| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03759/И |
| Дугаар | 182/ШШ2024/02948 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02948
2024 07 03 182/ШШ2024/02948
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 726,072.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Х.Оюу нь манай компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авч өөрийн ажиллуулдаг Жинст-Зүүнсалаа гэх дэлгүүртээ худалдан борлуулдаг байсан. Тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 төрлийн хүнсний бараа буюу нийт 2,514,906 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг манай компаниас худалдан авсан бөгөөд үүнээс нийт 1,788,836 төгрөгийг төлсөн байна.
Ийнхүү худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл төлбөр болох 726,072.74 төгрөгийг төлөөгүй. Уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад тэрээр удахгүй төлж барагдуулна гэдэг боловч төлөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд ... бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 726,072.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 726,072.74 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр .... ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Х. холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 726,072.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х. холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 726,072.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,980 төгрөгөөс 10,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,992 төгрөг болон хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 10,988 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ