| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03126/И |
| Дугаар | 182/ШШ2024/02637 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02637
2024 06 07 182/ШШ2024/02637
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ........................... тоот хаягт байрлах, Ш ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................ тоот хаягт оршин суух, О овогт Н.Ш /РД:0000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,059,095.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Н.Ш нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021.03.23-ны өдөр 032306 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 899,900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй, нийт 18 сарын хугацаатай зээл авсан. Н.Ш нь 032306 дугаартай зээлийн гэрээний 899,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Н.Шаас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Н.Ш нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024.05.06-ны өдрөөр 852 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд хариуцагч Н.Шаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,059,095.38 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.Ш нь Ш ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 1,059,095.38 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.06.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 309,095.38 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК нь хариуцагч Н.Шт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,059,095.38 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Н.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,059,095.38 төгрөгийг 2024.06.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 309,095.38 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Сд 1 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/217 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Б.С нь хариуцагч Н.Шын дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Н.Шаас тэмдэгтийн хураамжид 14,984.14 төгрөг, улсын төсвийн орлогоос 14,984.14 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.05-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,968.28 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,059,095.38 төгрөгийг 2024.06.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.15-ны өдөр 250,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 309,095.38 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Шаас тэмдэгтийн хураамжид 14,984.14 төгрөг, улсын төсвийн орлогоос 14,984.14 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.05-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,968.28 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА