Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1459

 

 

     Ж.Сд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1050 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 200800009 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б овгийн Ж-ийн С, , эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд айлын мал малладаг ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт

 

          1995 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

 

          Ж.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар гудамж буюу Нарийн хөшиг гэх газарт иргэн Б.Жыг “машинаас буусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.С давж заалдах гомдолдоо: “... миний бие эхнэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт хүний мал маллан амьдардаг хэдий ч өөрийн хөдөлмөрийн хөлсөөр амь зуулгын хэдэн малтай болсон. Эхнэр бид хоёр үр хүүхэдгүй, хүний өөрийн нийлсэн хэдэн малаа бараадан хөдөө амьдардаг бөгөөд миний бие тахир дутуугийн групптэй байнгын эмчилгээ хийлгэж байдаг. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээхэд бэлэн хэдий ч хөдөө зэлүүд газар өвлийн хүйтэн ойртсон, дээрэм тонуул ихтэй цагт эхнэрээ ганцааранг нь амь зуулгын хэдэн малтайгаа орхиод явах зүрх зориг надад үнэндээ байхгүй байна. Дээрх нөхцөл байдлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд хэлсэн хэдий ч намайг “өөрөө нотлох ёстой” гэсэн. Өмгөөлөгч, мөрдөгчийн зүгээс шаардсан бүхнийг миний бие биелүүлж байсан “надад өөрөө өөрийгөө нотолдог” гэж хэлээгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан миний биеийн байцаалтаас харахад миний дээрх тайлбар үндэслэлтэй болох нь харагдана. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэжээ.

 

Прокурор С.Энхням шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд ЖС нь прокурортой тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байсан. Ж.Ст өөр төрлийн ял оногдуулах боломжгүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Ж.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар гудамж буюу Нарийн хөшиг гэх газарт иргэн Б.Жыг “машинаас буусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

             хохирогч Б.Жы “... 2020 оны 8 дугаар сарын 9-ний өглөө ойр орчмын хүмүүстэй 2 шил архи уусан, нилээн согтсон байсан ба гэрлүүгээ харих гээд алхаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд танил Батбаярын гэрт сэргэсэн ба манай хорооны хэсгийн ахлагч болон цагдаа нар ирчихсэн бөөн асуудал болчихсон байсан. Миний нүүр битүү хавдчихсан, холбогдогч С хамт зогсож байсан. Намайг зодуулж байхыг харсан Үүрцайх хэлэхдээ “таныг машинтай нэг залуу чирж буулгаад хөлөөрөө нүүр рүү чинь нэг удаа өшиглөсөн, тэгээд хаяад машинтайгаа зугтаагаад явчихсан, та тэр дороо хэвтээд байсан” гэж хэлсэн. Мөн хэсгийн ахлагч Гантөр мэдээд намайг цохисон залууг араас нь хөөгөөд барьж авсан гэж хэлсэн. ...Тухайн үед хоёр нүд хавдчихсан, хөхөрсөн байдалтай байсан. ”/хх 7/,

 

          гэрч Ц.Үүрцайхын “... 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ...фермерийн 8 дугаар гудамжны хашаанд үхэр сааж байтал гудамжинд саарал машин зогсчихсон нэг залуу машинаасаа нэг эрэгтэй хүнийг түлхэж буулгаад, гарч ирээд татаад нэг удаа нүүр лүү нь өшиглөчихөөд хаяад зугтаасан. ...Өшиглүүлсэн хүн нь манай хэсэгт амьдардаг Жагаа ах /Ж/ байсан, нүүр нь битүү хавдчихсан ирсэн ба хэсгийн ахлагчийн гэрт очоод тухайн хүмүүсийг зааж өгч араас нь хөөж барьсан. ...Жагаа ахыг өшиглөсөн хүн жолооч нь буюу С гэх хүн байсан.” /хх 58/,

 

          гэрч Д.Гантөрийн “... Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 6 дугаар хэсэг нарийн гэх газарт хэсгийн ахлагч ажилтай. 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байж байхад 20 цагийн орчимд ойролцоо амьдардаг манай хэсгийн иргэн Үүрцайх гэх хүн “Жагаа ахыг саарал машинтай 2 хүний нэг нь зодчихоод зугтаачихлаа” гэж хэлээд зогсож байтал удалгүй араас нь Жагаа буюу Ж ах согтуу нүүр ам нь хавдсан цус нөж болчихсон ороод ирэхээр нь би машинаа асаагаад Үүрцайхтай хамт заалгаад хойд ам руу өгстөл жижиг суудлын саарал машинтай хоёулаа согтуу хүмүүс байсан. Үүрцайх “энэ хүн цохисон” гээд жолоочийн суудал дээр сууж байсан С гэх хүнийг заасан.” /хх 62-63/,

 

          шүүгдэгч Ж.Сын яллагдагчаар өгсөн “... Би 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр халамжийн мөнгөө авах гээд Төв аймгийн Борнуур суманд очсон ба Батаатай 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр архи уусан, Батаагийн хамаатны залуугийн машинтай Жаргалыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн гэх газарт хүргэж өгөхөөр ирсэн. Жаргал, Батаа бид гурав Батаагийн нутгийн гэх айлд ороод 0,5 га литрийн архи хуваагаад уусан. Тэр айлаас өдрийн 15 цагийн орчимд гараад намайг зам дээрээс суулгаж өгөхөөр гарсан. ...Хот руу явах унаа байгаа гэхээр нь би Партизанд дайгдахаар зогсож байтал гудамжны хоёр согтуу хүн гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй, ямар ч байсан нэг залуу бидний сууж явсан машинд суучихаад буухгүй байсан. Би тэр хохирогчийг татаж буулгаад нүүр лүү нэг удаа өшиглөснөө санаж байна.” /хх 53/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9161 дугаартай “... Б.Жы биед тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 9-10/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Сын хохирогч Б.Жтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн ялын зорилгод нийцэж байх тул шүүгдэгч Ж.Сын гаргасан “... 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулинд "ялтай байдал" гэх ойлголтыг гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзээд халсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Сын урьд шийтгэгдсэн “ял шийтгэлийн хугацаа дууссан” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй алдаатай байгааг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг ялыг хэрхэн яаж эдлэх талаарх эрүүгийн хуульд заасан зохицуулалтыг заагаагүй байх тул өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурьдсан үндэслэлээр нэмэлт оруулж, шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1050 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж:Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ