М надад ярихдаа  ажлын газрын 2 хүнтэй тааралдаад, 2 хундага архи уусан гэж байсан.  Надад өөр нэмж ярих зүйл  байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн  8 дугаар тал/ 

*Гэрч Г.А-ийн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 13 ны өдөр 17-18 цагийн үед Б.П манай гэрт ирээд манай нөхөр П.Баас модны эрхийн бичиг асууж ирсэн. Тэгээд Б.П манай нөхрийн хамт мотоцикльтой сундлаад Т.М модны эрхийн бичиг авна гэж явсан юм. Удаагүй П.Б ганцаараа гэртээ ирээд” Т.М гэрээсээ гарч ирээд миний толгой руу гараараа атгаж цохиод, өшиглөж аваад дараа чамтай уулзнаа гэж хэлсэн” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би Т.М рүү утсаар залгаж “чи яахаараа хүн дээрэлхэж, архи нэхдэг хэн бэ, чамд байнга архи авч өгч  байх албатай юу” гэх хэлсэн. Тэгэхэд Т.М намайг “чи яасан том болчихсон гичий вэ, чамайг би очиж алнаа” гэж хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би чаддаг юм бол ирээд алахгүй юу гэж хэлээд утсаа салгачихсан юм. Тэгсэн удаагүй Т.М машинаа уначихсан эхнэрийн хамт ирээд хашааны хаалга нүдэхээр нь би гартал “яасан том болчихсон чацага вэ” гээд намайг цохих гэж гараараа далайсан. Би “чамд манай нөхөр өгөх ёстой юм аа өгч, авах ёстой юм аа аваад явдаг чамаас илүү юм аваагүй шүү” гэж бид хоёр хоорондоо маргалдаж байсан. М-н эхнэр цаанаас нь “хувхай хар гуйлгачингууд модондоо цадаж дээ та нарыг өрийн хоол гэсэн шүү дээ муу хар гуйлгачингуудаа  та нар үхсэн хамгийн хямдхан архи авч өгдөг биз дээ” гэж орилоод байсан. Тэгэхэд П.Б миний хажууд зогсож, Т.М надтай юм ярихгүй П.Б руу дайраад байсан. Тэгэхэд П.Б одоо битгий хэрэлдээ гээд намайг авч орох гээд бид нарын  уг нь салгаж байсан юм.  Тэгсэн “Т.М чамайг Ихтамир суманд байтугай Архангай аймагт явуулахгүй, чамайг олон тээвэр хийхийг чинь харна аа” гэж дарамтлаад байсан. Тэгтэл П.Б уурлаад нэг удаа цохиод автал Т.М газар унасан. Тэгээд Мөнх Эрдэнэ амаа дараад босч ирээд П.Быг чи  ахыгаа арай хэтрүүллээ дээ гэж хэлээд цагдаа дууд гээд орилоод байсан. Манай нөхөр П.Б Мөнх-Эрдэнийг өшиглөж цохисон зүйл байхгүй.  Өмнө нь Т.М манай нөхөр П.Быг  байнга дарамталж архи нэхдэг байсан. Өглөө үүрээр хаалга, үүд балбаж орж ирээд “П.Б пизда минь бос, яасан их унтдаг юм бэ” гэж орилоод “чи эхнэртээ  базуулчихсан юм байна л даа “ гэж хэлж байсан. Т.М нь албан тушаалаараа манай нөхрийг байнга далайлган дарамталж архи нэхдэг. М согтуу байсан, харин манай нөхөр П.Б эрүүл байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/ 

Гэрч Б.П өгсөн: 

“...Би 2017 оны 9 дүгээр 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад П.Бын гэр лүү очиж П.Бын мотоциклиор хамт Т.Мэс түлээний эрхийн бичиг асуух гэж Мөнх-Эрдэнийн гэр лүү явсан юм. Тэгээд гэрт нь орж уулзчихаад гарсан. Тэгэхэд Т.М намайг гаргаж өгөх гэж хамт гарч иртэл гадаа П.Б байсан чинь очоод “чи ахыгаа тоохоо больчихжээ” гэж хэлээд гуян дээр нь нэг алгадаад авсан. Тэгээд бид гурав хоорондоо юм ярьж байгаад явцгаасан юм. Өөр маргалдаж, муудалцсан зүйл болоогүй. П.Б ах намайг гэрийн гадна буулгачихаад явчихсан. Тухайн үед П.Б, Т.М нар нь хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл болоогүй. Т.М П.Баас архи  авч өгөхийг шаардаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

*Яллагдагч П.Бын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би Архангай аймгийн Ихтамир сумын төвд П-ын хамт явж байгаад Т.М гэх байгаль орчны байцаагч залуугаас гоожин авч миний  машинд мод ачна гээд гэрт нь очсон. Тэр үед би өөрийн мотоцикльтой хамт очсон. Замдаа дэлгүүр орж Б.П,  Т.Мд архи авч орно гээд нэг шил Ерөөл нэрэй архи авсан юм. Тэгээд бид хоёр Мөнх-Эрдэний гэрт нь очоод би хашааных нь гадаа үлдсэн. Б.П ороод 10 минут л болсон байх. Т.Мтэй хамт гарч ирсэн. Тэгтэл Т.М намайг “чи бүүр тоохоо больсон байна. Дээр яагаад утсаа авахгүй алга болсон бэ, ганц юм аваад өг гэхээр алга болчих юм аа” гээд толгой руу гараа атгаж байгаад чичилсэн, гуя  руу цохьсон. Миний толгой руу цохих гээд чичилхэд Б.П нусаа нээгээд цаашаа харж байсан юм. Гуя руу цохиход харин наашаа харсан байсан. Цаанаа нэг заналтай алгадаад ёжлоод байсан. Б.П тэрийг ойлгоогүй инээгээд байсан. Тэгээд би 19 цагт гэртээ харьсан. Би өөрийн эхнэр Г.Ат “Т.М архи авч өгсөнгүй гээд толгой руу чичлээд, сонин сонин юм яриад байна” гээд хууч хөөртөл манай эхнэр шууд Т.М рүү залгаад “чи байнга манай нөхрөөр архи  авахуулдаг хэн бэ, чи гичийгээс гараагүй хэн бэ” гээд байсан. Бодвол манай эхнэрийг гичий гэсэн байх. Дараа нь манай эхнэр “чаддаг юм бол ирээд алаарай” гээд хэлсэн. Тэгээд удалгүй 19 цаг 30 минутын орчимд ирсэн байх. М өөрийн эхнэр С.Аын хамт машинаа барьчихсан согтуу ирсэн. Гадаа ирээд хаалга нүдтэл манай эхнэр намайг  “гэртээ байж бай, би гараад уулзана” гэсэн. Би гэртээ жаахан байж байгаад гарсан. Тэгтэл манай эхнэрийг “гичий минь чамд би хэнээр архи авахуулж уух нь ямар хамаатай байна” гээд гараа далайсан юм. Тэгэхээр нь би уур хүрээд боль, боль гээд эхнэрээ аваад эргэтэл араас хуруугаараа нүүрэн дээр чичлээд “чамайг Ихтамир суманд байтугай Архангай аймагт явуулахгүй шүү” гээд занаад байхаар нь би гэнэт зүрх савлаад баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгтэл цагдаад хэлнэ гээд явсан.  ...архи аваад өг гэж нэхдэг.Шахаж шаарддаг зүйл байхгүй, гуйвал авч өгдөг. Архи авч өглөө гээд гоожин үнэгүй хямд өгнө гэж байхгүй болохоор албан тушаалаа урвуулсан зүйл байхгүй гэж бодож байна. Эхнэрийг минь гичий нохой гэхээр нь л тийм асуудал болсон. Ямар ч эр хүн эхнэрийг нь гичий гэхээр нь хараад зогсож байх хэцүү байх.  ...Би хоёр хүүхэдтэй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг хх-ийн 22-23 дугаар тал/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны  9 сарын 18 ны өдрийн Т.Мбиед 11-р шүд булгарч унасан, 21-р шүд угаараа хугарсан, 22-р шүд хөдөлсөн, доод уруулын салстад хэгзэрсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.51.2 -т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги байдлаар алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. “ гэх 408 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/

*Ихтамир сумын Тайхар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-29 дүгээр тал/

*Хохирогч Т.Мөнх-Эрдэнийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-32 дугаар тал/

 

*Шүүгдэгч П.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр   Т.М-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б нь үйлдсэн болох нь  хохирогч Т.М “...тэгсэн П.Б гэрээс гарч ирээд юм ярихгүй зогсож байснаа намайг шууд цохиод авсан.  Тэгээд амнаас их цус гараад байхаар нь би эхнэрээрээ гэрэл тусгуулж харчихаад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Аын“... П.Б гэнэт манай нөхрийг цохиод авсан. Би машинаасаа буугаад утасны гэрлээ тусгаж хартал амнаас их цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч.Г.А-ийн “ “Т.М чамайг Ихтамир суманд байтугай Архангай аймагт явуулахгүй, чамайг олон тээвэр хийхийг чинь харна аа” гэж дарамтлаад байсан. Тэгтэл П.Б уурлаад нэг удаа цохиод автал Т.М газар унасан...” гэх мэдүүлэг хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

  Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Бт торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овогт  П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж  буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т шүүхээс оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

             

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР