Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1506

 

     Б.Э, Т.С, Б.Х,

Э.А нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Б.Нарангарав,

шүүгдэгч Б.Э, Т.С, Б.Х нарын өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1540 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Т.С, Б.Х, Э.А нарт холбогдох эрүүгийн 2011010470714 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Х овгийн Б-ийн Х, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 40-08 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

          Х овгийн Т-ын С, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 6-48 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

          Х овгийн Б-гийн Э, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, амьтан судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25-75 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй

 

          Х овгийн Э-ийн А, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Сендвик монголиа” ХХК-д сургагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 2003 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

          Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд З.Галхүүтэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          Т.С, Б.Х нар бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд Э.Атэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          Э.Аийг согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд хоёр хүний буюу хохирогч Б.Х, Г.Уянга нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.С, Б.Х, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

 

Хэргээс дүгнэхэд дээрх үйл явдал нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд болсон байх бөгөөд хэрэг болсон гэх ресторан нь үйл ажиллагаа явуулж байсан, тэнд үйлчлүүлэгч нар үйлчлүүлж байсан, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нөхцөл байдал нь яллах дүгнэлтэд авагдсан хэргийн бодит байдалтай нийцэхгүй, тохирохгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр ...ресторан пабны шалан дээр хундаганы хагархай, нүдний шил хагархай зэргийг бэхжүүлж авав гэсэн ... /1хх 27-28/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-27/, мөн гэрч Б.Мишээлийн “...би өнөөдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах EVO ресторанд, 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим бармены ажлаа хийж байсан. Гэтэл рестораны зааланд байсан 6 үйлчлүүлэгч болон 2 үйлчлүүлэгч нар хоорондоо зодолдоод нэг бараан өнгийн хувцастай залуугийн нүүрэн хэсэг нь гэмтээд цус гарчихсан, бас нэг цайвар өнгийн хувцастай залуугийн нүүрэн хэсэг нь гэмтээд цус гарчихсан байсан. Тухайн 8 үйлчлүүлэгч нараас гадна 2 үйлчлүүлэгч байсан ба тэд нар зодоон болоход айгаад гараад явчихсан ...” /1хх 5/, гэрч Б.Эын “...тэгээд 22 цагийн орчим манай үйлчлүүлж байсан рестораны эсрэг талын буланд үл таних 2 залуу чанга чанга дуу гаргаад ойр орчмын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан ...” /1хх 57/ мэдүүлгүүд, “Evolition рестораны камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-32/, зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нөхцөл байдалд байжээ гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэх, энэ талаарх ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Э.А, Б.Э, Т.С, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А болон түүний өмгөөлөгч Б.Нарангарав нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.А, З.Галхүү нар 2020 оны 5 дугаар сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition нэртэй ресторанд үйлчлүүлж байхад тэр хоёрын хажуугийн ширээнд өмнө нь хамтран ажиллаж байсан зүс таних эмэгтэй болох Булган гэгч нь 4, 5 хүний хамтаар үйлчлүүлж байсан болох, З.Галхүү болон Э.А нар нь орой 22 цагийн орчимд явахаар шийдэж тооцоогоо хийчихээд рестораныг орхин гарахаасаа өмнө тамхи татчихаад бие засах газар руу орох гэж Э.Аийг дотогшоо ороход Оюу толгойн сайтад хамт ажиллаж байсан зүс таних эмэгтэй Булган гэгч зогсож байсан ба мэндлээд өнгөрөхөд хамт явж байсан залуус “эр эмийн хардлагын” улмаас уурлан улмаар өөр хоорондоо хэрүүл маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Тухайн газраар найзын хамт үйлчлүүлж байсан гэрч А.Батбаярын мэдүүлэгт “... хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна, ямар ч байсан баар хаах цаг болчихсон байсан гэх, мөн тус зодоон маш хурдан болоод өнгөрсөн, миний санаж байгаагаар 2, 3 минут л болсон байх. Би эмэгтэй хүмүүс дуу чимээ гараад эхлэхээр л очсон болохоос биш бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан юм байхгүй, би найзын хамт явах гэж байсан юм.”, гэрч Мишээлийн “... тухайн найман үйлчлүүлэгчээс гадна өөр 2 үйлчлүүлэгч байсан гэх ” мэдүүлгүүдээс харахад тухайн газраар үйлчлүүлж байсан бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй болох нь тогтоогдож байна. Мөн баар хаах цаг болсон байсан учир тухайн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсанчлан олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжгүй харин Э.А нь тус газраар үйлчлүүлчихээд гарах үедээ хамт ажиллаж байсан эмэгтэйтэй мэнд мэдсэн. Тухайн эмэгтэйтэй цуг явж байсан нөхөр болон найз эрчүүд нь буруугаар ойлгож хэрүүл маргаан үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хэргийг яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Г.Анармөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн нотолбол зохих байдлуудыг тогтоосон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн тухайд эдгээр шүүгдэгч нар нь бүлэглэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаатай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Э, Т.С, Б.Х нарын өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бидний зүгээс гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Э, Т.С, Б.Х нар зүйлчлэл дээр маргаагүй. Хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байдаг. Өөр хэлэх зүйл байхгүй гэв” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.А, Б.Э, Т.С, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Эыг 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд З.Галхүүтэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.С, Б.Х нарыг бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд Э.Атэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Аийг согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Evolition ресторанд хоёр хүний буюу хохирогч Б.Х, Г.Уянга нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.А, Б.Э, Т.С, Б.Х нарын дээрх үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Б.Нарангаравын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1540 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1540 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Б.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                 Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ