Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн –Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Пагамсүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Хохирогч Б.Баярцэнгэл,

Шүүгдэгч Т.Элбэгбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түвшин овогт Төмөрбаатарын Элбэгбаярт холбогдох эрүүгийн 201710000181 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “NDK”  ХХК-д ковш оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 6-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Түвшин овогт Төмөрбаатарын Элбэгбаяр / ЕЭ86112627 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Элбэгбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн орчимд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай, цагдаагийн дэд ахлагч Б.Баярцэнгэлийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа нүдэн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж Цагдаагийн газрын эзэмшлийн 04-86 ДГО улсын дугаартай Хюьндай Элентра маркийн албаны автомашины хаалганы цонхыг хагалж 80,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Элбэгтбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.06.03-ны өдрөөс 2017.06.04-ний өдрийн шөнө найзындаа архи ууж байгаад харих гээд явж байтал замдаа цагдаатай таарсан. Тухайн үед эхнэртэйгээ жаахан маргалдсан байсан. Хэн зогсоосон юм бэ гэхэд эхнэр цагдаа зогсоолоо гэж хэлсэн. Намайг чимээгүй бай гээд манай эхнэр миний амыг таглахаар нь чи яагаад ам таглаад байгаа юм бэ гээд гарыг нь авсан. Тэгтэл цагдаа чи яагаад эхнэртэйгээ маргалдаад байгаа юм бэ гээд намайг явъя гэж цагдаа хэлсэн. Би явахгүй гэж эсэргүүцсэн. Тэгээд Баярцэнгэл цагдаатай муудалцаж байгаад нүдийг нь цохичихсон. Цагдаа намайг арын суудал дээрээ суулгаад бооход нь санамсаргүй байдлаар арын шилийг нь хагалчихсан. Боолтыг нь салгах гэж байгаад арын шилийг хагалчихсан гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Б.Баярцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би дэд ахлагч Баярхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад 2 цагийн үед цагаан өнгийн королла маркын машиныг зогсооход эмэгтэй жолооч байсан. Уг эмэгтэйгийн биеийн байцаалтыг шалгах гэхэд хажууд нь нэг залуу байсан. Тэр залуу яагаад зогссон бэ гэхэд цагдаа зогсоолоо гээд эхнэр нь хэлэхэд залуу чи яагаад зогссон юм бэ гэж хэлэхэд эхнэр нь чи чимээгүй бай гэж хэлсэн. Чи яагаад намайг чимээгүй бай гээд байгаа юм бэ гээд эхнэрээ цохисон. Эхнэр нь яагаад байгаа юм бэ гэхэд шүүгдэгч эхнэрээ дахиад нэг алгадсан. Чи эхнэртээ гар хүрлээ гээд машинаас буулгаад, өөрийнхөө машинд суулгаад авч явах гэхэд эсэргүүцээд байхаар нь алаг тэрэгнийхээ ард талын хаалгыг онгойлгоод суулгаад араас нь ороход цохисон. Боосон. Асуудал байхгүй. Цохиулчихаад араас нь орох гэтэл над руу дайраад байхаар нь гарыг гавлаад хажууд нь суухад машины цонх хагалчихсан. Гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Т.Элбэгбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны орой найз Энхбаярын гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эхнэр Эрдэнэчимэгийг дуудаж авахуулсан юм. Ингээд шөнийн 02 цагийн орчимд гэрлүүгээ харих замд цагдаатай тааралдаж намайг эхнэртэйгээ маргалдлаа гэж машинаас буулгаад цагдаагийн машинд суулгаж авч явна гэхээр нь би цагдаагийн машинд суухгүй гэж эсэргүүцсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...55-98 ДГО улсын дугаартай Тоёота королла маркийн суудлын автомашиныг явж байхад нь зогсоож шалгахад өөрийгөө Эрдэнэчимэг гэж танилцуулсан эмэгтэй машиныг жолоодож явсан ба бичиг баримтыг нь шалгаж байхад хажууд нь сууж явсан нөхөр нь бололтой залуу Эрдэнэчимэгийг цохиж аваад агсраад байхаар нь би машинаас буулгаад тухайн үед унаж явсан замын цагдаагийн тасгийн 08-46 ДГО улсын дугаартай машины арын суудал дээр суулгаад араас нь би хажууд нь суутал нөгөө залуу миний баруун нүд рүү гараараа цохиж авсан тэгэхээр нь би сандал дээр дараад хэвтэхэд өмнөөс эсэргүүцэж хүч хэрэглээд миний мөрдөсийг хуулсан тэгтэл нөгөө залуу хөлөөрөө албаны машины арын хаалганы том цонхны шилийг тийрч хагалсан... Би тухайн үед албан үүргээ гүйцэтгээд томилгоотой явсан. Элбэгбаяр гэх хүн тавьсан шаардлага эсэргүүцэж улмаар миний нүд рүү гараараа цохиж албаны машины цонхыг хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай цагдаагийн газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд тухайн үед тус газрын Замын Цагдаагийн тасагт эргүүлд явж байсан 08-46 ДГО улсын дугаартай Элентра маркийн суудлын автомашин байдаг. 2017 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Баярцэнгэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж танхайрсан этгээдийг саатуулах явцад Т.Элбэгбаяр гэгч нь албаны 04-86 ДГО улсын дугаартай автомашины арын хаалганы цонхыг дотор талаас нь тийрч хагалсан тухай 06 сарын 04-ний өглөөний рапортон дээр яригдсан. Аж ахуйн ажилтны хувьд уг машиныг үзэхэд цонхыг хагалсан байсан тухайн этгээд гэм буруугаа хүлээж машины цонхыг сольж бүтэн болгосон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Манай нөхрийг согтуу байна гээд хоёр цагдаа машиныхаа арын хаалгаар оруулсан тэгсэн чинь манай нөхөр дотроос нь тийрчихсэн гэсэн би тухайн үед байгаагүй машин дотроо байсан юм... Тухайн үед манай нөхөр нилээн согтуу байсан.... Цагдаа зогсооход л манай нөхөр унтаж байгаад сэрсэн тэгээд л цагдаа нартай маргаад эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч О.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...08-46 ДГО улсын дугаартай суудлын автомашиныг зогсоож шалгахад жолооч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тэгэхэд хажууд нь сууж явсан нөхөр бололтой залуу эхнэрийгээ цохиж авч бариад байхаар нь боль гэдэг шаардлага тавихад хүлээж аваагүй учир машинаас буулгахад өмнөөс шаардлага эсэргүүцээд байсан учир цагдаа зохицуулагч Баярцэнгэл албаны автомашинд суулгахад шаардлага эсэргүүцэж Баярцэнгэлийн баруун нүд рүү гараараа цохисон тэгэхээр нь суудал дээр дараад гарыг нь ард нь гавлах явцад хөлөөрөө албаны машины арын хаалганы цонхыг тийрч хагалсан учир хөдөлгөөнт эргүүлийг дуудаж тухайн этгээдийг хүлээлгэн өгч явуулж саатуулах байранд хийлгэсэн... Нилээн согтуу байсан эхнэртээ л агсараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай дүгнэлтэнд: “....Б.Баярцэнгэлийн биед тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ДГО 634 дугаартай: "... Хюндай элентра маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы шил 80,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 30 дугаар хуудас/,

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59 / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         

 Шүүгдэгч Т.Элбэгбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн орчимд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай, цагдаагийн дэд ахлагч Б.Баярцэнгэлийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа нүдэн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж Цагдаагийн газрын эзэмшлийн 04-86 ДГО улсын дугаартай Хюьндай Элентра маркийн албаны автомашины хаалганы цонхыг хагалж 80,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Элбэгтбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.06.03-ны өдрөөс 2017.06.04-ний өдрийн шөнө найзындаа архи ууж байгаад харих гээд явж байтал замдаа цагдаатай таарсан. Тухайн үед эхнэртэйгээ жаахан маргалдсан байсан. Хэн зогсоосон юм бэ гэхэд эхнэр цагдаа зогсоолоо гэж хэлсэн. Намайг чимээгүй бай гээд манай эхнэр миний амыг таглахаар нь чи яагаад ам таглаад байгаа юм бэ гээд гарыг нь авсан. Тэгтэл цагдаа чи яагаад эхнэртэйгээ маргалдаад байгаа юм бэ гээд намайг явъя гэж цагдаа хэлсэн. Би явахгүй гэж эсэргүүцсэн. Тэгээд Баярцэнгэл цагдаатай муудалцаж байгаад нүдийг нь цохичихсон. Цагдаа намайг арын суудал дээрээ суулгаад бооход нь санамсаргүй байдлаар арын шилийг нь хагалчихсан. Боолтыг нь салгах гэж байгаад арын шилийг хагалчихсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Баярцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би дэд ахлагч Баярхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад 2 цагийн үед цагаан өнгийн королла маркын машиныг зогсооход эмэгтэй жолооч байсан. Уг эмэгтэйгийн биеийн байцаалтыг шалгах гэхэд хажууд нь нэг залуу байсан. Тэр залуу яагаад зогссон бэ гэхэд цагдаа зогсоолоо гээд эхнэр нь хэлэхэд залуу чи яагаад зогссон юм бэ гэж хэлэхэд эхнэр нь чи чимээгүй бай гэж хэлсэн. Чи яагаад намайг чимээгүй бай гээд байгаа юм бэ гээд эхнэрээ цохисон. Эхнэр нь яагаад байгаа юм бэ гэхэд шүүгдэгч эхнэрээ дахиад нэг алгадсан. Чи эхнэртээ гар хүрлээ гээд машинаас буулгаад, өөрийнхөө машинд суулгаад авч явах гэхэд эсэргүүцээд байхаар нь алаг тэрэгнийхээ ард талын хаалгыг онгойлгоод суулгаад араас нь ороход цохисон. Боосон. Асуудал байхгүй. Цохиулчихаад араас нь орох гэтэл над руу дайраад байхаар нь гарыг гавлаад хажууд нь суухад машины цонх хагалчихсан. Гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Элбэгбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны .....  шөнийн 02 цагийн орчимд гэрлүүгээ харих замд цагдаатай тааралдаж намайг эхнэртэйгээ маргалдлаа гэж машинаас буулгаад цагдаагийн машинд суулгаж авч явна гэхээр нь би цагдаагийн машинд суухгүй гэж эсэргүүцсэн....” гэсэн мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... замын цагдаагийн тасгийн 08-46 ДГО улсын дугаартай машины арын суудал дээр суулгаад араас нь би хажууд нь суутал нөгөө залуу миний баруун нүд рүү гараараа цохиж авсан тэгэхээр нь би сандал дээр дараад хэвтэхэд өмнөөс эсэргүүцэж хүч хэрэглээд миний мөрдөсийг хуулсан тэгтэл нөгөө залуу хөлөөрөө албаны машины арын хаалганы том цонхны шилийг тийрч хагалсан... Би тухайн үед албан үүргээ гүйцэтгээд томилгоотой явсан. Элбэгбаяр гэх хүн тавьсан шаардлага эсэргүүцэж улмаар миний нүд рүү гараараа цохиж албаны машины цонхыг хагалсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Баярцэнгэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж танхайрсан этгээдийг саатуулах явцад Т.Элбэгбаяр гэгч нь албаны 04-86 ДГО улсын дугаартай автомашины арын хаалганы цонхыг дотор талаас нь тийрч хагалсан тухай 2017 оны 06 сарын 04-ний өглөөний рапортон дээр яригдсан...." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... манай нөхөр дотроос нь тийрчихсэн гэсэн би тухайн үед байгаагүй машин дотроо байсан юм... Тухайн үед манай нөхөр нилээн согтуу байсан.... Цагдаа зогсооход л манай нөхөр унтаж байгаад сэрсэн тэгээд л цагдаа нартай маргаад эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, Гэрч О.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...08-46 ДГО улсын дугаартай суудлын автомашиныг зогсоож шалгахад жолооч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тэгэхэд хажууд нь сууж явсан нөхөр бололтой залуу эхнэрийгээ цохиж авч бариад байхаар нь боль гэдэг шаардлага тавихад хүлээж аваагүй учир машинаас буулгахад өмнөөс шаардлага эсэргүүцээд байсан учир цагдаа зохицуулагч Баярцэнгэл албаны автомашинд суулгахад шаардлага эсэргүүцэж Баярцэнгэлийн баруун нүд рүү гараараа цохисон тэгэхээр нь суудал дээр дараад гарыг нь ард нь гавлах явцад хөлөөрөө албаны машины арын хаалганы цонхыг тийрч хагалсан учир хөдөлгөөнт эргүүлийг дуудаж тухайн этгээдийг хүлээлгэн өгч явуулж саатуулах байранд хийлгэсэн... Нилээн согтуу байсан эхнэртээ л агсараад байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ДГО 634 дугаартай үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Т.Элбэгбаяр нь хууль сахиулах албаны тээврийн хэрэгслийн цонхыг хагалахдаа хохирогч Баярцэнгэлийн боолтонд орсны улмаас машин дотроос хөлөөрөө тийрч хагалсан гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн энэхүү аргагүй байдалд орсон гэх байдал нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Түвшин овогт Төмөрбаатарын Элбэгбаярыг хүний эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Баярцэнгэл болон иргэний нэхэмжлэгч Ч.Нэргүй нар нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Элбэгбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түвшин овогт Төмөрбаатарын Элбэгбаярыг хүний эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Т.Элбэгбаярыг  460 нэгж буюу 460000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Элбэгбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 460 нэгж буюу 460000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгж буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялд нэгтгэн, нийт ялыг 5860 нэгж буюу 5860000 төгрөгөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Элбэгбаяр нь 5860000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Элбэгбаяр нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.Элбэгбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.Элбэгбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД