| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0492/З |
| Дугаар | 128/ШШ2023/0977 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХК, РД:2*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц*******, өмгөөлөгч: В.Э,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Э.А,
Гуравдагч этгээд: Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нарын хоорондын А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч А******* ХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргажээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А******* ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт-ийн хариуг өгөхдөө Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/726 дугаартай албан бичгээр Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлэхэд хурлаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн тул нэхэмжлэлдээ хариуцагчаар Нийслэлийн Засаг Даргыг, хамтран хариуцагчаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг татсан болно.
Шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ямар эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй, ямар эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж буйг урьдчилан таамаглах боломжгүй, шаардлагын үндэслэл болгож буй хууль бус захиргааны актаа хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй гэж тодорхойлсон боловч Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан гэж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасанд хамаарахгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн болно. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Засаг дарга байна. Газрын тухай хуулиар зохицуулагдаагүй газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариу өгсөн. Харин Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд асуудлыг хэрхэн хэлэлцэх, хэрхэн шийдвэрлэх, ямар алба, газар, хэлтсээрээ дамжуулан хариу өгөх нь Нийслэлийн Засаг даргын ажлын дотоод зохион байгуулалтын асуудал байх тул хариуцагчаар зөвхөн Нийслэлийн Засаг даргыг татаж байна. Иймд газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, эрх сунгасан гэрчилгээ олгохыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 сарын 28-ны 1-8/726 дугаартай сунгуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул зөвшөөрөх боломжгүй. Газраа хууль бусаар хэтрүүлж 3200 м.кв газраар илүү хашаалсан гэдэг хариу өгдөг. Улмаар Нийслэлийн Засаг даргын өмнөөс татгалзсан хариу өгсөн гэж үзэж байгаа. Үүнд нэхэмжлэгч компани 2023 оны 4 сарын 24-ны өдөр 1/34 дугаартай тайлбар тодруулга хүссэн. Нэгэнт гэрчилгээний хугацаа сунгаж өгөхгүй байгаа тул 2023 оны 5 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа захиргааны татгалзал хоёуланг нь ярьж байгаа. Нэгдүгээрт эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан гэдэг. Дараа нь болохоор хожим хойно танайх дур мэдэж газрыг илүү хашаалсан гэдгийг өмнөх хуралдаанд хэлж байсан. Өмнө нь манай газар байсан гэтэл одоо бид манай газар гэж маргахгүй мөн кадастрын зурагт энэ газар ороогүй байдаг. Хэрвээ чөлөөлөх юм бол тус газраа аваарай манай газар биш гэдэг тайлбар өгдөг. Илүү хашсан гээд гэрчилгээ сунгахгүй байх үндэслэл байхгүй шүүх үүнд дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Эс зөвшөөрсөн дүгнэлт гэдэгт газар эзэмших эрхийн хянан шийдвэрлэх зөвлөл өөрөө захиргааны дотоод мэргэжлийн хүмүүс рүү шилжүүлээд зөвлөмж өгч байгаа. Хууль бус үйлдлээ зөвтгөж тайлбарлаж байгаа үндэслэлгүй, Засаг дарга өөрөө хуулийн дагуу сунгах сунгахгүй асуудлыг дүгнэх ёстой. Гэтэл эс зөвшөөрсөн дүгнэлт дур мэдэж гаргаж улмаар илүү хашсан сунгахгүй гэж байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А******* ХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А******* ХК-иин нэгж талбарын 178 дугаартай 49926 м.кв талбайтай газрын зэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах тухай шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны А/455 дугаар захирамжаар 119350 м.кв газрыг ү*******лэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай Ээрмэл ХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/ дугаар захирамжаар А******* ХК-д 109749 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжаар А******* ХК-д дээрх газрын талбайн хэмжээг 100811 м.кв, 12664 м.кв болгон өөрчилж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100811 м.кв газрыг А******* ХК-д ү*******лэлийн зориулалтаар 49959 м.кв, 31446 м.кв, орон сууцны зориулалтаар 19406 м.кв болгон талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус албанд хандаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны А дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 178 дугаар бүхий ү*******лэлийн зориулалттай 49959 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт ирүүлснийг тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглаж (ойролцоогоор 2,900 м.кв талбай) зөрчил гаргасан байх тул тус хурлаас Эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй боловч тогтоосон хэмжээнд олгосон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зөрчлөө арилгаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А******* ХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай хүсэлттэй танилцлаа. Нэхэмжлэгчээс гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлага нь А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн байх бөгөөд тодруулга бус нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлд нь өөрчилж байна гэж үзэж байна.
А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлтээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/101 дугаартай албан бичиг болон холбогдох баримтын хамт тус албанд гаргасан байх бөгөөд тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглаж (ойролцоогоор 2,900 м.кв) зөрчил гаргасан байх тул тус хурлаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан. Тус албаны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/726 дугаартай албан бичгээр хурлын шийдвэрийг А******* ХК-д хүргүүлсэн болно.
А******* ХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг тус тус зөрчин зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглаж зөрчил гаргасан байх тул кадастрын зургийн эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу зөрчлөө арилгах хүртэл хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.
Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн тухайд: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хот байгуулалт болон газар зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай А/ дугаар захирамжийн 1.2 дахь хэсэгт газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, газрын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, хүчингүй болгох болон түүнтэй холбогдох бусад ажлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А дүгээр тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулан ажиллаж байна гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хот байгуулалт болон газар зохион байгуулалтын талаарх авах зарим арга хэмжээ гээд А/ дугаар захирамжийн 1.2-т газар өмчлөх, ашиглах эрхийг баталгаажуулах, газрын зориулалт талбайн хэмжээ өөрчлөх мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах эрхийг газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байдаг. Үүний дагуу газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 8 сарын 10-ны өдрийн А дүгээр тушаал гараад газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөл гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад ажилладаг. Шилжүүлсэн эрхийн хүрээнд тухайн 10 гишүүн хуралдаж шийдвэрийг хүсэлт гаргагч иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлдэг. Хурлаар зөвшөөрөөгүй материалыг Засаг даргын тамгын газарт танилцуулаад захирамжлахаас татгалздаг байгаа. Зөвлөлийн хурлаас өгч байгаа эс зөвшөөрсөн шийдвэр өөрөө тухайн байгууллагад 3100 м.кв газар илүү байна, зөрчлөө арилгаарай үгүй бол зөвлөлийн хурлаас зөвшөөрөхгүй байна гэдэг албан бичиг мэдэгдлийг өгсөн. Ингээд зөрчлөө өөрийнхөө хүсэлтээр чөлөөлж өгдөггүй тийм учир Засаг даргын захирамж гараагүй гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл:
4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Х ХХК нь нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж энэхүү тайлбарыг гаргаж байна. Х ХХК нь К******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ, 1 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-нүүдийг тус тус байгуулж, 10,500,000,000 /арван тэрбум таван зуун сая/ төгрөгийн болон 4,500,000,000 /дөрвөн тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 13.65 хувийн хүүтэйгээр тус тус олгосон. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ-01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэлд дурдсан А******* ХК-ийн эзэмших эрхтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ү*******, *******гийн гудамж, ГД-000, 0 болон 178 нэгж талбарын дугаартай газрыг барьцаалсан.
Мөн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Х нь К******* ХХК-тай ЗГ154******* дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-г байгуулж, 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэйгээр олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ154*******-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэлд дурдсан А******* ХК-ийн эзэмших эрхтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ү*******, *******гийн гудамж, ГД-000, 0 болон 178 нэгж талбарын дугаартай газрыг барьцаалсан. Нэхэмжлэлд дурдсан газар нь барьцааны гэрээний дагуу банкны барьцаанд байгаа хөрөнгө бөгөөд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны шийдвэрийн улманы эрх ашиг хөндөгдөж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А******* ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хугацаа сунгуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан байхад Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл гэх эрхгүй этгээдээс эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасан гэж тодорхой үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
3. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо(хуучнаар)-ны нутаг дэвсгэрт байрлах А******* ХХК-ийн эзэмшлийн 100811мкв талбайтай ү*******лэлийн зориулалттай газрыг 49959мкв(ү*******лэл), 19406мкв(орон сууц), 31446мкв(ү*******лэл) талбайтай 3 нэгж талбар болгон хувааж тус бүр 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 49926мкв талбайтай газарт нэгж талбарын 178 дугаартайгаар 00 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
5. Дээрх нэгж талбарын 178 дугаар бүхий 49926мкв газарт нэхэмжлэгч хуулийн этгээдийн ү*******ийн барилга бүхэлдээ байрлаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн агаар сансрын зураг(2хх-5-15, 18-35 дахь талд), шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/5040 тоот албан бичгээр ирүүлсэн зураг(2хх-61-62 дахь талд)хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдов.
6. А******* ХХК-иас ...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай 49926мкв талбайтай ү*******лэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд сунгалт хийлгэх тухай хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандаж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/29 тоот, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1/22 тоот албан бичгүүдээр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1/101 тоот албан бичгээр гаргасан тус тус гаргаж байсан байх ба нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны
- 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/726 дугаартай албан бичгээр ... хүсэлтийг тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 01 дүгээр хуралдаанаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн,
- 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/1807 тоот албан бичгээр ... 08/726 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж 3100мкв газрыг илүү хашаалан ашиглаж байх тул танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.
7. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах-аар зохицуулснаас үзвэл, хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзах үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр хугацаа сунгахаас татгалзах, эсрэгээрээ ийм уг нөхцөл бүрдсэн эсэх нь тогтоогдоогүй тохиолдолд эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргах үүрэгтэй байна.
8. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-10/4714 тоот албан бичигт Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн А******* ХК-д холбогдох хэсгийг хүргүүлсэн, ... өөр дэлгэрэнгүй тэмдэглэл байхгүй гэсэн байх ба тус хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцсэн гэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Эс зөвшөөрсөн гэснээс өөр тайлбар байхгүй байна.
9. Мөн албаны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/5040 тоот албан бичигт дээрх Эс зөвшөөрсөн дүгнэлтийг илүү талбай хашсан үндэслэлээр гаргасан(2хх-56 дахь талд) гэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас илүү хашсан талбайг чөлөөлөх талаар аливаа шаардлага тавьж байгаагүй, шаардлага тавьсан талаарх баримт байхгүй гэж тайлбарласан.
10. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж үзнэ.
11. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хариуцагч нь ... шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд А******* ХК болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 5.2-д Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараах шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд: а. ... төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж зааснаас үзвэл, хариуцагч нь гэрээний нөхцөлийг хангаж ажиллах талаарх ямар шаардлагыг тавьж байгаагаа газар эзэмшигчид урьдчилан мэдэгдсэн байхаар байна.
12. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь дээрх 9 дэх хэсэгт дурьдсанчлан илүү талбайг чөлөөлөх талаар аливаа шийдвэр гаргаагүй, чөлөөлөхийг мэдэгдээгүй, мөн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй атлаа Илүү талбай хашаалан ашиглаж байгаа нь эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажиллаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
13. Өөрөөр хэлбэл, дээрх илүү хашаалсан гэх ногоон байгууламж бүхий талбай нь өмнө нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшилд хамаарч байсан, харин одоо нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй болсон тухайд нэхэмжлэгч маргахгүй байх тул тухайн талбайд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хариуцагчаас хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль болон гэрээнд заасны дагуу ямар шаардлага хангах шаардлагатайг урьдчилан мэдэгдэж, зөрчлөө хүлээн зөвшөөрөх, арилгах боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр холбогдох шийдвэр гаргахаар байхад хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
14. Харин А******* ХК-ийн ү*******ийн байрны баруун талын илүү хашсан гэх 3100 мкв талбайд ногоон байгууламж байх ба тухайн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй болон өмнө барьсан хашааны үлдэгдэл, төмрийн хаягдал нь А******* ХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй тухайд нэхэмжлэгч маргахгүй байх тул хариуцагчийн тухайн талбайг чөлөөлөх талаарх газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг энэхүү шийдвэрлэх хязгаарлахгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А******* ХК-ийн 178 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ