Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2023/0066

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ж.А,

              Нэхэмжлэгч: Ш.Х,

              Нэхэмжлэгч: М.А,

              Нэхэмжлэгч: Н.С,

              Нэхэмжлэгч: Х.Д,

              Нэхэмжлэгч: Х.С,

              Нэхэмжлэгч: Б.М,

              Нэхэмжлэгч: М.А,

              Нэхэмжлэгч: Х.Б,

              Нэхэмжлэгч: М.Б,

              Нэхэмжлэгч: З.Б,

              Нэхэмжлэгч: Р.Н

              Нэхэмжлэгч: Ш.Б,

              Нэхэмжлэгч: Х.Т,

              Нэхэмжлэгч: Б.Б,

              Нэхэмжлэгч: Х.А,

              Нэхэмжлэгч: Д.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

              Гуравдагч этгээд: Х.Х,

              Гуравдагч этгээд:. Х.Б нарын хоорондын  газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Самархан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш, гуравдагч этгээд Х.Б /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гэрч С.Б, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            1. Нэхэмжлэгч нараас анх шүүхэд “Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамжийг (1), иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн  нэгж талбарын ......   дугаартай 200 га газар өмчлүүлсэн улсын бүртгэлийн ........ дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоох (2), иргэн Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргуулах (3), тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           2. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:

           2.1. Иргэн Х.Б, Х.Х нарт газар өмчлүүлсэн шийдвэрийг Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд тус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” 36 дугаартай захирамж гарч, уг захирамжийн дагуу  нэр бүхий 17 иргэнд хадлангийн зориулалтаар хуваарилж өгсөн. Гэтэл иргэн Х.Б, Х нар болон Алтанцөгц сумын Засаг дарга нарын хооронд маргаан үүсэж, 2020 оноос одоо хүртэл захиргааны болон иргэний хэргийн шат шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж, маргаан дуусалгүй үргэлжилсээр одоо хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Энэхүү маргаанаас болж нэхэмжлэгч нэр бүхий 17 иргэн 2020 оноос хойш хадлангийн эдэлбэр талбайн газаргүй, зохих журмаар хадлан авч чадалгүй хохирч, иргэн бидний нийтийн эрх ашиг зөрчигдөж байна.

          2.2. Нэхэмжлэгч нар болох 17 иргэн бид Алтанцөгц сумын Засаг даргад хандаж, бидэнд хадлангийн талбайг шийдвэрлэж, бидний зөрчигдөж байгаа эрхийг сэргээх талаар байнга шаардаж байгаа боловч, захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгүүлж шалгуулж байна. Ингээд зөрчигдсөн эрх ашиг, нийтийн ашиг сонирхол сэргээгдэх болно гэж хүлээсээр, дөрөв дэх жилийн нүүр үзэж байна. Гэтэл Алтанцөгц сумын Засаг даргын зүгээс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хариу мэдэгдэж хуудас хүргүүлж, уг мэдэгдэх хуудсанд Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2023/0581 дугаартай тогтоолд зааснаар Алтанцөгц сумын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай захирамжаар хадлангийн зориулалтаар ашиглах эрх үүссэн иргэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдсон, сумын Засаг дарга нэхэмжлэгч этгээд биш гэж тодорхойлсон тул нэр бүхий хүмүүс нэхэмжлэл гаргах нь зүйд нийцнэ гэж заасан учир Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай” 221/ШТ2023/0581 дугаартай тогтоолыг гомдол гаргагч Ш.А нь анхан шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан явдал, Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас агуулга, Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай  захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэснийг тус тус үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

         2.3. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.3 дахь заалтад  заасан аймаг, сумын газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан газрыг өмчлүүлэх заалтыг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн. Аймгийн газар зохион байгуулалтын 2008 оны төлөвлөгөөнд Алтанцөгц сумд нийт 22.5 га газар өмчлүүлэх үүнээс 12.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10 га газрыг төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин 2008 онд Алтанцөгц сумаас газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

           2.4. Иргэн Х.Б, Х.Х нар нь урьд тариалангийн газар эзэмшээгүй иргэд тул дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамжаар дуудлага худалдаа явуулахгүйгээр, үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсгийн 5.1.8.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн илт хууль бус акт болно. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт иргэнд газар тариалангийн зориулалтаар зөвхөн тариалангийн талбай эсвэл атаршсан газар өмчлүүлэх журамтай. Гэтэл иргэн Х.Б, Х.Х нарт ой мод  бүхий бэлчээрийн зориулалттай газраас өмчлүүлж хуулийг ноцтой зөрчсөн. “...тариалангийн талбай гэж бэлэн ашиглагдаж байгаа тариалангийн зориулалт бүхий газар”, “...атаршсан газар гэж урьд газар тариалан эрхэлж байгаад орхигдсон буюу өнжүүлсэн тариалангийн талбайг” хэлнэ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.8.2 дахь хэсэгт зааснаар иргэнд газар тариалангийн зориулалтаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх газрын хэмжээ нь дуудлага худалдаагаар худалдсан газрын хэмжээтэй тэнцүү байна гэж заасан. Гэтэл иргэн Х.Б, Х.Х нарт 200 га газар буюу асар том бэлчээр бүхий газрыг ямар нэгэн дуудлага худалдаанд оруулахгүй байж үнэ төлбөргүй өмчлүүлсэн  явдал нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 2-д заасан ...энэ хуулийн 5.1.8.2-д заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй байна... гэснийг зөрчсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг бүхэлдээ зөрчиж иргэн Х.Б, Х.Х нарт газар өмчлүүлсэн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаартай захирамж нь эрх зүйн акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.

           2.5. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлөх эрхийн нэгж талбарын ...... дугаартай 200 га газрыг өмчлүүлэх улсын бүртгэлийн .......... дугаартай гэрчилгээг олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2-д заасан “...газар өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь үнийг баримтална” гэснийг зөрчиж, газрын мэдээллийн санд бүртгэлтэй газрын кадастрын зураг хавсаргаагүй байхад иргэн Х.Б, Х.Х нарт гэрчилгээ олгож, хууль зөрчсөн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн 10.6.4-д заасан журмаар газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаажсан дүгнэлт гаргуулаагүй, эрх бүхий этгээд дүгнэлт гаргаагүй байхад гэрчилгээ олгож, давуу байдал олгосон.

           2.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д захиргааны актын аль нэг хэсэгт илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны акт гаргах гол үндэслэл болж байгаа захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .............. дугаартай гэрчилгээ нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болох нь илэрхий байгаа тул түүнийг үндэслэж гарсан улсын бүртгэлийн .............. дугаартай гэрчилгээ мөн адил Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус эрхийн акт юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцээгүй байна. Нэгж талбарын ........... дугаартай 200 га газар өмчлүүлсэн улсын бүртгэлийн ........... дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгохоор заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          2.7. Өмчлөгч Х.Б, Х.Х нар нь тухайн газрыг 2008 онд өмчлөлд авсан одоо 15 жил өмчлөлд байхад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутам хийлгэх тухай үүргээ ноцтой зөрчсөн, өмчлөгч нар нь энэхүү үүргээ биелүүлээгүй юм. Хуулийн 28.1.4-д газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно гэж заасан. Өмчлөгч нар хуулийн хориглосон заалтыг зөрчсөн нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар өмчийн газрыг шүүхийн журмаар хураан авах үндэслэл болох ба өмчлөгч нарын хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.8 дахь заалтуудад, мөн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болж байна. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан тохиолдолд Засаг дарга газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-д ...ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэснийг баримталж Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан өмчлөгчийн эрх, үүрэг болон хориглосон заалтыг өмчлөгч нар зөрчиж байх тул газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсээд байна.

         2.8. Маргаан бүхий Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагаа хууль бус явагдсан газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа үйл баримт нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт учраас мөн хуулийн  47.2 дахь хэсэгт зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй эрхийн акт юм.

         3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          3.1. Миний бие 2007 онд Алтанцөгц сумын багийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед Х.Б өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж 200 га газрыг өмчлөлдөө авсан. Тухайн Х.Б өмчлөлийн 200 га газрыг хүчингүй болгож өг гэж Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б өргөдөл гаргасан боловч  Х.Б өмчлүүлсэн 200 га газрыг хүчингүй болгож, нэр бүхий 17 хүнд хадлангийн зориулалтаар ашиглуулахаар болсон ч  иргэний өмчлөлийн газрыг хүчингүй болгож чадаагүй юм. Тухайн газраас хадлан авах гэхээр гуравдагч этгээд Х.Б хамаатнуудтай нийлээд бид нарын хадланг авхуулахгүй дарамталдаг. Одоо хадлан авч чадаагүй 7 жил болж байна. Тийм учраас 17 хүний нэрийн өмнөөс өргөдөл өгсөн. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

         4. Хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         4.1. Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамж болон уг захирамжийг үндэслэн иргэн Х.Б, Х.Х нарт нэгж талбарын ........ дугаартай 200 га газрыг “Фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар” өмчлүүлсэн тухай улсын бүртгэлийн .......... дугаартай гэрчилгээ олгосон эрхийн актуудыг гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “... газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  заасан газраас өмчлүүлэх” гэсэн заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.2-т “газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх” гэснийг, 6 дугаар зүйлийн  6.2.1-т заасан “газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхэд  тариалангийн талбай болон атаржсан газраас өмчлүүлэх” гэснийг 7 дугаар 7.3.2-т заасан “өмчлүүлсэн газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хэмжээтэй байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

          4.2. Нэгэнт иргэн Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамжаар 200 га газрыг хууль зөрчиж өмчлүүлсэн гэж үзэж, мөн сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” 36 дугаар захирамж гарсан учир нэхэмжлэгч 17 иргэний газар ашиглах эрх зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан нь зүйлд нийцнэ.

         4.3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрх дуусгавар болно” гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2022/00966 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 10.2 дахь заалтад “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрээр газар өмчлөх эрхийг хүчингүйд тооцож болохоор тус тус заасан” байх тул сумын Засаг дарга болон дээд шатны Засаг дарга хянан шийдвэрлэх маргаан биш байна. Иймд Ж.А нарын 17 хүний нэхэмжлэлийг хуулийн хүрээнд нотлох баримтад үндэслэж хууль ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Тухайн Х.Б өмчлүүлсэн газрыг хадлангийн зориулалтаар ашиглуулахаар захирамж гарсан. Захирамжийг нотлох баримтаар өгсөн. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Энэ маргаан яваад 4 жилийн хугацаа болж байна. 4 жилийн хугацаанд захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүх, Монгол Улсын Дээд шүүх хүртэл гомдол гаргасан. Ковид цар тахлын улмаас асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар байгаад 2023 онд шийдэгдээд өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэж шийдвэрлэхдээ өмчлөлийн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага нь Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын .......... дугаартай 20 га газар өмчлүүлсэн улсын бүртгэлийн .......... дугаартай гэрчилгээ илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ захирамж хууль ёсны захирамж байсан уу, үгүй юу гэдэгт тогтож ярих нь зүйтэй.

5.2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухайн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гарсан захирамж. Өөрөөр хэлбэл, 5 дугаар зүйлийн 5.1.3-д “иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 5.1.8-д “иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ”,  5.1.8.2-д “Газрын тухай хуульд заасны дагуу тариалангийн газар эзэмшээгүй иргэн тариалангийн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд уг газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байвал уг газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газар нь өөрөө атаршсан газар буюу  тухайн үед газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлнэ гэсэн. Гэтэл байгалийн унаган төрхөөрөө байсан бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар ашиглаж байсан түүхэн уламжлалтай газрыг Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын суурийг тогтоосон дүгнэлт гаргасан. Газрын төлбөрийг өмчилж авсан этгээд одоо хүртэл төлөөгүй. Тухайн газрыг 2008 онд газар тариалан фермер байгуулах зориулалтаар өмчлүүлсэн. Гэтэл шүүхэд маргаан гарснаас хойш иргэний хэргийн анхан шатны шүүх болон захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн газарт үзлэг хийхэд, тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, газар тариалан эрхлээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж иргэний хэргийн шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулахад, тухайн газрыг өмчлүүлэх боломжгүй, Байгаль орчин, усны тухай хуульд зааснаар Ховд голын эргээс 50 метрийн доошгүй газрыг өмчлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэхгүй газрыг өмчлүүлсэн нь буруу гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дүгнэлт гарсан. Тухайн захирамжийг хариуцагчийн зүгээс өмнө нь хүчингүй болгож байсан. Гэтэл энэ Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, газар өмчлөхийг хүчингүй болгох асуудал нь Засаг даргад хамаарахгүй  гэх үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засаг даргын захирамж хүчингүй болж, Х.Б, Х.Х нарын өмчлөх эрх хэвээр үлдсэн.

5.3. Газрыг хураах тухай асуудал хөндөгдсөн. Хураах асуудал иргэний хэргийн шүүхийн асуудал харьяаллын маргаан учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэл энэ захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээгээд түдгэлзээтэй байна. Нэгэнт өмчлөх асуудлыг Дээд шүүхийн тогтоолоор хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нар Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Нэгэнт Газар өмчлүүлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудаар хариуцагч хичнээн хууль бус өмчлүүлсэн байлаа гэхэд хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд багтахгүй байна. Маргаан бүхий захирамж хууль зөрчиж гарсан захирамж хэдий ч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Ийм учраас хуулийн дагуу хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

           6. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбараа:

           6.1. ............  эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ............  тоот гэрчилгээтэй иргэн Х.Б, Х.Х нарт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамжийг үндэслэж, тус сумын 1 дүгээр багт байрлалтай, фермер байгуулах, газар тариалангийн зориулалттай 200 га газрыг өмчлөх эрхээр гэрчилгээ олгосон байна. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэгч Х.И нь иргэн Х.Б өргөдлийг үндэслэж гэмтээсэн гэрчилгээг дахин олгосон ба бүртгэлийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.1-д заасны дагуу бүртгэсэн байна. Гэмтээсэн гэрчилгээг дахин олгоход Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7 дахь хэсэгт заасныг үндэслэж бүртгэл хийсэн байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасан улсын бүртгэлийн мэдээллийн санд хориглолт хийх талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр ирүүлээгүй тул улсын бүртгэгчийн зүгээс эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй юм.

          6.2. Нэмж тайлбарлахад, нэхэмжлэгч нар шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад тухайн бүртгэл хууль бус гарсан, тухайн бүртгэлийг хүчингүй болгох талаар аливаа өргөдөл гомдол гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ гэв

          7. Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

          7.1. Алтанцөгц сумын Засаг дарга М.Н,  Х.Б, Х.Х нарын гаргасан өргөдлийг хүлээн авч, Х.Б, Х.Х нарын эцэг А.Х, эх А. Х, 10-н үр хүүхдүүд 1955 оноос өдгөө хүртэл 68 жил тус газарт нутаглаж, мал маллаж амьдарч ирсэн зэрэг эх сурвалжуудыг судалж уг газрыг Х.Б, Х.Х нар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр, өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зааг, зориулалт, өмчлөгчдийн овог, нэр болон өөрийнх нь нэр зэргийг тусгаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэж газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тэдэнд газар өмчлүүлсэн эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан.

7.2. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгож, өмчлүүлэх газарт кадастр хийж, уг газрыг тэмдэгжүүлэн, заагийг тогтоож хүлээлгэж өгсөн нь мөн хуулийн 22, 23 дугаар заалтуудыг зөрчөөгүй байна.

7.3. Захирамжийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “...тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн сумын газар тариалан өмчилж авах хүсэлтийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөнд заасан өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар иш үндэс болгоно” гэж заасан. Мөн зүйлийн 5.1.7-д “...газар тариалангийн зориулалтын газар дээр газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдэд хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэн” гэж заасан учраас Х.Б, Х.Х бид хамтран өмчилсөн нь хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 5.1.8-д “...иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ, Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэж заасан бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэснийг тус тус үндэслэсэн гэж үзэж байна Х.Б, Х.Х нарын эцэг А.Х, эх А.Х нар "Хаш" багийн "Бурхад" гэдэг газрыг 1955 оноос өдгөө хүртэл 68 жил тус газарт нутаглаж, мал маллаж амьдарч залгамжлан нутаглах, амьдрах, өмчлөх давуу эрхийг хангасан гэж үзэж байна.

7.4. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар  тариалангийн зориулалтаар гаргасан хуулийн хүрээнд өмчлүүлэх захирамж гарсан гэж үзэж байна.  Нэхэмжлэгч 17 хүнээс Алтанцөгц сумын Засаг даргын 2008.04.30-ны өдрийн “ Газар эзэмшүүлэх тухай" 18-р захирамж, ............. дүгээр"Улсын бүртгэлийн гэрчилгээ"-г илт хууль бус болохыг тус тус тогтоолгож, Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200га газрын өмчлөх эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын улмаас 17 иргэн хадлангийн эдэлбэр газаргүй, зохих журмаар хадлан авч чадалгүй хохирч, иргэн бидний эрх ашиг зөрчигдөж байна гэж хэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байна.

7.5. Тэгээд ч Х.Б, Х.Хн нар эцэг, өвгөдөөсөө өдгөө хүртэл 68 жилийн хугацаанд газар ашиглах, эзэмших, өмчлөлөөс болж 17 хүний эрх ашиг сонирхол хөндөгдөх боломжгүй билээ. Х.Б, Х.Х нар 17 хүний эзэмшил, өмчлөлийн газарт халдаагүй, тэдэнтэй газрын талаар маргаан, зөрчил үүсгээгүй. Харин нэхэмжлэгчдээс Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 18 дугаар захирамжийг мөн сумын Засаг дарга С.Б 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  "Газар өмчлөх, захирамж хүчингүй болгох тухай" А/47 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Дараа нь мөн Засаг дарга С.Б 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “ Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамж гаргаж хадлангийн зориулалтаар 17 хүнд ашиглуулахаар хуваарилж өгсөн. Газар өмчлөгч Х.Б, Х.Х, Алтанцөгц сумын Засаг дарга нар шүүхэд өдрийн маргаан үүсгэсний улмаас 17 иргэн 2020 оноос хойш Засаг дарга С.Б гаргасан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” 36 дугаар захирамжийн улмаас хадлангийн эдэлбэр газаргүй, зохих журмаар хадлан авч чадалгүй хохирч, иргэн бидний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.  Гэтэл Засаг дарга С.Б гаргасан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх, захирамж хүчингүй болгох тухай” А/47 дугаар захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаар шийдвэрээр хүчингүй болгосноор өмнөх Засаг дарга М.Н гаргасан 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн "Газар өмчлүүлэх тухай" 18 дугаар захирамжийг газар өмчлөгч Х.Б, Х.Х нарт хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

7.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “...энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус тодорхойлсон байна. Хуулийн энэ заалтаар бол 17 хүнд Засаг дарга С.Б 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамж гаргаж хадлангийн зориулалтаар 17 хүнд ашиглуулахаар хуваарилж өгсөн. 17 иргэн 2020 оноос хойш Засаг дарга С.Б гаргасан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамжийн улмаас хадлангийн эдэлбэр газаргүй, зохих журмаар хадлан авч чадалгүй хохирч, иргэн бидний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн байна. Энэ Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” 36 дугаар захирамжийн талаар үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргах нь зүйд нийцэхээр байтал нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэлд Алтанцөгц сумын Засаг даргын зүгээс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас" хүргүүлж, уг мэдэгдэх хуудсанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн "Шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай" 221/ШТ2023/0581 дугаартай тогтоолд зааснаар Алтанцөгц сумын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамжаар хадлангийн зориулалтаар газар ашиглах эрх үүссэн  этгээд болох нь тогтоогдсон иргэд нэхэмжлэл гаргах нь зүйд нийцнэ. “Сумын Засаг дарга нэхэмжлэгч этгээд биш" гэж тодорхойлсон тул нэр бүхий Алтанцөгц сумын Засаг даргын зүгээс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн "Мэдэгдэх хуудас" агуулга гэснийг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

7.7. Гэхдээ дараах нотлох баримтуудаас харахад, Алтанцөгц сумын Засаг даргын зүгээс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Хариу мэдэгдэх хуудас”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай" 221/ШТ2023/0581 дугаартай тогтоол,  Алтанцөгц сумын Засаг даргын зүгээс 17 иргэнд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн "мэдэгдэх хуудас”, Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамж зэрэг эдгээр хууль зүйн үр дагавар бүхий эрх зүйн баримт бичгүүдэд хадлангийн зориулалтаар ашиглах эрх үүссэн иргэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдсон, нэр бүхий хүмүүс нэхэмжлэл гаргах нь зүйд нийцнэ” гэж дурдсан нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд буюу зохигч хэргийн оролцогч гэж хуулиар, мөн зохигчид нэхэмжлэгч, хариуцагчаа өөрсдөө тодорхойлдог журамтай болохоос хэн нэгэн хөндлөнгөөс тодорхойлох, эсхүл ямар нэгэн баримт бичигт зааж, тодорхойлсноор гэж зохицуулсан ямар ч хууль, журамд байхгүй.

7.8. Дүгнэж хэлэхэд, нэхэмжлэгч 17 иргэн 2020 оноос хойш Алтанцөгц сумын Засаг дарга С.Б гаргасан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" 36 дугаар захирамжийн улмаас хадлангийн эдэлбэр газаргүй, зохих журмаар хадлан авч чадалгүй хохирч, иргэн бидний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн байх тухайн үеийн Алтанцөгц сумын Засаг дарга С.Б энэ захирамжид холбогдох 36 дугаар захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгууллага, албан тушаалтан мөн гэж үзэхээр байна. Харин 2008 оны Засаг дарга н.Н гаргасан 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Х.Б, Х.Х нарт "Газар өмчлүүлэх тухай" 18 дугаар захирамжаар фермер байгуулах, газар тариалангийн зориулалттай 200 га газрыг өмчлүүлэх шийдвэрийн хувьд өдгөө Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А болон Улсын бүртгэлийн газар, түүний дарга Х.А нар шийдвэр гаргасан захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтан биш учраас уг 18 дугаар захирамжийн хууль зүйн үр дагаврыг хариуцах эрх зүйн этгээд хариуцагчид биш гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэгчид хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн "Мэдэгдэх хуудас"-аар нэхэмжлэгч 17 хүнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШД2023/0581 дугаартай тогтоолоор сумын Засаг дарга нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн гэж, нөгөө талаар сумын Засаг дарга Ш.А миний бие хариуцагч биш гэх агуулгыг илэрхийлсэн гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн газар өмчлүүлэх тухай 18 дугаар захирамжийн үр дагаврыг  хариуцах этгээд биш болохыг тодорхойлсон гэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан учраас нэхэмжлэгч гэх 17 иргэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль, эрх зүйн этгээд буюу нэхэмжлэгч биш гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             

1. Нэхэмжлэгч Ж.А нарын 17 хүнээс Баян-Өлгий аймгийн  Алтанцөгц сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ........ дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн ............ дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгэр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Х.А нь нас барсан болох нь Алтанцөгц сумын Улсын бүртгэгчийн бүртгэсэн ИБД ............. дугаар нас барсны гэрчилгээгээр[1] тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасан “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Х.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд, Ш.Х нарын 16 хүнээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хангах боломжгүй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2008 онд Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн  маргаан бүхий 200 га газрыг тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад өмчлүүлэхээр тусгаагүй, дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал үнэ төлбөргүйгээр өмчлүүлж Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.2 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “газрын өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь үнэ, суурь үнэ байхгүй бол өмчлөгчийн мэдүүлсэн зах зээлийн үнэ”, “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зургийг” гэсэн баримтуудыг хавсаргаагүй байхад улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэн гэрчилгээ олгосон,  иймээс газар өмчлүүлсэн  захирамж болон улсын бүртгэлийн гэрчилгээ нь  илт хууль бус, Х.Б, Х.Х нар маргаан бүхий газрыг өмчилж авснаас хойш Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.8-д зааснаар газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутам хийлгэх тухай заалтыг зөрчсөн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт заасан газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглавал хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар шүүхийн журмаар хураан авах үндэслэл бүрдэж байх тул газар өмчлөх эрх дуусгавар болох ёстой” гэж тайлбарлан маргасан.

5. Хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга “... Маргаан бүхий газрыг анхнаасаа хууль зөрчиж Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн, сумын Засаг даргын зүгээс 2018 онд  Х.Б, Х.Х нарт 200 га газрыг өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож, нэр бүхий 17 нэхэмжлэгчид  хадлангийн зориулалтаар хувааж олгосон, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна” гэж, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  даргаас “...сумын Засаг даргын захирамжийг үндэслэж 200 га газрын өмчлөх эрхийн ........ эрхийн улсын бүртгэлийн дугаартай, .......... тоот гэрчилгээг  олгосон, дараа нь уг гэрчилгээг гэмтээсэн үндэслэлээр хүчингүй болгож,  дахин өргөдөл гаргасныг үндэслэж 2017 дахин гэрчилгээ олгосон” гэж тус тус тайлбарлажээ.

6. Гуравдагч этгээдүүдээс “... тухайн газарт эцэг А.Х, эх А.Х нар нь 10 хүүхдийн хамт 1955 оноос хойш 68 жил амьдарсныг  эх сурвалж болгож Сумын Засаг даргаас хууль, журмын дагуу тухайн газрыг өмчлөх шийдвэрийг гаргасан, уг шийдвэрийг үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон” гэжээ.

7. Алтанцөгц сумын Засаг дарга нь 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаар захирамжаар[2] Хаш багийн “Бурхад” гэх газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн, уг захирамжийг үндэслэн аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ............. дугаартай гэрчилгээг[3] олгосон, улмаар гуравдагч этгээд нь уг гэрчилгээг гэмтээсэн гэж дахин гэрчилгээ олгох хүсэлт гаргаснаар ............ дугаартай гэрчилгээг хүчингүй[4] болгож, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр .......... дугаартай гэрчилгээг[5] дахин олгосон, үүний дараа Алтанцөгц сумын Засаг дарга нь  2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаартай “Газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар[6] дээрх газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож, уг газрыг сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар “Хадлангийн газар ашиглуулах тухай” захирамжийн хавсралтаар[7] нэр бүхий 23 иргэнд хадлангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, гуравдагч этгээд Х.Б, Х.Х нараас дээрх 2018 оны А/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл[8] гаргасан, шүүх нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрээр[9]  бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

8. Нэхэмжлэгчдийн илт хууль бусад тооцуулахыг хүссэн иргэн Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ...... дугаар, 200 га газар өмчлүүлсэн улсын бүртгэлийн .............  дугаар гэрчилгээг гэмтсэн үндэслэлээр захиргааны байгууллага  хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгосон байх ба хүчингүй болсон захиргааны актыг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

10. Нэхэмжлэгчдээс илт хууль бусад тооцуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны акт буюу  Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамжид хуульд  заасан дээрх тохиолдлууд буюу алдаанууд байхгүй, харин нэхэмжлэгчдийн тайлбарласан  “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдааны журмаар газрыг өмчлүүлээгүй ” гэх үндэслэлүүд нь   маргаан бүхий захиргааны актыг “хууль бусад тооцож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалган тогтоох  үндэслэлүүдэд хамаарах бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг үндэслэн зөвхөн илт хууль бусад тооцох шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

11. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчдээс гаргасан “Өмчлөх эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд мөн хангах боломжгүй, учир нь, сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т,  мөн улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан   Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд  “Өмчлөх эрхийг дуусгавар болгох” эрх хэмжээг заагаагүй тул шүүх хуульд заагаагүй, бүрэн эрхэд нь хамааралгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч нарт даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгчийн  хүсэж буй  дээрх ” ... газар  өмчлөх эрхийг дуусгавар болгох”  асуудлыг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно”, 31.1.1-т “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр”, 31.1.2-т “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар”, 31.1.3-т “газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар”, 31.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэж хуульчилсан.

13. Мөн хуулийн 14.1.5-т “иргэн өмчийнхөө газрыг ... газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, ... ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болногэж тус тус зохицуулжээ.

14. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас  үзэхэд, иргэнд газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг тухайн иргэн зориулалт бусаар ашигласан гэж үзсэн тохиолдолд өмчлүүлэх шийдвэр гаргасан  сумын Засаг дарга нь  уг газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар өөрөө   шүүхэд нэхэмжлэл гаргах,  нэхэмжлэлийн дагуу шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  газар өмчилж авсан иргэн нь газраа газар тариалангийн зориулалт бусаар ашиглаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд хураан авах шийдвэрийг гаргах, энэ нь  иргэний газар өмлөх эрх дуусгавар болгох  “... хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” гэх үндэслэлд  хамаарах бөгөөд шүүхээс хураан авах  шийдвэр гарснаар маргаан бүхий газар нь төрийн өмчид шилжиж, иргэний газар өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болохыг тус тус зохицуулжээ.

15. Хуульд заасан сумын Засаг даргын “... тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах”,”...  энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно” гэсэн заалтуудаас үзэхэд, захиргааны хэргийн шүүхэд “Хураан авах” шийдвэр гаргах эрхийг олгоогүй, захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрөлд хамаарахгүй  тул ердийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан  гэж үзэхээр байна.

16. Иймээс, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчдээс  гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ............ дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн .......... дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын .......... дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн . .....  дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах”  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ш.Х нарын 16 хүнээс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын .......... дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн .......... дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 205 дугаар тал

[2] Хэргийн 79 дүгээр тал

[3]  Хэргийн 80 дугаар тал

[4] Хэргийн 68 дугаар талын ар нүүр

[5] Хэргийн 67 дугаар тал

[6] Хэргийн 81 дүгээр тал

[7] Хэргийн 20-22 дугаар тал

[8] Хэргийн 154-156 дугаар тал

[9] Хэргийн 111-120 дугаар тал