Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1507

 

     Н.О, Ж.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Н.О, Ж.Б нарын өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1545 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор И.Ариунсанаагийн эсэргүүцлээр Н.О, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2011008140552 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Б овгийн Н-ийн О, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-791 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

         

  1. Ш овгийн Ж-ын Б, Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 120-07-01 тоотод оршин суух бүртгэлтэй, /

 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1992 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн суллагдсан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгуулсан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

          Н.О, Ж.Б нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн урд талын авто зам дээр хохирогч А.Оюунчимэгийг өөрийн эзэмшлийн 45-27 УАЕ улсын дугаартай “Тоёота филтер” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад нь түүний гар цүнхтэй бэлэн мөнгө 1.580.000 төгрөг, байгууллагын тамга, банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.744.800 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Н.О нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Цэцэгзулын эзэмшлийн 35-75 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.О, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.О, Ж.Б нарын хийсэн дээрх гэмт үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй бөгөөд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн кабинд байгаа эд зүйлсийг шүүгдэгч нар нь ямар аргаар хүч хэрэглэхгүйгээр эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрлөөр нэвтэрсэн үү, зөвшөөрөлгүй сэм нэвтэрч авсан уу гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны дараа тус хэргийг зөв зүйлчлэн шүүгдэгч нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсний эцэст Н.О, Ж.Б нарын гэм бурууг шүүх хянан хэлэлцэх шаардлагатай гэж үзээд тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг тус дүүгийн прокурорт буцааж, Н.О, Ж.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Оюунчимэгийн “...2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ”Их азар” ХХК-ийн урд талын зам дагуу замын нэгдүгээр эгнээнд 4527 УАЕ улсын дугаартай “Тоёота филтер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож шахаж зогсоод гар утсаараа мессеж бичих гээд байж байтал жолооч талын хаалгыг нэг хүн онгойлгоод “сайн байна уу” гэхээр нь би цочоод хаалгаа түгжих гэсэн чинь хаалга онгойлгосон тэр залуу “дугуйны юм зарах гэсэн юм” гээд хаалга хаагаад яваад өгсөн юм. Тэгээд би ашгүй машинаас юм аваагүй байна гээд хөдлөөд 200 гаруй метр явж байтал өөдөөс дугуй засварын хүмүүс гараа өргөөд “зогс зогс” гээд байхаар нь зогссон чинь нөгөө залуус “машинаас чинь юмыг чинь авчихлаа шдээ” гэж хэлэхээр нь эргээд харсан чинь миний зогсож байсан газрын замын эсрэг тал руу хоёр залуу гүйгээд цагаан өнгийн таксинд сууж байхыг би харсан...” /1хх 17-18/,

 

хохирогч Б.Цэцэгзулын “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа буудлын орчим байх гүний худаг дээрээс 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн 35-75 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ус авах гээд багаж болон арын хаалгаа онгорхой орхиод ус авчихаад машиндаа суухад жолооч талын голын хайрцаг дээр байсан миний хар өнгийн арьсан цүнхтэй эд зүйлс байхгүй байхаар нь ойр орчмоор хартал миний цүнхийг энгэртэй хийсэн намхандуу хар царайтай эрэгтэй над руу эргэж харснаа зам хөндлөн гүйж гарч байсан....” /1хх 15-21/ гэх мэдүүлгүүдээс үзвэл дээрх хоёр хохирогчийн аль аль нь өөрсдийн эд зүйлээ түр хадгалах зорилгоор автомашиныхаа кабин буюу бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн хаалгыг түгжиж, цонхыг нь хааж битүүмжпээгүйгээс гадна тухайн автомашинд байсан эд зүйлээ автомашинд хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл Н.О, Ж.Б нар нь хохирогч А.Оюунчимэг, Б.Цэцэгзул нарын тээврийн хэрэгсэл дотор үнэ, цэнэ бүхий эд зүйлс хадгалагдаж байгааг мэдэж хулгайлж авахын тулд нууцаар уг автомашины цонхыг хагалах гэх мэт замаар хаалгыг онгойлгон нэвтэрч хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй тул прокуророос “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авахдаа хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр автомашинд нь нэвтэрсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.

 

Түүнээс гадна яллагдагч Н.О, Ж.Б нарыг шүүхэд шилжүүлэх захирамж гарч, 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүх хуралдаан болсон атал гэм буруугийн хуралдаанаас шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болох бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байдаг. Гэтэл шүүх уг дарааллыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилсан байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1545 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.О, Ж.Б нарын өмгөөлөгч П.Дэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр гэм буруугийн шүүх хуралдааныг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Ж.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

            Анхан шатны шүүх Н.О, Ж.Б нарын гэмт үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй буюу хохирогч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн кабинд байгаа эд зүйлсийг шүүгдэгч нар нь ямар аргаар, хүч хэрэглэхгүйгээр эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрлөөр нэвтэрсэн үү, зөвшөөрөлгүй сэм нэвтэрч авсан уу гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзээд тус Н.О, Ж.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч нарын тээврийн хэрэгсэл  доторхи эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шүүгдэгч нарын үйлдэлд нэвтэрсэн шинж тогтоогдохгүй байх тул прокуророос “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  1- д зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий болжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Н.О, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8ы өдрийн 1545 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.О, Ж.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.О, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ                                              

                                      ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ