Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1508

 

 

 

 

 

 

      2020           12            17                                         2020/ДШМ/1508                             

 

 

     А.Э, Б.Ө, Ц.Б нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

хохирогч “Констракшн коммершл инвестмент” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.М,

яллагдагч А.Эийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

яллагдагч Ц.Бий өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/1837 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Г.Эрдэнийн эсэргүүцлээр А.Э, Б.Ө, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1911009921200 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн А-ийн Э, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 2-173 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

  1. Б овгийн Б-ийн Ө, Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр” зах дээр дугуй зардаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 3 дугаар гудамж, 90 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 27 дугаар байрны 75 тоотод орших суудаг, ял шийтгэлгүй,

 

  1. Б овгийн Ц-ийн Б, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Сэлэнгэ пресс” ХХК-д маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 74а-107 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

          Яллагдагч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр

  1. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52а байрны 62 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн Ү-2205068396 дугаартай гэрчилгээ, Эрдэнэбилэгийн Түвшинжаргал /РД:ТА88021291/ гэсэн иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэн баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Түвшинжаргалын нэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнес оргил” ХЗХ-той 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, “махны бизнес хийнэ” гэж хууран зээлийн гэрээ байгуулан залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

 

          Б.Өтой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Премиум Палас” төвд үйл ажиллагаа явуулдаг “Констракшн коммершл инвестмент” ХХК-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж, 52а-36 тоот, 92,80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Өын өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Ү-000676163 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон, зээл авахад шаардлагатай баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн хуурамч баримт бичиг ашиглан, барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-тай 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

 

          Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зарыг цахим орчинд байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, Б.Өод “батлан даалтын сангийн зээлд хамруулж өгнө, хүү нь бага байдаг, зээл гаргуулж өгнө, хүнээр төсөл бичүүлэх хэрэгтэй байна, хамтран зээлдэгчээр эхнэрийг чинь оруулна, нийгмийн даатгалыг нь төлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6,400,000 төгрөгийг залилан авсан,

 

          Ц.Бтэй бүлэглэн “Мөнххада” ХХК-ийн худалдан борлуулж буй Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаслизинг” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Ц.Бий нэрээр хуурамч бичиг, баримт бүрдүүлэн өгч тус компанитай 281,544,042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43,669,000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Авто тээврийн үндэсний төвд өгч ашиглан JTMHV05J604248011 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Бий нэр дээр гаргуулан авч, авто тээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн авто тээврийн салбарт олгогдсон 01894748 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, JTMHV05J604248011 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч “Хас лизинг” ХХК-ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн залилан авсны улмаас тус компанид 239,930,601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, нэр бүхий хохирогч нарт нийт 416,330,601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

 

          2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

          2. Яллагдагч Б.Ө нь А.Этэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Премиум Палас” төвд үйл ажиллагаа явуулдаг “Констракшн коммершл инвестмент” ХХК-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52а-36 тоот, 92.80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Ү-000676163 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон, зээл авахад шаардлагатай баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн хуурамч баримт бичиг ашиглан, барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-тай 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

 

          3. Яллагдагч Ц.Б нь А.Этэй бүлэглэн “Мөнххада” ХХК-ийн худалдан борлуулж буй Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаслизинг” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Ц.Б” нэрээр хуурамч бичиг, баримтыг өгч тус компанитай 281,544,042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43,669,000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 18/1265 дугаартай “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Авто тээврийн үндэсний төвд өгч ашиглан JTMHV05J604248011 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, авто тээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн авто тээврийн салбарт олгогдсон 01894748 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, JTMHV05J604248011 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч “Хас лизинг” ХХК-ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг залилан шилжүүлэн авсны улмаас тус компанид 239,930,601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Нийслэлийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ө, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-аас 100,000,000 төгрөгийг зээлэхдээ Б.Өын хувийн байдлыг тодруулсан Хас банкны дансны хуулга, нүүрс тээвэрлэлтийн гэрээ, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж 52а-36 тоот, 92.80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг төлсөн талаар “Өү энд Би Эн” ХХК-ийн төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримтыг хэн, хэрхэн хуурамчаар үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгсөн, уг гэрчилгээ гарсны дараа хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнес оргил” ХЗХ-оос 70,000,000 төгрөгийг зээлэхдээ Э.Түвшинжаргалын иргэний үнэмлэх, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 000552957 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч бичиг баримтыг ашигласан, мөн “Хас лизинг” ХХК-иас Ц.Б нь Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг санхүүгийн түрээсээр авахдаа бүрдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, Худалдаа хөгжлийн банкны дансны харилцахын гүйлгээний хуулга, “Мөнххада” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд Ц.Бий нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно уу гэсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч бичгийг ашигласан байхад прокурор А.Эд холбогдох хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Мөн Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл нь олон хүнд дамжин худалдагдсан байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь зүйтэй. “Хас лизинг” ХХК-д Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэнд хэн хэдэн төгрөг төлсөн, хохирлын хэмжээг хэд байгааг тодруулах шаардлагатай гэж үзээд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч А.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Ө, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хуурч, эсхүл баримт бичиг ... ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан байна.

 

          “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид тусгасан “баримт бичиг” ашиглах гэсэн үйлдлийн аргад жинхэнэ болон хуурамч бичгийн аль, альныг нь ашиглахыг хамааруулсан ойлголт тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

          Өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах зорилгоор эрх зүйн аливаа үр дагаврыг бий болгох хуурамч баримт бичгийг үйлдэж түүнийгээ ашиглах нь залилах гэмт хэргийн үйлдлийн аргад хамаарна. Гэмт этгээдээс хохирогчийг эд хөрөнгөө сайн дураар өөрт нь шилжүүлэн өгөхөд хүргэсэн хуурч мэхлэх арга нь хуурамч бичиг баримт хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хайж болно.

          Иймд шүүгчийн захирамжид заасан “прокурор А.Эд холбогдох хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзнэ.

 

          Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт яллагдагч А.Э нь “Хас лизинг” ХХК-д 239,930,601 төгрөгийн хохирол учруулсан, 119,965,300 төгрөгийн төлбөртэй болохыг тодорхойлж өгсөн бөгөөд хохирлын хэмжээг хэд байгааг тодруулах ажиллагааг дахин хийх гэсэн нь үндэслэл муутай байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

          Прокурор Б.Бямбадагва шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Ерөнхийдөө “Ланд крэйзер 200 загварын тээврийн хэрэгсэл нь олон хүнд дамжин худалдагдсан байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь зүйтэй” гэж үзсэн. Яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа битүүмжилсэн байсан боловч нэрийг нь шилжүүлэлгүйгээр өөр хүнд зарсан асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэлдээ дурдаагүй байдаг. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үйлдлийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэж бусдын өмчлөлийн эд зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад байгааг нь залилах гэмт хэргийн үйлдлийн арга гэж үзсэн. Иймд хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулана” гэсэн шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт яллагдагч А.Э нь “Хас лизинг” ХХК-д 239,930,601 төгрөгийн хохирол учруулсан, 119,965,300 төгрөгийн төлбөртэй болохыг тодорхойлж өгсөн бөгөөд хохирлын хэмжээг хэд байгааг тодруулах ажиллагааг дахин хийх гэсэн нь үндэслэл муутай байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.” гэв.

 

Хохирогч “Констракшн коммершл инвестмент” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг маш удаашралтай шалгагдаж байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна” гэв.

 

Яллагдагч А.Эийн өмгөөлөгч Х.Баатарбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Чингүүнжавын гудамж 52А байрны 62 тоот 154 мкв талбайтай 5 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, Э.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэг дээр Базараа гэх хүнээр бичиг баримтыг хуурамчаар үйлдүүлээд тэр хүндээ 1 сая төгрөгийн төлбөр төлсөн гэх асуудлыг яллагдагч А.Э мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүх хуралдааны хэлэлцүүлэг хүртэл ярьдаг. Энэ асуудал шалгагдан тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ асуудлыг шалгах шаардлагатай. Хуурамч гэрчилгээг хийсэн Баатар гэх хүн байдаг. Энэ талаар ямар нэгэн эрэн сурвалжлах хайх ажиллагаа хийгдээгүй. Залилах гэмт хэрэг үйлдэхэд ашиглаад байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг А.Э дангаараа өөрөө хийгээд байдаггүй. Тодорхой хүмүүсээр хийлгэсэн байдаг. Хийж өгсөн хүмүүсийг зааж өгсөн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр хүмүүсийг олох, хэргийн нөхцөл байдлыг тодруулах талаар ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Яллагдагч А.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдээгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан” гэв.

 

Яллагдагч Ц.Бий өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна” гэв.

 

Яллагдагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалд Ц.Б хохирол төлбөрөө төлсөн гэх боловч эхний 15,000,000 гаруй төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн гэж дурдаагүй байсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Э, Б.Ө, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Нийслэлийн прокурорын газраас А.Эийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ө, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн А.Э, Б.Ө, Ц.Б нарын дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай, Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болохыг тогтоох, “Хас лизинг” ХХК-д Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэнд хэн хэдэн төгрөг төлсөн, хохирлын хэмжээг хэд байгааг тодруулах шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд,

 

шүүгдэгч А.Э 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнес оргил” ХЗХ-оос 70,000,000 төгрөгийг зээлэхдээ Э.Түвшинжаргалын иргэний үнэмлэх, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ү-000552957 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч бичиг баримтыг ашигласан,

 

А.Э, Б.Ө нарын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-аас 100,000 төгрөгийг зээлэхдээ Ү-000676163 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хуурамчаар үйлдэн, уг хуурамч бичиг баримтыг ашигласан,

 

А.Э, Ц.Б нарын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай” 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч бичиг баримтыг ашигласан тус тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “... хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинж болох тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичиг тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан ...” гэх гэмт хэргийн шинж байгааг нэмж тодруулах шаардлагатай байна.  

 

Мөн JTMHV05J604248011 арлын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг хэн өмчилж байгааг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1837 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1837 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                 Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ