Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0035

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ээс Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*******д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Н*******гийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ээс тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насан хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. Тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж үүрэгжүүлсэн заалтыг тус тус хэргжүүлэлгүй шийтгэл оногдуулжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн заримт чадамжтай этгээд буюу эрх зүйн аливаа харилцаанд бие даан оролцож, үүрэг хүлээх боломжгүй этгээдэд шийтгэл оногдуулж, хариуцлага тооцжээ гэжээ.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ий 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1264 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ээс Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*******д холбогдуулан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Н*******гийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ээс Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*******д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Н*******гийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ