Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0037

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө*******аас Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0******* дугаартай иргэн П.Д*******ид оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө*******аас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж,холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаас үзэхэд уг зөрчлийг зөвхөн хуулийн этгээд үйлдэх боломжтой бөгөөд түүнд хариуцлага тооцохоор хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан иргэн П.Д*******ид шийтгэл оногдуулсан нь хууь зүйн үндэслэлгүй байх тул ... гэжээ.

Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэргийн проукрор А.Ө*******ын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар албан бичгээр шилжүүлсэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* би бүрэн хүлээн зөвшөөрч байна. Зөрчлөө сайн дураараа илчилж, торгуулсан А******* ХХК-д шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилж ирүүлсэн Л.Д*******ид онргдуулан бичиж алдаа гаргасан байсан. А******* компанид шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө*******аас Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0******* дугаартай иргэн П.Д*******ид оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө*******аас Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0******* дугаартай иргэн П.Д*******ид оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Ц.МӨНХЗУЛ