Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1460

 

     Б.Ө, Ц.М нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч Б.Ө, Ц.М нарын өмгөөлөгч Н.Ганбадрах, Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Баттөр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/1730 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Золзаяагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлээр Б.Ө, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1802006080002 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      

       С овгийн Ц-ийн М, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Архангай аймгийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнбулган сумын 2 дугаар баг, 27 дугаар байр, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

       Б овгийн Б-ийн Ө, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 6/36 дугаар байр, 1-11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

           Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Архангай аймгийн Засаг дарга Ц.М нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өтай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жараннэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Засаг дарга ...засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газрын ...өмнө хариуцна гэсэн хэм хэмжээг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг”, 8.1 дэх хэсгийн 8.1.3-т заасан “бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 01/488 дугаартай “Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шоронгийн ам” гэх газарт 5 га талбайд дүгнэлт гаргуулах” агуулах бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийн хамт хүргүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 

       Ашигт малтмал, газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон.

 

       2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил хотхоны 48А байрны 18 тоотод иргэн Т.Батсүхтэй түүний эрхэлж байсан ажилтай холбоотой асуудлаар маргалдан Т.Батсүхийг архины шилээр толгойн тус газарт цохиж, бие болон зүүн талын хөл рүү нь өшиглөж, зүүн өсгий ясны өмнөд сэртэнгийн хугарал, баруун доод зовхи, хамрын хянганд цус хуралт, баруун тохой, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

       шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ө Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жарангуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хурлын тогтоол ... нь хууль тогтоомж, ... Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 7 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг“, 7.1 дэх хэсгийн 7.1.2-т заасан “аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж,шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад “Газар орон нутгийн тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоол үйлдэж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Архангай аймгийн Засаг дарга Ц.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 01/488 дугаартай “Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Шоронгийн ам” гэх газарт “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д 5 га талбайд дүгнэлт гаргуулах” агуулга бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолын хамт хүргүүлж,

 

       Ашигт малтмал, газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Нийслэлийн прокурорын газраас: Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ц.М, Т.Батсүх нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стадион Оргил” хотхоны 48А байрны 18 тоот иргэн Т.Батсүхийн гэрт хоорондоо маргалдаж, улмаар өөр хоорондоо харилцан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан үйл баримттай, шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч нараас өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргаж байхад эрүүгийн 1802006080002 дугаартай хэргээс Т.Батсүхэд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд, нэг газарт, харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хуульд заасан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй нөхцөл байдал үгүйсгэгдэж, хуулийн энэ заалтыг зөрчсөн байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 484 дугаартай дүгнэлт болон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1311 дугаартай дүгнэлтэд “Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаартай тогтоолд зурагдсан гарын үсэг, тамганы дардсыг хэвлэн олшруулах зориулалт бүхий техник хэрэгсэл ашиглаагүй, тамганы дардсыг гараар дарсан, мөн тогтоолд зурагдсан гарын үсэг нь Ж.Эрдэнэцогтын гэх гарын үсэгтэй тохирч байна, тамганы дардас нь Ж.Эрдэнэцогтын гэх гарын үсэгтэй тохирч байна, тамганы дардас нь Ж.Эрдэнэцогтоос гаргуулах авсан тамганы дардастай тохирч байна.” гэж дүгнэжээ.

 

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тогтоолыг хэн гаргасан болохыг шалгах, улмаар тухайн тогтоолд гарын үсэг зурж, тамга дарж албажуулсан Ж.Эрдэнэцогт нь улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж байгааг шалгах, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М, Б.Ө нарын үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсон эсэхийг шалгах шаардлагатай гэж үзээд уг хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Ц.М, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Золзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “... Яллагдагч  Ц.Мгийн холбогдсон “2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил хотхоны 48а байрны 18 тоотод иргэн Т.Батсүхтэй түүний эрхэлж байсан ажилтай холбоотой асуудлаар маргалдан, Т.Батсүхийг архины шилээр толгойн тус газарт цохиж, бие болон зүүн талын хөл рүү нь өшиглөж, зүүн өсгий ясны өмнөд сэртэнгийн хугарал, баруун доод зовхи, хамрын хянганд цус хуралт, баруун тохой, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” хэргийг эрүүгийн 1802006080002 дугаартай хэргээс Т.Батсүхэд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэхдээ зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч нараас өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан дотолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргасан гэсэн үндэслэлийг дурджээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт маргасан хэргийн оролцогч нарын маргаанд үндэслэн хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчсөн.

 

Прокурорын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор:

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хуралдаагүй байхад хуралдаж шийдвэр гаргасан мэтээр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Эрдэнэцогт нь Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 37 дугаартай тогтоол хуурамчаар үйлдсэн байна.

 

Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сум, дүүргийн Засаг даргын бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх үүрэгтэй байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэгт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэгт аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэхээр тусгажээ.

 

Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Эрдэнэцогтын Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хуралдаагүй байхад хуралдаж шийдвэр гаргасан мэтээр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН-д Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах үйл явцад зайлшгүй шаардлагатай бичиг баримт биш байх ба Засгийн газрын 2007 оны “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д иргэн, аж ахуй нэгжийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг шийдвэрлэхэд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр шаардлагатай талаар тусгагдаагүй байх тул Ж.Эрдэнэцогтыг Ц.М, Б.Ө нартай гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж  дүгнэн шийдвэрлэсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь шүүх дурдсан асуудлаар дахин дүгнэлт хийхийг шаардаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хүрээ хязгаарыг зөрчиж, яллах талын байр суурийг илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/1730 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.  

 

Прокурор Р.Батнасан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс Т.Батсүхэд холбогдох хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн үндэслэлээр хэргийг тусгаарласан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ж.Эрдэнэцогтод холбогдох үйлдлийг прокурорын хяналтын шатанд мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Прокурорын шийдвэрлэсэн асуудлыг шүүх дахин дүгнэлт хийж хамтран оролцсон гэх үндэслэлийг шүүгчийн захирамжид дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж үзэж байна. Ц.М, Б.Ө нарын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх энэ хэрэгт Ж.Эрдэнэцогтын үйлдлийг хамтран оролцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй гэж үзэж прокурорын хяналтын шатанд тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг хэрэгт хавсаргасан. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Батсүхэд холбогдох хэргийн шийдвэрлэлтийн талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан албан тушаалын гэмт хэрэг нэгтгэн шалгаж 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 59 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоол нь хүчин төгөлдөр болсон байгаа тул эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө, Ц.М нарын өмгөөлөгч Н.Ганбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.М нь “би Батсүх гэх хүнтэй маргалдсан. Би зодуулсан учраас гэрээс нь зугтааж гарсан” гэж удаа дараа мэдүүлж байсан. Миний биед учирсан гэмтлийг харсан, зодуулсныг харсан гэрч нарыг асууж өгнө үү гэж удаа дараа маргаж байсан. Мөн Батсүхийн гэрт байсан гадаадын иргэн намайг тэвэрч байгаад Батсүхэд зодуулсныг шалгаагүй. Тэр гадаадын иргэн нь Батсүхтэй худ ургийн харилцаатай хүн байсан. Эдгээр зүйлсийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Батбаяр, Отгон-Очир гэх хүмүүс мэдүүлэхдээ “бичиг баримт албан бичгийг хуурамчаар үйлдүүлсэн Цогтоо гэх залуу unitel-ийн дугаар харилцаж байсан” гэж тодорхой хэлдэг. Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарсан дүгнэлтийг аймгийн засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэддэггүй. Дүгнэлтийг Батсүх гэх хүн очиж аваад Цэнхэр сум руу явуулсан. Хэргийн үйл баримтад яригдаж байгаа “Шоронгийн ам” гэх газрын координаттай зөрсөн байсан. Батбаяр, Отгон-Очир нарын мэдүүлж байгаа асуудлыг огт шалгаагүй гэх асуудлыг анхан шатны шүүх дээр яригдаж байсан. Энэ маргаантай холбоотой баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээн аваагүй. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнэтогтох гэж хүнийг татаж шалгах шаардлагатай байсан. Эдгээр хүмүүс тодорхой байдлаар дэмжлэг үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй Ашигт малтмал газрын тосны газраас гарсан дүгнэлт, Батбаяр, Отгон-Очир нарын мэдүүлж байгаа асуудлыг холбож шалгах ёстой гэдгийг шүүх хуралдаан дээр ярьж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөн хэргийн харьяаллын талаар өмгөөлөгч Мөнхбаяр хэлж байсан, гэтэл прокурор энэ талаар эсэргүүцэлдээ дурдаагүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Батсүхийн хэргийг тусгаарлаж аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид мэдэгдээгүй. Энэ талаар сүүлд нь олж мэдсэн. Нэг цаг хугацаанд нэг дор болсон харилцан зодоонд М, Батсүх нар нь магадгүй хоёулаа хохирогч, шүүгдэгч болох магадлалтай байгаа юм. Ц.М “би өөрөө аргагүй хамгаалалт хийсэн, энэ 2 хөгшин намайг зодоод байсан” гэх мөрдөн байцаалтын шатнаас анхан шатны шүүх хуралдаан хүртэл хэлж байсан. Гэтэл хэргийг тусгаарлаж аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг гайхаж байна. Иймээс энэ хэргийг заавал нэгтгэж нэг яллах дүгнэлтээр шийдэх нь зүйтэй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө, Ц.М нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн оролцогч биш хүн болох Булганчимэг гэх хүн гомдол гаргаж байсан. Анхнаасаа Ардчилсан намын хүмүүс гомдол гарга гэж хэлээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийг сэргээж шалгахдаа удаа дараагийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Батсүхийн хэргийг тусгаарлаж шалгахдаа аргагүй хамгаалалт гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд буруу. Өмгөөлөгч Б.Баттөр гурван гэрчийг асуулгахаар Авлигатай тэмцэх газар гаргасан хүсэлтийг хүлээж авсан. Гэтэл шүүхийн шатанд хавтас хэрэгтэй танилцахад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Ө, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим дүгнэлт үндэслэл бүхий байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ц.М, Т.Батсүх нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Стадион Оргил” хотхоны 48А байрны 18 тоотод оршин суух иргэн Т.Батсүхийн гэрт хоорондоо маргалдаж, улмаар өөр хоорондоо харилцан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан байж болох үйл баримттайгаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч нараас өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үгүйсгэсэн байр суурьтай мэтгэлцэж байхад эрүүгийн 1802006080002 дугаартай хэргээс Т.Батсүхэд холбогдох хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэг цаг хугацаанд, нэг газарт, харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хуульд заасан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй нөхцөл байдал үгүйсгэгдэж, хуулийн энэ заалтыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн прокуророос Т.Батсүхэд холбогдох дээрх тусгаарлагдсан эрүүгийн хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ дурдсан боловч энэ талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан хэргийг буруу тусгаарласан зөрчил нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Харин анхан шатны шүүх, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тогтоолд гарын үсэг зурж албажуулсан Ж.Эрдэнэцогтыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, шүүгдэгч Ц.М, Б.Ө нарын үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсон эсэхийг шалгах шаардлагатай үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

       Ж.Эрдэнэцогт нь шүүгдэгч Ц.М, Б:Ө нартай тухайн үйлдэлд хамтран оролцсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл бүхий нотлох баримт байхгүй ба энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Ө, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/1730 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Золзаяагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ