Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/01634

 

 

 

 

2024 04 16

182/ШШ2024/01634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........................... тоот хаягт оршин суух, Б овогт Э.Э /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................ давхарт байрлах, Нт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, З.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нт холбогдуулан тус газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Н-ийн үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогчоор 2017.05.09-ний өдөр Н-ийн даргын Б/63 тоот тушаалаар томилогдож ажилласан. Уг албан тушаалд ажиллах энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалын тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ажиллаж ирсэн. Төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон ямар нэгэн сахилгын хариуцлагын алдаа гаргаж байгаагүй.

Гэтэл тус байгууллагын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндэслэлгүйгээр Н-ыг Н болгон өөрчлөгдөж, ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хууль бусаар халагдсан...

...Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах. Өөрөөр хэлбэл тухайн үед ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан албан тушаалыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга эрхэлж байгаа.

Иймд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна... гэжээ.

 

2.Хариуцагч Н-ийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд мөн зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2021.12.28-ны өдрийн А/1041 дүгээр захирамжаар Н-ийн үйлчилгээний газар-ын нэршлийг Н болгон өөрчилж, мөн оны 12 сарын 31-ний өдрийн А/1059 дүгээр захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон.

Эдгээр шийдвэрүүдэд үндэслэн Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтэс гэж байсныг хувааж Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс гэж бий болгоод түүнд хэлтсийн дарга гэдэг албан тушаал бий болсон.

Э.Э гэдэг хүн өмнөх бүтцээр ахлах нягтлан бодогч албан тушаал дээр байсан. Нэхэмжлэгч ахлах нягтлан бодогчийн албан тушаал хэвээр үлдсэн, албан тушаалыг хэвээр үлдээгээд хэлтсийн дарга болсон гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй...

Б/08 тоот тушаалыг тухайн байгууллага нь бүтцийн зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн учраас гаргасан. Тушаал дээр Захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтэс гэж байсан. Хэлтэс нь өөрчлөгдсөн. Өөрчлөгдөн зохион байгуулагдаад 2 хэлтэс болсон. Тэгээд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гэдэг шинэ албан тушаал бий болж, улмаар энэ албан тушаал төрийн захиргааны албан тушаал болсон. Э.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч байсан. Үүн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг төрийн үйлчилгээний албан тушаал учраас энэ албан тушаалыг байхгүй болж шинээр бий болсон албан тушаал гэж үзэж байгаа...

Мөн Э.Эд урьдчилан мэдэгдээд, мэдэгдсэн өдрөө энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасны дагуу цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 2,393,028 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгож, нөхөн олговортойгоор чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл уг ажил мэргэжлийн шинэчилсэн жагсаалтаар нэхэмжлэгч Э.Эгийн эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч /ТҮ-8/ ажлын байр хасагдаж, өөрөөр хэлбэл шинээр үүсгэн байгуулагдсан Захиргаа, удирдлагын хэлтэс болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст Ахлах нягтлан бодогч /ТҮ-8/ ажлын байр үгүй болсон...

Иймээс нэхэмжлэгч Э.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.11.28-ны өдрийн 3/2978 дугаартай албан бичиг /1 хх-ийн 3 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 182/ШЗ2022/13631 дугаартай шүүгчийн захирамж /1 хх-ийн 4-7 х/

-Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот Э.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1 хх-ийн 8 х/

-Н-ийн 2022.01.28-ны өдрийн мэдэгдэл /1 хх-ийн 10 х/

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 11-12 х/

-Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 13-14 х/,

-2022.05.19-ний өдрийн 0102 дугаар Ж.Тд олгосон итгэмжлэл /1 хх-ийн 52 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч Н тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.01.03-ны өдрийн 1/22 тоот Б.Гад олгосон итгэмжлэл /1 хх-ийн 15 х/,

-2023.03.14-ний өдрийн 01/01/615 тоот Б.Г, Б.Б нарт олгосон итгэмжлэл /1 хх-ийн 69 х/,

-Н-ийн газрын даргын 2023.02.20-ны өдрийн А/211 дүгээр Зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 95-103 х/,

-Тээврийн газрын даргын 2017.05.09-ний өдрийн Б/63 дугаар Э.Эг ажилд томилох тухай тушаал /1 хх-ийн 115 х/,

-2024.02.23-ны өдрийн 01/01/528 тоот З.Ц, Б.Б нарт олгосон итгэмжлэл /2 хх-ийн 8 х/,

-Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн А/01 тоот Ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай тушаал, түүний хавсралт /2 хх-ийн 9-18 х/,

-2022.01.28-ны өдрийн Мэдэгдэл /2 хх-ийн 19 х/,

-Албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 20-25 х/,

-2017.05.09-ний өдрийн ЗУСХ-24 тоот Хөдөлмөрийн гэрээ /2 хх-ийн 26-29 х/,

-Ажлын байрны тодорхойлолт /2 хх-ийн 30-33 х/,

-Н-ийн газрын даргын 2022.07.04-ний өдрийн А/77 тоот Зарим ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /2 хх-ийн 34-35 х/,

-Албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 36-46 х/ зэрэг баримтуудыг,

 

-Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.04.27-ны өдрийн 182/ШЗ2023/05423 дугаартай захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 147-155 х/,

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2022.08.01-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 156-157 х/,

-Албан тушаалын тодорхойлолт /1 хх-ийн 162-167 х/,

-Н-ийн газрын даргын 2022.02.01-ний өдрийн Б/32 дугаар Б.Баярмааг шилжүүлэн томилж, эрх шилжүүлэх тухай тушаал /1 хх-ийн 169 х/,

-Албан тушаалын тодорхойлолт /1 хх-ийн 170-175 х/,

-Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн Сангийн сайдын 2012.12.28-ны өдрийн 294 дүгээр Журам батлах тухай тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 181-187 х/,

-2024.03.19-ний өдрийн 182/ШЗ2024/05037 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын Албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 66-77 х/,

-Н-ийн газрын 2024.03.29-ний өдрийн 01/01/846 тоот албан бичиг /2 хх-ийн 83 х/,

-Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2024.03.29-ний өдрийн 02/625 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.Эгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нт холбогдуулан тус газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.04.11-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. ...Тус байгууллагын нэршил өөрчлөгдсөн боловч ахлах нягтлан бодогчийн хэрэгжүүлж байсан ажил үүрэг, орон тоо хасагдаагүй, ахлах нягтлан бодогчийн ажлын чиг үүргийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга хийж гүйцэтгэж байгаа тул уг албан тушаалд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а.Нийслэлийн Засаг даргын 2021.12.28-ны өдрийн А/1041 дүгээр захирамжаар Н-ийн үйлчилгээний газар-ын нэршлийг Н болгон өөрчилж, мөн оны 12 сарын 31-ний өдрийн А/1059 дүгээр захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон. Эдгээр шийдвэрүүдэд үндэслэн Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтэс гэж байсныг хувааж Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс гэж бий болгон учраас хэлтсийн дарга гэдэг албан тушаал бий болсон.

 

б. Б/08 тоот тушаалын хувьд байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан учраас Н-ийн газрын даргын тушаал гарч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хуульд заасан үндэслэлээр чөлөөсөн тушаал хуульд нийцсэн гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заасан.

 

б. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нт холбогдуулан тус газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2022.02.23-ны өдөр гаргасан байх ба шүүхээс 2022.10.17-ны өдөр 182/ШЗ2022/13631 дүгээр шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 хх-ийн 4-7, 223-224 х/

 

в. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022.11.25-ны өдөр гомдол гаргасан байна. /1 хх-ийн 3 х/

г. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022.11.28-ны өдөр 3/2978 тоот албан бичгээр ...Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна гэсэн хариуг өгчээ. Тэрээр энэ хариуг авснаас хойш шүүхэд 2022.12.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /1 хх-ийн 2 хуудасны ар тал/

 

5. Нэхэмжлэгч Э.Э нь 2017.05.09-ний өдрөөс 2022.01.28-ны өдрийг хүртэл Нт Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан болох нь 2017.05.09-ний өдрийн Б/63 тоот Э.Эг ажилд томилох тухай тушаал /1 хх-ийн 9 х/, 2017.05.09-ний өдөр талуудын байгуулсан ЗУСХ-24 тоот Хөдөлмөрийн гэрээ /2 хх-ийн 26-29 х/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын хувьд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5.а.Харин талуудын маргаан нь ахлах нягтлан бодогчийн ажлын байр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдсан гэх үндэслэл байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

6. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

а. Нэхэмжлэгч Э.Э нь Н-ийн газрын даргын 2017.05.09-ний өдрийн Б/63 тоот Э.Эг ажилд томилох тухай тушаалаар Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор томилогдон, 2017.05.09-ний өдөр ЗУСХ-24 тоот Хөдөлмөрийн гэрээ-г ажил олгогчтой байгуулан ажиллаж байгаад Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот Э.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1041, А/1059 дүгээр захирамж, 2022 оны А/88 дугаар захирамжаар батлагдсан Н-ийн дүрэм-ийн 7.1.1, 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ...Нийтийн тээврийн үйлчилгээний газрыг Н болгон өөрчлөгдөж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан... гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022.02.28-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 8 х/

 

б.Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

в.Нэхэмжлэгч нь Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй.

 

6.1.Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн,

,-мөн хуулийн 80.5-д Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно,

-82 дугаар зүйлийн 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх,

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол /Хариуцагчаас энэ тогтоолыг өгөөгүй, Legalinfo.mn-д бүртгэлгүй/

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1041, А/1059 дүгээр захирамж, 2022 оны А/88 дугаар захирамжаар батлагдсан Н-ийн дүрэм-ийн 7.1.1, 7.1.2 / https://transport.ub.gov.mn/en/?page_id=4752 / гэсэн хэрэгт энэ баримтыг өгөөгүй/ заалтуудыг үндэслэжээ.

 

6.2.Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэх үндэслэлийн тухайд

 

а. Хариуцагч Н буюу ажил олгогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2022.01.28-ны өдрийн Б/08 тоот Э.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах эрх бүхий этгээд нь даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Сайханбаяр мөн эсэх талаар талууд маргаагүй тул шүүх энэ тухайд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ... ажлын байр хасагдсан..., 80.5-д заасан Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэх үндэслэлүүдийн тухай.

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд мөн хуулийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заасны дагуу орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтанд энэ тухай ажил олгогч нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байдаг.

 

Ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргаж Э.Эд 2022.01.28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг 2022.01.28-ны өдрөөс эхлэн ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдлийг хүргүүлж, үүнээс хойш буюу 2022.02.28-ны өдөр Б/08 тоот Н-ийн газрын даргын тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба талууд мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан эсэх болон мэдэгдэл гардуулсан эсэх талаар маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Э.Эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 2,393,028 төгрөг /1 сарын үндсэн цалин 797,676 х 3 сар/-ийг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт /1 хх-ийн 33 х/, хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан байдаг учраас түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан боловч энэ нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

6.4. Хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын 2021.12.28-ны өдрийн А/1041 тоот захирамжаар Н-ийн үйлчилгээний газар-ын нэршлийг Н болгон өөрчилж, мөн оны 12.31-ний өдрийн А/1059 дүгээр захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон. Эдгээр шийдвэрүүдэд үндэслэн Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн А/01 тоот тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Уг ажил мэргэжлийн шинэчилсэн жагсаалтаар нэхэмжлэгч Э.Эгийн эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдаж, шинээр үүсгэн байгуулагдсан Захиргаа, удирдлагын хэлтэс болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажлын байр үгүй болсон гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

а. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

б. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Эгийн ажиллаж байсан Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн үндсэн чиг үүрэг үгүй болсон, орон тоо хасагдсан, Нийслэлийн Засаг даргын 2021.12.28-ны өдрийн А/1041 тоот захирамжаар Н-ийн үйлчилгээний газар-ын нэршлийг Н болгон өөрчилж, мөн оны 12.31-ний өдрийн А/1059 дүгээр захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон гэх тайлбараа тус тус баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Өөрөөр хэлбэл шинэ бүтэц батлагдахаас өмнө ямар бүтэцтэй байсан талаарх баримтыг хэрэгт өгөөгүй тул шүүх хариуцагчийн татгалзлаа нотлох эрхийг албадан эдлүүлэх үүрэггүй. Мөн энэ талаарх баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхээ тус тус хэрэгжүүлээгүй болно.

 

в. Н-ийн газрын даргын 2022.01.28-ны өдрийн А/01 тоот Ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай тушаалаар тус газрын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчилж Захиргаа, удирдлагын хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталжээ /2 хх-ийн 9 х/

Дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтаар тус хэлтэс нь хэлтсийн дарга 1, Эдийн засаг төсвийн мэргэжилтэн 1, Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн 1, Тооцооны нягтлан бодогч 2, Нярав 1, Жолооч 1, нийт 7 албан тушаалтан байхаар баталсан байна. /2 хх-ийн 11 х/

 

г. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

д. Нэхэмжлэгч Э.Эгийн эрхэлж байсан Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаал одоогийн шинэ бүтцэд байгаа Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гүйцэтгэж байгаа. Мөн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийг Захиргаа, удирдлагын хэлтэс болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон 2 хувааж нэршлийн хувьд өөрчилснийг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

е. Түүнчлэн, хариуцагч нь хэрэгт 2017.01.06, 2017.05.22-ны өдрийн Ахлах нягтлан бодогчийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт /1 хх-ийн 147-151, 152-155 х/-уудыг өгсөн байх ба эдгээр тодорхойлолтод тусгагдсан ахлах нягтлан бодогчийн ажлын байрны зорилго нь байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх буюу тайлагнах, санхүүгийн тооцоо судалгааг хийх, хяналт тавих, зохион байгуулалтыг сайжруулан мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж ажиллах байгаа бол Санхүү , хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажлын байрны зорилго нь Санхүү, төсвийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдүүлэх, төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг хуваарлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцах зорилготой /2 хх-ийн 36-41 х/ байх бол, тухайн албан тушаалуудад тавигдах тусгай шаардлагад тавигдах боловсрол, мэргэжил, туршлага нь адилхан, гүйцэтгэх чиг үүргийн хувьд Ахлах нягтлан бодогч хуулиар санхүүгийн бүх тайланг хариуцах, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар байгууллагын хоёрдугаар гарын үсгийг эзэмших, зэрэг зарим чиг үүргүүд давхцаж байгаагаас үзвэл ахлах нягтлан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Э.Э нь холбогдох данснаас хөрөнгө гаргах хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй байсан бол одоогийн шинэ бүтцийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч энэхүү эрхийг хэрэгжүүлж байгаа болох нь Н-ийн газрын даргын 2022.02.01-ний өдрийн Б/32 тоот Б.Баярмааг шилжүүлэн томилж, эрх шилжүүлэх тухай тушаалын 1 дэх заалт ...Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч албан тушаалд шилжүүлэн томилсугай, 2 дах заалтын ...байгууллагын данснаас хөрөнгө гаргах хоёрдугаар гарын үсгийн эрхийг шилжүүлсүгэй гэх заалтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ахлах нягтлан бодогч дангаар байсан бол одоо байхгүй болсон. Тодорхой чиг үүргүүд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга дээр ирсэн. Мөн тодорхой үүргүүд тооцооны нягтлан бодогчид ирсэн... гэх тайлбараар тогтоогдлоо.

 

Иймээс хариуцагч байгууллагын нэршил болон бүтэц өөрчлөгдсөнөөс нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын байр цөөрч, орон тоо нь хасагдсан гэж үзэх боломжгүй байх тул Э.Эг Нт урьд эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

а.Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

б.Э.Эгийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,673,736 /5,021,208 : 3 сар/ төгрөг, нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс 77,848 /5,021,208 төгрөг : 21.5 хоног/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /1 хх-ийн 11-12 х/

 

в.Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 11, 12, 2022 оны 01 дүгээр саруудын цалин /2,094,190+1,625,584+1,301,514/-гаас тооцсон болно.

 

г.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Э.Эгийн 2022.01.28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 529 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 41,181,529 төгрөг /529 хоног х 77,848 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан бөгөөд энэ нь ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг ажилтан шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

а.Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тус тус тодорхойлсон.

 

Иймд Э.Эгийн 2022.01.28-ны өдрөөс 2024.04.16-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Нт даалгах нь зүйтэй.

 

9.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н-ийн газраас цалинтай тэнцэх хэмжээний олговор 41,181,529 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 363,858 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эг Нт урьд эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Н-ийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 41,181,529 /дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан Э.Эд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 41,181,529 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Э.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Нт даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Н-ийн газраас 363,858 /гурван зуун жаран гурван мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА