Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2024/00323

 

 

 

 

                                                                        

 

 

 

 

                                      129/ШШ2024/00323

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                            

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Д багт оршин суух Б овгийн Д.З

            Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.З

Гуравдагч этгээд Л.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн А.Хажидсүрэн

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:
 

 Хүсэлт гаргагч Д.З хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Би 8 дугаар анги төгсөөд 1991 оны 10 сард Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газар Л.З-тай хурим найраа хийж, гэр бүл болсон. Би Л.З-тай 1991 оны 10 сард гэр бүл болохдоо 17 настай байсан. Бидний дундаас 1992 онд З.Ос,  1994 онд О, 1996 онд З.От, 2003 онд З.Я, 2008 онд З.Х нар гарсан. Хоёр бага хүүхэд Архангай аймгийн Өгийнуур сумын сургуульд орсон учраас манайх 2001 онд Хотонт сумаас Өгийнуур сум руу шилжсэн. Би Л.З-тай 2021 оны 01 сарын 28-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Би малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Л.З-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд намайг Л.З-тай 1991 оноос 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.З-ай 1991 оны 11 сард Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт хурим найраа хийж, гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Гэр бүл болох үед Д.З 16 настай байсан гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Засаг даргын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 29 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 83 тоот тодорхойлолт

- Д.З З.О, З.Ос, З.Хо, З.От, З.Я нарын эх гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 сарын 17-ны өдрийн лавлагаа/

- Хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 19-ний өдрийн 03-10/2831, 03-10/2832 тоот лавлагаа/

- З.О, З.Ос, З.Хо, З.О, З.Я нарын төрсний бүртгэлийн лавлагаа

- Л.З, Д.З нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хүсэлт гаргагч Д.З-н хүсэлтээр Л.Н, Л.Ня нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар бүрдүүлсэн

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн 2024 оны 6 сарын 03-ны өдрийн 485 тоот албан бичиг

- хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 03-05/3267, 03-05/3268 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 162 тоот тодорхойлолт

- Л.З Д.З, З.О, З.Я, З.Х нэг өрхөд бүртгэгдсэн хүн ам, өрхийн бүртгэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Д.З, Л.З нарыг 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, 1991 оноос 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Засаг даргын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 29 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 83 тоот тодорхойлолт, Д.З З.О, З.Ос, З.Х, З.От, З.Я нарын эх гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 сарын 17-ны өдрийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 19-ний өдрийн 03-10/2831, 03-10/2832 тоот лавлагаа/, З.О, З.Ос, З.Х, З.От, З.Я нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Л.З, Д.З нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэлийн 2024 оны 6 сарын 03-ны өдрийн 485 тоот албан бичиг, хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 03-05/3267, 03-05/3268 тоот лавлагаа/, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 162 тоот тодорхойлолт, Л.З, Д.З, З.Ос, З.Я, З.Х нэг өрхөд бүртгэгдсэн хүн ам, өрхийн бүртгэл, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Л.Н, Л.Ня нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Д.З нь малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолох зорилгоор Л.З-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлттэй байна.

 

4. Д.З, Л.З нар 2021 оны 01 сарын 28-нд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд тэд 1991 оноос гэрлэлт бүртгүүлэх хүртэл буюу 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь: гэрч Л.Н-н “Л.З нь миний төрсөн ах Л.З 1991 оны 10 сард Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт Д.З-тай гэр бүл болсон. Тэдний дундаас Ос, О, От, Я, Х нар төрсөн 5 хүүхэдтэй. Д.З, Л.З нар 1991 оноос 2008 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт амьдарч байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг руу шилжсэн. Д.З, Л.З нар 2008 оноос одоог хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт амьдарч, малаа маллаж байна. Д.З, Л.З нар 1991 оны 10 сард гэр бүл болохоосоо өмнө хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Д.З, Л.З нар 1991 оны 10 сард хуримаа хийснээс одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд тэд тусдаа амьдарсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Л.Н-н “Лх-н З нь миний төрсөн ах. Л.З 1991 онд Архангай аймгийн Хотонт суманд Д.Т-тай гэр бүл болж байсан. Ос, О, От, Я, Х гэсэн 5 хүүхэдтэй. Д.З, Л.З нар одоо Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт амьдарч байгаа. Өмнө нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт амьдарч байсан. Д.З Л.З нар 2021 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн” гэх мэдүүлэг, “эцэг Ө овгийн Л.З, эх Б овгийн Д.З, хүүхэд 1992 оны 10 сарын 15-нд төрсөн Ө овгийн З.О, 1994 оны 8 сарын 26-нд төрсөн Ө овгийн З.Ос, 1996 оны 10 сарын 14-нд төрсөн Ө овгийн З.От 2003 оны 6 сарын 15-нд төрсөн Ө овгийн З.Я, 2008 оны 4 сарын 20-нд төрсөн Ө овгийн З.Х” гэсэн З.Ос, З.О, З.Х, З.О, З.Я нарын төрсний бүртгэлийн лавлагаа, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн хөдөөд оршин суух Л.З тэргүүлэгч өөрөө, 1969 оны 01 сард төрсөн, нас-30, эрэгтэй, Д.З эхнэр, 1974 оны 12 сард төрсөн, нас-25, эмэгтэй ...” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 03-05/3267 тоот лавлагаа, “хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 8 дугаар хуудсанд Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Сайр, З-н намаржаанд оршин суугч өрхийн тэргүүн Ө ургийн овогтой Л.З, 1969 оны 01 сарын 15-нд төрсөн 41 настай, эрэгтэй, малчин, эхнэр Б ургийн овогтой Д.З, 1974 оны 12 сарын 01-нд төрсөн, 35 настай, ...” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 03-05/3268 тоот лавлагаа, Л.З, Д.З, З.О, З.Я, З.Х нэг өрхөд бүртгэгдсэн хүн ам, өрхийн бүртгэл болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогддог.

 

Д.З  нь 1974 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр Л.З-тай гэр бүл болсон гэх 1991 оны 10 сард 16 настай байжээ.

 

Хүсэлт гаргагч Д.З малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1991 оноос гэрлэлтээ бүртгүүлсэн 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл Л.З-тай эхнэр нөхрийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтын амьдрал бүхий үйл баримтыг тогтоолгох хүсэлттэй тул энэхүү үйл баримтыг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэх нөхцөл, гэрлэхэд харшлах шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “... 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрэгтэй, эмэгтэй хоёр ... харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрээгүй бол” гэрлэхэд харшлах шалтгаан болно гэж заасныг баримтлан Д.З-г Л.З-тай 1991 оноос хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлгүй, харин түүнийг 18 нас хүрсэн үеэс нөхөртэйгээ хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Д.З, Л.З нарыг 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, түүний 1991 оноос 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон         

                                                                       

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Д.З, Ө овгийн Л.З нарыг 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, 1991 оноос 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА