Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0992

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* овогт, Н*******ийн А*******,  РД:У*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бундсүрэн, Т.Н нарын хоорондын Н.А*******гийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар зарлигаар Н.А*******г Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н.А*******д 100,800,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

1.3. Н.А*******гаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.А******* миний бие 1987 оноос эхлэн шүүгчээр ажилласан ба хамгийн сүүлд Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, өндөр насны тэтгэвэрт гарах хуульд заасан болзол хангасан тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022-12-23-ны өдрийн дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Зарлиг гарсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 174,288, 705 төгрөг олгохоос Н.А******* надад 100,800,000 төгрөгийг албан тушаалын үндсэн цалингаар тооцож "тэтгэмж" гэсэн утгаар харилцах дансаар шилжин орсон. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын "нэг удаагийн тэтгэмж олгох тухай" тушаалыг миний бие гардаж аваагүй, танилцаагүй, хараагүй тул хуулийн ямар заалтаар тэтгэмжийг буруу олгоод байгаа талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Отэй өөрийн биеэр уулзаж асуухад "хоёр хуулийн заагт ойлгомжгүй асуудал гарсан тул шүүхээр шийдвэрлүүлж нэг мөр ойлголттой болох нь зүйтэй байх" гэсэн хариуг амаар өгсөн тул иргэний хэргийн шүүхэд хандсан болно.

2. Миний бие нэг удаагийн тэтгэмж дутуу олгосон болон цалингийн зөрүү олгож өгөхийг хүссэн өргөдлийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд гаргасан ба хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дүгээр тушаалыг хуулбарлан явуулсныг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол шуудангаас гардан авсан болно. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж хуульчилсан бөгөөд энэ заалт Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийн арван дөрөв дүгээр бүлгийн 70 дугаар зүйлийн 70.1-д Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн юм.

3. Хуулийн 70.2. Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 70.2.3-д шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 73.1-д Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 73.1.1-д энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, эс үйлдэхүйгээр дутуу олгосон тэтгэмжийг нөхөн олгох талаар гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй нь хуулийн 10 дугаар бүлэгт Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа болон 46 дугаар зүйлийн 46.2-д шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын нэмэгдлээс бүрдэнэ, 47 дугаар зүйлийн 47.7-д Шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар, ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно зохицуулалтад хамаарах болно гэсэн

Түүнчлэн Шүүхийн тухай хууль /шинэчлэн найруулсан/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд: Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн олгоно, 12 дугаар зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тус тус зохицуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 2, , , дугаар зарлигийг үндэслэсэн нь шүүгчийн албан тушаалын буюу төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ цалингаар тооцож ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны цалинг оруулан тооцоогүй, баримтлах хуулийн хэсгийг буруу баримталж нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын зарим хий тооцож олгосон байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж хуульчилсан. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаарх дараахь журмыг батална, 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг батална гэснээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын арын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох" журмын 1.3-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно, журмын 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно, 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэжээ. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-д " ...бусад шүүхийн шүүгчийн орон тоо, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын их хуралд уламжлах" гэж заасан бөгөөд УИХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчид нэмэгдэл олгох журамд шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл шүүгчийн төрийн алба хаасан байна хугацааны нэмэгдэл олгохоор баталсан Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д "Шүүгчийн цалин хөлс нь Албан тушаалын цалин болон, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Хуулийн энэхүү шаардлагад нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор "төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг батлан гаргасан байна. Энэхүү журмын "Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох" гэсэн хэсгийн 4.4-д Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй хэмээн илүү нарийвчлан зааж өгсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д үндсэн цалингаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "...сарын дундаж цалингийн хэмжээгээр" гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт юм.

5. Өөрөөр хэлбэл үндсэн цалин, сарын дундаж цалин хоёр нь өөр учраас шүүхийн тухай хууль нь илүү нарийвчилсан, зөвхөн шүүгч нарт хамаарах хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Хэрэв адил хэрэглэнэ гэсэн бол хууль тогтоогч хоёр өөр байдлаар томьёолох шаардлагагүй бөгөөд бүх төрийн албан хаагч нарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна" гэх байсан байх. Гэтэл шүүгч нарын хувьд холбогдох хуулиар зохицуулна гэж тусгасан байгааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар бидний мөрдвөл зохих олон улсын гэрээ болох Шүүхийн хараат Бус Байдлын Монтреалын Тунхаглалын 2.21-ийн "б"-д "Шүүгчийн цалин хөлсний хэмжээ нь тэдний эрх зүйн байдал, өндөр нэр хүнд, хариуцлагад тохирсон хангалттай хэмжээнд байх бөгөөд үнийн түвшний өсөлттэй уялдуулан тогтмол тохируулга хийнэ" гэж, 2.21-ийн "с"-д "нийтийг хамарсан эдийн засгийн арга хэмжээ авахаас бусад тохиолдолд шүүгчийн цалинг бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад нь бууруулж болохгүй" гэж, Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээ /Шүүхийн шударга байдлын бүлгэмийн Замбиа улсын Лусака хотноо зохион байгуулагдсан хурлаар батлагдсан/ баримт бичгийн 14-ийн 14.1-т "Шүүгчийн цалин хөлс нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой бөгөөд эдгээр хүчин зүйлстэй тохирч байгаа эсэхийг тогтоох зорилгоор тогтмол үнэлж байвал зохино" гэж, 14-ийн 14.2-т "Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэврийн хэмжээг хуулиар баталгаажуулах бөгөөд томилогдсоных нь дараа бууруулж өөрчлөхийг хориглоно" гэж тус тус заасан байдаг. Миний бие нь хөдөө орон нутгийн олон шүүгч нарын хүсэлтийг уламжлан дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг олгох талаар амаар болон бичгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүсэлт гаргасан боловч хууль зөрчсөн асуудлаа засаж хохирлыг гаргаж өгөхийг хүссэн боловч эс үйлдэхүйгээ засахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэх удаагийн тогтоолгож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргуулж надад олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хохирол, тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг доорх эрх зүйн үндэслэлийн дагуу тайлбарлаж байна. Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хууль шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг энэ хуулийн 46 дугаар зүйлд зохицуулсан байгаа. Хуулийн 46.1-д шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах амьдрахад нь хүрэлцээтэй баталгаатай байх боломжийг хангасан байна. 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин бол болон албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Үүнээс үзэх юм бол шүүгчийн цалин хөлс нь цалин хөлсний бүрдлийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх ба эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлагад нийцэж байгаа гэж үзэж байгаа юм. Дараагийн үндэслэлийн тухайд дээрх хуулийн зохицуулалт нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үүрэг нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр, тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал албаных нь өндөр нэр хүнд үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой. 14.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэврийн хэмжээг хуулиар баталгаажуулах бөгөөд томилогдсоных нь дараа бууруулж өөрчлөхийг хориглоно. Мөн шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын Зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай Европын Шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 2001 оны 1 дүгээр зөвлөмжийн дүгнэлтийн 8-д шүүгч тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой гэсэн зарчмуудад нийцэж байна гэж үзэж байгаа. Гуравдугаар үндэслэл нь манай улсын дотоодын хууль тогтоомжид тухайлах юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж цалин хөлсний бүрдэл хэсгийг тодорхойлсон байна. Энэ хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн батлахаар хуульчилсан. Хуулийн энэ заалтын дагуу Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн ******* дугаартай тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4-д цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсанаар ойлгоно гээд 1.4.1-ээс 1.4.5-д үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал хамаарахаар заасан байна. Иймээс хууль тогтоомжийн дээрх зохицуулалтыг нийтэд нь авч үзэх юм бол Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгогдож байгаа нь хууль болон зарчимд нийцэж байна гэж үзэж байна.

Нөгөө талаар Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47. 9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд хуульчилчихсан байна. Дөрөвдүгээр үндэслэл нь зарим хуульд албан тушаалын цалинг эсвэл үндсэн цалингийн гэх мэт байдлаар тодорхой тодотгочихсон зохицуулалтууд байдаг. Шүүхийн тухай хуульд тийм тодотгол байхгүй. Энэ нь сарын дундаж цалин хөлснөөс тооцох агуулгыг илэрхийлж байна гэж миний хувьд үзэж байгаа юм. Тухайлах юм бол Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэх мэтээр үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгсөн байгаа юм. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас гэж тодотгож өгөөгүй нь сарын дундаж цалингаас тооцно гэсэн агуулгатай гэж ойлгож байна. Тавдугаар үндэслэл нь түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж олгох журмыг батлан гаргасан байна. Энэ журмын бусад хуульд зааснаар тэтгэмж олгох гэсэн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтад хэрэв Төрийн албаны хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжээ аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байгаа. Эдгээр Монгол Улсад дээд хүчинтэй үйлчлэх олон улсын гэрээ, баримт бичиг, тунхаглал болон дотоодын хууль тогтоомжид заасны дагуу шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг гаргуулж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Н.А******* тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл тухайд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

1.2.2-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 3.2.2-д Тэтгэмж тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. 4-д нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ... авч байсан сарын дундаж цалин.. нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Иргэн Н.А*******гаас "... Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч Н.А*******д тэтгэмж олгохдоо дутуу олгож шийдвэрлэсэн ШЕЗ-ийн эс үйлдэхийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон. Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм.

Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувьд хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно.

Үүнд: 1. Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

2. Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан.

3. Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан.

4. Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна. Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбарыг 2 бүлэглэж авъя. Энэ маргаан маш тодорхой маргаан юм. Үндсэндээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.9 сарын дундаж цалин гэдгийг хэрхэн яаж ойлгох юм бэ гэдэг асуудал юм. Тухайн үед нь ерөөсөө л шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь тэтгэврийг тогтоолгохдоо сарын дундаж цалингийн 80 хувьтай тэнцүү байдлаар төсөл ингэж явж байгаад сүүлд нь энэ дэмжигдэхгүй байнгын хороо хэлэлцүүлээд яг тэр агуулгаараа биш орхигдоод орчихсон заалт байгаа юм. Материаллаг хуулийн хүрээнд нэгдүгээрт нь цалин гэж юу юм, цалин хөлс гэж юу юм эндээсээ дундаж цалин гэж юу юм, дундаж цалин хөлс гэж юу юм гэдэг ойлголтуудыг маш тодорхой болгомоор байгаа юм. Нэхэмжлэгч тал үндсэндээ бид нарын тэтгэмжийг цалин хөлснөөс бодно гэж тайлбарлаад байгаа юм. Цалин хөлс гэдэг бол Монгол Улсын Төрийн албаны тухай хуулиар Монгол Улсын шүүхийн шүүгч болохоор төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан тушаалтан. Энэ агуулгаараа үүнтэй нийцүүлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулиараа Монгол Улсын шүүхийн шүүгчийн цалин хөлсийг дараах бүрэлдэхүүнтэй байна гэж тодорхойлж байгаа юм. Нэгдүгээрт нь үндсэн цалин буюу албан тушаалын цалин энэ нь болохоороо Монгол Улсын УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн цалинг заагаад өгчихсөн. Энэ цаг мөчөөс хойш Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалин цалинд өөрчлөлт орсон юм байхгүй байхгүй.

Дараа нь болохоор нэмэгдэл гэж юу вэ гэж үндсэндээ хариу тайлбараа дэмжээд л дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээж байна. Нэмэгдэл гэдэг бол хуульд заасан сар болгон тухайн албан тушаалтан тэр дундаа энэ хэрэг маргааны тухай болохоор Монгол улсын шүүхийн шүүгч сар болгон авдаг энэ нэмэгдлүүдийн тухайд хуульд заасан ямар нэгдэл байна вэ гэхээр мэдээж онцгой нөхцөлийн нэмэгдэл үүний хувьд 40% гээд тогтоочихсон байгаа. Үүний дараагаар төрийн алба хугацааны нэмэгдлийг тооцоод ингээд тогтоолоороо гаргаад явдаг байгаа. Хэрвээ Монгол Улсын шүүхийн шүүгч докторын зэрэгтэй байх юм бол түүний нэмэгдлийг олгоод явъя гэдэг ийм 3 төрлийн нэмэгдлийг агуулаад эдгээр нэмэгдлүүд нэмэгдлүүдийг тооцохдоо албан тушаалын сангаас тооцоод явдаг байгаа.

Өндөр насны тэтгэвэрт гараад үүнээсээ хуульд заасанчлан 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авъя гэж байгаа. Энийг юунаас тооцох вэ гэхээр тэтгэмжийг үндсэн цалин буюу албан тушаалын цалингаас боддог. Энэ бол нийтлэг жишиг тогтоочихсон ийм л асуудал байгаа. Монгол Улсын шүүхийн шүүгч төрийн тусгай албан хаагч байгаа. Төрийн албаны тухай хуульд хуульд юу гэж заасан гэхээр 36 хүртэлх сарын тэтгэмжийг олгож болно ингэж олгохдоо үндсэн цалингаас тооцно гэж байгаа. Дундаж цалин хөлсийг нь яаж тооцох юм бэ гэдэг журмыг 2019 оны ЗГ-ын 7 дугаар тогтоолоор маш тодорхой заачихсан байгаа. Энэ болохоор сүүлийн 3 жилийг нь үндсэн цалингийн дунджаар нэг сард ноогдох тэтгэмжийн хэмжээг тогтооно гэж байгаа. Үүний дараагаар өөрөөр хэлэх юм бол бид Монгол Улсын шүүхийн шүүгчдэдээ нэг удаагийн буцалтгүй тусламжийг нь олгохдоо хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэж байна. Шүүхийн тухай хуулийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан заалтууд нийцэж байгаа юм. Үндсэндээ манай тайлбар агуулга юу вэ гэхээр тэтгэмжийг нэмэгдлээс тооцохгүй гэж байгаа. Нэхэмжлэгчийн хүсэлт юу байна гэхээр тэтгэмжийг нэмэгдлээс тооцно уу гэж байгаа.

Хуулийн 47.9-д зааснаар сарын дундаж цалинг цалин хөлс гэж ойлгоно гэх юм бол үндсэн цалин нэмэгдэл гэж бодоод явчихна. Улмаар дундаж цалин хөлсийг тооцох журам нь гарна. Энэ хэрэг маргааныг ижил төстэй байдлаар шүүгч нар шийдээд явж байна. Тэгэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй буюу хуулийн 47.9 дэх сарын дундаж цалинг цалин хөлсөө гэж шүүх өөрөө шийдвэр гаргах замаараа хуулийг тайлбарлаж байгаа бол хэрвээ дундаж цалин хөлсөө тооцогдож байгаа бол хоол унааны зардал тооцогдохгүй. Гэхдээ энэ хэрэглэгдэх хэм хэмжээний акт биш. Хэрвээ шийдэхээр бол энийг бас анхаараач ээ гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар дунд цалин хөлсийг тодорхойлох журам батлагдсан байдаг. Энэхүү журмын 1.5 дээр маш тодорхой заасан. Тэтгэмжид хоол унаа болон үнийн хөнгөлөлтийг хамааруулж ойлгохгүй энэ нь өөрөө цалин хөлсний үр дүнд орохгүй гэдгийг маш тодорхой заасан.

Цалин хөлс гэж тооцох юм бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ямар тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлдог юм бэ гэж байгаа юм. Тэгэхлээр энэ маш тодорхой заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 109, 110 дугаар зүйлд заасанчлан илүү шөнийн цагаар ажилласан бол мөн бүх нийтээр амрах ажлын өдөр ажилласан байх юм бол эдгээр энэ журмыг баримтална гээд хууль хэрэглээний хувьд хэрэглэнэ гэхлээр их сонин болчихно. Өөрөөр хэлэх юм бол яг энэ хариу тайлбараа дүгнэх юм бол 47-гоос сарын дундаж цалин хөлс тухайн Монгол УИХ-ын 2015 оны тогтоолоор баталсан албан тушаалын цалин юм гэж энэ нийтлэг байдлаар үндсэндээ олгогдоод явж байгаа. Нэг удаагийн буцалтгүй тусламж гэж байгаа боловч хууль зүйн агуулга нь өөрөө энэ тэтгэмж байгаа, тэтгэмжийг юунаас тооцдог юм бэ гэхээр хэзээ ч цалин хөлснөөс тооцдоггүй ийм нийтлэг жишиг манай Монгол Улсын эрх зүйн орчинд байхгүй. Цалин хөлснөөс тооцдог нэг эрх зүйн орчин байгаа. Тэр нь болохоор бүүр тухайлбал прокурорын тухай хууль дээр тодорхой заадаг. Яг цалин хөлснөөс бодно гэж байгаа. Хэрвээ тэгсэн тохиолдолд бид нар тэгж тооцож болж байгаа. Хуулийн 47.9-д болохоороо сарын дундаж цалин гээд заачихсан болохоос биш цалин хөлс гэж заагаагүй. Ийм учраас Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгчид хуулийн 47.9-ийг хэрэглэж удаагийн өндөр насны тэтгэлэг тогтоосонд холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо хуулийг зөв хэрэглэж үндсэн цалингаас нь бодсон юм. Гол нь цалин хөлс бодоогүй, нэхэмжлэгчийн үндсэн цаанаас бодсон нь өөрөө хууль тогтоомжид нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж харж байгаа юм.

Хоёрдугаар асуудал нь болохоор процессын шинжтэй асуудлыг ахиад хөндье гэж бодож байна. Нэгдүгээрт нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дүгээр зарлигаар нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Мөн энэ зарлиг гаргасан өдөр нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн 100 сая 800 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон тушаал гарсан байдаг. Энэ мөнгө тэр өдөртөө орсон байх. Хөдөлмөрийн тухай хуульд хөөн хэлэлцэх гэж тодорхой заасан. Ажил олгогч ажилтны хоорондох эрх сэргээх тэр харилцааг хөөн хэлэлцэх хугацаагаар зохицуулж хамгаалалтыг нь бий болгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1-д заасан албан хаагч ажилтныг хууль бусаар шилжүүлэх халах чөлөөлөх, сэлгэх энэ харилцаанаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой цалин хөлс болон яг энэ нэхэмжлэгчийн гаргасан харилцаатай холбоотойгоор миний тэтгэмжийг дутуу бодчихжээ гэдэг энэ маргаан бол 90 хоног байгаа. Энэ хугацаандаа эрхээ сэргээлгэх гээд холбогдох хууль зүйн боломжоо ашигласан уу Хөдөлмөрийн тухай хуульд заасан энэ хугацаагаа алдчихсан юм биш биз дээ гэдэг ийм нэг эргэлзээ төрж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А*******гаас Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орохоор хуульчилсан байхад тэтгэмжийг зөвхөн албан тушаалын цалингаас бодож олгон зөрүүг олгохгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

3. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар зарлигаар Н.А*******г Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлжээ.

4. Д аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас шүүгч Н.А******* нь Монгол Улсын Их Хурлын Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2015 оны 101, Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай 2021 оны 04 дүгээр тогтоолууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 32 дугаартай Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай тогтоолуудын дагуу албан тушаалын цалин 2,800,000 төгрөг, онцгой нөхцөлийн(40 хувь) болон төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл(25хувь) 1,820,000 төгрөг авч байсан нь Д аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас ирүүлсэн цалингийн картад тэмдэглэгджээ.

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дугаартай тушаалаар Н.А*******д 108,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгожээ.

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01730 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01579 дугаар магадлалаар хүчингүй болгож, Н.А*******гийн нэхэмжлэлтэй, тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, 47 дугаар зүйлийн 47.9-т Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заажээ.

8. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид тэтгэмжийг дутуу олгосон атлаа зөрүүг олгохгүй байгаа нь буруу байна.

9. Учир нь хууль тогтоогчоос шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ-ээр тооцохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан байх ба энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд, тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйд тогтсон цалин хөлс гэх ойлголтоос ялгаатай уншигдах боловч,

9.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан авч байсан сарын дундаж цалин гэдгийг үгийн шууд утгаар авч үзвэл, энэ нь тухайн албан хаагчийн авч байсан буюу гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

9.2. Мөн Эрх зүйн эх тайлбар тольд цалин гэх ойлголтыг хөдөлмөрийн гэрээ буюу хууль тогтоомжийн актаар урьдчилан тогтоосон хэмжээгээр ... төлөх ёстой хөлс гэж, тэтгэмж гэх ойлголтыг ... 1 сар түүнээс дээш хугацааны цалингаар тооцно гэж тус тус тайлбарласан байна. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, 2.хэвлэл, х.552, (2008).

9.3. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд ... Г.З*******. ... Сая Ш.А******* гишүүний хэлсэн саналтай холбогдуулаад тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгаа ...-г төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна гээд хуулийн төслийн 47 дугаар зүйл(тэтгэврийн цалингийн 80 хувиар тогтоох тухай)-ийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.А*******аас ...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй, ... цалин хөлс гэдэг нь үндсэн цалин нэмэгдлээс тогтоно гэж байгаа, ... гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийг заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, шүүгчийн авч байсан сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байна.

9.4. Дээрхээс үзвэл, Шүүхийн тухай хуулийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ ... гэсэн нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан шүүгчийн цалин хөлс гэх ойлголтууд нь агуулгын хувьд ижил гэж үзэхээр байна.

9.5. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос тухайн сарын цалин гэх ойлголтыг хуульчлахдаа түүнд хөдөлмөрийн эрх зүйн цалин хөлс гэх ойлголтыг хамааруулан тайлбарласан гэж үзэхээр, шүүгчийн цалин хөлс нь үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэхээр тодорхойлсон, түүнчлэн цалин гэх эрх зүйн ойлголт нь хууль тогтоомжийн актаар урьдчилан тогтоосон хэмжээгээр тодорхойлогдохоор байх тул хэргийн оролцогчдын маргаж буй ... сарын цалин нь Монгол Улсын Их Хурлыг 2015 оны 101, 2021 оны 04, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоолоор урьдчилан тогтоосон хэмжээгээр тодорхойлогдохоор байна.

9.6. Иймд нэхэмжлэгчийн ... Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д үндсэн цалингаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт юм гэх тайлбар үндэслэлтэй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм гэх тайлбар үндэслэлгүй.

9.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог, ... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргах боловч хуульд нэгэнт тэтгэмжийг бодохдоо шүүгчийн авч байсан сарын цалингаас тооцохоор заасан, тодорхой тохиолдолд нэг удаа олгодог нь тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

9.8. Нөгөө талаас, шүүгч тэтгэвэрт гарсан цаашид үргэлжлүүлэн сар бүр ажиллахгүй нь үнэн боловч энэ нь нэг удаагийн тэтгэмжийг хэмжээг бууруулах үндэслэл биш юм. Харин энэхүү тэтгэмж нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож буй буцалтгүй тусламжийн агуулгатай тул тэтгэмж тооцох дүнд нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлтэй.

10. Мөн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж тус тус зааснаас үзвэл, тэтгэмжийн хэмжээ ялгаатай байж болохоор, улмаар шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн нь нарийвчилсан зохицуулалттай хуулиар тогтоосон хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байх тул нэхэмжлэгч талын ... адил хэрэглэх байсан бол 2 өөр байдлаар томьёолох шаардлагагүй байсан гэх тайлбар илүү үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгчийн хувьд 2020 онд 58,7,309 төгрөгийн, 2021 онд 60,190,491 төгрөгийн, 2022 онд 55353,905 төгрөгийн цалинг авч байсан байх тул түүний авч байсан сарын дундаж цалинг 4,841,075 төгрөгөөр тооцож, нийт 36 сарын цалингаар үржүүлж нийт 174,278,705 төгрөгийг олгох ёстой байсан байхад хариуцагч нь дутуу олгосон, зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргажээ.

13. Тодруулбал, нэр бүхий шүүгч нараас тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар гаргасан хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ... шүүхийн шийдвэр гарсны дараа нэг мөр шийдвэрлэх-ээр дэмжигдсэн, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1208 дугаар албан бичгээр ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Н.А*******гийн нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул таны хүсэлтэд дурьдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье гэсэн хариу хүргүүлж, шийдвэрлээгүй нь эс үйлдэхүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэхэд хүргэж байна.

14. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас Н.А*******гийн тэтгэмжийг бүрэн олгохгүй байгаа нь тэтгэмжийн хэмжээг тогтоосон хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул тэтгэмжийн зөрүүд 73,478,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан Н.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмжийг дутуу олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 73,488,705 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А*******д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ