Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч: Л.Б

Хохирогч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Б-д холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Л. Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Г-г толгонй тус газарт нь ташуурдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч С.Г-гийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 11 ний өдөр 17 цагийн үед намайг найз С-д очих гэж морьтой явж байхад Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Ирээдүй сургуулийн урд цахилгаан эрчим хүчний станцын  хажууд хоёр залуу морьтой хажуугаар өнгөрсөн. Тэр хоёр залуу буцаж ирээд А гэгч залуу нь “миний хажуугаар өнгөрсөн хонгор морьтой хэн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би байна, яасан гэтэл “намайг орилж явахад хажуугаар өнгөрч байгаа хүн надтай ирж уулзаж байдаг” гэж яриад эхэлсэн. А /Л.Б/ чи яасан том юм бэ гэж надаас асууснаа мориноосоо бууж хажууд зогсож байгаад гэнэт мориныхоо цулбуураар нүүр хацар орчимд хоёр удаа ороолгосон. Энэ үед би мориноосоо буугаад С-тэй уулзаад зогсож байсан. Би нүүрээ дараад буцаж эргэхэд А /Л.Б/  мориндоо морьдоод морин дээрээсээ жижиж модтой ташуураар хоёр удаа толгой руу ташуурдсан. Би мориндоо морьдоод зугтах гэтэл хамт ирсэн Ш миний морины цулбуурыг булааж авч хөтлөөд надад цулбуур өгөхгүй байсан. Энэ үед А миний хажууд ойрхон морьтойгоо яваад 10 гаруй удаа миний толгой, нуруу руу ташуурдсан. Би урдаас нь ташуураараа ороолгох гээд чадаагүй. Би морьтойгоо зугтаасан. Ш архины хагархай шил барьчихсан С бид хоёрын араас хөөсөн. Би цагдаа дуудлаа гэж хэлэхэд “тэр цагдаагаа дуудаад ир” гэж хэлсэн. Тэгээд цагдаад ирж дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч тэр хоёр залууг авчирч эрүүлжүүлсэн. Энэ хоёр залуугийн Ш гэгчийг өмнө нь зүс үзэж байсан. Харин А гэгчийг танихгүй, орой нь цагдаагийн газарт байхдаа нэрийг нь А гэдийг нь мэдсэн. Намайг зодсон хүн бол А харин Ш миний морины цулбуурыг булааж авч зугтааж, А энэ үед араас болон хажуугаас ташуураар миний толгой, нуруу руу цохиж миний биед гэмтэл учруулсан. А, Ш хоёр нилээн согтуу байсан. Эмчид үзүүлэхэд миний толгойг хөдөлсөн, доргисон байна гэж хэлсэн. Бариа хийдэг хүнээр бариулсан. /хх ийн 6-7 дугаар тал/

 

* Гэрч Б.С-ын  өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарынн 11-ний орой харанхуй болж байхад манай хүү Г морьтойгоо гэртээ ирсэн. Гэртээ ирээд хүнд зодуулсан талаараа яриагүй. Түүнээс хойш хоёр хоногийн дараа толгой нь өвдөөд цээжээ даахгүй хэвтэрт орсон. Би юу болсон талаар асуухад наадам тараад харих гэж байхад А гэх залууд зодуулсан. Тэр залуу миний толгой, нуруу руу олон удаа ташуурдаад байсан. Тэгээд зугтааж цагдаагийн газарт очиж дуудлага өгөөд А-ийг дуудуулсан боловч А нь эр хүний замын хүзүү урт, гомдолгүй гэж хэлээд салгаад өгөөч гэж гуйсаар байгаад тэр үедээ цагдаагийн газар шалгуулалгүй салгаад явсан. Тэгээд буцаж эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгье гэж гуйсан байсан болохоор хэд хоног хүлээгээд хүүхдийнхээ биеийг бодоод цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Манай хүү Г-гийн толгой, нуруу орчимд нилээд хөхөрч няцарсан байсан. Тэр нь эмчид үзүүлэхээс өмнө бараг л алга болчихсон байсан. Толгой нь өвдөөд болохгүй байна гэхээр нь эмчид үзүүлтэл тархи нь хөдөлсөн байна гэсэн онош тавьсан. Эмч үзээд хэвт гэж хэлсэн ч мөнгө төгрөг муу болохоор эмнэлэгт хэвтэж чадаагүй. Одоо гэртээ хэвтэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, 

Гэрч Г.Ш-ын өгсөн: 

“...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш наадам тарсан байхад Б бид хоёр морьтой харих гэж явсан. Тэгээд Б хонгор морьтой явсан бандийг таньдаг гээд дуудсан. Хойноос нь очиж уулзаад, хонгор морьтой банди Б-тай юм яриад байсан. Тэр үед бага зэрэг архи уучихсан байсан болохоор одоо яг юу нэг хэрэлдсэнийг мэдэхгүй байна.  Б мөн архи уучихсан байсан Нөгөө хоёр банди халамцуу байгаа бололтой байсан. Б хэрэлдэж байгаад хонгор морьтой залууг зогсож байхад нь нуруу руу нь ташуурдах шиг болсон. Нөгөө залуу нь мориндоо морьдсон. Б тэр залууг хэд хэдэн удаа ташуураараа цохьчихсон. Сүүлдээ цагдаа дуудлаа гээд хонгор морьтой залуу хамт явж байсан залуутайгаа явчихсан. Тэр хоёрыг хоорондоо морин дээрээсээ зодоон хийгээд байхаар нь салгах санаатай мориных нь цулбуурыг хөтлөж холдуулах гэсэн. Миний хувьд тэр залууд гарч хүрээгүй. Харин би жаахан согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанг мэдэхгүй, сайн тодорхой санахгүй байна. Тэр морьтой залуу шууд зугтааж болох байтал зугтаахгүй байсан. Би архины хагархай шил барьж хөөгөөгүй, тэр хоёр цагдаад хэлнэ гээд зугтаасан. Б хэлүүлээд яахав учраа олох уу гээд араас нь явсан. Би барьж явсан жижиг ташуураа газарт унагаагаад морин дээрээсээ шүүрч аваад араас нь явахаа больчихсон. Би морин  дээрээсээ архины хагархай шил шүүрч чадахгүй шүү дээ. Тэгээд ч намайг ташуур шүүрэх үед нөгөө хоёр банди хол явчихсан байсан. Тэгээд тзндээс холдоогүй байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирзхээр нь үнэнээ хэлээд Б хонгор морьтой залуутай уулзаад учраа олоод салсан. Нэдэд өөр мэдэх зүйл байхгүй. Б хонгор зүсмийн морьтой залуугийн толгой руу хэдэн удаа  ташуурдсаныг нарийн сайн мэдэхгүй, богино хугацаанд болоод өнгөрсөн Миний харснаар нуруу болон дал орчимд ороолгосон. Нөгөө залуу урдаас нь ташуураараа ороолгоод байгаа бололтой харагдсан. ...Би архи уугаад байдаггүй. Б-тай хамт 2,5 литрийн пиво уусан. Б надтай таарахаасаа өмнө бага зэрэг архи уучихсан бололтой байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн  13-14 дүгээр тал/ 

 

*Гэрч М.С-гийн:

“...2017 оны 07 дугаар сарын 11-нд 17 цагийн үед би утсаар Г-тай ярьж хөдөө хамт явах талаар хэлсэн. Тэгээд өөрийнхөө байгаа газрыг хэлсэн. Г морьтойгоо яваад очьё гэж хэлсэн. Би хүлээгээд Ирээдүй сургуулийн урд гэрийнхээ ойролцоо зогсож байсан. Г морьтойгоо нилээд халсан байдалтай миний хажууд ирсэн. Араас нь хоёр залуу морьтой хөөгөөд ирсэн. Г миний хажууд ирээд морьноосоо буусан. Араас ирсэн хоёр залуугийн нэг Б гэж таньдаг залуу байсан. Хамт явсан Ш гэх нэртэй залуу байсан. Би тэр хоёр залууг өмнө нь таньдаг байсан. Б морьноосоо бууж ирээд “хонгор морьтой залуу хаана байна, миний хажуугаар зогсолгүй зугтаагаад явсан, намайг дуудахад ирсэнгүй” гэж ярьснаа Г-гийн толгой руу мориныхоо цулбуураар хоёроос гурван удаа ороолгосон. Г толгойгоо гараараа хаасан. Би дундуур нь ороод салгасан. Б мориндоо морьдоод ташуураараа Г-гийн  толгой болон нуруу руу нилээд олон удаа ороолгосон. Г мориндоо морьдоод зугтаах гэтэл хамт ирсэн Ш Г-гийн морины цулбуурыг булааж аваад морьтой  нь хөтлөөд араас нь Б Г гийн толгой, нуруу руу ташуурдаад Г мориныхоо цулбуурыг булааж авах гэж Ш-тай морин дээрээсээ цулбуураа татаж нилээд явсан. Энэ хооронд Б Г-гийн нуруу болон толгой руу ташуураараа ороолгосоор байсан. Ингэж байгаад мориныхоо цулбуурыг булааж аваад зугтах гэсэн чинь Ш газар байсан архины хагархай шилийг мориноосоо бууж аваад бид хоёрыг зүсэж ална гэж хэлээд хөөсөн. Бид хоёр морьтойгоо зугтааж явсан. Зугтааж байхдаа Г цагдаад хэлнэ гэж орилоход чаддаг юм бол хэлээрэй гэж Б орилоод байсан. Тэгээд цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн. Цагдаагийн дуудлагаар очсон цагдаа нар Б, Ш нарыг цагдаагийн газарт авчирсан. Б Г-г гуйж байгаад дараа уулзаж эмнэлэгт хэвтүүлэх мөнгийг нь өгье гэж хэлээд явсан. Түүнээс хойш уулзаагүй. Б өөрийнхөө нэрийг Г-д А гэж хэлсэн байсан. Нэрээ буруу хэлчих шиг болсон....Г Б-ныг өөрийг нь ташуурдаад байхаар нь урдаас нь ташуураараа хоёроос гурван удаа ороолгож байгаа харагдсан. Түүнээс өөр цохиогүй. Г бид хоёр эрүүл байсан. Б, Ш хоёр согтуу байсан. 

 

*Яллагдагч Л.Б-ы өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг аймгийн наадам үзэх гээд Ирээдүй сургуулийн урд явж байсан чинь миний хажуугаар манай ангид хамт сурч байсан С гэх зөрсөн юм. Тэгэхээр нь би араас нь дуудаад яваад очсон чинь С-тэй хамт явж байсан Г гэх хүн араас хүн дууддаг хэн юм бэ чи гээд намайг ташуураараа зүүн мөр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би эргүүлээд нуруу хэсэгт нь нэг удаа ташуураараа ташуурдсан юм. Тэгсэн чинь тэр хүн морин дээрээсээ буугаад ир хоёулаа зодолдъё байсан. Тэгсэн чинь надтай хамт явж байсан Ш гэх ах намайг явъя, одоо боль гээд бид зодолдоогүй салаад явсан. ...Г-г би танихгүй. Хамт явж байсан С гэх хүнийг л таньдаг юм.  Шах Г-г цохиж зодсон зүйл байхгүй. ...Намайг эхлээд цохиод авахаар нь зөрүүлээд цохьсон юм. Бид хоёрт өс хонзонгийн асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй би шүүх эинэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны  7 сарын 19 ний өдрийн  306 дугаартай дүгнэлтэнд: С.Г-гийн биед тархи доргилт, зүүн нарын тохойн урд хэсэгт зулгаралт гэмтлүүд учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. “ гэжээ. /хх-ийн 18 дугаарр тал/

*Эрдэнэбулган сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26 дугаартал/

Шүүгдэгч Л.Б-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30  дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Г-гийн биед хөнгөн хохирол 

хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Б нь үйлдсэн болох нь  хохирогч С.Г-гийн “... А /Л.Б/ чи яасан том юм бэ гэж надаас асууснаа.мориноосоо бууж хажууд зогсож байгаад гэнэт мориныхоо цулбуураар нүүр хацар орчимд хоёр удаа ороолгосон. ..Би нүүрээ дараад буцаж эргэхэд А /Л.Б/ мориндоо морьдоод морин дээрээсээ жижиж модтой ташуураар хоёр удаа толгой руу ташуурдсан. Би мориндоо морьдоод зугтах гэтэл хамт ирсэн Ш миний морины цулбуурыг булааж авч хөтлөөд надад цулбуур өгөхгүй байсан. Энэ үед А миний хажууд ойрхон морьтойгоо яваад 10 гаруй удаа миний толгой, нуруу руу ташуурдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.С-ын “...би юу болсон талаар асуухад наадам тараад харих гэж байхад А гэх залууд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ш “...Б хэрэлдэж байгаад хонгор морьтой залууг зогсож байхад нь нуруу руу нь ташуурдах шиг болсон. Нөгөө залуу нь мориндоо морьдсон. Б тэр залууг хэд хэдэн удаа ташуураараа цохьчихсон....” гэх мэдүүлэг, гэрч М.С-гийн “.... Л.Б морьноосоо бууж ирээд “хонгор морьтой залуу хаана байна, миний хажуугаар зогсолгүй зугтаагаад явсан, намайг дуудахад ирсэнгүй” гэж ярьснаа Г-гийн толгой руу мориныхоо цулбуураар хоёроос гурван удаа ороолгосон. ...Л.Б мориндоо морьдоод ташуураараа Г-гийн  толгой болон нуруу руу нилээд олон удаа ороолгосон....” гэх мэдүүлэг хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овогт Л. Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж  буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д шүүхээс оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай

6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР