| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03289/И |
| Дугаар | 182/ШШ2024/02951 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02951
2024 07 03 182/ШШ2024/02951
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Ч..... нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....холбогдох,
Гэрээний үүрэгт 358,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К...ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан Wi-Fi интернэтийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилготой компани болно. Энэ хүрээнд бид байгууллага болон иргэдтэй гэрээ байгуулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг болно.
Хариуцагч С.Бу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ИҮГ21/03-049 тоот Интернет үйлчилгээний гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан. Энэхүү гэрээгээр бид дараах тохиролцоог хийсэн болно.
Үүнд: Утасгүй интернетийн үйлчилгээ үзүүлэх, түүнтэй холбоотой тоног төхөөрөмж нийлүүлэх, тоног төхөөрөмжийн төлбөр төлөх 5/3 mbps хурдтай интернет үйлчилгээг үзүүлэх, сарын төлбөр 150,000 төгрөг, хэрэв хугацаанаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд сарын суурь хураамжийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх ба холболтын төлбөр мөн гэрээ байгуулахад үзүүлсэн хөнгөлөлтүүдийг бүрэн нөхөн төлнө, хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу зохих ёсоор үйлчилгээг үзүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ирсэн.
Гэтэл хариуцагч компанийн зүгээс гэрээний 3, 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй нийт 1 сарын интернет үйлчилгээний төлбөр 150,000 төгрөгийг барагдуулаагүй байна.
Манай байгууллагын зүгээс асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр 4 удаагийн мэдэгдэл (2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22/02-181, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 23/06-366, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23/07-445, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23/08-574 тоот) хүргүүлсэн боловч үл тоон өнөөдрийг хүрлээ.
Иймд хариуцагчийн ИҮГ 21/03-049 тоот "Интернет үйлчилгээний гэрээ-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байх тул бид гэрээний 3.4, 6.8-д заасны дагуу төлөгдөөгүй төлбөр, алданги болон торгуулийг тус тус нэхэмжилж байна.
Хариуцагч болох С.Бу ИҮГ21/03-049 тоот "Интернет үйлчилгээний гэрээ-ний дагуу төлбөл зохих интернетийн үйлчилгээний 1 сарын төлбөр болох 150,000 төгрөг, ИҮГ 21/03-049 тоот гэрээний 6.8 дугаар зүйлд заасны дагуу 75,000 төгрөг гэрээний 3.4-д заасны дагуу алдангид 133,200 төгрөг нийт 358,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 358,200 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К...ХХК нь хариуцагч С.Бу холбогдуулан, гэрээний үүрэгт 358,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 358,200 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К...ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бу холбогдох, гэрээний үүрэгт 358,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,396 төгрөгийн 50 хувь буюу 5,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,698 төгрөг болон хариуцагч С.Бу улсын тэмдэгтийн хураамжид 5,698 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К...ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ